МОНГОЛЫН НОГООН НАМЫН ТАНИЛЦУУЛГА

 

1990 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Монголын Ардчилсан Холбооны нэг хэсэг болсон “Ногоон зам” болон “Монголын Ногоонтны Хөдөлгөөн”-ий хэсэг гишүүд хамтран Сухбаатарын талбай дээр Монголын Ногоон намыг үүсгэн байгуулах тунхагийг олон нийтэд танилцуулан, үүсгэн байгуулах хурлаа мөн оны 5 дугаар сарын 13-ны өдөр хийж, тухайн сардаа 26-ны өдөр Монгол улсын Дээд шүүхэд Монгол улсын 3 дахь намаар бүртгэгдэн, 3000 гишүүн 12000 дэмжигчидтэй албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн болно. 2006 оны “Улс төрийн намын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгаар гишүүдийн бүртгэл явуулахад нийтдээ 2100 гишүүнтэй байсан бөгөөд УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа явуулсан МНН-ын шинэчлэсэн бүртгэлээр 2016 оны байдлаар 801 гишүүн МНН-ын шинэ батлахтай болж намын өдөр тутмын улс төрийн амьдралд 50 гаруй гишүүд идэвхитэй оролцож байгаа болно.

МНН-ын туйлын зорилго нь: “Монгол улсад экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах”-ад орших ба энэ нь “Даян Дэлхийн Ногоонтнуудын тунхаг”-ийн үндсэн санааг томъёолсон хэллэг бөгөөд бид нийгэм, эдийн засгийн аливаа үйл явцад экологийн асуудлыг хуульчлан тусган тооцохыг эрхэмлэх болно.

1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 болох “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гэсэн заалтийн 2 дугаар хэсэг: “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн иргэн бидэнд амин чухал “тунхаг”-ийг тухайн үеийн МНН-ын гишүүдийн идэвхи, намын зүгээс явуулсан “лобби” ажлын үр дүнд хуульчилсан гэж бид үздэг бөгөөд МНН улс эх орныхоо цаашдын улс төрийн амьдралд өөрсдийн боломжийн хэрээр оролцож ирсэн болно.

МНН нь УИХ-ын 1996 оны сонгуульд “Ардчилсан Холбоо” эвсэлд орж ялалт байгуулан төр барилцаж байсан ба 2000 онд шинээр байгуулагдсан ИЗН-ыг дэмжин эвсэж тус намын дарга С.Оюунд УИХ-ын гишүүний суудал авч өгч АН-тай харицаагаа муутган өөрсдийгөө золиослосон боловч ИЗН бидний дэмжлэгийг үл оошоож эвслийн гэрээг зөрчин 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж ажилласан нь намын зарим гишүүдэд их сургамж болсон болно.

Бид 2004 онд тэр үед улстөрийн хямралд ороод байсан Социалдемократчуудын үлдэгдэл “Монголын Социалдемократ Хөдөлгөөн”-ийг дэмжин гишүүдийг нь МНН-ын нэр дор УИХ-ын сонгуульд дэвшүүлж иргэний хөдөлгөөнийг дэмжих бодлогоо эхэлсэн бөгөөд 2008 онд “Эрүүл Нийгэм Иргэний Хөдөлгөөн”, “Иргэний Холбоо” зэрэг нийгмийн идэвхийг уриалан дуудсан ТББ-ын төлөөллийг дэмжин “Иргэний Эвсэл” байгуулан “МСДН” болон “ИХН”-уудыг дэмжин орж УИХ-д МНН-ын дарга асан Д.Энхбат сонгодож МНН анх удаа УИХ-д суудалтай болж хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцох болсон билээ.

2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө ИЗН бидэнтэй нэгдэж нэг нам болж сонгуульд оролцох санал дэвшүүлсэн боловч бид урьдын гашуун туршлага, мөн бусдын алдаан дээрээс сургамж аван энэ нэгдлийг дэмжээгүй боловч тухайн үеийн намын удирдлагууд С.Оюун гишүүний хувь хүний онцлогт хууртан энэ намд орж ИЗН-ын нэрийг 2012 оны 3 дугаар сард өөрчлөн бүртгүүлэн ИЗНН болгоход гол үүрэг гүйцэтгэсэн ба энэ нь явцдаа Монгол улсын байгаль орчныг хамгаалах бодлогыг илүү либералчлах болон бизнесийн хүсэл эрмэлзлэлд нийцүүлэх хандлагын үндсэн суурийг тавьж хууль эрх зүйн орчныг өөрчилсөнд МНН өнөөг хүртэл эсэргүүцэл илэрхийлэн сөрөг хүчний байр суурьнаас ажиллаж байгаа болно.

МНН нь 2012 оны УИХ-ын сонгуульд бусад намуудын эвсэх саналыг хэлэлцэн санамж бичиг хүртэл байгуулан ажиллаж байсан боловч тухайн үеийн “Сонгуулийн тухай хууль”-ийн хүрээнд улс төрийн намууд эвсэх нь эрсдэл дагуулсан асуудал болох тул иргэний нийгмийг дэмжих жанжин шугамаа даган, эзэн Чингис хааны 850 жилийн ойг билэгшээж хаан Богдоороо овголсон, олон түмэн ард иргэдээ өвөг дээдсийн мэдлэг ухамсраар соён гэгээрүүлэх зорилтыг мөрдлөгө болгосон улс төрийн ТББ болох “Чингэс хааны дэлхийн академи”-ийн гишүүдийг дэмжин МНН-ын нэр дор сонгуульд оруулсан болно.

