МНН-ын дарга О.Бум-Ялагчийн ажлын айлчлалын тайлан

Эрхэм гишүүд, дэмчигчид ээ,

Миний бие 2016 оны 11 дүгээр сард Австри улс болон ХБНГУ-д ажлын айлчлал хийсэн ба энэ хугацаанд Австрийн Ногоон нам, мөн Германы Ногоонтнуудын төлөөлөлтөй ажлын уулзалт хийж харилцаа холбоогоо бататгаж цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн тодорхой ажлыг төлөвлөөд ирсэн болно.

 Австрийн Ногоон намын гишүүн асан ноён Александр ван дэр Беллен Австри улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан тул тус намынхан маань түүний сонгуулийг дэмжих ажлыг өрнүүлэн олон нийтийн дэмжлэгийг авч ажиллаж байсан ба хоёр намын хүрээнд бүх төрлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлсэн бөгөөд 2017 оны хавар болох Англи улсын Ливерпуль хотод Даян дэлхийн Ногоонтнуудын ээлжит Их хурлын үер хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг үлдсэн хугацаанд нэг мөр болгохоор болсон болно.

Германы Ногоонтнуудын төлөөлөл Бундестагийн гишүүн хатагтай Табэа Рөснэртэй уулзсан ба түүний туслах ноён Флориан Буркхардт манай намтай холбоотой асуудлыг гардан хариуцан ажиллахаар болсон бөгөөд хоёр намын хоорондын хамтын ажиллагааг хамрах сэдвүүд, мөн цаашид хийх ажлын талаар санал солилцож түүний зүгээс “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурах ажлыг бүх талаар дэмжин ажиллахаар болсон болно.

Манай намын зүгээс тус хоёр улсын Ногоон намуудын гишүүдийг эх орондоо урьж танилцах аялал зохион байгуулахаар болсон ба энэ аялалын хүрээнд эх орныхоо үзэсгэлэнт байгаль, ард түмнийхээ өвөрмөц уламжлалт зан үйлийг таниулан сурталчилахын зэрэгцээ байгаль орчны тулгамдсан асуудлууд болон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөсөрдүүлж буй талаар асуудал хөндсөн уулзалт ярилцлага зохион байгуулж тэдгээр зочдын дэмжлэгтэйгээр олон улсын байгууллага, хүний эрхийн шүүхэд хандах ажлыг эхлүүлэхээр болсон болно.

Мөн энэ хугацаанд Германы Ногоонтнуудын үзэл санааг дэмждэг Хайнрих Бөөлийн сангийн Азийн асуудал хариуцсан хэлтсийн ажилчидтай уулзаж тус сангийн үйл ажиллагааг Монгол улсад хандуулах, бүс нутгийн экологийн аюулгүй байдал, үндэсний цөөнхийн эрх ашгийг хөндөж буй асуудлаар санал солилцон байр сууриа илэрхийлэн харилцаа холбоогоо баталгаажуулсан болно.

Гишүүд Та бүхэн энэ асуудлаар намын удирдлага, эсвэл өөрсдөө шууд дараахь хаягуудаар холбогдож үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.

Хүндэтгэсэн,

Дарга                         О.Бум-Ялагч

 

 

 

 

 

Холбоо барих

Чингисийн өргөн чөлөө 14, Элит оффис, 205 тоот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс 

   +976-11-318099

   info@mongoliangreenparty.mn