Монголын Ногоон Нам, Австрали улсын Ногоон намтай хамтран хэвлэлийн бага хурал хийв.

Монголын Ногоон Нам, Австрали улсын Ногоон Нам хамтран уул уурхайн компаниуд эрх баригч улс төрийн намуудад хандив нэрээр авлига өгч, өөрсдийн компанид ашигтай шийдвэр гаргуулах, хууль батлуулж энэхүү үйл ажиллагаанд зарцуулсан зардлаа хэд дахин өсгөж олж байгааг илчилж, судалгаа хийж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Австралийн Ногоон намтай хамтарсан сургалт

Австралийн Ногоон намын лидер Скотт Лудламын тусламжтайгаар Австралийн Ногоон намтай хамтран “Дижитал орчинд-Мэдээллийн сан бүрдүүлэх” тухай тусгай сургалт амжилттай зохион байгуулав. Энэхүү сургалтыг Австралийн Ногоон намын төлөөлөл Хатагтай Жиоржиа Блакбөрн болон ноён Крэйг Масон нар Монголын Ногоон намын хүндэт гишүүд, эмэгтэйчүүд болон залуу ногоонтнуудад зориулан хийлээ.

Тус сургалт зохион байгууллахад Австралийн Засгийн газрийн дэргэдэх “Олон улсын хөгжлийн хороо” буюу IDC, Австралийн Ногоон намын гадаад харилцааны нарийн бичгийн дарга хатагтай Мишел Шиэдэр нарт гүн талархал илэрхийлэе.

Нийгэм дэх хүчирхийлэл: Эмэгтэйчүүдийн эрх

Монголын Ногоон намын эмэгтэйчүүдийн санал санаачлагаар Нийгэм дэх хүчирхийлэл: Эмэгтэйчүүдийн эрх  сэдэвт ээлжит онол практикийн бага хурал Засгийн газрын XI-р байрны Дугуй танхимд амжилттай зохион байгууллагдлаа. Энэхүү онол практикийн бага хуралд Монголын судлаач эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөлөл, хуульч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөл мөн ХБНГУ-ын Штутгарт хотын Ногоон намын дарга хатагтай Рафаэла Сиблис болон Монгол судлаач эрдэмтэн, зохиолч хатагтай Амэли Шэнк нар урилгаар оролцож илтгэл тавьж, туршлагаа хуваалцав.

Монголын Ногоон нам үргэлж эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулан ажилладаг билээ. Тиймээс нийгэмд тулгамдсан асуудлуудаар сар бүр онол практикийн бага хурал зохион байгууллаж  эрдэмтэн судлаачид, нийт иргэдэд нээлттэй илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх хэлбэрээр асуудлуудыг хөндөж шийдэл дэвшүүлдэг энэхүү тогтмол үйл ажиллагааны хүрээнд энэ удаад эмэгтэйчүүдийн эрх, ажлын байрны хүчирхийллийн асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХУРАЛДУУЛАХ АСУУДЛААР…

Төр иргэний холбоос ГҮҮР Шууд нэвтрүүлэг
Сэдэв: УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХУРАЛДУУЛАХ АСУУДЛААР…
Зочин: О.БУМ-ЯЛАГЧ МОНГОЛЫН НОГООН НАМЫН ДАРГА

Залуучууд Монголын Ногоон намыг дэмжиж байна.

Монгол залуучууд байгаль дэлхийгээ хамгаалах, шударга ёс, ардчилал, энх тайваны төлөө Монголын Ногоон намын үнэт зүйлс, үзэл баримтлалыг дэмжиж, нэгдэж байна.

