МЭНДЧИЛГЭЭ

            Эрхэм хүндэт журмын нөхөд өө,

            Монголын Ногоон нам 1990 онд үүсгэн байгуулагдсан үеэсээ эхлэн ардчилалын үйл хэрэгт үнэнч байж эх орныхоо байгаль, экологийг хамгаалах, түүнийг зохистой ашиглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн.

            Бид Монгол Улсын Үндсэн хуулинд өөрсдийн үзэл баримтлалыг суулгаж, Монгол улсын иргэний “эрүүл, аюулгүй орчинд амьдрах” эрхийг баталгаажуулж чадсан нь МНН-ын зүгээс ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан үйл ажиллагаагаа явуулж ирсний тод жишээ болно.

            1996-аас 2000 оны хооронд “Ардчилсан эвсэл”-ийн хүрээнд төр барилцаж байхдаа, мөн 2008-аас 2012 онуудад УИХ-д нэг суудал авсан үедээ МНН нь “экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил”-ийн үзэл баримтлалаа амьдралд хэрэгжүүлэх үүднээс хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллаж “тогтвортой хөгжил”-ийн үзэл санааг нийгэмд суурьшуулж олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг амжилттай эхлүүлж чадсан билээ.

Манай намын гишүүд “Ногоон хэрэм”, “Ногоон суваг”, “Мод тарих өдөр”, “Ногоон эдийн засаг” зэрэг санал, санаачлагыг дэмжихийн зэрэгцээ “Эрүүл нийгэм ирэний хөдөлгөөн”, “Онги голын хөдөлгөөн”, “Иргэний Холбоо” зэрэг олон түмнийг хамарсан тэмцэл, хөдөлгөөнд идэвхитэй оролцож МНН-ын байр суурийг ард иргэдэд таниулан сонгогч олны дэмжлэгийг авч байсан.

            МНН нь Ази тивийн анхны Ногоон намын хувьд “Даян Дэлхийн Ногоонтнууд” холбоог үүсгэн байгуулцан ажилласан ба үйл ажиллагаанд нь тогтмол идэвхитэй оролцож ирсэн бөгөөд “Зүүн Ази дахь Энхтайван, аюулгүй байдал”, мөн “Төв Ази дахь Ногоон нам ба Ногоон хөдөлгөөнүүд” гэх ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж бүс нутагтаа “Ногоон үзэл”-ийг түгээх үйл ажиллагааг чиглүүлэн удирдаж ирсэн болно.

            Бид “Даян дэлхийн Ногоонтнуудын тунхаг”-ийг эх хэлэндээ буулгаж гишүүд, мөн олон түмэнд хүргэн ажиллахын зэрэгцээ хэл нэгт бүс нутгийнхаа ард иргэдэд түгээх ажлыг эхлүүлж байгаа ба энэ нь олон улсын хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд мөн уг тунхагт харш үзэл санаатай Иргэний Зориг Ногоон Намыг “Ази, Номхон Далайн Ногоон Холбоо”-ны 2015 оны ээлжит хурлаар “Даян Дэлхийн Ногоонтнууд”-ын эгнээнээс албан ёсоор хасуулж Монголчуудынхаа нэр нүүрийг хамгаалж чадсан билээ.

            Улс эх оронд маань нүүрлээд буй ядуурал, авлигал, экологийн гамшиг зэрэг тулгамдсан асуудлуудыг “прагматик улс төрийн зарчим”-аар шийдэх нь Монгол улсын нийгэм, улс төрийг эрүүлжүүлж, цэвэршүүлэх бөгөөд цаашид энэхүү алхамыг хийхийн тулд эх орондоо “хувьсгалт өөрчлөлт” хийх цаг нь болсон гэдгийг МНН 2015 оны 6 дугаар сард тунхаглан зарласан!

            Эрхэм журмын нөхөд Та бүхнийгээ Монголын ард түмний хувь заяаг шийдвэрлэх 2016 ондоо намынхаа шийдвэр, үйл ажиллагааг идэвхитэй дэмжиж эх орныхоо гэрэлт ирээдүйн төлөө цогтой тэмцэхийг уриалан дуудаж байна.

            Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

МНН-ын дарга                                  О.Бум-Ялагч

Холбоо барих

Чингисийн өргөн чөлөө 14, Элит оффис, 205 тоот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс 

   +976-11-318099

   info@mongoliangreenparty.mn

Offcanvas

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.