О.Бум-Ялагч: Ард түмнээ боддог хүнийг л Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжинэ

Ярилцлага: Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг  Байнгын хороод  дэмжиж, УИХ-ынчуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Парламентад  суудалтай намууд нэр дэвшүүлдэг ч,  жижиг  намууддэмжиж оролцдогийн хувьд ямар байр суурьтай байгаа бол?  

-Улс орнуудын  жишгийг харахад  тухайн үеийнхээ улс төрийн нөхцөл байдал, нэр дэвшигчдийн рейтингийг харж байгаад  сонгуулийн  хуулиа өөрчилдөг. Ийм тогтсон  технологитой. Өнгөрсөн УИХ, орон нутгийн сонгуульд парламентад суудалгүй намуудаас сонгогдох магадлал их байлаа. Жишээ нь, улс төрийн намын босго таван хувь байхад боломж байсан. Авсан саналыг харахад манай нам  лав хоёр суудал авахаар байлаа. Гэтэл манайхан энэ байдлыг харж байгаад өөрсдийн ашиг сонирхлын хүрээнд,  хуулиа зөрчөөд, эрх барьж байгаа аль нэг  нам дур зоргоор сонгуулийн хуулийг өөрчилдөг явдал зуршил боллоо.Өнөөдөр энэ логикоороо Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг олон улсын хууль зөрчөөд зургаан сарын өмнө өөрчлөх гээд байна. Манай нам ингэж дүгнэж байгаа.

 

-Зургаан сарын өмнө хуулиа өөрчилж болохгүй гэж байнга л ярьдаг. Хяналт тавьж, хариуцлага тооцохсубъект нь яагаад ажиллахгүй байна вэ?

-Манай улс  Хүний эрхийн конвенцид нэгдэн орж 2003 онд   Хүний эрхийг хангах  үндэсний  хөтөлбөр  баталсан. Энэ хөтөлбөрийн 2.2.1.2  дугаар зүйлд “Сонгуулийн жил, ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан. Гэсэн ч  эрх барьж байгаа  аль нэг нам, эсвэл олонх ч юм уу хоорондоо тохиролцоод, эсвэл хэн нэгнийг оруулахгүйн тулд ч юм уу зохион байгуулалттайгаар  сонгууль болохын өмнө хуулиа өөрчлөөд яваад байдаг. Хяналт тавих ёстой Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх гэх мэт байгууллагууд  нь хөдлөхгүй байна. Үүнд  Монгол Улсын Ерөнхийлөгч хамт оролцоод байна гэсэн үг. Ард түмнээс сонгогдсон тэр хүн энэ асуудалд эмзэглэхгүй байна гэдэг  ард түмнээ төлөөлөхгүй, аль нэг намын  олигарх, хөрш орнуудынхаа байр суурийг илэрхийлж байна гэсэн үг. Үүний тод жишээ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэж байгаа явдал.

-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хуулийн өөрчлөлттэй холбож үзэв үү? 

-Ард түмэн 26 жил ээлжилж төр барьсан хоёр том намын улстөрчдөд  итгэл алдарчээ. Яагаад гэвэл монголчууд тэднийг бүх боломжоор нь сонгосон. Эцэст нь аль нь ч гарсан бидний амьдрал дээшлэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Ингээд өөр зүг рүү харж эхэлсэн. Тухайлбал,  бие дааж гарч ирсэн ганц гишүүн С.Жавхлан гэх  жишээтэй. Тэгэхээр түүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэх санаачилга гарахыг үгүйсгэхгүй. Гэтэл тэр боломжийг нь хуулийн өөрчлөлтөөр хаах гэж байна. Тэр нь зөвхөн намаас нэр дэвшүүлнэ гэсэн бэлтгэл ажил явагдаж байх шиг. Бас нэг зүйл нь хуулийг өөрчлөхөд  МАН, АН хоёр ханцуй шамлан орж байгаа нь нэг тогооны гүзээ гэдгээ харуулж байгаа юм.  Ард түмнээ бодохгүй өөрсдийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж, яаж улс төрд удах вэ, төсвийн хөрөнгө мөнгийг хамтарч идэх вэ гэдэг арга замаа хайж байна шүү дээ.

-С.Жавхлангийн ард Ц.Нямдоржийг байгаа гэсэн хардлага бас байх шиг?

-Ц.Нямдорж, С.Жавхлан хоёр  нэг нутаг, үндэстэн ястны төлөөлөл хэдий ч ард түмнээ гэсэн сэтгэл нь их өөр. Магадгүй зарим нь  хуульчийн хувьд   Ц.Нямдорж Ерөнхийлөгч болоосой гэхийг байг гэхгүй.

Гэтэл нөгөө талдаа Ерөнхийлөгч бол цэрэг арми хөдөлгөх эрх бүхий субъект. Ц.Нямдорж гарч ирээд хуулийн  хатуу гараар барьж Ерөнхийлөгчийн засаглал тогтоовол юу болох билээ.

-Миний санаж байгаагаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд танай нам   МАН-ыг дэмжиж оролцсон байхаа? 

-Ядарсан үед тэвнээр дэмжих чухал байлаа. Тэр үед МАН цөөнх байсан. Тиймээс бид Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжсэн. Тухайн үед Н.Удвал нэр дэвшээгүй бол Б.Бат-Эрдэнийг ялагдахад ард түмэн үнэмшихгүй байсан. Манайд улстөр­чид нь шударга, хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаг­лалын үүргээ бие­лүүл­дэг хяналттай бай­сан бол хүчтэй дуугарч байгаад дахин сонгууль явуулах байсан. Гэтэл будлиантуулаад луйвардаад өнгөрсөн.

-Одоо  таны ярианаас үзэхэд 2013 онд МАН-ыг дэмжсэн танай намын  байр суурь  өөрчлөгдсөн бололтой.Яагаад?

-Би парламентад суудалгүй бусад намыг яримааргүй  байна. 2013 онд МАН-д Ногоон намын дэмжлэг хэрэгтэй байсан учраас бид гарын үсэг зураад дэмжээд явсан. Одоо тэд парламентад 65 суудал авсан. Бидний дэмжлэг хэрэгтэй юу , үгүй юу гэдэг асуудал тавигдах биз дээ. Нөгөөтэйгүүр, манай нам 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад МАН-ыг дэмжиж оролцохгүй вэ гэвэл, бидний үндсэн санаа хүнийг нь харна гэж байгаа. Ард түмнээ гэсэн дуу хоолойтой хүнийг дэмжих бодлого баримтална. Ер нь бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой хүнийг сонгох гэж байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуульд  Монголын ард түмэн тун хариуцлагатай хандах ёстой. Аль нэг улс төрийн  нам руу бус  хувь хүн  рүү хандаж хүнийг нь харж сонголтоо хийх  нь хамгийн зөв гаргалгаа.

http://www.polit.mn/content/85498.htm

Холбоо барих

Чингисийн өргөн чөлөө 14, Элит оффис, 205 тоот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс 

   +976-11-318099

   info@mongoliangreenparty.mn