Хүүхэд бидний ирээдүй сэдэвт онол практикийн бага хурал

Монголын Ногоон намын залуу ногоонтнуудын санаачилсан “Хүүхэд бидний ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурал Засгийн газрын XI-р байрны “Дугуй” танхимд, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр амжилттай зохион байгуулагдав. Тус онол практикийн бага хурлын хүрээнд Монгол Улсад хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа бодит жишээн дээр хэлэлцүүлэг хийгдэж, хууль эрх зүйн зохицуулалт муу, хяналт анхаарал маш сул, төрийн бодлого, хэрэгжилт муу байгаа талаар илтгэгчид болон залуучууд хөндөж ярилцлаа. Тэр тусмаа Наадамын үеэр хүүхэд морь унаж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа талаар нухацтай ярилцажь хүүхдийн эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байна гэж хамтийн дүгнэлт гаргав. Монголын Ногоон намын залуучуудын энэхүү цаг үеэ олсон санал, санаачилга, нийгмийн идэвхитэй, мэдрэмжтэй үйл ажиллагаанд талархал илэрхийлж байна. Намын дарга, бага хурал, удирдах зөвлөл залуу ногоонтнуудыг үргэлж дэмжиж ажиллах болно. 

Монголын Ногоон намын 28 жилийн ойн баярыг тохиолдуулан Ядуурал ба Дээд хууль сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулав.

Монголын ногоон нам байгуулагдсаны 28 жилийн ойд зориулж “Ядуурал ба дээд хууль” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Өнөөдөр хэрэгжиж байгаа Үндсэн хуульд төдийлөн тусгаж өгөөгүй ядуурал, ажилгүйдлийг бууруулах гарц гаргалгааг хуралд оролцогчид хөндөж ярилцлаа. Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг санаачлан боловсруулсан МАХН, мөн дэмжин оролцож байгаа ИЗН, МҮАН-ын удирдлагууд тус хуралд оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Шинэ дээд Үндсэн хуулийн төслийн гол гаргалгаа нь эрүүл мэнд, боловсролын салбарыг хүндээ зориулан хөгжүүлэх, ард иргэдээ орон сууцаар хангах, иргэд төр засагтаа хяналт тавьдаг болох чиглэлээр боловсруулсныг хуралд оролцсон намын удирдлагууд онцолж байлаа.

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч:

-Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг боловсруулах үед судалгаагаар нийгэмд тэргүүлэгч 10 асуудлыг тодорхойлсон. Үүнийг ажилгүйдэл, ядуурал тэргүүлж байна. Гэтэл 1992 онд одоогийн Үндсэн хуулийг батлах үед ядуурал гэгч нь өнөөдрийнх шиг гамшгийн хэмжээнд хүрээгүй байсан учраас төдийлөн тусгаж өгөөгүй. Тиймээс Шинэ дээд хуулиар ядуурлыг бууруулах цогц бодлогыг явуулах ёстой. Энэ чиглэлд бусад намынхаа байр суурийг солилцож, ярилцахаар цуглаад байна. Жишээ авахад саяхан эдийн засгийн чуулганаар хөрөнгө оруулагчид цугларлаа. Юу ярьж байна гэхээр мега төслүүд, татвараа төлж байгаа компаниудын хөгжих гарц гэх мэт. Энэ нь мэдээж зөв. Гэхдээ эдийн засаг хөгжихийн тулд хүнээ дээдлэх, ядууралтай тэмцэх чиглэлд явах ёстой юм. Тиймээс ийм томоохон чуулганаараа бид иргэдийнхээ бодит амьдралыг ярих ёстой байлаа. Ийм чиглэлд цаашид зайлшгүй орох ёстой.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар:

