”Ус” Үндэсний хөтөлбөр

24 дүгээр тогтоолын хавсралт

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Монгол Улсын усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал

Монгол орны усны нийт нөөц сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээр  608,000 сая шоо метр ба үүнд 34,600 сая шоо метр гол, мөрөн, 500,000 сая шоо метр нуур, 62,900 сая шоо метр мөнх цас, мөсөн гол, 10,800 сая шоо метр газрын доорх усны нөөц тус тус багтана. Усны нөөцийн тархалт жигд бус, чанар, найрлага нь оршин байгаа газар нутаг, байгалийн бүс, бүслүүр, агуулж байгаа чулуулгийн тогтоц, найрлагаасаа хамаарч ихээхэн өөр өөр байдаг. Гадаргын усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт буюу монгол орны нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзлэх талбайд бүрэлдэн бий болдог. Бүрэлдсэн нөөц нь Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савуудад хуваарилагдах ба тэдгээрт багтах 17 томоохон гол, мөрөн, тэдгээрийн цутгалуудыг тэжээж, ихэнх голууд нийлэн хөрш орнууд руу урсан гардаг онцлогтой.

Манай орны нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая шоо метр байна. Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч хэрэглэж байна. Усны хэрэглээний түвшин нь харилцан адилгүй бөгөөд хот, суурин газрын инженерийн хангамж бүхий орон сууцанд оршин суугчид хоногт дунджаар 230-350 л, хөдөө орон нутаг болон гэр хороололд оршин суугчид дунджаар 5-10 л ус хэрэглэдэг. Ус ашиглалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд цаашид хот, суурин газрын усан хангамж, ариутгах татуургын хүртээмжийг сайжруулах, мал аж ахуйн болон газар тариалангийн тогтвортой байдлыг хангах, бэлчээр, газар тариалангийн талбайг усжуулах, хөнгөн, хүнс, уул уурхайн болон бусад үйлдвэрлэлийн салбар, сэргээгдэх эрчим хүчний салбаруудын хөгжлийг тодорхойлох үндсэн дэд бүтцийн нэг, хөгжлийн голлох хүчин зүйл болж байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ууршиц буюу усан гадаргын ууршил монгол орны хэмжээнд 2020 онд 39-66 мм, 2050 онд 50-72 мм, 2080 онд 106-193 мм тус тус нэмэгдэх, агаарын температурын нэмэгдэх явцтай уялдан мөстлийн хайлалт нэмэгдэж, 50 м зузаан мөстөл 2040 оны үед, 100 м зузаан мөстөл 2050-2060 оны үед хайлж дуусч болзошгүй байна. 2007 оны бүртгэлээр гадаргын усны тоо нийт 5121 гол, горхи бүртгэгдсэнээс 887 нь, 9340 булаг, шанд бүртгэгдсэнээс 2096 нь, 3732 нуур, тойром бүртгэгдсэнээс 1166 нь ширгэсэн дүн гарсан нь ус ашиглалт ба усны хэрэглээ харьцангуй бага боловч уур амьсгалын өөрчлөлт, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр усны горим, нөөц, чанарт өөрчлөлт орж, хомсдож байгааг илэрхийлнэ.

Улсын хэмжээнд ус ашиглалт, усны хэрэглээнд тавих хяналт  боловсронгуй бус, энэ талаархи эрх зүйн орчин, нэгдсэн мэдээлэл, хяналтын тогтолцоо хараахан бүрдээгүй байгаа нь ус ашиглалт, усны хэрэглээний мэдээллийг нарийвчлан гаргаж хянах, менежмент хийхэд хүндрэл учруулж байна.

1.2.”Ус” үндэсний хөтөлбөр боловсруулах шаардлага, үндэслэл

Монгол Улс усны нөөц багавтар орны тоонд багтдаг бөгөөд байгаа багахан нөөц нь нутаг дэвсгэртээ жигд бус тархсан, хяналт, менежмент сул, эрх зүйн орчин нь төдийлөн боловсронгуй бус, ус хангамжийн түвшин доогуур, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийн хүртээмж, хүчин чадал дорой, боловсон хүчин, хүний нөөцийн хомсдолтой орны хувьд тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэх шаардлага тулгараад байна.

Нөгөөтэйгүүр, монгол оронд нүүрлэж байгаа уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, түүнээс үүдсэн цөлжилт идэвхжиж хүрээгээ тэлж байгаа нөхцөлд түүний сөрөг нөлөөг зөөлрүүлэх, байгалийн нөөцийг хадгалах, амьдралын хэв маяг, аж ахуй эрхлэх оновчтой хэлбэрийг тогтоох, эдийн засгийн тогтвортой өсөлт, тухтай амьдралын хэрэгцээг хангах шаардлагатай байна. Дээр дурдсан шаардлагууд усны асуудлыг улс үндэстний ирээдүйн хөгжил, дэвшилтэй нягт уялдаатайгаар шинэлэг байдлаар авч үзэх нэг үндэслэл болно.

Мөн Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан ”Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын Монгол Улсын хөгжлийн 5 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээний Стратегийн зорилт 3-т ”Усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх ”Ус” үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх”-ээр заасан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах гол үндэслэл болж байна.  Хөтөлбөрийн зорилт, хэрэгжих үе шат, цаг хугацаа, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтүүдийг Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилттэй нягт уялдаатайгаар төлөвлөсөн.

Хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд эхний буюу эрчимтэй хөгжлийн үе 2010-2015 онд, хоёр дахь буюу тогтвортой хөгжлийн үе 2016-2021 онд хэрэгжинэ.

ХОЁР. ”Ус” үндэсний хӨтӨлбӨрийн зорилго,

стратегийн зорилт

2.1.Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглан улс орны хөгжлийн түлхүүр болгох, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2.Хөтөлбөрийн зорилгыг доорх стратегийн зорилтуудаар дамжуулан хэрэгжүүлнэ:

2.2.1.монгол орны усны нөөцийг хамгаалан түүний бүрэлдэн тогтох, цэвэр ариун чанараа хадгалах, байгалийн аясаар сэргэх бүхий л боломжийг хангах;

2.2.2.нутаг дэвсгэрийн хэмжээнд усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний байнгын, тасралтгүй, шинэ дэвшилтэт технологид суурилсан сүлжээ байгуулан ажиллуулж мэдээлэл, удирдлагын шуурхай байдлыг хангах;

2.2.3.усны нөөцийн хуримтлалыг бий болгох, хүн амыг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн усаар хангаж, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн ус хангамжийг сайжруулан тогтвортой хөгжлийг тэтгэх үндсэн нөхцөл бий болгох;

2.2.4.усны нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх, хаягдал бохир усыг эргүүлэн ашиглах, цэвэрлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үерийн аюулаас сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үүнд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, санал санаачилгыг хууль тогтоомжийн хүрээнд дэмжих;

2.2.5.усны нөөц, ашиглалтын менежментийг боловсронгуй болгож ус ашиглалтын олон талт харилцааг зохицуулах  эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, боловсон хүчнийг чадавхижуулах;

2.2.6.усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах шинжлэх ухааны мэдээлэл, дэвшилтэт арга, технологийг уламжлалт зан үйл, ёс суртахууны хэм хэмжээгээр баяжуулан өсвөр, залуу үе, нийт иргэдэд сурталчлан түгээн дэлгэрүүлж, нийтийн үйл хэрэг болгох.

