МОНГОЛЫН НОГООН НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР

1. МОНГОЛЫН НОГООН НАМ – НИЙГМИЙН БАРИМЖААТАЙ, ДЭВШИЛТЭТ НАМ
…..1.1. Эрхэм ёс
…..1.2. Эх үүсгэл, замна
…..1.3. Гэрэлт ирээдүй, цэвэр төрийг цогцлоох
2. ЦЭВЭР ТӨРИЙН “ГУРВАН ЦЭВЭР” ХӨГЖЛИЙН НОМЛОЛ
…..2.1. ЦЭВЭР ТӨРИЙН “ХАР ХАЙРЦАГ”-НЫ БОДЛОГО
…..2.1.1. Монголын ард түмний “Ирээдүйн сан”
……………• Үндэсний аюулгүй байдал
……………• Ард иргэдээ болзошгүй эрсдэлээс хамгаалах
……………• Нийгмийн зөвшилцлийг хангах
2.2. ЦЭВЭР НИЙГЭМ
2.2.1. Хууль зүй, Шударга ёсны яам
………….• Оролцооны ардчилал, эрх зүйт төр
………….• Шударга ёс
………….• Хүний эрх, эрх чөлөө
2.2.2. Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яам
………….• Энэрэнгүй төрт ёс
………….• Куба улсын амжилтыг нутагшуулах
………….• Дэвшилтэт даатгал, хүрэлцээтэй тэтгэвэр
2.2.3. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам
………….• Гарааны ижил нөхцөл
………….• Уламжлалт соёлоо хадгалан сонгодог урлагийг хөгжүүлнэ
………….• Дагаж бус угтаж хөгжих
2.2.4. Гадаад бодлогын яам
………….• Дэлхийн хамтын нийгэмлэгийг дэмжих
………….• Эвсэлд үл нэгдэж төвийг сахих
………….• “Гурван тулгуурт” бодлого
2.2.5. Хилийн цэргийн яам
………….• Мэргэжлийн армитай байх
………….• Ургах нарнаас ургах наран зүг
………….• Аюулаас хамгаалах бодлого
2.3. ЦЭВЭР ЭДИЙН ЗАСАГ
2.3.1. Сангийн яам
………….• Экологийн баримжаатай эдийн засгийн тогтвортой хөгжил
………….• Татварын шаталсан тогтолцоо, баячуудын татвар
………….• Зээл, өрийн бодит харьцааг хянах
2.3.2. Дэд бүтцийн яам
………….• Нөхөн сэргээгдэх түүхий эд дээр суурилсан эрчим хүч
………….• Зам, тээвэр, харилцаа холбооны цогц сүлжээ
………….• Дэд бүтцээс ангид барилгажуулалт
2.3.3. Хөдөө аж ахуй, Аж үйлдвэрийн яам
………….• Эрчимжүүлсэн газар тариалан
………….• Уламжлалт мал аж ахуй
………….• Төрийн оролцоот жижиг, дунд үйлдвэр
2.4. ЦЭВЭР БАЙГАЛЬ ОРЧИН
2.4.1. Байгаль хамгаалал, Ногоон хөгжлийн яам
………….• Дэлхийн экологи Монголоос
………….• Ногоон эдийн засаг
………….• Эрдэс баялгийг Эрдэнэтийн зарчмаар
3. “ЦЭВЭР ТӨР”-ИЙН ХҮЛЦЭШГҮЙ 13 “АЛДАС”
4. “ЦЭВЭР ТӨР”-ИЙГ СОНГОХ “СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ”
МОНГОЛЫН НОГООН НАМ – НИЙГМИЙН БАРИМЖААТАЙ, ДЭВШИЛТЭТ НАМ
………МНН нь “Даян Дэлхийн Ногоонтнуудын тунхаг”-ийн үзэл санааг тусган Монгол улсад “Экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах” хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг эрхэмлэнэ.
Эрхэм ёс
………Бид ардчиллыг баталгаажуулахын төлөө зогсож эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрхийг хангаж ялгаварлан гадуурхах үзэл, нийгмийн дарангуйллын эсрэг тууштай тэмцэнэ. МНН нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг эрхэмлэн шударга зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж, эрх зүйт төрийг цогцлоохын төлөө ажиллана.
Эх үүсгэл, замнал
………Монголын Байгаль Хамгаалах Холбооны гишүүд 1988 онд “Ногоон зам”, 1989 онд “Монголын Ногоонтны Хөдөлгөөн” байгуулан “ардчилал, шинэчлэл”-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож “Монголын Ардчилсан Холбоо”-г үүсгэн байгуулалцсан билээ.
Дээрхи гишүүд Сүхбаатарын талбай дээр болж байсан ардчилал, шинэчлэлийн төлөөх тэмцлийн үеэр “Монголын Ногоон нам”-ыг байгуулах тунхагийг 1990 оны 3 дугаар сарын 9-ний өдөр зарлаж, нам үүсгэн байгуулах хурлаа мөн оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж, тухайн сардаа 26-ны өдөр Монгол улсын Дээд шүүхэд Монгол улсын гурав дахь намаар бүртгэгдэн, 3000 гишүүн, 12000 дэмжигчидтэйгээр албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн.
………МНН-ын гишүүдийн идэвхи зүтгэл, намын зүгээс явуулсан “лобби” ажлын үр дүнд “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2.-т тусгасан гэж бид үздэг.
………УИХ-ын 1996 оны сонгуульд “Ардчилсан Холбоо” эвсэлд орж ялалт байгуулан тухайн үеийн намын дарга асан Д.Басандорж Байгаль Орчны Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж төр барилцаж байсан. УИХ-ын 2000 оны сонгуульд шинээр байгуулагдсан ИЗН-тай эвсэн сонгуульд орж тус намын дарга С.Оюунд УИХ-ын гишүүний суудал авч өгсөн. Үүний улмаас АН-тай харицаагаа муутгахад хүрсэн боловч ИЗН бидний дэмжлэгийг үл харгалзан эвслийн гэрээг зөрчин 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж ажилласан нь намын зарим гишүүдэд сургамж болсон.
………Бид 2004 оноос иргэний хөдөлгөөнийг дэмжих бодлого барьж “Монголын Социалдемократ Хөдөлгөөн”, “Эрүүл Нийгэм Иргэний Хөдөлгөөн”, “Иргэний Холбоо” зэрэг ТББ-уудтай хамтран ажилласан билээ. МСДН, ИХН-уудтай хамтран “Иргэний Эвсэл” байгуулж 2008 оны УИХ-ын сонгуульд оролцсон. Тус сонгуулиар тухайн үеийн МНН-ын хоёр даргын нэг Д.Энхбат гишүүнээр сонгодож МНН анх удаа УИХ-д төлөөлөлтэй болсоноор хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцох эрхтэй болсон. Үүний үр дүнд “Ангийн аялал жуулчлал”-ыг хорих, “Мод тарих өдөр”-тэй болох зэрэг олон ажлыг зохион байгуулж байгаль хамгаалах хууль эрх зүйн орчныг төгөлдөржүүлэхэд манай нам хувь нэмрээ оруулсан болно.
………ИЗН 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө бидэнтэй нэгдэж нэг нам болж сонгуульд оролцох санал дэвшүүлсэн боловч бид урьдын гашуун туршлага, бусдын алдаанаас сургамж аван энэ нэгдлийг дэмжихгүй байлаа. Гэвч тухайн үеийн намын удирдлагууд С.Оюун гишүүний хувь хүний онцлогт хууртан ИЗН-д орж 2012 оны 3 дугаар сард ИЗН-ын нэрийг өөрчлөн Иргэний Зориг Ногоон Нам болгон бүртгүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ нь яваандаа Монгол улсын байгаль орчныг хамгаалах бодлогыг либералчлан бизнесийн орчинд нийцүүлэн хууль эрх зүйн орчныг өөрчилсөнд МНН өнөөг хүртэл эсэргүүцлээ илэрхийлсээр ирсэн.
………МНН нь 2012 оны УИХ-ын сонгуульд бусад намуудын эвсэх саналыг хэлэлцэн санамж бичиг хүртэл байгуулан ажиллаж байсан боловч тухайн үеийн “Сонгуулийн тухай хууль”-ийн хүрээнд улс төрийн намууд эвсэх нь эрсдэл дагуулсан асуудал болох тул иргэний нийгмийг дэмжих жанжин шугамаа даган, эзэн Чингис хааны 850 жилийн ойг билэгшээж, хаан Богдоороо овголон олон түмнийг өвөг дээдсийн мэдлэг ухамсрын өвөөр соён гэгээрүүлэх зорилтыг мөрдлөгө болгосон “Чингэс хааны дэлхийн академи”-ийн гишүүдийг дэмжин ………МНН-ын нэр дор сонгуульд оруулсан билээ.
Бид тухайн үед 100 гаруй хүнийг УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлж МНН-ын түүхэнд хамгийн олон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулж чадсан боловч ИЗНН-ын “Ногоон” гэдэг тодотгол, мөн сонгуулийн тооллогын “хар машин”-ы “үр дүнд” 2008 оны УИХ-ын сонгуульд авч байсан дүнгээсээ даруй тав дахин бага санал авсан билээ.
………МНН 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тодорхой учир шалтгааны дор, ялангуяа цөмийн асуудлаар эмзэглэн Ц.Элбэгдоржоос зайгаа барьж, харин байгаль экологийн төлөө тууштай зогсдог Б.Бат-Эрдэнэ “аваргаа” дэмжих сонголтыг улс төрч гэхээсээ илүүтэйгээр байгаль хамгаалагчийн сэтгэлээр хийсэн болно.
Бид Монголын улс төрийн амьдралд намын удирдлага, бүтэц зохион байгуулалтыг ардчиллын зарчим, ил тод байдал, хяналтын үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс даян дэлхийн Ногоон намуудын жишгийг дагаж намаа хоёр даргатай болгосон боловч өнөөгийн Монголын улс төрийн орчны бодит дүр төрх, ялангуяа ИЗНН гурван даргатай болж энэ асуудлыг дампууруулж олны ойлголтыг гажуудуулж байгаа зэргээс болж 2012 оны 11 дүгээр сард МНН-ын Их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулж буцаж нэг даргатай болсон бөгөөд намын даргаар Олзодын Бум-Ялагч сонгогдон ажиллаж байна.
………МНН “Даян Дэлхийн Ногоонтнууд”-ын сүлжээнээс ИЗНН-ыг 2015 оны 6 дугаар сард албан ёсоор хасуулах асуудлыг олон улсын хэмжээнд шийдүүлсэн бөгөөд тус намын Нарийн бичгийн дарга Д.Хишигдэлгэр нь Ази, Номхон далайн Ногоон Холбоонд МНН-ыг төлөөлөн сонгогдон ажиллаж байна.
………МНН нь 2016 оны сонгуулийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу 2015 оны 6 дугаар сараас эхлэж улс төрд “прагматик улс төрийн бодлого”-ыг дэвшүүлэн, нийгэмд “хувьсгалт өөрчлөлт хийх” чиглэлийг баримтлан эх орондоо тулгараад байгаа “олон нийтийг хамарсан ядуурал”, “нийгмийн баялгийн шударга бус хувиарлалт” болон “орчны бохирдолт” зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд улс төрийн бүхий л арга хэрэгсэл, гишүүдийнхээ бодит боломжийг шавхан ажиллаж байна.
………Бид Улаанбаатар хотын агаар, хөрс болон усны бохирдол, улс эх оронд нүүрлээд байгаа цөмийн аюул, ялангуяа уран олборлолт зэрэг асуудлыг онцгойлон анхаарч энэ чиглэлээр олон нийтийн байгууллага, иргэдтэй нягт хамтран ажиллаж Монгол улсад гадны гаралтай цөмийн хог хаягдал байршуулах, атомын цахилгаан станц барих асуудлыг зогсоосон.
Гэрэлт ирээдүй, цэвэр төрийг цогцлоох