Бид тэр үед 100 гаруй хүнийг УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлж МНН-ын түүхэнд хамгийн их нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулж чадсан боловч ИЗНН-тай болсон “Ногоон” гэдэг нэрийн маргаан, ялангуяа сонгуульд хуульчлан хэргэлсэн “хар хайрцаг”-ны “тунгалаг бус” үйл ажиллагааны үр дүнд 2008 оны УИХ-ын сонгуульд авч байсан дүнгээсээ дариу 5 дахин бага санал авч 1,36 хувийн санал авсан болно.

2013 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МНН 2009 оны сонгуульд эвсэж Ерөнхийлөгч болоход нь дэм болж өгсөн АН-аас дэвшигч С.Элбэгдоржиос тодорхой учир шалтгаан дор, ялангуяа цөмийн асуудлаар эмзэглэн зайгаа барьж МАН-ын нэр дэвшигч, байгаль экологийн төлөө тууштай зогсдог Б.Бат-Эрдэнэ аврагаа дэмжсэн ба бид энэ сонголтыг улс төрч гэхээсээ илүүтэй байгаль хамгаалагч сэтгэлээр хийсэн болно.

МАН тухайн үед МНН-тай байгуулсан санамж бичгээр: “Цөмийн хөнөөлийн эсрэг нэгдэн нягтарч уран олборлох болон шар нунтаг үйлдвэрлэх асуудлыг Монгол улсын Үндсэн хуулийн 16.1.2-т заасан Монгол улсын иргэний баталгаатай эдлэх эрх болох: “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн үзэл баримтлалд нийцэхгүй хэмээн үзэж эсэргүүцэн хамтран ажиллах” гэж үүрэг хүлээсэн боловч харамсалтай нь өнөөг хүртэл энэ чиглэлээр ямар нэгэн хамтын ажиллагаа өрнөөгүй байгаа болно.

Бид Монголын улс төрийн амьдралд намын удирдлага, бүтэц зохион байгуулалтыг ардчилалын зарчим, ил тод байдал, хяналтын үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс даян дэлхийн Ногоон намуудын жишгийг дагаж 2 даргатай болгосон боловч энэ нь өнөөгийн Монголын улс төрийн орчны бодит дүр төрх, ялангуяа ИЗНН 3 даргатай болж энэ асуудлыг дампууруулж олны ойлголтыг гажуулдуулж байгаа зэргээс болж 2012 оны 11 дүгээр сард МНН-ын Их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулж буцаж нэг даргатай болсон ба намын даргаар Олзодын Бум-Ялагч сонгогдон ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар МНН олон улсын хамтын ажиллагааны хэмжээнд “Даян дэлхийн Ногоонтнуудын тунхаг”-ийг эх хэлэндээ хөрвүүлэн “Даян Дэлхийн Ногоонтнууд”-ад өргөн барьж байгаа ба мөн “Даян Дэлхийн Ногоонтнууд”-ын сүлжээнээс ИЗНН-ыг 2015 оны 6 дугаар сард албан ёсоор гаргаж асуудлыг олон улсын хэмжээнд шийдсэн бөгөөд МНН-ын Нарийн бичгийн дарга Д.Хишигдэлгэр нь Ази, Номхон далайн Ногоон Холбоонд МНН-ыг төлөөлөн сонгогдон ажиллаж байгаа болно.

МНН нь 2016 оны сонгуулийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу 2015 оны 6 дугаар сард эхэлсэн бөгөөд ирэх сонгуульд оролцох үзэл баримтлалыг боловсруулан Монголын улс төрд “пракматик улс төрийн бодлого”-ыг дэвшүүлэн нийгэмд “хувьсгалт өөрчлөлт хийх” чиглэлийг баримтлан эх оронд маань тулгараад буй “олон нийтийг хамарсан ядуурал”, “нийгмийн баялгийн шударга бус хувиарлалт” болон “орчны бохирдолт” зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд улс төрийн бүхий л арга хэрэгсэл, гишүүдийнхээ бодит боломжийг шавхан ажиллаж байна.

Бид Улаанбаатар хотын агаар, хөрс болон усны бохирдол, мөн улс эх оронд маань нүүрлээд буй цөмийн аюул, ялангуяа уран олборлот зэрэг асуудлыг онцгойлон анхаарч байгаа ба энэ чиглэлээр олон нийтийн байгууллага, иргэдтэй нягт хамтран ажиллаж Монгол улсад гадны гаралтай цөмийн хог хаягдал байршуулах болон атомын цахилгаан станц барих асуудлыг түр зогсоож чадсан бөгөөд цаашид байгаль, экологийн тэнцвэр алдагдаж байгаад анхааран шийдлийг эрэлхийлэн улс төрийн эрх мэдлийн хүрээнд олон нийтийг манлайлан  ажиллах болно.

 

 

Холбоо барих

Чингисийн өргөн чөлөө 14, Элит оффис, 205 тоот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс 

   +976-11-318099

   info@mongoliangreenparty.mn