 

гурав.”Ус” үндэсний Хөтөлбөрийг хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны Чиглэл, арга хэмжээ

3.1.Монгол орны усны нөөцийг хамгаалан түүний бүрэлдэн тогтох, цэвэр ариун чанараа хадгалах, байгалийн аясаар сэргэх бүхий л боломжийг хангах зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч  хэрэгжүүлнэ:

Эхний үе шатанд (2010-2015 он):

Гол, мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр:

3.1.1.монгол орны гадаргын усны нөөцийн 70 хувь бүрдэх сав газрын эхэд хамаарах хэсгийг улсын болон орон нутгийн хамгаалалтад авч ой, ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх ажлыг хийх, түймэр, хортон шавьжаас хамгаалах арга хэмжээ авах;

3.1.2.унах хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Алтай, Хангай, Хэнтийн нурууд, түүний салбар уулсад  газрын генератор суурилуулах;

Ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах чиглэлээр:

3.1.3.усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоож, дэглэмийг мөрдүүлэх;

3.1.4.ус хангамжийн эх үүсвэрийн өнөөгийн байдалд үзлэг хийж, түүний эрүүл ахуйн бүс болон тэжээгдлийн мужийг шинэчлэн тогтоож, орон нутгийн хамгаалалтад авах, мөрдөх дэглэмийг тодорхойлон хэрэгжүүлж эхлэх;

3.1.5.ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон тэжээгдлийн мужид явуулж байгаа болон явуулахаар төлөвлөж байгаа усны нөөц, чанар, нөхөн сэлбэлт, цэвэршилтэд сөрөг нөлөө үзүүлж байгаа үйл ажиллагааг үе шаттай зогсоох арга хэмжээг эхний ээлжинд нийслэл, цаашид аймгийн төв, сум, суурин газруудад хэрэгжүүлэх;

3.1.6.булаг, шандны эхийг хамгаалах ажлыг үргэлжлүүлэн хийж, жилд 140-өөс доошгүй (тухайн аймаг дахь булаг, шандны тооноос хамааран 1-8) булаг, шандны эхийг тохижуулж хамгаалах ажлыг хийх.

Хоёр дахь үе шатанд (2016-2021 он):

3.1.7.гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 80 хувьд хамаарах газрын хилийг нарийвчлан тогтоож улсын болон орон нутгийн хамгаалалтад авна. Энэ хэсэгт явагдаж байгаа болон явуулахаар төлөвлөж байгаа сөрөг нөлөө бүхий аливаа үйл ажиллагааг багасгаж, зогсоох арга хэмжээг авах;

3.1.8.цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээ оновчтой, үр өгөөжтэй нь тогтоогдвол Хангай, Хэнтийн нуруунд газрын генераторыг нэмж суурилуулах;

3.1.9.булаг, шандны эхийг тохижуулж, хамгаалах ажлыг үргэлжлүүлэх;

3.1.10.усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалттай бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлж хэвшүүлэх.

3.2.Нутаг дэвсгэрийн хэмжээнд усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний байнгын, тасралтгүй, шинэ дэвшилтэт технологид суурилсан сүлжээ байгуулан ажиллуулж мэдээлэл, удирдлагын шуурхай байдлыг хангах зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч  хэрэгжүүлнэ:

Эхний үе шатанд (2010-2015 он):

Усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр:

3.2.1.усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний иж бүрэн хөтөлбөр боловсруулан баталж хэрэгжүүлэх;

3.2.2.монгол орны ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний улсын сүлжээнд техник, технологийн шинэчлэл хийж аюулт үзэгдэл болон гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг дээшлүүлэх;

3.2.3.газар доорх усны хяналт-шинжилгээний улсын сүлжээг шинээр байгуулж, уул уурхайн хяналтын цооногууд, нийслэл, аймгийн төвийн ус хангамжийн эх үүсвэрийн дэвсгэр талбайг хамарсан хяналт-шинжилгээний цооногуудыг өрөмдөж тоноглон улсын сүлжээнд холбох;

3.2.4.олон жилийн цэвдэг үргэлжилсэн тархацтай бүсэд цэвдэг судлалын өртөө байгуулж цэвдгийн хяналт-шинжилгээний сүлжээг бүрдүүлэх;

3.2.5.гадаргын усны хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлж, Алтайн нурууны нуур судлалын өртөөг Увс аймгийн Улаангом суманд, мөстөл судлалын өртөөг Баян-Өлгий аймагт  байгуулах;

3.2.6.гадаргын болон газар доорх усны хяналт-шинжилгээний хэмжилтийн багаж төхөөрөмжийг шинэчилж автомат хэмжигч байрлуулах, орчин үеийн холбооны системийг ашиглан мэдээлэл, өгөгдлийг шуурхай дамжуулах технологид шилжүүлэх;

3.2.7.усны шинжилгээний лабораторийн гүйцэтгэлийн чадварыг сайжруулж, орчин үеийн өндөр мэдрэмтгий аналитик багаж төхөөрөмжөөр тоноглон усны чанарын төлөв байдал, бохирдлын талаархи дэлгэрэнгүй мэдээллээр хэрэглэгчдийг хангах;

Хилийн усны харилцааг өргөжүүлж, хяналт-шинжилгээний сүлжээг байгуулах чиглэлээр:

3.2.8.хилийн усыг хамгаалах, зүй зохистой ашиглах, мэдээлэл солилцох талаар хөрш орнуудтай харилцан эрх тэгш, үр ашигтай хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан гэрээ хэлэлцээр байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах;