………Монгол улсын ирээдүй төр засаг барьж буй улс төрийн нам, улс төрчдөөс шууд хамаарч буй өнөө үед засаглалын төлөө тэмцэгч улс төрийн хүчин нь үзэл санаандаа үнэнч, хүн ардаа гэсэн цайлган сэтгэлтэй, ухаарч сэтгэх чадвартай, уужим талибуун сэтгэлгээтэй гишүүдээр эгнээгээ тэлэх бодлогыг баримтлан тооноос чанарыг эрхэмлэх явдалыг нийгмийн захиалга гэж үзэж байна.
………МНН нь бусдын алдаанаас сургамж авч, өөрсдийн эндэгдлийг давтахгүй байх зарчмыг дагаж “нэр хугарахаар яс хугар” хэмээх ёсыг мөрдлөгө болгодог. Байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө тэмцдэг Монгол улсын улс төрийн ууган нам, Ази тивийн анхны Ногоон намын хувьд хөгжил дэвшлийн төлөөх тэмцэл, үйл ажиллагаандаа нөр их туршлагыг хуримтлуулан улс эх орноохоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөн үндэсний хэмжээний намын түвшинд тогвортой ажиллаж ирсэн болно.
………Бид үндэсний хэмжээний намын хувьд байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үзэл санааг олон түмэнд түгээн хууль эрх зүйн орчныг чадавхижуулахын төлөө тэмцэж ирсэн бөгөөд нийгэмд шударга ёсыг хэвшүүлэхэд онцгойлон анхаарч “Шударга бол эвтэй, Эвтэй бол хүчтэй.” гэсэн эртний сургаалийг сэтгэлдээ тээж улс эх орондоо “Цэвэр төр”-ийг цогцлооно.
ЦЭВЭР ТӨРИЙН “ГУРВАН ЦЭВЭР” ХӨГЖЛИЙН НОМЛОЛ
………МНН нь эх орны үнэ цэнийн илэрхийлэл-Монгол хүний үнэ цэнийг төвдөө тавьсан “Эх орон, Эх байгаль, Эв нэгдэл!” уриатай цэвэр төрийн бодлогыг хэрэгжүүлж “шударга ардчилсан” нийгэм, өвөг дээдсийн үлдээсэн унаган байгаль, тогтвортой хөгжилтэй Монгол орныг хойч үедээ өвлүүлнэ.
Бид эв нэгдэл, эх оронч үзлийг дээдэлсэн, шууд ардчиллын шударга зарчмаар байгуулагдсан, хуулийг сахиулан биелүүлдэг, төрийн залгамж чанарыг хадгалсан, хариуцлага, хяналтын тогтолцоог жигд хангасан, өндөр ёс зүйтэй улс төрийн, төрийн албан хаагчдаараа дамжуулан чиг үүргээ чандлан биелүүлдэг засаглалын бүтцийг ”Цэвэр төр” гэж ойлгоно.
Цэвэр төр нь:
………….• Үндсэн хуулиа хэлбэрэлтгүй сахин үзэл санааг нь ягштал баримталдаг байна.
………….• Хагаралдаж бутардаггүй, хазайж доройтдоггүй “Хар хайрцаг”-ны бодлоготой байна.
………….• Шударга сонгуулиар байгуулагдсан, хуулийг сахин биелүүлэгч байна.
………….• Үндэсний эрх ашгийг сахин хамгаалж иргэд сонгогчдод ил тод, нээлттэй байна.
………….• Эрх үүргийн тэнцвэр, хариуцлагын тогтолцоог хангана.
………….• Явцуу ашиг сонирхлоос ангид байж хүн ардаа гэсэн төрийн үйлчилгээг хангадаг байна.
………….• Эрх мэдэл, эд хөрөнгийн шуналгүй, өндөр ёс суртахуунтай албатуудтай байна.
………….• Эвсэлд үл нэгдэх төвийг сахисан энх тайванч гадаад бодлоготой байна.
………….• Байгальд ээлтэй нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг чиг болгосон технологи, мэдээллийн салбарт даяарчлалыг зөвшөөрч, төрт ёсны уламжлалаа дээдлэн улс төр, нийгэм, соёл, үндэсний баялагийн хүрээнд дангаарчлалыг эрхэмлэнэ.
………….• Шинжлэх ухааны ололт, нарийн мэргэжлийн судалгаа, үндэсний эрдэмтэн мэргэдийн зөвлөмж, бүх нийтийн хэлэлцүүлэг, оролцооны ардчилал зэрэг олон талт хүчин зүйлийг мөрдлөг болгож бодлого, үйл ажиллагаагаа тогтмол цэвэршүүлнэ.
“Цэвэр төр”-ийг цогцлоохдоо өвөг дээдсийн уламжлалд түшиглэн Монгол улсаа “Зүүн бүс”, “Төвийн бүс”, “Баруун бүс” гэсэн гурван бүсэд хувааж засаг захиргааны нэгжийг чадварлаг, цомхон болгоно.
“Цэвэр төр”-ийн Засгийн бүтэц нь цэгцтэй цомхон, чиг үүргийн хувьд давхцалгүй, хүнд сурталгүй, хүн арддаа үзүүлэх үйлчилгээ нь хөнгөн шуурхай байна.
………Цэвэр төр нь “Цэвэр нийгэм”, “Цэвэр эдийн засаг”, “Цэвэр байгаль орчин” гэсэн гурван үндсэн бодлогод тулгуурлах бөгөөд эдгээр гурван баганыг бат бөх, тогтвортой байлгахыг эрхэмлэнэ.
………….• “Цэвэр нийгэм” бодлогыг дараахь таван яам хэрэгжүүлнэ:
1. Хууль зүй, Шударга ёсны яам
2. Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яам
3. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам
4. Гадаад бодлогын яам
5. Хилийн цэргийн яам
………….• “Цэвэр эдийн засаг” бодлогыг дараахь гурван яам хэрэгжүүлнэ:
1. Сангийн яам
2. Хөдөө аж ахуй, Аж үйлдвэрийн яам
3. Дэд бүтцийн яам
………….• “Цэвэр байгаль орчин” бодлогыг дараахь нэг яам хэрэгжүүлнэ:
1. Байгаль хамгаалал, Ногоон хөгжлийн яам
Дээрхи бодлогын яамд нь төрийн бодлогын хэрэгжилтэд салбар бүртээ хяналт тавьж үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэн мэргэжлийн өндөр түвшинд төрийн үйлчилгээг үзүүлэх болно.
ЦЭВЭР ТӨРИЙН “ХАР ХАЙРЦАГ”-НЫ БОДЛОГО
………Цэвэр төрийн “Хар хайрцаг”-ны бодлого нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд үнэнч байж үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, тусгаар тогтнолыг хамгаалж, байгаль дэлхийгээ дээдлэн ард түмнийхээ эвсэг дотно, эрүүл тунгалаг, элбэг хангалуун эрхэм сайхан амьдрах нөхцөлийг тогтвортой хангаж, эвсэлд үл нэгдэн төвийг сахиж даян дэлхийн улс гүрнүүдтэй энхтайванаар зэрэгцэн хөгжих ирээдүйг цогцлооход оршино.
………Монгол улс “Цэвэр төр”-ийн “Хар хайрцаг”-ны бодлогоо нийгмийн дундын өмч болох “Ирээдүйн сан”-гийн үйл ажиллагаагаар баталгаажуулан хэрэгжүүлнэ.
Монголын ард түмний “Ирээдүйн сан”
………Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1.-д: “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” гэж заасан нь иргэн бид эх орныхоо байгалийн баялгийг Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу захиран зарцуулах шийдвэр гаргах халдашгүй дархан эрхтэй гэдгийг тунхагласан байна.
………Монгол улсад нийт олборлож буй “нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялаг”-ийн 10 хувийг “Ирээдүйн сан”-д төвлөрүүлэх нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэх бөгөөд Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, ард иргэд, ирээдүй хойч үеийн нийгмийн баталгаа болно.
Тус сан нь цаашид улам аривжих зарчим дээр тулгуурлан ажиллах бөгөөд сангийн хөрөнгийг байршуулсан үйл ажиллагаанаас олсон ногдол ашгийг улс эх орныхоо нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйлсэд зарцуулах ба “Ирээдүйн сан”-гийн үндсэн хөрөнгө нь халдашгүй дархан байна.
“Ирээдүйн сан” нь улс төрөөс ангид байх зарчим дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд аливаа шийдвэрийг судалгаа шинжилгээ дээр суурилан гаргана. Нэн шаардлагатай бол шууд ардчилалын зарчим дээр тулгуурлан бүх ард түмний санал асуулга явуулж болно.
………Монгол улсын 16 нас хүрсэн иргэнийг “Ирээдүйн сан”-гийн гишүүнд тооцно. “Ирээдүйн сан”-гийн шийдвэр гаргах дээд байгууллага нь тус сангийн Их хурал байх болно.
“Ирээдүйн сан”-гийн Их хурлын гишүүнээр сум, хороодоос тус бүр нэг хүнийг тухайн орон нутгийн иргэд шууд сонгох ба Их хурал нь нийт 482 (330 сум ба 152 хороо) гишүүнтэй байна.
Сангийн Их хурлын гишүүдийг дөрвөн жилийн хугацаатайгаар сонгох бөгөөд уг сонгуулийг УИХ-ын сонгуультай давхцуулан нэг цаг хугацаанд зохион байгуулж санхүү, хөрөнгө мөнгөний асуудлыг “Ирээдүйн сан” хариуцдаг байхаар зохицуулна.
“Ирээдүйн сан”-гийн Их хурал жилд нэг удаа хуралдах бөгөөд шаардлагатай бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.
Их хурлуудын хооронд сангийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлыг тухайн Их хурлаас сонгосон “Ирээдүйн сан”-гийн Бага хурал хариуцна. Бага хурал нь нийт 69 (“Ирээдүйн сан”-гийн Их хурлын гишүүдээс 48 хүн, мөн тухайн үеийн Засгийн газраас 21 хүн) гишүүнтэй байх ба улиралд нэг удаа хуралдана. Бага хурал нь “Ирээдүйн сан”-гийн ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулах эрхтэй байна.
Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Бага хурлаас сонгосон “Ирээдүйн сан”-гийн Удирдах зөвлөл хариуцан зохион байгуулж Бага хурлын шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэнэ. Удирдах зөвлөл нь “Ирээдүйн сан”-гийн ээлжит бус Бага хурлыг зарлан хуралдуулах эрхтэй байна.
“Ирээдүйн сан”-гийн Удирдах зөвлөл нь дараахь гурван үндсэн асуудалд анхаарлаа төвлөрүүлэн ажиллах болно. Үүнд:
………….• Үндэсний аюулгүй байдал
Монгол улсын “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” болон “Үндэсний аюулгүй байдлын тухай” хуулийн хүрээнд төр засагтай нягт хамтран ажиллах бөгөөд зайлшгүй шаардлагатай төслүүдийн санхүүжилтыг хамтран шийдвэрлэнэ.
………….• Ард иргэдээ болзошгүй эрсдлээс хамгаалах
Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай” хуулийн үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлж ард иргэдээ болзошгүй эрсдлээс хамгаалах үйл ажиллагааг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол улсын иргэний эрхийг баталгаатай эдлүүлэхийн төлөө ажиллана.
………….• Нийгмийн зөвшилцлийг хангах
Монгол улсын “Ард нийтийн санал асуулгын тухай” хуулийг амьдралд хэрэгжүүлж нийгэмд тулгамдсан тодорхой асуудлаар ард нийтийн дунд хэлэлцүүлэг, санал асуулгыг явуулж нийгмийн зөвшилцлийг ханган ажиллах болно.