-Өнөөдрийн Үндсэн хуулийг баталж байхад хогийн цэг дээр хот байгуулагдана гэж хэн ч бодоогүй. 27 настай хүүхэд Монголыг тэжээж байгаа Эрдэнэтийн үйлдвэрийг худалдаж авна гэж хэн ч бодоогүй. Монголын гурван хүн тутмын нэг нь гүн ядууралд орно гэж хэн ч бодоогүй. Энэ Үндсэн хууль хэрэгжихгүй байна. Сайд дарга нарыг давруулж байна. Тэгэхээр бидний Шинэ Үндсэн хуульдаа оруулж байгаа зүйл бол эрх мэдэлтнүүдэд эзлэгдсэн төрийг ард түмэнд ньбуцааж өгье. Хэдэн бүлэглэлүүдийн гарт орчихсон шүүгч нарыг ард түмэн сонгодог байя.  Уул уурхайн баялгийг хэдхэн луйварчин идэж ууж байгаа. Мөнгөтэй аавын хүү л боловсрол эзэмшиж байна. Баян хүмүүс үзүүлдэг эмнэлэг тусдаа, ядуу хүн үзүүлдэг нь бас тусдаа байна. Засгийн газар олигарх бүлэглэлүүдэд барьцаалагдсан байна.

Үндэсний статистикийн газраас манай улсын нэг өрхийн дундаж орлогыг нэг сая төгрөгт хүрсэн хэмээн мэдээлсэн. Тэгвэл энэхүү хуралд оролцсон зарим судлаачид үүнийг хатуу шүүмжилсэн юм. “Иргэдийнхээ амьдралыг мэдэхгүй байж худлаа статистик гаргаад байна. Гадныханд зориулсан программаа автоматаар Монголд ажиллуулчихаад бүгд боломжийн мөнгөтэй амьдарч байна гэж хуурч байна шүү дээ. Гэтэл иргэдийнхээ байгаа байдлыг хар л даа” гэж судлаач, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Скотт Лудлам: Австралийн нэг сайд Монголын Ерөнхий сайдтай утсаар ярьж, “Рио Тинто”-гоор татвар төлүүлж болохгүй гэж хэлсэн

-Оюутолгойгоор бус оюунаараа амьдарч, хөгжилд хүрээсэй гэж хүсч байна-

Австрали улсын Сенатын гишүүн асан Скотт Лудламыг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.

-Манай улс олон на­мын тогтолцоотой, пар­ла­ментын засаглалтай. Улстөрч хүний хувьд Монгол Улсыг, улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Улстөрч хүнийхээ хувьд анхны төрсөн сэтгэгдлээ хэлье. Монголын улс төр Австралийн улс төр хоорондоо төстэй. Гэхдээ мэдээж ялгаатай олон зүйл бий. Энэ бүхнийг нэгбүрчлэн дурьдвал маш их цаг орно. Тэгэхээр үндсэн гол зүйлийг нь хэлэх юм бол Монгол Улс өөрөө ардчилсан биш хоёр орны дунд оршдог. Одоогийн мөрдөж яваа Үндсэн хууль нь боломжийн дажгүй мэт харагдаж байгаа ч, хэтэрхий хүнийг айлгасан, дарамталсан байдалтай байна. Хуулиудыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх төрийн байгууллагууд нь дотроосоо ялзарсан, дотоод үйл ажиллагаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, том аалзны тор шиг ажил­лаж байна. Үүнээс болоод хууль нь хэрэгжихгүй, мөрдөгдөхгүй байна гэж харж байгаа.

-Бид энэ нөхцөл байдлаас яаж гарах ёстой юм бэ. Арга зам байгаа юу. Монголчууд тэмцдэггүй ард тү­мэн биш. Тэгсэн хэдий ч үр дүн­гүй юм шиг харагдаад байх юм?

-Энэ ганцхан Монголд байгаа зүйл биш. Олон улсад ийм асуудал, зовлон бэрхшээл байгаа. Гэхдээ энэ бүхнээс гарах гарц нь ард түмэн. Миний харсан, ойлгосноор УИХ-д суудалгүй бусад намууд хамтарч ажиллаад эх орноо аврахаар явах ёстой. Энэ нь өөрийн тань асуусан асуултын гарц байх болно. Үүнийг ард түмэн л шийдэж чадна. Монголчуудын тэмцэл үр дүнгүй байна гэж харахгүй байгаа. Эх орноо гэсэн сэтгэл монголчуудад бий. Тиймээс үүнийг үр дүнгүй хэлж болохгүй юм. Магадгүй бодит үр дүн хүлээж байвал энэ нь 2020 оны УИХ-ын сонгуулиар харагдана. Өнөөдөр нийгэмд өрнөж байгаа жагсаал, цуглаан бүхэн үр дүн. Гомдоллоод, зүгээр суугаад юу ч хийхгүй байвал үр дүн гарахгүй.