3.2.9.хилийн усны хяналт-шинжилгээг тогтоосон үзүүлэлтүүдээр тогтмол, горимын дагуу явуулж, холбогдох мэдээллийг төвд шуурхай дамжуулах, солилцох боломжоор хангах;

Усны экосистемийн хяналт-шинжилгээг бий болгох, хөгжүүлэх чиглэлээр:

3.2.10.томоохон голуудын сав газрын усны экосистемийн биологийн төлөв байдлын индексийг олон улсын стандартын дагуу боловсруулан гаргаж, сав газрын ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усны экосистемд үзүүлж байгаа нөлөөллийг тогтоож, хянах үзүүлэлтийг тодорхойлох;

3.2.11.улсын хэмжээний усны мэдээллийн сангийн бүтэц, мэдээлэл боловсруулах, дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлж, программ хангамж, үйл ажиллагааг боловсронгуй болгон орчин үеийн мэдээллийн технологийн дэвшил, ололтыг нэвтрүүлж, усны нөөц, чанар, ашиглалт, хувьсал өөрчлөлтийг нарийвчлан тогтоох  боломжтой болгох;

Хоёр дахь үе шатанд (2016-2021он):

3.2.12.гадаргын усны хяналт-шинжилгээний сүлжээг 60 харуулаар өргөжүүлж, хээрийн бүсийн нуур судлалын өртөөг Баянхонгор, Дорнод аймагт байгуулах;

3.2.13.хувийн хөрөнгөөр болон гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар өрөмдсөн цооногуудаас хяналт-шинжилгээний сүлжээний шалгуур, шаардлагад нийцсэн 200-гаас доошгүй хэмжилтийн цэг, цооногийг хэмжилтийн багаж төхөөрөмжөөр тоноглон, ажиллах боловсон хүчнээр хангаж улсын нэгдсэн сүлжээнд холбох;

3.2.14.монгол орны гадаргын болон газар доорх усны хяналт-шинжилгээний сүлжээг байнгын, тасралтгүй мэдээлэл, удирдлагын хамгийн сүүлийн үеийн системд суурилсан сүлжээ болгон өөрчлөх;

3.2.15.улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд сүлжээ байгуулах ажлын хүрээнд региональ гидрогеологийн үндсэн тогтоцын онцлогт тулгуурлан 40 м хүртэл гүнтэй 150 цооног өрөмдөж тоноглон, мэдээллийг улсын усны мэдээллийн санд оруулах.

3.3.Усны нөөцийн хуримтлалыг бий болгох, хүн амыг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн усаар хангаж, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн ус хангамжийг сайжруулан тогтвортой хөгжлийг тэтгэх үндсэн нөхцөл бий болгох зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч  хэрэгжүүлнэ:

Эхний үе шатанд (2010-2015 он):

Усны нөөцийн хуримтлал бий болгож, ашиглах чиглэлээр:

3.3.1.уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн усны нөөцийг хуримтлуулах усан сан, усан цахилгаан станцыг Ховд гол, түүний цутгал голуудын сав, хойт мөсөн далайн ай сав болон мөстөл, мөсөн голын доод талд байгуулах замаар 70,000-80,000 сая шоо метр тогтонги усны нөөцийг өндөр уулын бүсэд бүрдүүлж, ашиглах зураг төслийг боловсруулах;

3.3.2.Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Туул, Ховд, Булган, Халх, Онон, Эг, Хархираа, Түргэн, Шишхэд, Ерөө, Хараа, Тамир, Богдын голууд дээр урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах боломжийн талаар судалгааг хийж, боломжтой газруудад зураг төсөл зохиох, барьж байгуулах ажлуудыг эхлүүлэх;

Газар доорх усны эрэл хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх чиглэлээр:

3.3.3.хот, суурин газрын хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, сумын төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн эрэл, хайгуулын ажлыг хийж, эх үүсвэрүүдийг тогтоон нөөцийг тодорхойлох;

3.3.4.томоохон төслүүд хэрэгжих эдийн засгийн хөгжлийн бүс нутгуудад газар доорх усны эх үүсвэрийн эрэл, хайгуул явуулж, ус хангамжийн эх үүсвэрүүдийг тогтоон, нөөцийг тодорхойлох;

3.3.5.судлагдаагүй зарим халуун рашааны ордуудад гидрогеологийн болон бальнеологийн судалгааны ажлыг хийх;

Дэлгэрэнгүй:

ОЙН ТУХАЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Засгийн газрын 2001 оны 248 дугаар тогтоолын хавсралт

Нэг. Ой, модны салбарын өнөөгийн байдал

Манай орны ой нь Төв Азийн хээр цөл, зүүн Сибирийн их тайгын зааг дээр дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг дагаж ургасан бөгөөд гол мөрний усыг зохицуулах, цуглуулах, хөрсийг элэгдэл, эвдэрлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамлын амьдрах орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах хамгаалалтын өндөр ач холбогдолтой эмзэг тогтоцтой  экосистем юм.

2000 оны байдлаар манай улсын ойн сангийн талбай нь 18.3 сая га, үүнээс ой модоор бүрхэгдсэн талбай нь 12,9 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 8,2 хувь бөгөөд заган ой, сөөг, торлогийг оруулахгүйгээр шилмүүст, навчит ойн талбай нь 10,5 сая га буюу 6.7 хувь байгаа нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан жишгээр ойн нөөцөөр хомс орны тоонд хамрагдаж байна. Манай ойн нөөцийн хэмжээ     1,4 тэрбум гаруй шоометр, түүний жилийн дундаж өсөлт    12.0 сая шоометр бөгөөд ойн нөөцийн 58 хувь нь  онцгой болон  хамгаалалтын бүсийн ойд хамрагдаж байна.

Судалгаанаас үзэхэд 1940-2000 онд 43,8 сая шоометр модыг 320 гаруй мянган га газраас огтолж ашигласнаас гадна 1980 оноос хойш жилд дундажаар түймэрт 392.5 мянган га, хөнөөлт шавьж, өвчинд  101.1  мянган га талбайн ой тус тус өртсөн байна. Зөвхөн 1996-1997 онд 5.0 сая га талбайн ой түймэрт өртсөний дотор 500 гаруй мянган га  талбайн ой түймэрт хүчтэй шатаж сэргэн ургах чадваргүй болжээ. Үүнээс үндэслэн ойтой талбайн дөрөвний нэг нь мод бэлтгэл, түймэр, хөнөөлт шавьж, өвчин зэрэг гадны хүчин зүйлийн нөлөөнд өртсөн тооцоо гарч байгаа юм.