НЭГ. ЦЭВЭР НИЙГЭМ
………“Цэвэр нийгэм” нь хүний эрхийг дээдлэн хуулийг сахин биелүүлдэг, шударга ёсыг тогтоохын төлөө тууштай тэмцдэг, эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухааны салбарыг төр нь зонхилон хариуцдаг, “хил, хэл, мал”-аа гэсэн уламжлалт ухааралдаа тулгуурлан гадаад харилцаандаа эвсэлд үл нэгдэн төвийг сахих үзэл санааг хэрэгжүүлэн, хил хязгаарыг сахин хамгаалах үйл хэрэгт бүх нийтийн оролцоог хангаж, мэргэжлийн цомхон, чадварлаг үлгэр жишээ армитай байж шудрага, энэрэнгүй, иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлнэ.
1. “Цэвэр нийгэм”-ийн “хуулийг чандлан сахиулагч”, “шударга ёсыг эрхэмлэн хангагч” үүргийг “Хууль зүй, Шударга ёсны яам” бодлогоор хангаж хариуцан амьдралд хэрэгжүүлнэ.
Хууль зүй, Шударга ёсны яам
Тус яам нь “Оролцооны ардчилал, эрх зүйт төр”, “Шударга ёс”, “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн гурван үндсэн бодлогыг зангидан нийгэмд суурьшуулан хэвшүүлнэ. Үүнд:
Оролцооны ардчилал, эрх зүйт төр
………….• Монгол улсын төр цэвэр, ард түмэн эв нэгдэлтэй байх нийгмийн үндэс нь улс төрийн намууд “хатуу” гишүүнчлэлгүй байх явдал гэж үзэн холбогдох хуулийн заалтуудад өөрчлөлт оруулна.
………….• Ардчилсан, ил тод, хариуцлагатай засаглалын төлөө тэмцдэг жирийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг тууштай дэмжиж санхүүгийн хөшүүргийн аргачлалыг баталгуужлана.
………….• Улс төрийн намуудын сонгуулийн сурталчилгааг төр хариуцаж, тойрогт нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны зардлыг зөвхөн нэр дэвшигч өөрөө бүрдүүлэх зарчмыг хуульчлан мөрдлөг болгож “шударга сонгуулийн тогтолцоо”-г хангана.
………….• Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд улс төрийн намаас нэр дэвшихийг хязгаарлах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
………….• Төр, засгийн байгууллагуудыг чадварлаг, мэргэжсэн, цомхон бүтэцтэй болгож ил тод байдлыг баталгаажуулна.
………….• Хуулийг хэрэгжүүлэх хүчний байгууллагуудын үйл ажиллагааг албан тушаалтан болон бусад хөндлөнгийн нөлөөллөөс ангид байлгах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Шударга ёс
………….• Нийгмийн баялгийг иргэддээ тэгш хүртээх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
………….• Иргэддээ бүх талаар хөгжих “гарааны ижил нөхцөл”-ийг баталгаажуулна.
………….• Баян ядуугийн ялгааг арилгах тогтолцоо хангана.
………….• Улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралын бүх хүрээнд хүйсийн тэнцвэр, эрх тэгш байдлыг бүрэн хангана.
………….• Улс төр, нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй арга хэмжээнд залуучуудын оролцоог бүх талаар дэмжиж, тэдэнд дуу хоолойгоо өргөх өргөн боломж олгоно.
………….• Хувь хүнтэй холбоотой шийдвэр гаргах үед түүнийг холбогдох мэдээллээр хангаж, оролцооны шударга тогтолцоог хөгжүүлнэ.
………….• Шийдвэрийг тухайн асуудалд хамрагдсан иргэдээр нь гаргуулах боломжийг бүрдүүлнэ.
………….• Тухайн газар нутгийн уугуул иргэд нутагшсан газартаа сайхан амьдрах бүхийл боломжийг бүрдүүлнэ.
Хүний эрх, эрх чөлөө
………….• “Хүний эрхийн түгээмэл тунхаг”, “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт”, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”, “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенци”-ууд зэрэг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах олон улсын аргачлалыг дэмжинэ.
………….• Хүний эрхийг хөсөрдүүлэгч аливаа дарангуйлагч дэглэмүүдийг эсэргүүцнэ.
………….• Эмэгтэйчүүд албадлага, ялгаварлах үзлээс хараат бус байж бие даан шийдвэр гаргах эрхтэй бөгөөд тэрхүү эрийг нь хамгаална.
………….• Хувь хүний халдашгүй дархан байдалд ямар ч хэлбэрээр хүч хэрэглэхийг эсэргүүцнэ.
………….• Садар самууныг сурталчлах, биеэ үнэлэх явдлыг таслан зогсооно.
………….• Дэлхий даяар цаазын ялаас татгалзахыг шаардана.
………….• Ажлын байр аюулгүй байх, ажилчид ачаалалдаа тохирсон цалинтай байх зарчмыг мөрдлөгө болгон нэг цагийн хөдөлмөрийн дундаж хөлсийг олон улсын жишигт нийцүүлнэ.
………….• Өсвөр насны хүүхдүүдийг хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалж, тэдний чөлөөтэй өсөн бойжих эрхийг эдлүүлнэ.
………….• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрх, мөн улс төр, нийгэм, эдийн засгийн аль ч салбарт бусдын адил ажиллах эрхийг баталгаажуулна.
………….• Өмгөөлөл авах эрхээр хангадаг хууль эрх зүйн шударга тогтолцоог бий болгоно.
………….• Хүний эрхийг ялгаварлан гадуурхахгүйгээр тэдний нэр хүнд, биеийн эрүүл мэнд, оюун санааны сайн сайхан байдлыг дэмждэг орчныг бүрдүүлэн хамгаална.
………….• Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөрөнгө мөнгөнөөс ангид байлгах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

2. “Цэвэр нийгэм”-ийн Монгол улсын иргэний “эрүүл, аюулгүй орчинд” амьдрах эрх, “нийгмийн халамж”-ийн асуудлыг “Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалалын яам” бодлогоор хангаж хариуцан амьдралд хэрэгжүүлэх болно.

Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яам
Энэрэнгүй төрт ёс
………….• Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмнэлгийн анхан шатны тусламж, бүх төрлийн шинжилгээ, эмчийн үзлэг, эмчилгээг төр хариуцна.
………….• Иргэдийн эрүүлийг хамгаалах, тэднийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд нийтийн биеийн тамирыг амьдралд хэвшүүлж бүх нийтээр эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцлийг бүрдүүлнэ.
………….• Архи, тамхи зэрэг хорт зуршил, төрөл бүрийн мансууруулах бодисын аюулаас ард иргэд, хойч ирээдүйгээ хамгаалах архидалт, мансуурлын эсрэг хөтөлбөр, санаачилгыг дэмжинэ.
………….• Иргэдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн суурь боловсролыг эрс дээшлүүлэх замаар хүн амын өсөлтийг дэмжинэ.
………….• Эхийн эрүүл мэндийг жирэмслэлтийн эхэн үеэс хамгаалах, ургийн бойжилтыг оношлох, хянах, хүүхдийг нэг нас хүртэлх хугацаанд шаардлагатай нэмэлт хоол, тэжээлээр үнэ төлбөргүй хангах бодлого хэрэгжүүлнэ.
………….• Сум, өрхийн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх , шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалт хийх, шүдний өвчин эмчлэх, бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдолын вирус, сүрьеэгээс сэргийлэх, эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах чадамжийг цогц байдлаар хөгжүүлнэ.
………….• Хорт хавдарыг эрт оношлох, эмчлэх боломжоор аймаг, дүүргийн эмнэлгийг хангаж, клиникийн тусгай эмнэлэг, мэргэжлийн төвүүдийн үйлчилгээг хөгжингүй орнуудын түвшинд хүргэнэ.
………….• Алсын зайны оношилгоо, эмчилгээний аргуудыг эмнэлэгт нэвтрүүлж, хувь хүний өвчний түүхийг цахим картын нэгдсэн сүлжээнд оруулна.
………….• Эрүүл мэндийн байгууллагыг мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай боловсон хүчнээр хангана.
………….• Эмч мэргэжилтнүүдийн цалин, шагнал, урамшуулал, нэмэгдлүүдийн боловсронгуй тогтолцоог хэрэгжүүлнэ.
………….• Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд өрсөлдөхүйц бренд болгож экологи эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
………….• Байгалийн гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, гэнэтийн аюул ослын асуудлыг оновчтой шийдвэрлэх эрсдэлийн менежментийн чадавхийг бэхжүүлнэ.
………….• Хүн амын ундны усны хангамж, химийн үйлдвэр, ахуйн хог хаягдлын менежментийг багтаасан амьдралын эрүүл орчныг бий болгоно.
………….• Хүн амыг аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр ханган эрүүл мэндийг хамгаалах дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.
………….• Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, биологийн идэвхт бодисын чанарын баталгаа, аюулгүй байдлыг хангах тогтолцоо бий болгоно.
………….• Эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, засвар үйлчилгээг сайжруулж оношилгооны чадавхийг дээшлүүлнэ.
………….• Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
Куба улсын амжилтыг нутагшуулах
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНКУ-ын эрүүл мэндийн тогтолцоог хамгийн шилдэг хэмээн албан ёсоор зөвшөөрч даян дэлхийд нутагшуулах тухай уриалга гаргасан тул тус тогтолцоог Монгол улсдаа шууд авч хэрэгжүүлнэ. Уг ажлыг хийж гүйцэтгэхийн тулд дараахь шат дараалсан арга хэмжээг авна. Үүнд:
………….• Куба улсын эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчны онцлогийг Монгол улсад нийцүүлэн хэрэгжүүлнэ.
………….• Куба улсын мэргэжилтнүүдийг эх орондоо урьж ажиллуулан эрүүл мэндийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг чадавхижуулна.
………….• Халдварт өвчнийг ул мөргүй арилгахад чиглэгдсэн кампанит ажлуудыг Куба улстай хамтран зохион байгуулна.
………….• Монгол улсын эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтыг Куба улсын жишиг дээр тулгуурлан зохион байгуулна.
………….• Биотехнологийн салбарт онцгойлон анхаарч Куба улсын зүгээс тус салбарт үзүүлж буй дэвшилтэт арга туршлагыг эх орондоо нутагшуулна.
………….• Куба улсын ДОХ-ын эсрэг вакцины судалгаа шинжилгээний ажилд хамтран оролцож мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэнэ.
………….• Хүүхэд залуучуудын эрүүл мэндийн хамгааллыг баталгаажуулна.
Дэвшилтэт даатгал, хүрэлцээтэй тэтгэвэр