-УИХ-ын хаврын чуулганаар Үнд­сэн хуулийн нэмэлт өөрчлөл­тийн ту­хай хуулийг хэлэлцэнэ. Та хүртэл Үнд­сэн хуульд учир дутагдалтай зүйл байгаа гэсэн. Хуульд ямар өөрч­лөлтийг илүүтэй тусгаж өгөх вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөхөөсөө, ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүү­лэ­хээсээ өмнө нэг зүйлийг асуух хэрэг­тэй. Шинэчлэн өөрчилсөн Үндсэн хууль нь өөрчлөгдөхгүй 100 жилээр үр­гэл­жилж магадгүй юм. Тэр үед энэ Үндсэн хуулийг баталсан хүн бүгд байхгүй байна. Тэгэхээр хэдхэн бүлэг хүмүүсийн санал санаачилгаар хийсэн Үндсэн хуулийг батлах уу эсвэл Монгол Улсын хувь заяаг 100 жил хам­гаалж чадах хуулийг батлахын тулд гар бие оролцох уу гэдгээ монголчууд эх­лээд өөрсдөөсөө асуух ёстой юм. Мөн байгалийн баялгийг ард түмнийх хэ­мээн хуульд тусгасан ч ард түмэн нь өмчилж чадаж байна уу, хувь хүртэж чадаж байгаа юу гэдгийг хангах хууль монголчуудад хэрэгтэй. Хэрэгжүүлэх нөхцлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Үндсэн хууль гэдэг бол ямар ч улсын хувьд чухал бичиг баримт нь байдаг. Тиймээс Үндсэн хуульд тусгагдсан заал­тууд амьдралд, нийгэмд хэрэг­жих­гүй бол хэнд ч хэрэггүй цаас болж хувирна.

-Манай улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй байдаг. Үүний шалтгаан нь юу юм бол. Хуулийг хэрэгжүүлдэг, мөрдүүлдэг байгууллагуудын буруу юм болов уу?

-Миний хувьд тэрнийх нь буруу, зөв гэж хэлэхэд хэцүү. АНУ-ын Үндсэн хууль 200 жил болж байгаа хэдий ч учир дутагдалтай хууль. Үүнийг өөрч­лөхөд маш хэцүү. Манай улсын Үндсэн хууль ч маш их асуудалтай. Өөрчлөлт оруу­лахад хүндрэлтэй. Харин Монгол Улсын хувьд Үндсэн хуулиа өөрчлөх бо­ломж нь байна. Хуулиа сайжруулах, өөрч­лөх бололцоо нь хангалттай бай­на.

-Дэлхийн нийтийн анхаарлыг та­таж байгаа томоохон төслийн нэг бол “Оюутолгой” төсөл юм. Энэ­­хүү төслийн маргаан нь өнөө хэр нам­жаагүй, ар араасаа асуу­дал дагуулж байна. Төсөлтэй холбог­дуу­лан ха­риуц­лагын асуудлыг хийж эхлээд бай­гаа. Энэ талаар таныг нэлээд шүүмж­лэлтэй ярьдаг гэж дуулсан юм байна?

