НАРНЫ ИЛЧЭЭР ИРГЭДЭЭ НИЙГЭМШҮҮЛЬЕ

МНН-ын санал санаачлага Улаанбаатар хот,

2017 оны 5 дугаар сарын 19-нд

Монголын Ногоон нам нь 2003 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ” хэмээн олон нийтэд хандсан жагсаал цуглаан, “Замын цагдаа, үр хүүхдүүддээ амны маск тараах” гэх мэт арга хэмжээ зохион байгуулж судалгаан дээр суурилсан бодит байдлыг хэвлэл мэдээлэл, төр засагт хандан илэрхийлж аюулын харанга дэлдэж өнөөг хүртэл Улаанбаатар хотын оршин суугчдын дэмжлэгийг авч ажиллаж ирсэн болно.

Монгол Улсын “төр” Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дугаар заалт, Гамшгаас хамгаалах тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон олон улсын гэрээ хэлцэл, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу иргэдийнхээ өмнө тулгараад буй аливаа гамшгийг дариу арилгаж асуудлыг шийдвэрлэхэд тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой нь тодорхой.

Сөрөг хүчний нэгээхэн хэсгийг нь төлөөлдгийн хувьд МНН асуудлыг шүүмжлэх гэхээсээ илүүтэй шийдэл эрэлхийлсэн үйл ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч нийгэмд “прагматик” улс төрийн зарчмыг түгээн “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 3 жилд 5 дахин багасгах”, “Троллейбусыг үнээс чөлөөлөх”, “Ирээдүйн сан” гэх санал санаачлагыг дэвшүүлэн олон түмэнд, төр засагт таниулан сурталчлан хамтын хүчээр нийгэмд тулгараад буй асуудлыг шийдвэрлэх чиглэл баримтлан ажиллаж ирсэн болно.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах дараахь аргачлалыг үе үеийн Засгийн газар болон Улаанбаатар хотын захиргаанд дэвшүүлж байсан ба гэр хорооллын халаалтын асуудлыг цахилгаан эрчим хүчээр шийдвэрлэх үндсэн зарчмыг дэвшүүлэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх шийдлийг дэвшүүлсэн болно:

1. Гэр хорооллын халаалтыг цахилгаанаар шийдвэрлэх

1.1. Гэр хорооллын цахилгаан шугам сүлжээг дэд бүтцээс ангид сэргээгдэх эрчим хүч дээр суурилсан гибрид системээр шийдвэрлэх ёстой ба Монгол улсад мөрдөгдөж буй стандартыг олон улсын стандартад нийцүүлэн дагаж мөрдүүлэх,

1.2. Гэр хорооллыг цахилгаанаар халаах хууль эрх зүйн орчныг тодорхой болгох (Гэр хороололд гал түлэхийг бүрэн хориглох),

1.3. Оросын Холбооны улсаас цахилгаан худалдан авах гэрээгээ тодотгож хэлцэлдээ нэмэлт өөрчлөлт хийж, нарийвчлах (Шөнийн тарифыг тэглэх),

2. Гэр хорооллын хувийн эзэмшлийн газарт гэрээний үндсэн дээр 24/7 цахилгаан үйлдвэрлэх гибрид системийн тоног төхөөрөмжийг суурилуулан газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж иргэдийн, ялангуяа нийгмийн эмзэг давхрагын иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх,

2.1. Гэр хороололд тодорхой нөхцөл хангасан өрхийг сонгон авч уг айлын хувийн эзэмшлийн газарт 25 кВ-ын сэргээгдэх эрчим хүчний гибрид системээр 10 айлын халаах аргачлалыг хэрэгжүүлэх (“Сэргээгдэх эрчим хүчний тухай” хуулийн дагуу төр зуны улиралд үйлдвэрлэсэн цахилгааныг нь худалдан авч анхан шатны хөрөнгө оруулалтын зардлыг барагдуулж гэрээний үндсэн дээр орлогын байнгын эх үүсвэрийг баталгаажуулна.),

2.2. Эрчим хүчний илүүдлийг устөрөгчид (Н2) шингээх болон бусад аргачлалаар хадгалан эрчим хүчний тогтмол эх үүсвэртэй болох технологийг нутагшуулж эрчим хүч экспортлогч орон болох (300 мватын чадалтай хийн турбин цахилгаан станц барих) гэх үйл ажиллагааг шат дараалалтайгаар санхүүгийн эх үүсвэрийг тодотгон шийдвэрлэх болно.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгахад гэр хорооллыг цахилгаанаар халаах асуудал үндсэн асуудал гэдэгтэй нийгмээрэй нэгэнт нэг ойлголтонд хүрсэн тул энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох ёстой ба үүнд олон нийт, нийслэлчүүд, хувийн хэвшил, төр засаг хамтран ажиллах бодит шаардлага тулгараад байгаа бөгөөд энэ асуудлаар олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг, санал асуулга явуулж дараахь санхүүгийн эх үүсвэр байгааг товч танилцуулъя:

1. Даян дэлхийн “Хүлэмжийн хийн сан”-гаас 100 мВ-ын нарны хавтангийн урьдчилсан хөрөнгө оруулалт болох 80 сая Ам. Долларын тал хувийг нь гаргуулах,

2. Оросын Холбооны улсаас нэг жилд цахилгаан эрчим хүч авахад зарцуулдаг 30 сая Ам. Долларыг тооцох,

3. Иргэдээс хөдөлмөр хөлсний доод хэмжээний цалингийн нэг хувьтай тэнцэх татварыг (Ж. нь: “Эв санааны татвар” нэртэйгээр) хурааж “Цэвэр агаар сан”-д төвлөрүүлэх (Жилд ойролцоогоор 15 сая Ам. Доллар төвлөрүүлэх),

4. НӨТ-ийн татварын орлогын 10 хувийг дээрхи санд төвлөрүүлэх,

5. Хувийн хэвшлээс дээрхи санд татварын 0,1 хувийг төвлөрүүлэх,

6. СӨХ-ийн үйл ажиллагааг төр хариуцан (СӨХ-ийн ажилчдыг төрийн үйлчилгээний ажилтан ангилалаар төрийн албанд бүртгэн ажлын байрыг нь хадгалах) СӨХ-д өрх бүрээс төлж байсан төлбөрийг дээрх санд төвлөрүүлэх (Жилд 48 сая Ам. Доллар),

7. Гадны тусламжийн байгууллагуудыг идэвхитэй татан оролцуулах гэх зэрэг бодит боломж байгаа болно.

Нийслэл хотын агаарын бохирдолд 12 хувийг бүрдүүлж буй автомашинаас гарах утааг багасгахын тулд олон нийтийн тээврийн хэрэгслэлийг троллейбусын сүлжээнд нэгтгэж цахилгаан мотор, батарейн технологид тулгуурлах ёстой ба авто машин, ялангуяа дийзел хөдөлгүүрт машин шүүлтүүртэй байхыг журмыг хэвшүүлж автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлын эх үүсвэрийг нь дөрөв дахин бага болгох боломжтой.

Нүүрсээр ажилладаг 3 ба 4 дүгээр цахилгаан станцын утааг усанд шингээх шүүж утааг бүрэн барих технологийг суурьшуулан цахилгаан станцаас гарах утааг арилгана.

Эдгээр арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгаж өнөөгийн бохирдлын хэмжээний 5 хувьд барих бүрэн боломтой хэмээн үзэж байгаа болно.

Хамгийн гол энэ төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн нийгмийн эмзэг бүлгийн асуудлыг бүрэн шийдвэрлэж 50 мянган ажлын байр шинээр бүрдүүлэн улсын төсвийн худалдан авалтын 10 хувь дээр суурьлан жижиг ба дунд үйлдвэрийн сүлжээг бий болгож төр иргэд рүүгээ чигэлсэн хөрөнгө оруулалтаа идэвхижүүлэн “Өрх бүр үйлдвэрлэгч” байх үзэл санааг амьдралд хэрэгжүүлнэ.

Эцэг өвгөдийн уламжлал, эх орны маань зая хийморь, үр хойчийнхоо гэрэлт ирээдүйг санан энэхүү түүхэн боломжийг Монголчууд бид алдах ёсгүй, бид нийгмийнхээ өчүүхэн нэгээхэн хэсгийг үгээр илэрхийлэхийн аргагүй баян тарган болгож чадлаа, одоо өлсөглөн ядуусаа асран дэмжих цаг нь иржээ.

Үүний тулд Та бид сэргээгдэх эрчим хүчийг эдийн засгийнхаа эргэлтэнд оруулах ёстой, энэ бол шинэлэг зүйл биш, ард түмний нэрийн өмнөөс төр барьж буй хүчин энэ аргачлалыг хуулбарлан нутагшуулах чадваргүй эсвэл бүр хүсэлгүй бол Та бид төрөөс зайлуулж хүсэл эрмэлзэлтэй улстөрчдийг дэвшүүлэн хамтын хүчээр “Эрчим хүчний хувьсгал”-ыг хийх нь гарцаагүй...

Холбоо барих

Чингисийн өргөн чөлөө 14, Элит оффис, 205 тоот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс 

   +976-11-318099

   info@mongoliangreenparty.mn