………….• Амаржсан эхчүүдийн хүүхэд асарсны тэтгэмжийг сарын дундаж цалингаас багагүй байлгана.
………….• Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан төлнө.
………….• Дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй гэр бүлд олгох цалингийн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын урамшууллын тогтолцоог хуульчлан хэрэгжүүлнэ.
………….• Гэр бүл болон нийгэм, хамт олонд тулгуурласан халамжийн тогтолцоог төлөвшүүлж, халамжийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж хөгжүүлнэ.
………….• Иргэний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бүтээмж, ур чадварыг хөгжүүлэх үндсэн дээр цалин хөлсийг нэмэгдүүлнэ.
………….• Бизнесийн орчин, ажлын байрны тогтвортой байдлыг дэмжих, нийгмийн түншлэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогоор дамжуулан хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг оновчтой болгож иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
………….• Хүн амын бүлгүүдийн зохистой хөдөлмөр эрхлэлт, түүний дотор нийгмийн эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
………….• Монгол улсын иргэн өндөр насны чөлөөнд суухад тэтгэвэр нь бусдын гар харалгүй, амар амгалан амьдрахад нь хүрэлцээтэй байх баталгааг бүрэн хангадаг нийгмийн даатгалын хүмүүнлэг тогтолцоог бүрдүүлнэ.
………….• Нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа, сайн дурын тусламж, тэтгэлгийг төрийн бодлогоор дэмжиж урамшуулна.
………….• Хүн амын орлого багатай ядуу болон дундаж хэсэгт түлхүү хандсан төсвийн зарлагын бодлого хэрэгжүүлнэ.
………….• Нийгмийн хамгааллын санхүүжилт, тэтгэвэр, тэтгэмжийг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй оновчтой уялдуулан нэмэгдүүлнэ.
………….• Нийгмийн эмзэг бүлэгт зориулсан халамж, үйлчилгээний санхүүжилт болон ахмад настанд олгох санхүүгийн тусламжийг нэмэгдүүлэх, гадаадад өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд төсвөөс дэмжлэг үзүүлнэ.

3. “Цэвэр нийгэм”-ийн хойч үеээ сурч боловсрох “гарааны ижил нөхцөл”-өөр хангаж “чанартай боловсрол” олгох, уламжлалт соёлоо хадгалан сонгодог урлагийг хөгжүүлэх, “инноваци”-ийг Монгол улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх салбар болгох зэрэг асуудлыг “Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам” бодлогоор хангаж амьдралд хэрэгжүүлнэ.
Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам
Гарааны ижил нөхцөл
………….• Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2. заалтыг үндэслэл үр хүүхдээ боловсрол эзэмших “гарааны ижил нөхцөл”-өөр хангана.
………….• “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
………….• Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан байнга боловсронгуй болгоно.
………….• Төрийн өмчийн их, дээд сургуулийг хотхоноор зохион байгуулна.
………….• Гадаадын хөрөнгө оруулалттай мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг аймаг, дүүрэг бүрт ядаж нэг байхаар нэмж байгуулан сургалтын орчин үеийн техник, тоног төхөөрөмж, материаллаг бааз, багшлах боловсон хүчнээр бүрэн хангах замаар эрэлт ихтэй мэргэжилтэй ажилчдыг бэлтгэнэ.
………….• Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ.
………….• Бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлж хөдөөгийн малчин өрхийн 0-6 насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг нүүдлийн аж байдалд нь тохируулан зохион байгуулна.
………….• Үндэсний тэргүүлэх мэргэжилтнийг төрийн бодлогоор дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлж уул уурхай, биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологийн чиглэлээр хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудад сургах сургалтын зардлыг төрөөс бүрэн санхүүжүүлнэ.
………….• Их сургуулийн бие даасан байдал, академик эрх чөлөөг баталгаажуулан, их сургуулийн шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэхэд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлнэ.
………….• Хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургуулийн бүтэц, хэв шинж, хэмжээ, байршлыг оновчтой болгосон цэцэрлэг, сургуулийн зураглалыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлнэ
………….• Өндөр чанартай, бүх нийтийг хамарсан анхан шатны боловсролын тогтолцоог санхүүжүүлэх зорилгыг 2017 оноос баримтлах үүрэг хүлээнэ.
………….• Монгол үндэстний өв уламжлал, байгаль орчинтойгоо зохицон амьдрах чадварыг олон улсын туршлагатай хослуулан шинжлэх ухаан технологийн ололтод тулгуурласан тогтвортой хөгжил, байгаль орчин, экологийн боловсролыг бүх нийтэд үе шаттайгаар эзэмшүүлнэ.
………….• Тогтвортой хөгжлийн боловсролын агуулгыг бүх шатны албан ба албан бус сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж олон нийтэд таниулах, мэдээлэл, сурталчилгааны нэгдсэн сүлжээ бий болгоно.
………….• Тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлэх алсын зайны сургалтыг төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийн бүх төрлийн хэрэгслийг ашиглан иргэд, гэр бүлийн түвшинд үе шаттайгаар явуулна.
Уламжлалт соёлоо хадгалан сонгодог урлагийг хөгжүүлнэ.
………….• Монголчуудын уламжлалт соёлын биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, сэргээх, үндэсний хийгээд дэлхий дахины танин мэдэхүй, боловсролын нийтлэг хүртээл болгон дэлгэрүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжинэ.
………….• Сонгодог урлагийн бүх төрлийг жигд хөгжүүлэх, авъяас билигтнүүдээ гадаадын орнуудад сургаж сонгодог урлагийн боловсрол эзэмшүүлэх асуудлыг төр ивээлдээ авна.
………….• Үндэсний уламжлалт болон сонгодог урлаг, хүүхдэд зориулсан урлагийн төрлийг төрөөс дэмжих үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.
………….• Хүн амд соёл, урлагийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангах талаар дорвитой ахиц гаргана.
………….• Монгол Улсын үндэстэн, ястан, үндэсний цөөнхийн болон хүн ам зүйн янз бүрийн давхрагуудын оюуны хэрэгцээг үе шаттай судлан тодорхойлж, тэдгээрт тохирсон соёл, урлагийн үйлчилгээний төрөл, үр ашигтай арга хэлбэрийг сонгож хэрэглэнэ.
………….• Соёл, урлагийн байгууллагуудын материаллаг бааз, барилга байгууламжийн зориулалт, эрүүл ахуй, гоо зүй, техникийн болон үйлчилгээний чанарт тавигдах орчин үеийн хэрэгцээ шаардлагыг тусгасан стандартыг боловсруулж мөрдөнө.
Дагаж бус угтаж хөгжих
………….• Монгол улс инновацийн үр ашигтай үйл ажиллагааг санхүү, эдийн засгийн аргаар дэмжиж үндэсний инновацийн тогтолцооны эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлж бусдыг дуурайх бус угтаж хөгжих бодлого хэрэгжүүлнэ.
………….• Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлон хэрэгжүүлж, судалгаа, боловсруулалтын ажлын сонголтыг сайжруулан үр өгөөжийг дээшлүүлнэ.
………….• Шинжлэх ухаан, технологийн салбарын удирдлага, үйл ажиллагааны санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгож, судалгаа, боловсруулалтын ажилд зарцуулах зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг тасралтгүй нэмэгдүүлнэ.
………….• Үндэсний хэмжээний томоохон инновацийн төслийг Монгол Улсыг хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сангийн хамтарсан санхүүжилтээр бүрэн мөчлөгөөр нь тасралтгүй хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвшүүлнэ.
………….• Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн бүхий л хүрээнд инновацийн соёлыг нэвтрүүлэх, төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
………….• “Залуу судлаачдыг дэмжих” зорилтот хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийн болон санхүүжилтийн бодлого боловсруулж, хэрэгжилтэд шинэчлэл хийнэ.
………….• Үндэсний судалгааны таваас доошгүй төвийг шинээр байгуулна.
………….• Төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглах үйл ажиллагааг дэмжин урамшуулах, суурь судалгааны шилдэг бүтээлүүдийг нийтийн хүртээл болгоход төрөөс дэмжлэг үзүүлнэ.
4. “Цэвэр нийгэм”-ийн “Дэлхийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх”, “эвсэлд үл нэгдэн төвийг сахих”, хөрш орнуудын “гурван тулгуурт бодлого” зэрэг найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг “Гадаад бодлогын яам” хариуцан амьдралд хэрэгжүүлнэ.
Гадаад бодлогын яам
Дэлхийн хамтын нийгэмлэгийг дэмжих
………….• Зөрчлийг зохицуулах, энхийг сахиулах даян дэлхийн байгууллагынх нь хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагыг (НҮБ) дэмжиж энхийг сайхиулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно.
………….• Цөмийн, биологийн, химийн зэвсэг, амьд хүчийг устгах галт бөмбөг, хүч бага ураны зэвсгийг иж бүрнээр нь эцэслэн хориглох явдлыг баталгаажуулсан олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг тусгасан бүх нийтээр бүрэн зэвсэг хураах ажлыг дэмжинэ.
………….• Олон улсын гэмт хэргийн шүүхийг дэмжинэ.
………….• Хэрэгжиж буй энх тайвны хөтөлбөрүүдийг чадавхижуулахад туслана.
………….• Пуужингаас Хамгаалах аливаа төслийн эсрэг тэмцэнэ, Сансарын орон зайг цэрэг зэвсэггүй, цөмийн аюулгүй болгохын төлөө ажиллана.
………….• Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд дэлхийн улс орнуудтай найрсгаар харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн эдийн засгийн аюулгүй байдлыг бүх талаар хангахыг эрмэлзэж, аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ.
………….• Гадаадад байгаа Монгол улсын иргэд, хуулийн этгээдүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж, иргэдийг эх орондоо эргэн ирж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг дэмжих, гадаадад гэрээгээр ажиллагсдын нийгмийн хамгаалалыг сайжруулах, Монгол туургатнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.
Эвсэлд үл нэгдэх, төвийг сахих
………….• Цөмийн эрчим хүчийг ашиглахгүй, уран, бусад цацраг идэвхит байгалийн баялгийг олборлохгүй, цөмийн хаягдлыг газарт нутагтаа байршуулахгүй байх бодлогыг хэрэгжүүлсэнээр цацрагийн хор хөнөөлгүй улс болохоо олон улсад тунхаглаж, үндсэн хууль, бусад холбогдох эрх зүйн баримт бичигт тусгана.
………….• Хүч үл хэрэглэхийн төлөөх өөрсдийн итгэл үнэмшилд тулгуурлан даян дэлхийн аюулгүй байдлын суурь болох улс хоорондын, нийгэм хувь хүмүүс хоорондын энх тайванч, хамтын ажиллагааны соёлийг төлөвшүүлнэ.
………….• Улс орныхоо аюулгүй байдлыг зэвсэгт хүчин дээр голлон тулгуурлах бус, эдийн засаг, нийгмийн эрүүл хөгжил, байгаль орчны аюулгүй байдал, хүний эрхийг хүндлэн дээдлэх, даян дэлхийн улс гүрнүүдтэй энх тайвнаар зэрэгцэн орших зэрэг тулгуур зарчмуудад үндэслэн хамгаална.
………….• Зэвсэгт хүчний харьцааг тэнцвэржүүлэхийг чухалчилдаг үзэл баримтлалын оронд нийгэм, эдийн засаг, экологи, сэтгэлзүй, соёлын асуудлыг урьтал болгодог даян дэлхийн аюулгүй байдлын цогц үзэл баримтлалыг хэрэгжүүлнэ.
………….• Сөргөлдөөнөөс сэргийлэх, түүнийг зохицуулах, шийдвэрлэх чадвартай Монгол Улсын аюулгүй байдлын тогтолцоог бий болгоно.
“Гурван тулгуурт” бодлого
………….• Монгол улс ОХУ, БНХАУ мөнхийн хоёр хөрштэйгөө найрсаг хамтын ажиллагааг өрнүүлж Монгол улсын “Эвсэлд үл нэгдэн төвийг сахих бодлого”-ыг гадаад харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлнэ.
………….• Хөрш орнуудтайгаа эрх тэгш зарчмыг баримтлан хамтран ажиллаж Монгол, ОХУ, БНХАУ хоорондын хил хязгаарын асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч хилийн халдашгүй дархан байдлыг баталгаажуулна.
………….• Хөрш гурван улс бүс нутгуудийн хүрээнд эдийн засгийн жигд хөгжлийн үзэл баримтлалыг бүрдүүлж хамтран хөгжих бодлогыг хэрэгжүүлнэ.
………….• Бүс нутгийн эрчим хүчний хангамжид цөмийн цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож нөхөн сэргээгдэх түхий эд дээр суурилсан эрчим хүчний эх үүсвэрийг түлхүү дэмжиж хамтран ажиллана.
………….• Хамтын ажиллагааг дэмжих үүднээс гурван улсыг хамарсан дэд бүтцийн цогц сүлжээг бүрдүүлж эдийн засгийн хувьд үр ашигтай байх зарчмыг баримтлана.
………….• Хөрш улсуудын эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон нийгмийн халамжийн салбарт өргөн хүрээг хамарсан хамтын ажиллагааг өрнүүлнэ.
………….• Монгол улс хөрш орнуудынхаа эрх ашигт харшлах ямар ч үйл ажиллагааг бусад улс орон, олон улсыг хамарсан эвсэлүүдтэй явуулахгүй байх үүргийг хоёр хөршийнөө өмнө хүлээж ОХУ болон БНХАУ-д тэргүүлэх ач холбогдол өгнө.