Ойн тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай, Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай хуулийг 1995-2000 онд тус тус батлан гаргаж хэрэгжүүлж байгаа боловч эдийн засгийн шилжилтийн үед ойн салбарын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, өмч хувьчлалыг оновчтой хийж чадаагүйгээс төв, орон нутагт ойн удирдлага, менежментийн  тогтолцоо алдагдаж, энэ талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажилд дорвитой ахиц гарахгүй байна.

Ойн тухай хуульд ой зохион байгуулалтын ажлыг        10 жилийн давтамжтайгаар явуулж байхаар заасан боловч одоогийн хүчин чадлаар тооцвол 23 жилийн давтамжтайгаар ой зохион байгуулалт хийх боломжтой  байна.

Сүүлийн жилүүдэд ойд хийх арчилгааны хэмжээ багасч, жилд дунджаар 500 га талбайгаас хэтрэхгүй байна. Харин ойн цэвэрлэгээг жилд дунджаар 1000 га талбайд явуулж, гарсан модыг төрөл бүрийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэдийн түлшний хэрэгцээг хангахад ашиглаж ирсэн болно.

1971 оноос ойг нөхөн сэргээх ажлыг төвлөрсөн төлөвлөгөөгөөр зохицуулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 88.7 мянган га талбайг ойжуулсан нь мод бэлтгэсэн талбайн 30 хүрэхгүй хувьтай тэнцэж байна. 1980-2000 онд жилд дунджаар 3,9 мянган га,  1996-1999 онд 4.6 мянган га, 2000 онд  9.0 мянган талбайд ойг нөхөн сэргээх, ойжуулалтын ажил хийсэн байна. Гэвч хөрөнгийн эх үүсвэргүйгээс тарьц, суулгац ургуулах, цөлжилт, хөрсний элэгдэлтэй тэмцэх арга хэмжээ  үлэмж  хоцрогдож байна.

Мөн хугацаанд Сэлэнгэ, Дорнод, Дархан-Уул, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн зарим сумдад тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдад цөлжилт, хөрсний элэгдэл, эвдрэлтэй тэмцэх зорилгоор тал, хээр, говийн бүсэд мод, сөөг тарьж ургуулах ажлыг хийж ирсэн.

Одоогоор жилд дунджаар 700.0 мянга гаруй шоометр мод бэлтгэн ашиглаж мод, модон бүтээгдэхүүн, түлшний дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ гадаадын зах зээлд  цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр нийлүүлж байгаа боловч мод бэлтгэх, боловсруулах чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн зориулалтын машин механизм, тоног төхөөрөмж хуучирч, үйлдвэрлэлийн технологи алдагдсанаас тэдгээрийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна. Үүний улмаас ой, модны салбар нь 1989 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 орчим хувийг эзэлж байсан бол 1998 онд  0.25 хувь болтол буурав. Манай оронд зам харилцаа, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцийн хөгжил сул байгаа нь ойг хамгаалах, зохистой ашиглах, улмаар нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулахад бэрхшээл учруулж, өртөг зардал өндөрсөж, үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлсээр байна.

 

Хоёр.Хөтөлбөрийн зорилго, зорилт

Хөтөлбөрийн зорилго нь экологийн тэнцвэр, тогтвортой хөгжлийн шаардлагад нийцүүлэн ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх чадавхийг дээшлүүлж байгаль орчин, ойн талаар төрөөс баримтлах бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход оршино.

Хөтөлбөрийн зорилт нь:

Нэг. Хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хохирлыг арилгах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, ойн үр өгөөжийг дээшлүүлэх, ойг хамгаалах ажилд дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх;

Хоёр. 1. Ойн аж ахуйн арга хэмжээг менежментийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, ой, ойн дагалт баялгийг зохистой ашиглах, ойн нөөц бүхий зарим бүс нутагт ойн төв зам байгуулах;

Хоёр. 2. Мод боловсруулах үйлдвэрүүдэд орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн нутагшуулж, модны ашиглалтын түвшинг дээшлүүлэн уламжлалт болон шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

(Хоёр дахь хэсгийг 2011-04-13-ны 113-р тогтоолоор өөрчлөн найруулсан )

Гурав. Мод сөөгний үр бэлтгэх, тарьц суулгац үржүүлэх ажлыг эрчимжүүлж, гол мөрний эх, мод бэлтгэсэн, түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн ойн талбайг эхний ээлжинд ойжуулж, тал хээр, говь, цөлд хамгаалалтын ойн зурвас, төгөл, ногоон хаалт байгуулах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх;

Дөрөв. Ой, модны салбарын менежмент, бүтэц зохион байгуулалтыг  боловсронгуй болгох;

Тав. Ойн салбарт шинжлэх ухаан, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

1.Хөтөлбөрийг дараахь хугацаанд хэрэгжүүлнэ:

– 1 дүгээр үе  2005 он хүртэл;

– 2 дугаар үе  2006-2010 он;

– 3 дугаар үе  2011-2015 он.

2.Ойн үндэсний хөтөлбөрийн дагуу аймаг, нийслэл бүр өөрийн онцлогт тохирсон дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

Дөрөв. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

 

Нэгдүгээр зорилтийн хүрээнд:

1. Ойн талбайн өөрчлөлтийг сансраас тандан судлах газар зүйн мэдээллийн системийг ашиглан ойн зураг үйлдэх техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлнэ. Ойн том масштабын гэрэл зургийг ашиглан  таксацын үзүүлэлтийг тогтоох, дээж талбай дээр шалгаж засварлах аргаар ой зохион байгуулалтын ажлын 20-иос доошгүй хувийг гүйцэтгэдэг болно.

2. Ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэх өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, ой зохион байгуулалтын ажлын  хүчин чадлыг 1,5-2,0 дахин нэмэгдүүлнэ.

 

3. Модны өсөлт, бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ойн арчилгаа, цэвэрлэгээг ойн мэргэжлийн болон ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад түшиглэн ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүс, залуучуудыг өргөн хамруулах замаар гүйцэтгэнэ.

4. Түймрээс сэргийлэх, түүнтэй тэмцэх төлөвлөгөөг аймаг, сумын хэмжээнд боловсруулан түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт жил бүр тусган санхүүжүүлнэ.

5. Улсын хилийн бүс, зарим шаардлагатай газруудад түймрээс хамгаалах харлуулсан зурвас татах, түймрийн эсрэг ойн зааг гаргах ажлыг зохион байгуулах зэргээр түймрийн тархалтаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6. Сансраас тандан судлах, агаарын харуул гаргах, ой бүхий аймаг, сумдад улирлын урамшилтай эргүүл ажиллуулах замаар гарсан түймрийг шуурхай илрүүлэх арга хэмжээ авч, түймэр унтраах бүлгийг зохион байгуулна.