-Миний хувьд “Оюутолгой” төслийг бу­сад улс орнуудад хийгддэг баялгийн хараа­лыг бүрэн утгаар нь хийж байна гэж хэлнэ. Учир нь “Оюутолгой” тө­сөл дээр ажиллаж байгаа “Рио Тинто” шиг компаниуд тухайн улсын хувь заяаг өөрчлөх хэмжээний хахуулийн үйл ажиллагааг системтэй явуулдаг. Хө­рөн­гө оруулж байгаа мөнгөнийхөө тодор­хой хувийг тухайн улсын улс­төрчид болон хуулийнхныг өөрс­дийнхөө талд оруулахын тулд хахууль хэл­бэрээр өгдөг. “Оюутолгой” төсөл дээр маш их хэмжээний авлига яриг­даж байгаа. Австрали улсад ч адилхан 10 жилийн өмнө ийм зүйл тулгарч бай­сан. Тиймээс бид энэ асуудлыг эрэн сурвалжлаад явж байна. Хэрвээ түүн шиг монголчууд шалгаад явбал маш их хэмжээний хахуулийн асуудал хөн­­дөгдөнө. Өмнө нь энэ асуудалд Австралийн Ногоон намын лидер, Сенатын гишүүн асан Боб Браун Оюутолгой төсөлд олгогдсон 10 тэр­бум ам.долларын хахуулийн нууц ма­те­риалыг дэлгэж, Монгол Улсад өг­сөн бай­даг. Одоо энэ материал ал­га бол­чих­сон гээд байгаа. Миний хувь энэ бич­гийг олж өгөхөд анхаарч ажил­лах болно.

-Энэхүү бичгийн эх хувийг хэд, хэдэн хүнд дамжуулсан юм билээ. Одоо эх хувийг хайгаад олохгүй байгаа. Зарим эх сурвалжийн хувьд ТЕГ-т байна гэх мэдээлэл ч бай­гаа юм. Дахин хүсэлт гаргаад эр­гэж олж авах магадлал хэр өндөр бай­гаа вэ?

-Би Монголд ирээд удаагүй байна. Олж авахын тулд чадах бүхнээ хийнэ. Энэ баримтыг ил болгоно.

-“Оюутолгой” төсөл ашигтай, ашиггүй байж гээд хоёр хуваагдаад байна. Хэрхэхээ мэдэхгүй талцаж байх юм?

-“Рио Тинто” шиг компаниуд улс орнуу­дад очоод хануур, шимэгч хор­хой шиг ажилладаг. Тухайн улсад очоод хөрөнгө оруулалт хийхгүй, аль болох бага татвар төлөөд, газрын баял­гийг хурдан хугацаанд сорж аваад явдаг. Тухайн улсыг алт, зэсгүй, хоосон га­зар нутагтай нь үлдээгээд гараад явдаг. Тэгэ­хээр үүнийг ойлгуулахын тулд үндэсний хэмжээнд кампанит ажил зохион байгуулах ёстой. “Рио Тинто” ингэж үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бусад улс орнуудыг ингэж хохироосон юм байна гэдэг компанит ажлыг өрнүүлэх хэрэгтэй. Тэгж байж хүмүүсийн сэтгэлгээг нэгэн зүгт болгож чадна. Үүнээс өөрөөр ямар ч боломж байхгүй. Түүнчлэн 2012 онд Австралийн Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд руу утсаар ярьсан байдаг. Утсаар ярихдаа “Рио Тинто” Монгол Улсад татвар төлөх ёсгүй. Энэ асуудлыг шийдвэрлэж өг. Татвар төлөхгүйгээр уул уурхайн олборлолт хийх хэрэгтэй байна гэдгийг ярьсан байгаа юм. Энэ нь яг бодит амьдралд хэрэгжсэн. Тэгэхээр миний хувьд яахаараа Австралийн нэг сайд Монгол Ерөнхий сайдтай утсаар яриад, татвар төлж болохгүй гэж хэлсэн юм бэ. Мөн яагаад Монгол Улсын дотоод асуудалд оролцсон юм бэ гэдгийг энд байх хугацаандаа судална. Энэ бол ганцхан Монгол Улсын асуудал биш. Олон улсын асуудал болж хувираад байна. Би үүнд анхаарлаа хандуулж ажиллана. Монголчууд ухаантай ард түмэн. Тиймээс өөрсдөөсөө асуух хэрэгтэй.