5. “Цэвэр нийгэм”-ийн “улсын хил, дотоодын аюулгүй байдлыг хамгаалах цомхон, чадварлаг мэргэжлийн армитай байх, залуу хүн бүр эх орныхоо хил хязгаартай бүрэн танилцах, түүнийг хамгаалах үйл хэрэгт биечлэн оролцож “ургах нарнаас ургах наран зүг” уриан дор цэргийн алба хаах зэрэг асуудлыг “Хилийн цэргийн яам” бодлогоор хангаж амьдралд хэрэгжүүлнэ.
Хилийн цэргийн яам
Мэргэжлийн армитай байх
………….• Монгол улс түүхт уламжлалдаа үнэнч байж улс эх орноо хамгаалах үзэл баримтлал дээр суурилсан “Мэргэжлийн арми”-тай байна.
………….• Монгол улсын арми нь орчин үеийн цэрэг дайны номнол, дэвшилтэт зэвсэг техник, аргачлал дээр тулгуурлан байнгын ажиллагаа явуулж, үйл ажиллагаагаа цаг үетэйгээ нийцүүлэн тогтмол чадавхижуулна.
………….• Бид армийнхаа боловсон хүчний бодлогод онцгой ач холбогдол өгч даян дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээнд үйл ажиллагаа явуулах чадавхитай боловсон хүчнийг бэлтгэн цаашид улс эх орныхоо хөгжил дэвшлийн үйл хэрэгт тэдний чадвар, чадавхийг онцгойлон ашиглах бодлого баримтлана.
………….• “Мэргэжлийн арми” нь зэвсэг техникийн засвар үйлчилгээ, зохион бүтээх бүтэцтэй байх ба барилга байгууламж, дэд бүтцээ хариуцан ажиллахын зэрэгцээ Монгол улсын бүтээн байгуулалтад онцгой үүрэг хүлээнэ.
………….• Түүхт уламжлалын үүднээс “Морин цэргийн мянгат” байгуулж армийн сүр жавхаа, “Монгол бахархал”-ын илэрхийлэл болгоно.
Ургах нарнаас ургах нарны зүг
………….• “Хил, хэл, мал”-аа гэсэн уламжлалт ухааралдаа тулгуурлан хил хязгаарыг сахин хамгаалах үйл хэрэгт бүх нийтийн оролцоог хангана.
………….• Хилийн цэргийг “аравт”, “зуут” гэсэн эртний уламлалт бүтцээр зохион байгуулж зуут зуутаар Монгол улсынхаа хилийг зүүн хязгаараас эхлэн нэг жилийн дотор бүтэн тойрох зарчмаар хил хамгаалах бодлогыг хэрэгжүүлнэ.
………….• Хилийн цэргийн “аравт”, “зуут”-ад эмэгтэйчүүд байх ба “өртөө”-чилсөн хөдөлгөөнт байдлаар хилийн цэргийн заставуудаар дамжин хил хамгаалах үйл ажиллагаанд оролцоно.
………….• Хил хамгаалах үйл ажиллагааг явган марш, морин, тэмээн, мото цуваа зэрэг хэлбэрээр зохион байгуулж цэргийн албан хаагчийн бие баялдарын болон сэтгэл зүйн бэлтгэлийг хангана.
………….• Хилийн заставууд дээр цэргүүдэд зохиулсан мэргэжлийн баримжаатай сургалт болон тэднийг хөгжүүлэх урлаг, биен тамирын арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулна.
………….• Бүх цэргийн албанд жилийн дөрвөн улиралд тасралтгүй татах ба цэргийн насанд хүрсэн иргэд шаардлагатай бол дүйцүүлэх албыг хааж болно.
………….• Цэргийн албанд татагдсан иргэд нийслэл хотод цугларч тодорхой хуваарийн дагуу нэг сарын хугацаанд бэлтгэгдэж ургах нарны зүүг аравт зуутын зохион байгуулалтаар хүргэгдэж, мөн хугацаат албаа дуусгаад буцаж нийслэл хотод хүргэгдэх болно.
Цэргийн албанд үдэх болон угтах үйл ажиллагааг “Морин цэргийн мянгат”-ыг оролцуулан хүндэтгэл ёслолын хэлбэрээр зохион байгуулж байна.

Аюулаас хамгаалах бодлого
………….• Монгол улсын нийгмийг аюулаас хамгаалах бодлогыг зангидан хэрэгжилтийг хангах, боловсон хүчнийг бэлтгэх ажлыг зохион байгуулна.
………….• Цэргийн алба хаасан, мэдлэг боловсролтой, амьдралын туршлагатай, ёс зүйн хэм хэмжээг сахидаг Монгол улсын иргэнийг хүсэлтийнх нь дагуу нийгмийг аюулаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлах болно.
………….• Терроризмтэй тэмцэх, эдийн засгийн болон улс төрийн тагнуул туршуулыг илрүүлэх, сэтгэцийн гачигтай хүмүүсээс, шашины харгис урсгалаас иргэдээ хамгаалах үйл ажиллагааг нийгмийг аюулаас хамгаалах бодлогоор хэрэгжүүлнэ.
………….• Нийгмийг аюулаас хамгаалах бодлого нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчимд үндэслэх бөгөөд шаардлагатай үед нийгмийн дэмжлэгт тулгуурлана.
ХОЁР. ЦЭВЭР ЭДИЙН ЗАСАГ

“Цэвэр эдийн засаг” нь байгаль экологи, инновацид суурилсан өндөр бүтээмжтэй аж үйлдвэр, эрчимжсэн технологид тулгуурласан хөдөө аж ахуй, олон зуунаар дасан зохицсон уламжлалт мал аж ахуй, нөхөн сэргээгдэх түүхий эдэд шүтсэн эрчим хүч, цогц сүлжээгээр хангагдсан орчин үеийн зам харилцаа, дэд бүтцээс хараат бус барилгажуулалт, төрийн бодит оролцоогоор дэмжигддэг жижиг, дунд үйлдвэр зэрэг олон талт бодлогуудыг жигд хэрэгжүүлэн экологийн баримжаат эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангана.

6. “Цэвэр эдийн засаг”-ийн байгаль орчинд халгүй “экологийн баримжаатай эдийн засгийн тогтвортой хөгжил”, баян ядуугийн ялгааг ойртуулах “татварын шаталсан тогтолцоо”, “хөрөнгө оруулалтыг зөв онилсон өрийн дарамтаас ангид байлгах зээл ба өрийн бодит харьцааг хянах” зэрэг асуудлыг “Сангийн яам” бодлогоор ханган хариуцаж амьдралд хэрэгжүүлнэ.

Сангийн яам
Экологийн баримжаатай эдийн засгийн тогтвортой хөгжил
………….• Уламжлалт соёл иргэншлийнхээ байгальд ээлтэй дэвшилтэт шинжийг хадгалсан, хариуцлагатай зах зээлийг бэхжүүлсэн, ногоон эдийн засгийн бодлого барьсан, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийи орон байна гэдэг томьёололыг төрийн бодлого болгоно.
………….• Монголын ард түмэн гэдэгт өнөө болон хойч үеээ хамруулан ойлгож эх орныхоо нөөц баялгаас хүртээмжтэй хувиарлах явдлыг баталгаажуулна.
………….• Орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн эрх хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгон улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлтийн уялдаа холбоог чадавхижуулна.
………….• Төсвийн хөрөнгө оруулалтыг богино, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, төслүүдэд суурилан хэрэгжүүлнэ.
………….• Төрөөс стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыг ашиглахдаа нийт баялгийн 10 хувийг “Ирээдүйн сан”-д төвлөрүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг баталгаажуулна.
………….• Улсын хөгжил дэвшлийг ДНБ-ий үзүүлэлтээр “аз жаргалын индекс”-ээр хэмжих чиглэл баримтлах болно.
………….• Эдийн засгийн хүрээнд шударга өрсөлдөөнийг хангах үүднээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, иргэдэд гарааны тэгш нөхцлийг хангах хууль эрх зүйн орчныг амьдралд хэрэгжүүлнэ.
………….• Бизнесийн үйл ажиллагааг нэмүү өртөг шингээлтийн түвшин болон экологид эвсэг технологид суурилсан байдлыг үндэслэн урамшуулах тогтолцоо бүрдүүлэнэ.

Татварын шаталсан тогтолцоо, баячуудын татвар
………….• Экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээ, импортыг орлох зарим үйлдвэрлэлийг татварын оновчтой бодлогоор дэмжинэ.
………….• Татварын нэр төрөл, татвар ногдуулах аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн татварын тогтолцоог боловсронгуй болгоно.
………….• Онцгой албан татварын нэр төрлийг нэмэгдүүлэх замаар зохисгүй хэрэглээг хязгаарлаж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээнд экологийн татвар ногдуулна.
………….• Экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэх үүднээс эдийн засгийн тооцоонд экологийн татварыг тусгах хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.
………….• Аж ахуйн нэгжийн албан татварыг орлогын хэмжээгээр шатлалтай болгож жилд 100 сая Америк доллараас их орологотой аж ахуйн нэгжид 80 хүртэл хувийн ашгийн албан татвар ногдуулах “Баячуудын татварын тухай” хуулийг санаачлан хэрэгжүүлнэ.
………….• “Баячуудын татварын тухай” хуульд хамрагдсан аж ахуйн нэгжийг төрөөс дэмжих бодлого баримтлана.

