“ОЮУ ТОЛГОЙН БАЯЛГААС ХЭРХЭН ХҮРТЭХ ВЭ”

МНН-ын санал санаачлага Улаанбаатар хот,

2017 оны 5 дугаар сарын 24-нд

МНН нь Үндсэн хуулиа ард түмний гэрээ гэдэг утгаар нь харж энэ хуулийн үзэл санааг амьдралд хэрэгжүүлэх нь төр барьж буй улстөрийн хүчний үндсэн үүрэг гэж үзэж 1996-аас 2000 оны хооронд намуудын эвслийн хүрээнд төр барилцаж байх үедээ, мөн 2008-аас 2012 оны хооронд УИХ-д төлөөлөлтэй байхдаа Үндсэн хуулийн үзэл санааг, ялангуяа байгаль хамгаалах, ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэлдүүлэх чиглэлээр уйгагүй ажиллаж ирсэн билээ.

Даян дэлхийд Монгол Улсын Үндсэн хуулийг шууд ардчилалын зарчмыг тунхаглан заралсан (3.1. ба 6.1. дүгээр заалтууд), хүн ардынхаа эрх чөлөө, аюулгүй байдлыг батлан хамгаалсан (16 дугаар зүйл), улс нийгэмээ “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм” рүү чиглүүлсэн, ирээдүйдээ итгэлтэй, шударга ёсыг эрхэмлэсэн Үндсэн хууль хэмээн үнэлдэг ба хөгжил дэвшлийнхээ гарцыг хайж буй улс орнуудад зориулан ишлэж болохуйц гэж нэр бүхий судлаачид дүгнэсэн байх нь бахархалтай.

Хөндлөнгийн хяналт шинжилгээ хийдэг “Банквач Сүлжээ” (CEE Bankwatch Network) гэдэг ТББ нь дэлхий дахинд хууль эрх зүйн орчин, нийгмийн хөгжил дэвшил нь хүн амын амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа явуулдаг бөгөөд Монгол улсыг өөрийн гэсэн онцлогтой орон хэмээн анхаарал хандуулдаг аж.

Энэ байгууллага нь Монгол улсын хууль эрх зүйн орчин нь Зүүн Европын орнууд болон Хойд Африкийн орнуудыг бодвол харицангүй эрүүл, ардчиллалын үнэт зүйлсийг баталгаажуулсан, ард иргэддээ үйлчлэх үзэл санааг эрхэмлэсэн, дэлхийн улс орнуудтай харицуулахад дундаас дээд түвшинд байгаа хэмээн үздэг боловч өнөөгийн Монгол улсад тулгамдаад буй нийгмийн баялгийн шударга бус хувиарлалт нь үндсэн хоёр шалтгаантай байна хэмээн тэд харьж байна. Үүнд:

1. Өөрчлөн байгуулалтаас хойшхи Монгол улсын үе үеийн төр засаг, ард түмний нэрийн өмнөөс төр барьж буй улстөрийн хүчин хуулийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлгүй ба энэ нь нэгд: Мэдлэг, чадвар муугаас, хоёрт: Төрийн эрх мэдлийн хүрээнд хувийн ашиг хонжоо гаргагч, нам дамжсан улстөр, эдийн засгийн сонирхол илэрхийлсэн “мафи”-жсан бүлэглэлүүдийн нөлөө их байгаад байна хэмээн үзэх,

2. Монгол улсын иргэд, хүн ард, малчин олон нь социалист нийгмийн ухамсар, нүүдэлчин ард иргэдийн гэнэн цайлган зан авираасаа хагацаагүй, нийгмийнхээ өмнө хүлээх үүргээ дагаж мөрдөх хэв шинж нь төлөвшөөгүй, өлсөглөн зовлон амсаагүй, хөгжил дэвшил, хүний эрх, ардчиллалын үнэт зүйлсийн үр шимийг мэдэрч хүртээгүй тул хууль хэрэгжихэд гол үүрэг гүйцэтгэн идэвхитэй оролцох ёстой гэдгээ хүлээн зөвшөөрдөггүйд байна хэмээн үздэг аж.