-Монголчууд эргэлзэж, төөрөг­дөлд орж байна. Аль болох асуудлыг ашигтай байдлаар шийдээсэй гэсэн хүсэл их байгаа?

-Дэлхийн эдийн засгийг хоёр ху­ваа­даг. Нэг нь өөртөө байгаа бай­га­лийн баялгаа ухаад дуусах хүртлээ өөрс­дий­гөө тэжээдэг. Нөгөө хэсэг нь илүү оюуны тал руугаа орчихсон байдаг. Тэд технологийн бизнес рүү ороод энэ нь эдийн засагтаа орж, улс орныг хөг­жилд хөтөлж байдаг. Оюуны бүтээл, оюуны баялаг хэзээ ч шавхагддаггүй. Тэгэхээр монголчуудыг байгалийн баял­гаа орхиод, оюуныхаа салбарт илүү анхаараасай гэж хэлмээр байна. Оюу­­тол­гойгоор бус оюунаараа амь­дарч, хөгжилд хүрээсэй гэж хүсч бай­на.

Эх сурвалж: http://archive.dardas.mn/?p=25193

Скотт Лудлам: Оюутолгойн гэрээг батлахад авилга өгсөн

Австралийн Ногоон намын лидер, 2008-2017 онд сенатын гишүүн байсан Скотт Лудлам Монголын Ногоон намын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа билээ. Энэхүү айлчлалын хүрээнд хэвлэлийн бага хурал хийж өөрийн байр сууриа илэрхийллээ.

Оюутолгойн гэрээ  нэг талыг барьсан байдалд, тухайн үеийн УИХ-ын түвшинд  гэрээг эсэргүүцсэн гишүүд цөөнх болж, дэмжсэн хэсэг нь олонх болж асуудлыг шийдсэн билээ. Тэгвэл сүүлийн үед Монголд үүссэн нөхцөл байдлыг авч үзвэл,  Оюутолгойн гэрээ авлига, хээл хахуулиар батлагдсан, түүнд гарын үсэг зурсан зарим сайд буруутай гэсэн шүүмжлэл өрнөж байна.

Мөн Ерөнхий сайд асан С.Баяр болон  салбарын сайдаар ажиллаж байсан  нэр бүхий зарим эрхмийг АТГ, ТЕГ-аас хамтарсан Ажлын хэсэг шалгаж, баривчлан саатуулаад байгаа юм. Тэгвэл Оюутолгойн гэрээг баталсан үйл явц  нь хээл хахуулийн шинж чанартай болох баримтууд байгаа. Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж буй Францын “Арева” компанийн үнэн дүр төрх ямар болох, тэд юу хийж байгаа  талаар  Австралийн  Конгрессийн гишүүн асан Скотт Лудлам  “Үндэсний мэдээллийн төв”-д өчигдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Монголын Ногоон намын Удирдах зөвлөлийн гишүүд, тус намын  дарга О.Бум-Ялагч нар оролцсон юм.