Зээл ба өрийн бодит харьцааг хаянах
………….• Монгол улсын гадаадаас авах зээлийн хэмжээг хязгаарлан хувийн хэвшлийн зээлд төрөөс баталгаа гаргахыг даруй зогсооно.
………….• Зээлийн төлбөрийг хугацаанд нь барагдуулах бодлогыг хатуу чанад сахина.
………….• Монгол улсаас хугацаа хэтэрсэн өрийг барагдуулах шат дараалсан арга хэмжээг зээлдүүлэгч талтай харилцан ойлголцлолын үндсэн дээр хэрэгжүүлнэ.
………….• Зээлийн дээд хязгаарыг Засгийн газар тооцож, Улсын Их Хурал баталдаг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлнэ.
………….• Инфляцийг оновчтой удирдан зохицуулна. Экспортын үйлдвэрлэлийг дэмжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг бодитой болгон цаашид тогтвортой байлгана.
………….• Банк, санхүүгийн тогтолцоо, үйлчилгээг хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, зээлийн хүүг бууруулан, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлнэ.
………….• Санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөнийг төлөвшүүлж, банк, барьцаалан зээлдүүлэх болон банк бус санхүүгийн байгууллагаас барьцаа хөрөнгийг хэт бага үнэлэх, мөн зээлийн хүүг хэт өндөр тогтоох шударга бус байдлыг арилгана.
………….• Үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж өрсөлдөх чадвар бүхий үнэт цаасыг гадаад зах зээлд гаргаж, хөрөнгийн гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
………….• Улаанбаатар хотыг Зүүн хойт Ази, Төв Азийн бүс нутгийн банк, санхүүгийн томоохон төв болгохыг зорино.
………….• Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зориулалт бүхий гадаад зээлийн дамжуулан зээлдүүлэх хүүг бууруулж, хугацааг нь уртасгана.
………….• Монгол банкны хүүг тэглэх асуудлыг шийдвэрлэнэ.
………….• Өрийн үйлчилгээг төсөвт дарамтгүйгээр хийх боломжтой зээл авах чиглэл баримтлан гадаадын буцалтгүй тусламжийг нийгмийн салбарт түлхүү чиглүүлнэ.

7. “Цэвэр эдийн засаг”-ийн экологид ээлтэй “нөхөн сэргээгдэх түүхий эдэд суурилсан эрчим хүч”-ийг улс даяар өргөн ашиглах, хөгжлийн хурдасгуур болох “зам харилцааны цогц сүлжээ”-г байгуулах, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийн баталгааг хангах “дэд бүтцээс ангид барилгажуулалт” зэрэг асуудлыг “Дэд бүтцийн яам” бодлогоор ханган хариуцан хэрэгжүүлнэ.

Дэд бүтцийн яам
Нөхөн сэргээгдэх түүхий эдэд суурилсан эрчим хүч
………….• Нөхөн сэргээгдэх түүхий эдийг зонхилон ашиглах бодлогыг хэрэгжүүлж нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг хариуцлагатай ашиглана.
………….• Байгалийн баялаг хязгаарлагдмал гэдгийг хүлээн зөвшөөрч нөөц баялгийг ашиглахдаа өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг хангахын тулд хог, хаягдлыг дахин боловсруулж ашиглана.
………….• Эрчим хүчний зөв зарцуулалттай, байгальд ээлтэй технологийг хөгжүүлж ашиглахыг зорино.
………….• Монгол Улсын “Эрчим хүчний нэгдсэн систем”-д нөхөн сэргээгдэх түүхий эд дээр суурилсан эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэнэ.
………….• Баруун, зүүн, говийн бүсийн эрчим хүчний системийг төвийн эрчим хүчний системтэй холбож хүчин чадлыг нь 3-4 дахин нэмэгдүүлнэ.
………….• Эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулж, хоёр хөрш оронтой эрчим хүчний дэд бүтцээр холбогдон, хэрэглээний онцлогтой уялдуулан экспорт, импортын асуудлыг оновчтой шийдвэрлэнэ.
………….• Агаар мандал дахь нүүрс хүчлийн хийн түвшнийг аль болох богино хугацаанд 450 ppm болтол хязгаарлах зорилго тавьж монгол даяар “тэг нүүрстөрөгч”-тэй эдийн засаг руу хурдан шилжих үйл явцыг эхлүүлнэ.
………….• Нөхөн сэргээгдэхгүй түлшийг шинээр олборлохыг бүрэн зогсоох уриалгыг дэмжинэ.
………….• Унаган ойг огтлох явдлыг 2020 он гэхэд бүрэн зогсооно.
………….• Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох газрын гүний, нар, салхины эрчим хүчийг ашиглах хамгийн үр ашигтай, тогтвортой, шаардлага хангасан технологийг ашиглана.
………….• Эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг ашиглах, экологийн эрчим хүчийг үйлдвэрлэх техник, технологийг хөгжүүлэх судалгааг дэмжинэ.

Зам харилцааны цогц сүлжээ

………….• Авто зам, иргэний нисэх, төмөр зам, усан замын тээврийн тухай хуулиуд, холбогдох стандартууд, дүрэм журмуудад өөрчлөлт оруулж, зарим холбогдох хуулийг шинээр батлан гаргаж зам харилцааны цогц сүлжээг бүрдүүлнэ.
………….• Олон улсын конвенци, стандартын шаардлага, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тээврийн гэрээ, хэлэлцээрүүдийг шинэчилж, олон улсад нийтээр дагаж мөрдөх гэрээ, хэлэлцээрт нэгдэн орно.
………….• Бүс нутгийн зам тээврийг хоёр хөрштэйгөө болон Ази, Европыг холбосон “гүүр” болгон хөгжүүлж тээвэр зуучлалын үйлчилгээг шинэ түвшинд гаргана.
………….• Авто замын барилга угсралт, засвар, арчлалтын норм дүрэм, стандартыг боловсронгуй болгож монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон авто зам барих технологи нэвтрүүлж, техник, технологийн шинэчлэл хийж, авто замын туршилт, сорилт судалгааны ажлыг сайжруулна.
………….• Улаанбаатар хотын авто замыг хот төлөвлөлт, тээврийн бодлоготой уялдуулан сайжруулж дотооддоо цахилгаан тээврийн хэрэгсэл угсарч үйлдвэрлэнэ.
………….• Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд тээврийн шинэ төрлийг нэвтрүүлж, авто замын хөдөлгөөнд удирдлага, зохицуулалтын “Ухаалаг” тогтолцоог нэвтрүүлнэ.
………….• Улаанбаатар хот болон томоохон хотуудын тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн шатдаг хийн түлшинд шилжүүлж тээврийн хэрэгслийн байгаль орчинд үзүүлж буй хорт нөлөөллийг бууруулна.
………….• Төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг ашигт малтмалын орд газруудыг ашиглалтад оруулахтай холбон оновчтой төлөвлөн хэрэгжүүлнэ.
………….• Агаарын тээврийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, хувийн хэвшлийн оролцоо давамгайлсан салбар болгон хөгжүүлнэ.
………….• Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх олон улсын нислэгийн аюулгүй байдлыг ханган, олон улсын нислэгийн чиглэл, тоог нэмэгдүүлнэ.
………….• Монгол Улс далайн боомт түрээслэн далайд гарцтай болж хөлөг онгоцны бүртгэлийг бие даан хийдэг болно.
………….• Орчин үеийн хөлөг онгоцтой болж хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжин далайн болон усан замын тээврийг хөгжүүлнэ.

Дэд бүтцээс ангид барилгажуулалт
………….• Байгаль экологид эвсэг дэвшилтэт техник, технологид суурилсан дэд бүтцээс ангид барилгажуулалтыг дэмжих бодлогыг төрөөс баримтлах ба татварын хөнгөлөлт үзүүлнэ.
………….• Дэд бүтцээс ангид барилгажуулалтын тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх, мөн технологийн хөгжил дэвшлийг дэмжих үйл ажиллагааг төрөөс анхаарна.
………….• Байшин барилга, зам тээврийн барилгын материалыг орон нутгийн нөөц бололцоог ашиглан үйлдвэрлэх ба жижиг, дунд үйлдвэрийн оролцоог төрийн бодлогоор зохицуулна.
………….• Иргэд хувийн эзэмшлийн газар нутагтаа хамтын нөхөрлөл байгуулан дэд бүтцээс ангид барилгажуулалт явуулахад дэмжлэг үзүүлнэ.
………….• Барилгын дулаан хадгалалтад стандарт тогтоож хяналт тавьж ажиллана.
………….• Байгаль экологид сөрөг нөлөөгүй нарны эрчим хүчний халаалтын системийг төвийн дулааны шугамаас алслагдсан барилга, байгууламж, хувийн орон сууц, жуулчны баазад нэвтрүүлнэ.
………….• Нарны эрчим хүчийг ашиглан гудамж талбай, цэцэрлэг, зүлэгний гэрэлтүүлгийн асуудлыг эрчим хүчний хэмнэлттэй нарын коллектороор шийднэ.
………….• Барилгын халаалт, хэрэгцээний халуун усны системийг цогцоор нь шийдэх нарны эрчим хүчний өндөр хүчин чадалтай батерей болон устөрөгчид шингээн шийдвэрлэх бусад жижиг тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх, импортоор оруулж ирэхийг дэмжинэ.
8. “Цэвэр эдийн засаг”-ийн орчин үеийн дэвшилтэт техник, технологид суурилсан “Эрчимжсэн газар тариалан”-г, олон зуунаар өвлөгдөн ирсэн нүүдлийн орчинд дасан зохицсон “Уламжлалт мал аж ахуй”-г, хөгжиж дэвших үндэс нь төрийн зохих дэмжлэгт тулгуурласан “Төрийн оролцоот жижиг, дунд үйлдвэр”-ийг хөгжүүлэх асуудлыг “Хөдөө аж ахуй, Аж үйлдвэрийн яам” бодлогоор дэмжин хэрэгжүүлнэ.
9.

Хөдөө аж ахуй, Аж үйлдвэрийн яам

Эрчимжүүлсэн газар тариалан

………….• Газар ашиглалтыг сайжруулах, ¬усалгаатай тариаланг хөгжүүлэх, биотехнологи нэвтрүүлэх зэрэг бодлогуудыг хэрэгжүүлж эрчимжүүлсэн газар тариаланг хөгжүүлнэ.
………….• Эрчимжүүлсэн газар тариалан эрхлэгчдэд ашиглаж байгаа газрыг өмчлүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
………….• Эрчимжүүлсэн газар тариалан эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагыг төсөв, татварын бодлогоор дэмжинэ.
………….• Усжуулалтын барилга байгууламжийн эзэмшилт, ашиглалтыг сайжруулна.
………….• Усалгаатай газар тариаланд орчин үеийн технологийг өргөн нэвтрүүлж га-аас авах ургацыг нэмэгдүүлнэ.
………….• Хөдөө аж ахуйг харилцан бие биенээ тэтгэсэн бүтэц бүхий хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлнэ.
………….• Дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай хөдөө аж ахуйн машин, техникийг худалдан авахад аж ахуйн нэгж, фермерүүдэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.
………….• Жимс, жимсний мод үржүүлгийн газруудыг байгуулж, жимс, жимсгэний тариалалтыг өргөтгөна.
………….• Таримал ургамлын өвчин, хортонтой тэмцэж, сорт, сорилтын чанарыг сайжруулж, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлнэ.
………….• Хөрсийг эвдрэлээс хамгаалах, үржил шимийг хадгалах, чийгийн ууршилтыг багасгахад чиглэсэн дэвшилтэт технологийг газар тариаланд нэвтрүүлнэ.
………….• Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний болон импортыг орлох хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, орчин үеийн техник, технологтой хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн хүн амыг тэжээллэг, чанартай, аюулгүй хүнсээр жигд, хүртээмжтэй хангаж гадаад зах зээлд нийлүүлж эхлэнэ.
………….• Тохиромжтой бүс нутгуудад бөөний худалдааны төв, бирж байгуулж, хүнсний бүтээгдэхүүний борлуулалтын оновчтой сүлжээг бий болгоно.
………….• Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээний бүх хүрээнд эрүүл ахуй, ариун цэврийн зохистой орчин бүрдүүлж, хүн амыг аюулгүй, хүрэлцээтэй хүнс тэжээлээр хангана.
………….• Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цаашид тус бүтээгдэхүүнийг экспортын хэмжээг өсгөн нэмэгдүүлнэ.
………….• Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, лабораторийн шинжилгээг хөгжсөн орнуудын жишигт хүргэнэ.
………….• Хүнсний үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулна.