7. Ой бүхий аймаг, Улаанбаатар хот дахь байгалийн гамшиг, гал түймэртэй тэмцэх нэгжийг холбооны болон түймэр унтраах техник, багаж хэрэгслээр хангана.

8. Үүлэнд нөлөөлж, зориудаар хур тунадас оруулах ажлыг өргөтгөх замаар түймрээс сэргийлэх, гарсан түймрийг хохирол багатай унтраах арга хэмжээ авна.

9. Ойн хөнөөлт шавьж, өвчний судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлж, хөнөөлт шавьжийн тархалт, олшролтын магадлал, төлвийг нарийвчлан тогтоож урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

10. Ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх хэсэг, судалгааны лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчилж, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах арга хэмжээ авна.

11. Ойн хөнөөлт шавьж, өвчинтэй биологийн болон  байгальд халгүй бусад аргаар тэмцэх ажлыг өргөжүүлж, шаардлагатай бодис бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх ажлыг зохион байгуулна.

Хоёрдугаар зорилтын 1-ийн хүрээнд:
(Энэ хэсгийг 2011-04-13-ны 113-р тогтоолоор өөрчлөн найруулсан)
1. Ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөл бүр ойн менежментийн төлөвлөгөөний дагуу ажиллаж хэвших;

2. Мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдийг техник технологио бие дааж шинэчлэх чадвар бүхий төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж болгон бүсчлэн байгуулж ажиллуулах;

3. Мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагад ойн санг гэрээгээр эзэмшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах;

4. Мод, модон материалын биржийг нийслэл хот болон ойн нөөц бүхий зарим бүс нутагт зохион байгуулж ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах;

5. Модон зүсмэл материал бэлтгэхэд зөөврийн болон суурин ажиллагаатай зүсвэрийн туузан хөрөөг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

6. Ашиглах боломжтой ойн дагалт баялгийн нэр төрөл, нөөцийг тогтоож, тэдгээрийн байршил, түүж ашиглах хугацааг бүс нутгаар гаргаж мөрдүүлэх;

7. Самар, жимс, мөөг, эмийн ургамал зэрэг ойн дагалт баялгийг бэлтгэж ашиглах заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж мөрдүүлэх;

8. Ойн хортон шавьжинд нэрвэгдсэн, түймэрт өртсөн, өтлөн хуурайшиж хатсан мод, унанги болон бэлтгэсэн модны үзүүр, ёзоор, тайрдас, хаягдлыг дахин боловсруулж, цэвэр модон материал орлох төрөл бүрийн хавтан, наамал дүнз, дүнзэнцэр үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэр эрхлэх аж ахуйн нэгжийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих;

9. Төмөр замын дэрийг модноос өөр материалаар орлуулах арга хэмжээг зохион байгуулах;

10. Модны шилмүүснээс эфирийн тос, витаминт нунтаг, эмчилгээний ханд болон шинэс, нарс модноос давирхай олборлон канифол, скипидар, хус модноос нүүрс гарган авах үйлдвэрлэлийг ой модны үйлдвэрүүдийг түшиглэн байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх арга хэмжээг дэс дараалалтай авч хэрэгжүүлэх;

11. Ойн дагалт баялгийг бэлтгэж, боловсруулах ажлыг өргөжүүлэх, нэр төрлийг олшруулах замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

12. Ойн дагалт баялаг болох зэрлэг жимс, самар, мөөг, хүнсний болон эмийн ургамлыг бэлтгэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

13. Ойн төв зам байгуулах бүс, нутаг дэвсгэрийг тогтоох судалгаа хийж, төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлох;

14. Ойн нөөц бүхий зарим аймагт улсын төсөв, гадаадын хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн хөрөнгөөр ойн төв зам шинээр байгуулж эхлэх.

Хоёрдугаар зорилтын 2-ын хүрээнд:

1. Импортын мод, модон материалыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж хуулийн төсөл боловсруулах;

2. Төрөл бүрийн модлог хавтан, фанер, барилгын хаалга, цонх, паркетан шал зэрэг зарим нэрийн бүтээгдэхүүний дотоод зах зээлийг хамгаалах асуудлыг судалж санал боловсруулах;

3. Төсвийн байгууллагын захиалгат мебель болон модон тавилгыг үндэсний үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж үйлдвэрлүүлэх чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах;

4. ОХУ-аас бөөрөнхий мод, зүсмэл материал хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлох, тус улсад ойн сан гэрээгээр эзэмших чиглэлээр холбогдох талтай хэлэлцээ хийх санал тавих, хамтран ажиллах;

5. Ахуйн хэрэглээний болон барилгын зориулалттай модон бүтээгдэхүүний стандартыг шинэчлэх, шинээр боловсруулж батлуулах замаар бүтээгдэхүүний чанарыг олон улсын жишигт хүргэх ажлыг зохион байгуулах;

6. Модон материалыг хаягдалгүй иж бүрэн ашиглах техник технологийг нутагшуулах үйлдвэрүүдийг хөрөнгө оруулалтын болон санхүүгийн түрээсийн зээлд хамруулах ажлыг зохион байгуулах;

7. Малчид, хөдөөгийн иргэдийн өргөн хэрэгцээний модон эдлэл, гэрийн мод үйлдвэрлэх жижиг үйлдвэрүүдийг Архангай, Булган, Дорнод, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, төв суурин газруудад байгуулах төслийг хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дэмжиж хэрэгжүүлж эхлэх;

8. Үйлдвэр технологийн паркийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинэ дэвшилтэт техник технологи бүхий ”Барилгын модон хийцийн цогцолбор үйлдвэр” -ийг байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;

9. Олон улсын стандарт, чанарын шаардлага хангасан модон материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, модон бүтээгдэхүүний импортын хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авах;

10. Ойн нөөцгүй бүс нутгийн мод боловсруулах жижиг үйлдвэрүүдийг модон материал, бэлдэцээр хангах арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах;

11. Наамал, матмал модон эдлэл, фанер, мебелийн хуулга үйлдвэрлэх дэвшилтэт технологи бүхий жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулахад дэмжлэг үзүүлэх;

12. Дотоодын үйлдвэрүүдийн модон бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн, худалдаанд салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг зохион байгуулалттай оролцуулах;

13. Ойгоос бэлтгэн ашиглаж байгаа нэг шоометр модны ашиглалтыг 60-аас доошгүй хувьд хүргэх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх.”
Гуравдугаар зорилтын хүрээнд:

1. Ой ургамалжилтын мужуудад селекцийн үнэлгээ хийж, үрийн хэсгийг тусгаарлаж  мод, сөөгний үр бэлтгэх ажлын хэмжээг нэмэгдүүлж, зонхилох модны сайн чанарын үрийн байнгын нөөцийн сан бий болгоно.

