БАЯЛГИЙН ЭЗЭН БАЯЛГАА МЭДЭХ, ШИЙДЭХ ЭРХТЭЙ

Монголын ногоон нам, МАХН, Иргэний зориг ногоон нам, МҮАН зэрэг улс төрийн хүчнүүд нийлж УИХ-д Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тулган шаардах бичгийг хүргүүлж байгаа талаараа гуравдугаар сарын 22-нд мэдэгдсэн билээ. Улс төрийн намууд Үндсэн хуулийн 6-дугаар зүйлийн 6.1-нд заасны дагуу баялгийн эзэн- Монголын ард түмэн,өөрийн баялгийг мэдэх шийдэх эрхтэй гэж заасныг сануулан өнөөдөр /2018.03.30/ дахин хэвлэлийн бага хурал хийлээ.

Намууд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах найман үндэслэлийг танилцууллаа. Тухайлбал, Монголын тал баялгийнхаа эзэн нь биш болсон, Монголын тал ногдол ашиг авах боломжгүй болсон, Үндсэн хууль давсан, олон улсын хууль, хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ болсон гэж үзэж байгаа аж. Мөн усын асуудлыг буруу зохицуулснаас үүдэн Монголын говь нутаг элсэн цөл болон хувирах аюултай нөхцөл бүрдсэн, Хөрөнгө оруулалтын муу жишгийг тогтоосон гэрээ болсон, Ашиг сонирхлын зөрчилтэй гадаадын байгууллагын зөвлөгөөнөөр байгуулсан гэрээ, Зэс хайлуулах буюу эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих асуудал гэрээнд тодорхой тусгагдаагүй үндэслэлүүдийг баримт нотолгоотойгоор дэвшүүлэн тавьж байгаа юм. Намуудын дарга нарын байр суурийг хүргэж байна.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

– МАХН энэхүү гэрээг хийхээс өмнө УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхий сайд С.Баяр нарт анхааруулж байсан. Ийм ашиггүй муу гэрээ байгуулж болохгүй гэж. Харамсалтай нь гэрээг байгуулсан. Оюутолгойн баялаг бол 400 тэрбум ам.доллараар үнэлэгдэх баялаг юм. Энэ ордыгоо эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зөв. Гэхдээ Монголд ямар ч ашиггүй. Монгол Улс өөрийнхөө баялгийг эргэлтэнд оруулахдаа өртэй болох гээд байна. Ямар гэрээ ийм байдаг юм бэ.  Үндсэн хуульд байгалийн баялаг нь  ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Гэтэл УИХ-ын гишүүд гадаадынханд үйлчилж, луйврын гэрээ байгуулсан. Тухайн үед бид эсэргүүцэж байсныг та бүхэн мэдэж байгаа. Ч.Сайханбилэг Дубайн гэрээг 2009 онд байгуулахдаа 27-28 жилийн ногдол ашгийг авахаар гарын үсэг зурсан байдаг. Энэ бол зориуд гадныхантай хуйвалдаж хийсэн зүйл. Ажлын байр энэ тэр гээд ам хаах гээд байх шиг байна.Тэгэхгүй ээ. Монгол ажилчдын цалинг нэмэгдүүлэх ёстой, ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. Үйлдвэрийг зогсоох биш ажилчдын эрх ашгийн төлөө гэрээг шинэчлэн байгуулж илүү сайжруулах ёстой гэж тэмцэж байгааг та бүхэн ойлгоорой. Монголын хөрсөнд байгаа баялгийг барьцаалж зээл авчихаад өрөө төлж дууслаа ногдол ашгаа өгөхгүй болж байна. Энэ бол гутамшиг шүү. Их хурлын даргатай уулзана. Хэрэв бидэнтэй уулзахгүй бол гадныханд үйлчилж байна гэж үзнэ. Та бүхэн ард түмнээс төлөөлж гарч ирсэн хүмүүс шүү. Та бүхэн яг энэ гэрээг анхаарлынхаа төвөөс битгий гаргаач. Худлаа шоу зохиож, гэрээний асуудлыг өөр тийш нь хандуулж цаг хожих гээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсны хувьд надад тодорхой мэдээлэл таамаг байгаа. Хамаагүй ярьчихвал энэ хүмүүс луйвраа нуучих гээд байгаа учир хамаагүй гаргаж болохгүй байна. Хэрэв одоо УИХ энэ гэрээгээ засч чадахгүй бол бид засгийн эрхэнд гарсны дараа маш хөнгөхөн хурдан засч чадна шүү. Цаг хугацаа алдахгүйн тулд бид одоо тэмцэж байна.

-МҮАН-ын дарга Ц.Цогтгэрэл:

-Манай намын хувьд 2009 онд Оюутолгойн гэрээг цуцлах 34 шаардлага бүхий мэдэгдэл хүргүүлж байсан. Харамсалтай нь өнөөдөр энэ 34 заалтны нэг нь ч биелэгдээгүй. Энэ гэрээ олон жилийн маргаан дагуулсан хуудуутай гэрээ болсон. Маргах болгонд Монголын нэр хүндийг доош нь татдаг. Хөрөнгө оруулагчдыг битгий ороорой гэж уриалдаг,  Монголоос олсон мөнгөөрөө Монголын нэр хүндийг унагадаг гэрээ болсон. Энэ төсөл өөрөө маш том мега төсөл боловч маш аюултай төсөл болоод байна. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нэрийг бариад 10-аад компани дэлхий даяар тойроод Монголыг барьцаалж зээл аваад явж байдаг. Маш олон компанийн нэртэй хэн нь хөрөнгө оруулж, хэн нь бодитойгоор ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй будлиантай гэрээ.

-Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч:

-Монголын ногоон намын байр суурь бол анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ л Оюутолгойн гэрээг луйврын гэрээ болсон гэдгийг илэрхийлж байсан. Энэ гэрээн дээр эмзэглэж байсан зүйл бол байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд нь усны нөөц  тодорхойгүй байна гэдгийг хэлж байлаа. 10 дахин бага усны нөөцтэй яаж үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм бэ гэхэд өнөөдөр болтол шийдэгдээгүй л байна. Говийн усны нөөцийг дуусгахаар байна. Усныхаа нөөцийг бий болгосны дараа үйл ажиллагаагаа явуулбал яасан юм бэ гэсэн байр суурийг илэрхийлж гэрээг цуцлахад ач холбогдол өгч байна.

-Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг:

 Бидний хамтарсан мэдэгдэлтэй холбогдуулаад нэмэлт мэдээлэл өгөхөд энэхүү гэрээ нь Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль тэр дундаа НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн маш чухал тогтоолыг ноцтой зөрчсөн. 1962 онд НҮБ-аас гаргасан тогтоолд байгалийн баялаг, нөөц нь ард түмний мэдэлд байна гээд биччихсэн байгаа. Тухайн хүн амын сайн сайханд нийцэх ёстой гэсэн шаардлагыг зөрчсөн. Ийм жишгээр олон улсад үүнтэй төстэй гэрээгээ цуцалсан туршлага олон байна.

Эх сурвалж: www.polit.mn

Facebook Сэтгэгдэл

Сэтгэгдэлээ оруулна уу?