Уламжлалт мал аж ахуй

………….• Олон зууны турш Монгол орны эрс тэс байгаль, цаг уурт дасан зохицож ирсэн билчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг үндэсний өв уламжлалдаа тулгуурлан хэрэгжүүлнэ.
………….• Худаг гаргах, хурын ус хуримтлуулах, булаг шандны усыг нэмэгдүүлэх замаар ашиглагдахгүй байгаа бэлчээрийг усжуулж бэлчээрийн ашиглалтыг сайжруулна.
………….• Зарим голын усны урсацад тохируулга хийж бороо, цасны усыг хуримтлуулан ган гачигтай үед усжуулах зориулалттай гидротехникийн байгууламжуудыг бий болгоно.
………….• Бүс нутгийн онцлогыг харгалзан бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлнэ.
………….• Биотехнологи ашиглан малын эм, ариутгал, халдваргүйжүүлэгч бэлдмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
………….• Малын халдварт өвчний гаралт, тархалтыг эрс бууруулан малыг эрүүлжүүлж мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлнэ.
………….• “Тэжээл” хөтөлбөр хэрэгжүүлэн малын тэжээл, усны хангамжийг нэмэгдүүлж, малын тэжээлийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, хэрэглээг төрийн бодлогоор дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ.
………….• Бэлчээрийн усан хангамжтай хамтатган хөдөөгийн хүн амын ундны усны хэрэгцээ, шаардлагад тохирсон усны нөөцийг нэмэгдүүлнэ.
………….• Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх замаар багтаамж, даацыг нэмэгдүүлэн мал аж ахуйн эрсдэлийг бууруулна.
………….• Биотехнологи, нанотехнологи, генийн инженерчлэлийн ололтыг мал эмнэлгийн оношлогооны техник тоног төхөөрөмж болон эм бэлдмэлийг үйлдвэрлэлд ашиглахыг дэмжинэ.
………….• Орчин үеийн бага оврын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэдэг, гадаадаас импортолдог аж ахуйн нэгжийг дэмжинэ.

Төрийн оролцоот жижиг, дунд үйлдвэр

………….• Ажлын байр шинээр бий болгох, иргэдийг ядуурлаас гаргах үйлсэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа жижиг, дунд үйлдвэр эрхэлэгч хувийн хэвшлийг хөгжүүлэхэд төрөөс онцгойлон анхаарч оролцооны дэмжлэг үзүүлнэ.
………….• Хувийн хэвшлийн хөгжилд үзүүлэх төрийн оролцоо нь тэдэнд тулгарсан бэрхшээлийг арилгах, тэдний нийгмийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авах, гадаад зах зээлд гарах таатай орчин бүрдүүлэх явдал байх бөгөөд энэ үүргийг төр хүлээнэ.
………….• Нэмүү өртөг бүрдүүлэх, ашигласан нөөц баялгийг дахин боловсруулж эргэлтэд оруулах, эдэлгээ даах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, байгаль орчныг хамгаалах, органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх зэрэг эдийн засгийн үйл ажиллагаагаар ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
………….• Бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцох Засгийн газрын оролцоог зохистой түвшинд хүртэл хязгаарлана.
………….• Гадаад орны дэвшилтэт сургалтын тогтолцоог нутагшуулах ажлыг хэрэгжүүлэхдээ багшлах боловсон хүчнийг нь урилгаар ажиллуулах бодлого баримтлан нарийн мэргэжлийн Монгол ажилтан, ажилчдыг сурган бэлтгэж монгол хүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
………….• Үйлдвэрлэл, үйлчилгээнд өндөр технологийг нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
………….• Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, эдийн засгийн чөлөөт бүс болон эрх зүйн тусгай зохицуулалттай бүсүүдийг байгуулан ажиллуулж өндөр технологи нутагшуулахыг дэмжинэ.
………….• Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ.
………….• Экспортын баримжаатай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварын бодлогоор дэмжинэ.
………….• Жижиг, дунд үйлдвэрийн техникийн шинэчлэлд зориулан бага оврын техник, тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээг өргөжүүлнэ.
………….• Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгоно.
………….• Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, тэдэнд техник, технологийн сонголт хийхэд нь туслах, төсөл боловсруулах, шалгаруулах явцад нь зөвлөгөө өгөх үүрэг бүхий төвүүдийг аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд зохион байгуулж ажиллуулна.
………….• Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлогын асуудалтай холбоотой шийдвэр гаргахдаа тэдний ашиг сонирхолыг илэрхийлэгч мэргэжлийн холбоодын саналыг авч тусгаж байна.
………….• Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бизнес инкубатор байгуулж ажиллуулна.
ГУРАВ. ЦЭВЭР БАЙГАЛЬ ОРЧИН
“Цэвэр байгаль орчин” нь эртнээс эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн амьд байгалаа хайрлан хамгаалдаг, түүний баялагийг шунаг сувдаг сэтгэлгүйгээр зохистой ашигладаг ардынхаа ариун ёсыг “Даян дэлхийн ногоонтнуудын тунхаг”-ийн үзэл санаагаар баяжуулан эх орныхоо эрдэс баялагийг Эрдэнэтийн үйлдвэрийг байгуулсан үр дүн, өгөөж хишгийн зарчмаар ашиглаж, ногоон эдийи засгийг улсынхаа хөгжлийн уг үндэс болгож, экологид ээлтэй хөгжлийн бодлогоороо дэлхийг дагуулах хөгжилд хүргэнэ.

10. “Цэвэр байгаль орчин”-ы Монгол улсын байгаль хамгаалах өв уламжлал, арга ухаанд суурилсан “Дэлхийн экологи Монголоос” гэсэн тулгуур бодлогыг, эх орны баялагийн ашиглалтын үр өгөөжийг өөрийн улсдаа шингээх “Эрдэс баялагийг Эрдэнэтийн зарчмаар” гэсэн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх, дэлхий дахинаар хүлээн зөвшөөрөгдсөн “Ногоон эдийн засаг”-ийг хөгжүүлэх зэрэг асуудлыг “Байгаль хамгаалал, Ногоон хөгжлийн яам” хариуцан хэрэгжүүлнэ.

Байгаль хамгаалал, Ногоон хөгжлийн яам

Дэлхийн экологи Монголоос

………….• Монгол орныхоо байгалийг унаган төрхөөр нь хадгалан хамгаалж, түүний баялагийг хойч үедээ хадгалж ирсэн үндэсний өв уламжлалаа шинэ цагийн “экологид эвсэг” хөгжлийн үзэл баримлалтай уялдуулан Монгол улсаа хөгжүүлж, энэ үйлсээрээ дэлхий дахиныг манлайлж амьдрал тээсэн цэнхэр гаригийнхаа экологийг аврах эхлэлийг тавина.
………….• Амьтан, ургамлын аймгийн нөөцийн хомсдолыг хязгаарлаж байгалийн жамаар нөхөн үржих орчныг хамгаалж, тэдгээрийг тогтвортой ашиглах нөхцлийг бүрдүүлнэ.
………….• Хүний ёс зүйд үл нийцэх амьтны амь бүрэлгэх “Ангийн аялал жуулчлал”-ыг хуулиар хориглоно.
………….• Экосистемийн нэгдмэл байдал, биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаална.
………….• Нэн ховор, ховордсон амьтан, ургамлын хэвийн өсөлтийг хангах, зориудын аргаар үржүүлэх, генийн санг хамгаалахад биотехнологийн ололтыг ашиглаж биологийн найдвартай нөөцтэй болно.
………….• Олон улс, бүс нутгийн хэмжээний байгаль орчныг хамгаалах бодлого, үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ Монгол улсын газар нутгийн 30 хүртэлх хувийг Улсын тусгай хамгаалалтад авах төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.
………….• Хүрээлэн буй орчинд үзүүлэх хор нөлөө өндөртэй үйлдвэрлэл, үйл ажиллагааг хугацаа болон ашиглалт, стандартын шаардлагаар хязгаарлах бодлого баримтлана.
………….• Байгаль орчныг “бохирдуулагч нь төлөгч”, “ашиглагч нь хамгаалагч” байх үзэл санааг хэрэгжүүлнэ.
………….• Говь, хээрийн бүсэд мод тариалж ногоон зурвас байгуулах “Ногоон хэрэм” хөтөлбөрийг үргэлжлүүлж, ойн сангийн 20 хүртэлх хувийг нутгийн иргэд, нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлэн ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах хариуцлагын тогтолцоо бүрдүүлнэ.
………….• Ойн нөөцийг тогтвортой ашиглаж, ой хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах нөхцлийг хангах “Ой” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
………….• Газар зүйн мэдээллийн тогтолцоонд суурилсан ойн мэдээллийн сан байгуулна.
………….• Усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах “Ус” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
………….• Цэнгэг ус болон гүний усны нөөцийг чанар, хэм хэмжээний хувьд найдвартай хадгалах, энэхүү нөөцийг шавхагдан дуусахаас хамгаалах үүднээс зохистой үнийн бодлого хэрэгжүүлнэ.
………….• Ус хуримтлуулах ай савыг ойжуулах ажлыг нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлнэ.
………….• Туул голын экосистемийг сэргээн хамгаалж, Тэрэлж орчмын хэсэгт төв цөөрөм байгуулах замаар Улаанбаатар хотын ундны усны хангамжид гадаргын усыг ашиглах боломжийг бүрдүүлнэ.
………….• Улаанбаатар хотын экосистемийн хямрал буюу агаар, хөрс, усны бохирдолыг зогсоох цогц бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.
Ногоон эдийн засаг

………….• Төв азийн нүүдлийн соёл иргэншлийн өвийг авч үлдсэн Монгол улсынхаа илт давуу талыг суурь болгон “Ногоон эдийн засаг”-ийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
………….• Хот, суурин газрын хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлж ашиглах, байгальд халгүй аргаар устгахад шинэ технологи, менежментийн цогц бодлого хэрэгжүүлнэ.
………….• Хог наягдлыг дахин боловсруулах, бохир усыг цэвэршүүлэн хүнсний хэрэгцээнээс бусад зүйлд ашиглах орчин үеийн техник, технологийг эх орондоо суурьшуулна.
………….• Дулааны хэмнэлттэй, экологид ээлтэй хувийн орон сууцаар ард иргэдээ хангана.
………….• Эрчим хүчний хэмнэлттэй тээврийн хэрэгслүүдийг ашиглахыг дэмжинэ.
………….• Экспортын баримжаатай, оюуны шингэц бүхий өрсөлдөх чадвартай, бага оврын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
………….• Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд өрсөлдөнө.
………….• Шинэ дэвшилтэт техник, технологид тулгуурлан “Ямааны ноолуур, тэмээний ноос, хонины нарийн ноос боловсруулах”, “Арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зэрэг бүс нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
………….• Оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
………….• Өндөр технологи нутагшуулах төвүүдийг байгуулан ажиллуулж өөрийн оронд үйлдвэрлэх боломжтой хүнсний болон өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлийг хөгжүүлж импортоос хэт хараат байдлыг багасгана.
………….• Бүс нутгуудад үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж хөгжүүлнэ.
………….• Радио, цахим зүйн техник хэрэгслийн эд анги, бага оврын машин үйлдвэрийн зарим салбарыг хөгжүүлнэ.
………….• Оюуны болон урлаг, ур чадварын багтаамж өндөртэй бүтээгдэхүүн үйлчилгээний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг эрчимтэй нэмэгдүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
………….• “Аялал жуулчлал” үндэсний хөтөлбөр боловсруулж улиралаас үл хамаарсан аялалын жуулчлалыг хөгжүүлж эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно.
………….• Аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулан, аялагч, жуулчдын сонирхлыг татсан аяллын төрлүүдийг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлнэ.
………….• Жуулчин тээвэрлэх болон жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын гол бүс нутгийн зам харилцаа, холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулна.
………….• Аялал жуулчлалын голлох зах зээлийг бүрдүүлж буй орнуудад хийх шууд нислэгийн тоог нэмэгдүүлж, шинэ чиглэлүүд нээнэ.