Скотт Лудлам  Австралийн парламентад есөн жил сенатчаар  ажиллаж байсан бөгөөд тус улсын Ногоон намын гишүүн юм. Түүний Монголд ирсэн зорилго нь  дэлхийн ардчиллын тухай болон ногоонтнуудын талаар ном бичиж байгаатай холбоотой. Тэрээр Монголд анх удаагаа ирж буй, цөмийн энергийн эсрэг уран олборлохыг эсэргүүцэгч.  Монгол, Австралийн адил төстэй тал нь уран олборлогч уул уурхайн компаниудад улс эх орноо алдсан, хоёр улсын хувьд адил төстэй систем үйлчилж байгаа. Иймд өөрийн байр суурийг илэрхийлэхийг зорьж, хэвлэлийн хурал зохион байгуулсан гэв.  Түүний хувьд Монголд ажиллах хугацаандаа Монголын  говь дахь Францын “Арева” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Үеэ өнгөрөөсөн, байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулдаг, Францын “Арева” компани өдгөө нэрээ өөрчлөн “Арина” гэх нэрээр Монголын говьд уран олборлох үйл ажиллагааг эхлүүлээд явж байгааг тэрээр шүүмжиллээ. Уран олборлох маш муу технологийг тэд хэрэгжүүлдэг. Үүний хор хөнөөл өнөөдөр, маргааш биш, 10-20 жилийн дараа гардаг.  Өмнөд Америк болон дэлхийн олон улс оронд үүнээс болж маш их хор хөнөөл учирч байгаа. Энэ үйл ажиллагааг зөвхөн Монголд биш дэлхий даяар зогсоох ёстой. Учир нь Австралид энэ байдал давтагдсан,  түүнчлэн  Монголын нийгэм, улс төрийн байдалд ч нөлөөлж байгаа. Авлига, хээл хахууль нь ардчилалд сөрөг нөлөө үзүүлдэг.Үүнд монголчууд анхаарах ёстой. Тодруулбал, уул уурхайн компани нь  тухайн  улсад маш их хэмжээний мөнгө оруулж ирдэг. Үүний ихэнх нь  хууль эрхзүйн орчинд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх, улстөрчдийг өөрсдийн талд татахад зарцуулагддаг” гээд үүний эсрэг  зоригтой тэмцэхийг   тэрээр онцлон  тэмдэглэв. Тухайлбал, Оюутолгойн гэрээг байгуулахад “Рио Тинто” компани Монголын парламентад авлига өгсөн байж болзошгүй нэг тэрбум ам.долларын асуудал яригдаж буйг тэрээр хэллээ.  Мөн “2008 онд “Айвенхоу Майнз” компанийн  хувь эзэм­шигчдийн ху­рал болсон бөгөөд нэг тэрбум ам.долларыг Мон­гол Улсын хууль эрх зүйн орчин, шийдвэр гар­га­даг томчууд, гишүү­дэд хуваарилахаар заа­сан байдаг. Тэрхүү бичиг, баримтыг удах­гүй монголчуудад танил­цуулна. Бид энэ талаар ажиллаж байна” гэв.

Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч энэ асуудалд хоёр хувилбар  байгааг хэлэв. Тодруулбал, одоо шоронд хоригдоод буй нэр бүхий таван эрхэм Оюутолгойн гэрээний үнэнийг хүлээх аваас асуудал нэг мөр болно. Түүнчлэн Оюутолгойн гэрээ хүчингүй болно  гэв. Хоёрдугаарт, Лондонгийн шүүхээс “Рио Тинто”-д ногдуулсан торгууль нэгийг хэлж байгаа. Зардлаа учир шалтгаангүй нэмдэг. Монголд гэхэд л хоёр тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Олон улсын анхааралд өртсөн энэ компани Монголд үйл ажиллагаа явуулж байхад нийгмийн байгууллагууд анхаарахаас аргагүй гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улс төрийн манлайлал, намын санхүүжилт болон шударга сонгуулийн зохион байгуулалт сэдэвтэй сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Улс төрийн манлайлал, намын санхүүжилт болон шударга сонгуулийн зохион байгуулалт сэдэвтэй сургалтад МАХН болон МНН –ын  гишүүд идэвхтэй хамтран оролцож, сургалтыг Англи хэл дээр хийж, хэлэлцүүлгүүд Монгол хэлээр хийгдлээ.

Тус сургалтын үргэлжлэл болох үе шатлалтай тусгай сургалтуудыг 2018 оноос 2019 оны хооронд Монгол Улсад зохион байгуулалттай хийхээр боллоо.

Тус сургалтад бидний урилгыг хүлээн авч хамтран оролцсон МАХН –ын гишүүдэд баярлалаа.