2. Үрийн лабораторийн тоног төхөөрөмж,багаж хэрэгслийг шинэчилж, зөвхөн стандартад тэнцсэн үрээр тарьц суулгац ургуулах, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэнэ.

3. Сор, шилмэл модыг сонгон авч ойн үрийн плантаци байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

4. Ойжуулах болон бэлчээр, тариалангийн талбайг хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилтөөс хамгаалах ойн зурвас байгуулах, хот цэцэрлэгжүүлэлтэд шаардагдах тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрууд байгуулахыг дэмжиж, санхүүгийн туслалцаа үзүүлнэ.

5. Модны үр, боргоцой бэлтгэх, тарьц, суулгац бойжуулах, ойг тарьж ургуулах ажилд нутгийн иргэд, сурагчид, залуучууд, олон нийтийг өргөн оролцуулж, ойг нөхөн сэргээх ажлыг жилд 10.0 мянгаас доошгүй га талбайд гүйцэтгэнэ.

6. Үр, боргоцой бэлтгэх, тарьц, суулгац бойжуулах ажлыг механикжуулах, энгийн гар багаж,  техник хэрэгслийн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулна.

7. Мод үржүүлэг, ойжуулалтын ажлын техник, технологийг боловсронгуй болгож энгийн, бага оврын техник хэрэгслээр хангана.

8. Ойг байгалийн аясаар болон зориудаар нөхөн сэргээх хялбар, өгөөжтэй арга технологийг ой ургамалжилтын муж, бүс нутгийн онцлогт тохируулан ялгавартай тогтоож, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.

9. Ойг нөхөн сэргээх ажлыг зураг төслийн дагуу хийж, ойжуулалтын ажил явуулах, түүний үр дүнг тооцох, хүлээн авах, улсын ойн санд шилжүүлэх, санхүүжүүлэх, урамшуулах журмыг боловсронгуй болгож хэрэгжүүлнэ.

10. Ойг нөхөн сэргээх, говь, тал, хээрийг ойжуулахад шаардагдах үр, тарьц, суулгацын хэмжээ, үр, боргоцой бэлтгэх, тарьц, суулгац бойжуулах, ойг тарьж ургуулах ажлын норм, үнэлгээ, зардлын хэмжээг шинэчлэн тогтооно.

11. Жил тутам Дэлхийн байгаль хамгаалах өдрийг угтаж  бүх нийтээр мод тарих 10 хоногийн хөдөлгөөнийг аймаг, сум бүрээр зохион байгуулна.

12. Ойг тарьж ургуулах, нөхөн тарилт хийх, арчлан хамгаалах, ойн санд шилжүүлэх ажлын тасралтгүй ажиллагааг хангаж, ойжуулалтын ажлын бүртгэл, тооцоог сайжруулна.

13. Цөлжилттэй тэмцэх, тариалангийн талбайн хөрс, бэлчээрийг хамгаалах зорилгоор ойн зурвас, төгөл байгуулах ажлыг бүх талаар дэмжиж, урамшуулах бодлогыг хэрэгжүүлнэ.

14.Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ойн санг тэдгээрт өмчлүүлнэ.

15.Хот, суурин газар болон түүний дэвсгэр нутагт шинээр баригдах барилгын газрын зөвшөөрөл олгохдоо барилгын орчны талбайг цэцэрлэгжүүлэх асуудлыг төлөвлүүлж хэрэгжүүлдэг журамд шилжинэ.

Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:

1. Ойн нөөц бүхий аймаг болон нийслэлийг орон нутаг дахь мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах үүрэг бүхий ой, модны асуудал хариуцсан албатай болгоно.

2. Орон нутаг дахь мэргэжлийн байгууллагыг өмчийн бүх хэлбэрээр зохион байгуулна.

3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаан дахь ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогын хэрэгжилтийн асуудлыг уялдуулан зохицуулах тогтолцоог боловсронгуй болгон хэвшүүлнэ.

4. Төрийн бус байгууллагатай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага гэрээ байгуулсны үндсэн дээр ойг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг төсвийн болон өөрийн хөрөнгөөр гүйцэтгүүлэх хэмжээг нэмэгдүүлнэ. Төрийн бус байгууллагуудыг ой, модны чиглэлээрхи үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, техник, технологи, бизнесийн мэдээллээр хангах, төсөл боловсруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаанд оролцуулна.

5. Иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж аж ахуйн нэгжийн хэлбэрээр ойн баялгийг арчлан хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах хөдөлгөөнийг дэмжинэ.

Тавдугаар зорилтын хүрээнд:

1. Ойн холбогдолтой хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн хүрээнд шинэчлэлт хийж, хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлнэ.

2. Ойн баялгийн ач холбогдол, ойн талаар гарсан хууль тогтоомж, түүний хэрэгжилтийг сурталчлах ажлыг өргөнөөр зохион байгуулна.

3. Ойн хууль тогтоомж, ойн тооллого бүртгэл, ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээх ажлын талаар нутгийн захиргааны удирдлагуудад тодорхой мэдлэг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна.

4. Ойн экосистемийн өөрчлөлт, түүний тэнцвэрт байдлыг хангах, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх дэвшилтэт техник, технологи эзэмших шинжлэх ухааны үндэслэл боловсруулах судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ.

5. Тал, хээрийн бүс, цөл, цөлийн хээрт бэлчээр, тариалангийн талбайг хөрсний элэгдэл, цөлжилтөөс хамгаалах бэлчээрийн болон хөдөө аж ахуйн таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх зорилго бүхий ойн зурвас, төгөл, ногоон хаалт ургуулахад ашиглах модны төрөл зүйл, бүрдлийг сонгож, тэдгээрийг тарьж ургуулах агротехник, технологийг боловсруулна.

6. Тусгай хамгаалалттай газар нутгийн ойн менежментийг хөгжүүлэх, ойтой нутгийн биологийн төрөл зүйлийг хамгаалах, ойн хөрс, ус хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар судалгаа явуулж үр дүнг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.