Эрдэс баялагийг Эрдэнэтийн зарчмаар

………….• Монгол улс ногоон хөгжилд суурилсан “хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болох” үндсэн зорилтоо “Эрдэс баялагийг Эрдэнэтийн зарчмаар”гэсэн бодлогоор хэрэгжүүлнэ.
………….• Стратегийн ордыг олборлохдоо ажилтан, албан хаагчдын амьдрах таатай орчныг бүрдүүлсний үндсэн дээр ашиглалт олборлолтыг эхлүүнэ.
………….• Эх орныхоо байгалийн баялагийг ашиглах, олборлохдоо гадаадын хөрөнгө оруулалтыг дайчлах тохиолдолд Монгол улсын засгийн газар хамгийн багадаа 51 хувийг эзэмших нөхцлийг баталгаажуулан мөрдүүлнэ.
………….• Уул уурхайн лицензийн наймааг хуулиар хориглож, худалдагдсан лицензүүдийг хураан авах асуудлыг шийдвэрлэнэ.
………….• Уул уурхайн нөхөн сэргээлтийн зардлыг олборлолт эхлэхээс өмнө төрийн санд төвлөрүүлж, нөхөн сэргээлтэд шаардагдах нэмэгдэл зардлыг тухай бүрд нь гаргуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
………….• Эдийн засгийн шударга өрсөлдөөнийг хангах үүднээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гарааны ижил нөхцлийг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
………….• Бизнесийн үйл ажиллагааг нэмүү өртөг шингээлтийн түвшин, уг үйл явцын хүрээлэн буй орчинд хор хөнөөл багатай технологид суурилсан байдлыг үндэслэн урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.
………….• Зэс хайлуулж, холбооны кабель утас, ороомог, машин, тоног төхөөрөмжийн эд анги, хийц үйлдвэрлэж экспортод гаргана.
………….• Экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг зохистой өсгөнө.
………….• Эрдсийн болон мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг үе шаттай бууруулж, эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, оюуны шингэц бүхий бага оврын бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортыг өсгөнө.
………….• Импортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг эдийн засгийн хөгжлийн хэтийн чиг хандлагатай оновчтой уялдуулан сайжруулна
………….• Импорт орлох зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл, өндөр технологийн болон оюуны шингэц бүхий бага оврын техник, тоног төхөөрөмжийн импортыг дэмжинэ.

Цэвэр төрийг цогцлоон байгуулах тулгуур багана болсон “Цэвэр нийгэм”, “Цэвэр эдийн засаг”, “Цэвэр байгаль орчин” гэсэн гурван үндсэн хүрээний зорилтуудыг хангах замаар “Гурван цэвэр”-ийн бодлогыг хэрэгжүүлж байгаль орчинд ээлтэй оюун санаа, нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтыг цогцлоон байгуулах бөгөөд үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл зохилтой өмнөх засгийн газрын үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэн залгамжлахыг бид эрмэлзэх болно.
ЦЭВЭР ТӨРИЙН ХҮЛЦЭШГҮЙ 13 “АЛДАС”

Монгол улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах, гамшиг дагуулах онц ноцтой үр дагавар бүхий дараах алдаа гэмийг “Цэвэр төр”-ийн хүлцэшгүй 13 “Алдас” хэмээн хатуу цээрлэнэ. Үүнд:
………….1. Төрийн “Хар хайрцагны бодлого”-ын гажуудуулах, умартах
………….2. Монгол улсын хууль эрх зүйн орчныг үл тоомсорлон дагаж мөрдөхгүй байх
………….3. Үндэсний өв уламжлалыг үл хүндлэх, гутаан үгүйсгэх, бүрхэгдүүлэх
………….4. Монгол улсын эрх ашгиас ухрах, эх орноосоо урвах
………….5. Эзэн “Чингис хаан”-ны нэр хүндэт үл хүндэтгэлтэй хандах
………….6. Авлига хээль хахуулд өртөх
………….7. Хүний эрхийг зөрчих, ялангуяа хүүхдийн эрхийг үл оошоох
………….8. Хөрш орнуудынхаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс хошуу дүрж, үл хүндэтгэлтэй хандах
………….9. Олон улсын хамтын ажиллагааны хэм хэмжээ, эв найрамдлыг эрхэмлэхгүй байх
………….10. Цөмийн цахилгаан станц байгуулах, цацраг идэвхит ашигт малтмалыг олборлох, боловсруулах, цөмийн хог хаягдлыг булшлахыг дэмжих
………….11. Байгаль дэлхийтэй зүй бус харицах
………….12. Монгол үндэстний өв уламжлалд харш шашны аливаа урсгал болон гажууд үзэл суртал, сэтгэлгээг олон түмэнд сурталчлах
………….13. Монголчуудын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох зорилготой гадаадаас үүсэл гаралтай аливаа үйл ажиллагаанд оролцох

“ЦЭВЭР ТӨР”-ийг сонгох “СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ”
“Сонгуулийн хувьсгал”
Монгол төрийн дээр гарсан намууд, тэдгээрийг дамжсан олигархи бүлэглэлүүд ард түмнийг ядууруулж, нийгмийн баялгийг шударга бус хувиарлан хямралт байдлыг бий болгож байгаа тул Монголчууд бид Үндсэн хуулиар олгогдсон “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэсэн язгуур эрх мэдлээ дахин эдлэж “шударга сонгууль”-иар засгийн эрхийг авахыг “сонгуулийн хувьсгал” гэж МНН ойлгож байна.
Бид сонгогч түмэнтэйгээ хамтран “Гэрийг шинээс нь, гишүүнийг цэврээс нь” уриан дор “Сонгуулийн хувьсгал”-ыг хийх болно.
Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал
• Хуурамч амлалтаар сонгогдон төрд шургалсан, төрөөс төрсөн тэрбумтнууд улс орны эрх ашгаас илтэд урваж хөрөнгө мөнгө амласан харийнханы сонирхол, бодлогын тоглоом, гар хөл болон хувирсан байна.
• Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, ардчилал алдагдаж эдийн засаг унаж, иргэд элгээрээ мөлхөж ажилгүйдэл, ядуурал газар авлаа.
• Нам дамнасан бүлэглэлүүдийн тохиролцоо, тэдний мөнгөний шуналаар төрийн бодлого тодорхойлогдох боллоо.
• Улс эх орны нэр сүрээр зээл авч хяналтгүй зарцуулан, хуваан зашиж нийгэмд шударга бус байдал тогтлоо.
• Хууль цаазыг хоёр том нам тохиролцож байгаад хэзээ хэрэгтэй үедээ өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчилж болдог жишиг тогтлоо.
• Төрийн оронд намууд дураараа дургиж, намуудын хуйвалдаан, талцалаар улс орон туйлдлаа.
• Хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг төрд гаргаснаар улс төрийн онол, улс төрийн боловсрол орхигдож, эрх мэдэл дагасан мэдлэг боловсролгүй хүмүүс төрд олширч хувийн эрх ашгийг хөөж төр түмний эрх ашгаас урваж байна.
Хувьсгалын тохироо

• Монгол улсын төрийн эрх барьж байгаа нам “дотроосоо өтөж” улс төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн бүлэглэлүүд явцуу эрх ашгаашаа болж өөр хоорондоо хагаралдсанаас төр самуурч үндэсний аюулгүй байдалд хор уршиг тарихуйц улс төрийн нөхцөл байдал үүсээд байна.
• Дээдэх нь захирч чадахаа байж, доодчуул нь тэднээр удирдуулахыг хүсэхээ байсан ийм нөхцөлд хувьсгал хийдэг тул “сонгуулийн хувьсгал” хийх цаг, хувьсгалын тохироо бүрдсэн.
• Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх мэдлийг жинхэнэ утгаар нь ард түмэнд эргүүлэн олгох хувьсгал, өөрчлөлт, шинэчлэлт хийж чадах үндэсний улс төрийн нам, улс төрчид бэлтгэгдсэн.
• УИХ-ын 2016 оны сонгуульд ард түмэн зөв хүмүүсээ сонгох замаар сонгуулийн хувьсгалыг хийхэд бэлэн болсон.
• Ард түмний орлого хомсдож, өрийн дааж давашгүй дарамтад орж нийгмээрээ ядууралд өртөх аюул нөмөрсөн.
• Намын жагсаалт гэх нэрээр авилгачдыг чихэж оруулдаг өөрчлөлтийг Монгол улсын Сонгуулийн хуульд оруулсан нь Үндсэн хуулиар олдогдсон ард түмний шууд сонгох эрхийг ноцтой зөрчсөн.
Хувьсгалын үр дүн
• Монголын ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ жинхэнэ утгаар нь эдлэж “Сонгуулийн хувьсгал”-аар нам дамжсан олигархи бүлэглэлүүдээс төрийнхөө эрх мэдлийг буцаан авна.
• “Сонгуулийн хувьсгал”-аар монголчууд бид улс орныхоо гэрэлт ирээдүй, ард түмнийхээ аз жаргалтай амьдралыг нуруундаа үүрч чадах эрдэм билиг төгөлдөр, эх орон, хүн ардаа гэсэн халуун сэтгэлтэй, ёс зүйтэй, шударга хүмүүсийг төрд гаргана.
• “Сонгуулийн хувьсгал”-аар ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлдэг, улс орны хөгжлийг уруудуулдаг “увайгүй түшээд”, “амьгүй албатууд”-ыг эргүүлэн татах боломжийг олж авна.
• Ард түмнээсээ томилолт аван гарч ирсэн албатууд төр түмнийхээ сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр, өөрийн биеийг үл хайрлан үнэнч шударгаар зүтгэж ард түмнийхээ хамтаар “Цэвэр төр”-ийг цогцлооно.
Монгол улс өнө мөнх оршиг!
МОНГОЛЫН НОГООН НАМ
Монгол Улсын Үндэсний Аудитын газрын
2016 оны 03 дугаар сарын …. өдрийн ….. тоот дүгнэлтээр баталгаажуулав.

Facebook Сэтгэгдэл

Сэтгэгдэлээ оруулна уу?