Хэрвээ энэ нь үнэн юм бол засаж залруулах нь зөвхөн Та биднээс, Үндсэн хуулийн хэллэгээр бол “ард түмэн”-ээс шууд хамаарах аж, иймд дээрхи хоёр алдаа, завхралыг арилгахын төлөө Та бид өглөө бүр санаж, орой бүр хоорондоо хэлэлцэж, дуг нойрондоо зүүдлэн байж хамтын хүчээр гэхээсээ илүүтэй хувь хүн, гэр бүл, баг, сум, аймаг, хот сууриндаа хүн ардаа гэсэн “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ээ цогцлоож хувь заягаа өөрсдийн гарт авах гарц байгааг ухаант түмэн минь хэлцэн байж хэрэгжүүлэх арга замаа олох болов уу...

Өвөг дээдсийн хувь хишиг, түүхийн улбаагаар Монголчууд биднийг өлгийдэн авсан эх орон, газар нутаг, “түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг нь гагцхүү” Та бидний мэдэлд байдаг тул “эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг” гэдэг зарчмаар сэтгэж дээр дурьдсан шалтгаануудаас болж “харийн хүний” мэдэлд очсон байгалийн баялгаасаа Монголчууд “шууд утга”-аар нь хувь хүртэх талаархи нэгэн санал санаачлагыг Та бүхэндээ танилцуулья.

Өнөөгийн байдлаар Монгол улсын засгийн газар Оюу Толгой нь олборлолтын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас гаднаас жилдээ 100 сая Ам. доллартай тэнцэх хэмжээний эрчим хүчийг худалдан авч байгаа нь нэгэнт ил болсон тул энэ эрчим хүчийг бид нэг жилийн дотор найдвартай нийлүүлэх эх үүсвэрийг санал болгож байна.

Ийм эх үүсвэр нь орчин үеийн техник, технологийн дэвшил дээр суурилсан сэргээгдэх эрчим хүчний гибрид эх үүсвэрүүд бөгөөд цэрэг дайны нөхцөлд зориулан НАТО-гийн үйл ажиллагааны хүрээнд, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд найдвартай ажиллагаатай болохоо батлан харуулсан “Герман чанар”-тай тоног төхөөрөмжүүд юм.

Германчууд энэхүү шаардлага хангасан тоног төхөөрөмжүүдийг нэг жилийн дотор нийлүүлэн угсран суурилуулах бүрэн боломжтой бөгөөд хэрэв төр засаг, Оюу Толгойг олборлож буй талууд харилцан тохиролцож гэрээгээ байгуулсан тохиолдолд хоёр дахь жилээсээ эхлэн Та бид жилдээ 100 сая Ам. доллар, явцын дунд жилдээ 250 сая Ам. доллартай дүйцэхүйц санхүүгийн эх үүсвэрийг эх орондоо авч үлдэх болно.

Тоног төхөөрмжийн зардлыг эхний жилдээ төлж барагдуулах тооцоо байгаа ба хоёр дахь жилээсээ эхлэн нийт орлогыг улс эх оронд тулгараад буй ядуурал, ажилгүйдэл, агаарын бохирдол гэх мэт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хандуулах бөгөөд төслийн хүрээнд ХБНГУ болон Монгол улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, мөн “Хүлэмжийн хийг бууруулах” болон “Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх” сангуудын эх үүсвэрүүдийг хүн ардынхаа хөгжил дэвшлийг хангахын төлөө чиглүүлэх бүрэн боломжтой болно.

Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх нь хамгийн хялбар алхам бөгөөд хамгийн гол нь төр барьж буй улстөрийн хүчний хүсэл эрмэлзэл, үзэл санаа, үнэн нүүр царай үндсэн үүрэг гүйцэтгэх ба мөн Та бидний шаардлага, дуу хоолой, тэмцэл хөдөлгөөн онцгой ач холбогдолтой болов уу...

Хэрэв энэ хүчний “үнэн нүүр царай” нь ил гарч Та биднийг хүн хэмээн тоохгүй бол иргэд бид нэг хүнд 100 мянган төгрөгөөр тооцон хөрөнгө “босгох” бүрэн бололцоо байгаа ба ийм хэмжээний санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх чадвар Монголчуудад байгаа гэдгийг өөрчлөн байгуулалтын өнгөрсөн жилүүдэд олон түмнээс нийгэм рүүгээ хандан өргөн барьсан хандивын хэмжээ тодорхой харуулж байна.

Холбоо барих

Чингисийн өргөн чөлөө 14, Элит оффис, 205 тоот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс 

   +976-11-318099

   info@mongoliangreenparty.mn