7. Мод боловсруулах үйлдвэрлэлээс гарах хаягдал, өөдсийг ашиглах, түүхий эдийг гүнзгий боловсруулах, өргөн хэрэглээний мебель, модон эдлэл үйлдвэрлэх технологи боловсруулах, ойн химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн туршилт судалгаа явуулна.

8. Ойн аж ахуй, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийн шинжлэх ухааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авна.

9. Ойн салбарын мэдээ, мэдээллийн боловсронгуй тогтолцоог бий болгож, чадавхийг дээшлүүлнэ.

10.Ойн салбарын мэргэжлийн боловсон хүчин  бэлтгэдэг үндэсний дээд, тусгай мэргэжлийн сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэн өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.

11. Ойн салбарт ажиллаж байгаа болон бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнийг дотоод, гадаадын  урт, богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулна;

12. Ой, модны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг гардан гүйцэтгэх менежер, мэргэжлийн ажилчин бэлтгэх, давтан сургах ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлнэ.

13. Хил дамжсан түймрээс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар хөрш орнуудтай Засгийн газар хооронд гэрээ байгуулж хамтран ажиллана.

14. Хөтөлбөрийн хүрээнд гадаад орон, олон улсын байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж ажиллана.

 

Тав. Хөтөлбөрийн үр дүн

     1. Ой, модны салбарын менежмент, бүтэц зохион байгуулалт сайжирч, эрх зүй, эдийн засгийн нэгдсэн тогтолцоо бий болж, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд чанарын ахиц гарч, байгаль орчин-хөгжлийн тогтвортой үр дүнд хүрнэ.

2. Ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг багасгах нөхцөл бүрдэнэ.

3. Ой зохион байгуулалтыг 10 жилийн давтамжтайгаар явуулж, ойн нөөц, бусад дагалт баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй ашиглах боломжийг бүрдүүлнэ.

4. Огтолсон модны ашиглалтын түвшин дээшилж, бүтээгдэхүүний чанар, нэр төрөл нэмэгдэнэ.

5. Дотоодын мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай модон бүтээгдэхүүн экспортлоно.

6. Ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах замаар хүн амын хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.

7. Ойн салбарын үйл ажиллагаанд нутгийн иргэдийн оролцоо, идэвхи санаачилга дээшилж, ажлын байр болж өрхийн орлого нэмэгдэнэ.

8. Мод, сөөгний үрийн улсын байнгын нөөцтэй болж, ойжуулалтад шаардагдах тарьц, суулгацын хэрэгцээг бүрэн хангана.

9. Шинээр мод бэлтгэсэн талбайг бүрэн ойжуулахын хамт өмнөх жилүүдэд модыг нь огтолсон болон хөнөөлт шавьж, өвчин, түймэрт нэрвэгдсэн талбайн 15 хүртэл хувийг сэргээн ойжуулна.

10. Бэлчээр, тариалангийн талбайг хөрсний элэгдлээс хамгаалах, ургац нэмэгдүүлэх, цөлжилтийг сааруулах экологи, нийгэм, эдийн засгийн тааламжтай нөхцөл бүрэлдэнэ.

Зургаа.Санхүүжилт

Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний санхүүжилт нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

1. Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

2. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хуульд заасан орлогын зохих хувь хэмжээ;

3. Аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө;

4. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;

5 Ой, модны чиглэлийн бизнесийн байгууллага, хувь хүмүүсийн хуримтлал;

6. Гадаад орон, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс хэрэгжүүлэх төсөл,  өгч буй тусламж, дэмжлэг, хандивын хөрөнгө;

7. Гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагын зээлийн хөрөнгө;

8. Ядуурлыг бууруулах сан;

9. Бусад эх үүсвэр.

 

Долоо. Хөтөлбөрийн удирдлага

       зохион байгуулалт

     1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Үндэсний хороо гүйцэтгэх бөгөөд түүний бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална. Хорооны нарийн бичгийн дарга нь орон тооны ажилтан байна./ЗГ-ын 2012 оны 117-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Үндэсний хорооны үйл ажиллагааны чиглэл:

-хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;

-хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж үнэлгээ өгөх, хөтөлбөрт өөрчлөлт оруулах саналыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх;

-хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд оролцогч төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

-орон нутгийн салбарыг арга зүй удирдамжаар хангах;

-хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах.

3. Үндэсний хорооны орон нутгийн салбарыг аймаг, нийслэлийн Засаг дарга тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид томилно. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан бүрэлдэхүүнийг Засаг дарга Үндэсний хороонд танилцуулна. Орон нутгийн салбар нь хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж үр дүнг Үндэсний хороонд тайлагнах үүрэг хүлээнэ.

Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт

Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

1. Ойн тухай хууль тогтоомж, стандарт, ойн менежментийн төлөвлөгөө болон энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар холбогдох байгууллага, иргэний нийгэм, эрдэмтэд, шинжээчийн хөндлөнгийн үнэлгээ;

2. Ойг хамгаалах, нөхөн сэргээх, мод, түүний дагалт баялгийг ашиглах чиглэлээр шинэ техник технологи нутагшуулан нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, нөхөрлөлийн тоо, тэдгээрийн эдийн засгийн үр дүн;

3. Ойжуулах ажил, ойн зам байгуулах арга хэмжээ болон техник технологийн шинэчлэлтэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний өсөлт;

4. Мод, сөөгний үрийн улсын нөөц болон иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжийн бэлтгэсэн мод, сөөгний үрийн нөөцийн хэмжээ, түүний өсөлт;

5. Шинээр байгуулсан мод үржүүлгийн газрын тоо, нэмэгдсэн ажлын байр, жил бүрийн ойжуулсан талбайн хэмжээ, түүний дотор хөнөөлт шавьж, өвчинд өртсөн болон түймэрт нэрвэгдсэн талбайн ойжуулалтын хэмжээ, нийт тарьсан мод, түүний ургалтын хувь, улсын ойн санд хүлээлгэн өгсөн таримал ойн хэмжээ (га);

6. Мод бэлтгэлийн аж ахуйн нэгж, иргэний өөрийн хөрөнгөөр хийсэн ойжуулсан талбай, тавьсан ойн замын тухай үзүүлэлтүүд;

7. Ойг хамгаалах, нөхөн сэргээх, ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах болон мод тарих ажилд орон нутгийн иргэдийн оролцооны хувь, иргэдийн орлогын өсөлт;

8. Мод бэлтгэлийн аж ахуйн нэгж, мод боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, чанарын үзүүлэлтүүд, модны ашиглалтын түвшний хувь;

9. Олзворлож боловсруулсан ойн дагалт баялгийн нэр төрөл, тоо хэмжээ;

10. Модон бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний хангалтын хувь.”

