УРИАЛГА

                                                        МОНГОЛЫН НОГООН НАМ

                                                                  УРИАЛГА

                  ЭРХЭМ ХҮНДЭТ ГИШҮҮД, ДЭМЖИГЧИД ЭЭ,

             Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлж, хүн ардынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн хөгжил дэвшлийн төлөө зүтгэж ирсэн МНН-ын үе үеийн гишүүд, дэмжигчид Та бүхэндээ дараахь уриалгыг сонордуулж байна. Үүнд:

           Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн 2017 оны сонгуульд 2013 онд МАН-тай хамтран ажилласан туршлагадаа түшиглэн, МАН-ын нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын “МОНГОЛ ГЭР - МОНГОЛ ТӨР” мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлалыг дэмжин, МНН-ын “ДЭЛХИЙН ЭКОЛОГИ МОНГОЛООС” үзэл баримтлалаа дэвшүүлэн эрх тэгш, ил тод, шударга харилцан хүндэтгэлтэй байх зарчмыг үндэслэн МАН-тай 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагаа бататгасан болно.

          Монгол улсын 7 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 5 дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд нь анхан шатны сонгуулиар нийт саналын 30.71 хувийн санал аваад байгаа нь манай намын гишүүд, дэмжигчдийн тодорхой хувь орсон хэмээн Та бүхэндээ талархан цаашид ч дэмжин ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

         МНН-аас баримтлаж буй бодлого нь аливаа намын эрх ашгаас илүүтэй ард түмний эрх ашгийг дээгүүр тавьж нийгэм, эдийн засгийн хямрал нүүрлээд буй өнөө үед улстөрийн “зүүн”-ий үзэл баримтлалыг тунхагласан хүчнүүд нягтран улс эх орныхоо төлөө, хүн ардынхаа гэрэлт ирээдүйн төлөө хамтран ажиллах бодит шаардлага байгааг энэхүү санал хураалтын үр дүн харуулж байна гэж үзэхийн зэрэгцээ “Ногоон эдийн засаг”-ийн үзэл баримтлалыг төрийн бодлогын хүрээнд бодитоор амьдралд хэрэгжүүлэх түүхэн боломж байгааг харж цаашдын хамтын ажиллагаагаа чадавхижуулах болно.

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 2017 оны 7 дугаар сарын 7-ны дахин санал хураалтанд мөнгө тарааж санал худалдаж авах гэсэн Үндсэн Хуулийн бус аргаар төрийн эрх  мэдлийг авах үйлдэл гарч болзошгүйг анхааран үзэж сонгуульдаа сонор сэрэмжтэй байж, шударга ёсыг эрхэмлэн, ёс зүйтэй оролцохыг нийт намын гишүүд, дэмжигчид Та бүхэнд уриалж байна.

        Монгол түмнийг Мөнх хөх тэнгэр, Эх ногоон дэлхий маань ивээж мэргэн сонголтоо амжилттай хийнэ гэдэгт Монголын Ногоон нам бүрэн дүүрэн итгэлтэй байна.

                                                                 УЛААНБААТАР ХОТ

                                                     2017 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР

Холбоо барих

Чингисийн өргөн чөлөө 14, Элит оффис, 205 тоот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс 

   +976-11-318099

   info@mongoliangreenparty.mn