НАМЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт журмын нөхөд өө,

Монголын Ногоон нам 1990 онд үүсгэн байгуулагдсан үеэсээ эхлэн ардчилалын үйл хэрэгт үнэнч байж эх орныхоо байгаль, экологийг хамгаалах, түүнийг зохистой ашиглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн билээ.

Бид Монгол Улсын Үндсэн хуульд өөрсдийн үзэл баримтлалыг суулгаж, Монгол улсын иргэний “эрүүл, аюулгүй орчинд амьдрах” эрхийг баталгаажуулж чадсан нь МНН-ын зүгээс ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсний тод жишээ болно. (Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2: эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;)

……1996-2000 онд “Ардчилсан эвсэл”-ийн хүрээнд төр барилцаж, 2008-2012 онд УИХ-д нэг суудал авсанаар МНН нь “экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил”-ийн үзэл баримтлалаа амьдралд хэрэгжүүлэх үүднээс хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллаж “тогтвортой хөгжил”-ийн үзэл санааг нийгэмд суурьшуулж олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг амжилттай эхлүүлж чадсан билээ.

……Манай намын гишүүд “Ногоон хэрэм”, “Ногоон суваг”, “Мод тарих өдөр”, “Ногоон эдийн засаг” зэрэг санал, санаачлагыг дэмжихийн зэрэгцээ “Эрүүл нийгэм ирэний хөдөлгөөн”, “Онги голын хөдөлгөөн”, “Иргэний Холбоо” зэрэг олон түмнийг хамарсан тэмцэл, хөдөлгөөнд идэвхитэй оролцож МНН-ын байр суурийг ард иргэдэд таниулан сонгогч олны дэмжлэгийг авч байсан.

……МНН нь Ази тивийн анхны Ногоон намын хувьд “Даян Дэлхийн Ногоонтнууд” холбоог үүсгэн байгуулцан ажилласан ба үйл ажиллагаанд нь тогтмол идэвхитэй оролцож ирсэн бөгөөд “Зүүн Ази дахь Энхтайван, аюулгүй байдал”, мөн “Төв Ази дахь Ногоон нам ба Ногоон хөдөлгөөнүүд” зэрэг ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж бүс нутагтаа “Ногоон үзэл”-ийг түгээх үйл ажиллагааг удирдан чиглүүлж ирсэн болно.

……Бид “Даян дэлхийн Ногоонтнуудын тунхаг”-ийг эх хэлэндээ буулгаж гишүүд, дэмжигчид болон олон түмэнд хүргэн ажиллахын зэрэгцээ хэл нэгт бүс нутгийнхаа ард иргэдэд түгээх ажлыг эхлүүлж байна.

……Улс эх оронд маань нүүрлээд буй ядуурал, авлигал, экологийн гамшиг зэрэг тулгамдсан асуудлуудыг “прагматик улс төрийн зарчим”-аар шийдэх нь Монгол улсын нийгэм, улс төрийг эрүүлжүүлж, цэвэршүүлэх бөгөөд цаашид энэхүү алхамыг хийхийн тулд эх орондоо “хувьсгалт өөрчлөлт” хийх цаг нь болсон гэдгийг МНН 2015 оны 6 дугаар сард тунхаглан зарласан!

……Эрхэм журмын нөхөд Та бүхнийгээ Монгол улсынхаа хөгжил дэвшил, ард түмнийхээ аз жаргалтай амьдралыг цогцлоох их үйлсэд онцгой хувь нэмэр оруулах намынхаа бодлого, үйл ажиллагааг идэвхитэй дэмжиж эх орныхоо гэрэлт ирээдүйн төлөө цогтой тэмцэхийг уриалан дуудаж байна.

Facebook Сэтгэгдэл

Сэтгэгдэлээ оруулна уу?