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл
1. Нэр томъёо

Энэхүү хөтөлбөрт хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.1. Цөлжилт гэж НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид ”уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг олон янзын хүчин зүйлийн нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газрын доройтол болох”-ыг тодорхойлсныг;

1.2. Цөлжилттэй тэмцэх, цөлжилтийг сааруулах гэж цөлжих эрсдэлтэй газар нутгийг цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, элсний нүүдлийг зогсоох, уул уурхайн нөхөн сэргээлт хийх, тариалангийн талбайн хөрс хамгаалах, усалгааны систем, ойн зурвас байгуулах, бэлчээрийн даацыг тохируулах болон цөлжиж байгаа газар нутгийг нөхөн сэргээх, мод, бут тарих, ургамалжуулах, усан сан байгуулах, гангийн нөлөөг бууруулах зэрэг үйл ажиллагааг;

1.3. Гангийн нөлөөг бууруулах гэж цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд ганг урьдчилан мэдээлэх, нийгэм, байгаль орчныг гангийн нөлөөллөөс хамгаалах үйл ажиллагаа зэргийг.

2. Монгол орны цөлжилтийн төлөв байдал

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенци (цаашид ”ЦТК” гэх)-ийн тодорхойлолтыг үндэслэн тооцвол Монгол Улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагдах бөгөөд эдгээрээс үнэлгээ, зураглалын өнөөгийн үр дүнгээр цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5.0 хувь, хүчтэй зэрэглэлд 18.0 хувь, дунд зэрэглэлд 26.0 хувь, сул зэрэглэлд 23.0 хувь нь тус тус хамрагдах болжээ. Энэ нь тодорхой бүс нутагт цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 72 хувь хүртэл өргөжсөн байгааг харуулж байна.

Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд ихэвчлэн хамрагдаж байна. Говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртсөн байна.

3. Монгол орны цөлжилт, газрын доройтолд нөлөөлж байгаа хүчин зүйлс

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манай оронд 1940-2007 онд агаарын жилийн дундаж температур 2.10С-аар дулаарч, бүх нутгаар дулаарах хандлагатай болжээ. Дулаарлын үйл явцын нөлөөн дор жилийн нийлбэр хур тундасны хэмжээ нутгийн төв, өмнөд хэсгүүдэд бага хэмжээгээр буурч байна.

Хур тундасны хэмжээнээс гадна зуны хур борооны шинж байдал өөрчлөгдөн томоохон нутаг хамарсан зүс бороо орох тохиолдол багасч, ихэвчлэн түр зуурын аадар бороо зурвас газраар орох болжээ. Эрдэмтдийн судалгаагаар хуурайшил тал хээр, говь цөлийн бүсэд олон жилийн дунджаас 3.2-10.0 хувь, ой хээрийн бүс, өндөр уулын бүслүүрт 10-15 хувиар нэмэгдсэн байна. Дулааны улиралд агаарын температур огцом нэмэгдэж, хур тундас буурч байгаа нь байгалийн өнөөгийн хуурайшил, гандалтын гол шалтгаан юм.

Манай орны бүх бүс нутагт ган, зуд тохиолдох магадлалтай бөгөөд хуурай болон хуурайвтар бүс нутагт гол төлөв давтамж өндөртэй байна. Тал хээр, говийн бүсийн нутагт шороон шуургатай өдрийн тоо 1960 онтой харьцуулахад 3-4 дахин өсч, говь болон Их нууруудын хотгорт жилийн 61-127 өдөр нь шороон шуургатай байна. Энэ нь элсний нүүлт ихсэх, цөлжилт нэмэгдэх хүчин зүйл болж байна.

Уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр гадаргын усны хэмжээ эрчимтэй буурсан нь цөлжилтөд нөлөөлж байна. Газрын уст цэгийн 2007 оны мэдээг 1970 оныхтой харьцуулахад нийт 887 гол, горхи, 2096 булаг шанд, 1166 нуур, тойром хатаж ширгэсэн байна.

Монгол орны хувьд бэлчээрийн талхлагдал нь цөлжилт, газрын доройтлын үндсэн хүчин зүйл болж байна. Энэ нь бэлчээрийн газрыг ашиглах талаархи бодлого, зохицуулалт муу байгаагийн үр дагавар юм. Монгол Улсын мал сүрэг сүүлийн жилүүдэд тогтвортой өсч, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын тайлан мэдээнд дурдсанаар бэлчээрийн даац 32.5 хувиар буюу 16 сая хонин толгойгоор хэтэрсэн байна. Сүргийн бүтцэд гарсан өөрчлөлтийн улмаас ямааны тоо огцом өсч, нийт сүргийн 46 хувийг эзлэх болсон нь бэлчээрийн талхагдлын бас нэг гол шалтгаан болж байна.

1970-аад оноос говийн бүсийн төв суурин газрын түлшний хэрэгцээнд заг модыг их хэмжээгээр хавтгайруулан бэлтгэдэг болсноос 125.0 мянган га газрын заг бүрэн устаж, 370 гаруй мянган га газрын заг байгалийн аясаар сэргэж ургах чадвараа алдаж, цөлжилт идэвхжих нэг гол шалтгаан болжээ. Мөн олон салаа авто зам гарч, уул уурхайн зориулалтаар газрыг ухаж сэндийлэх, тариалангийн талбайг элэгдэл эвдрэлд оруулах зэргээр хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан цөлжилтийн илрэлүүд эрчимжиж байна.

4. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулах шаардлага, үндэслэл

2010-2020 онд хэрэгжүүлэх Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулах болсон үндэслэлийг дараахь байдлаар тодорхойлж байна:

4.1. ХХI зуунд цөлжилт, газрын доройтолтой холбоотой нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд хүн төрөлхтөний өмнө тулгараад байна. Цөлжилт, газрын доройтол, биологийн төрөл зүйлийн хомсдол, уур амьсгалын нөлөөг бууруулахад иргэдийн оролцоог бүрэн хангасан шинэ бодлого, үйл ажиллагааг боловсруулан хэрэгжүүлэх, цөлжилттэй тэмцэх, цөлжилтийг сааруулахад шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг ашиглах, мэдлэгийг бий болгох нь чухал байна. Энэ нь зөв тодорхойлогдсон зорилго, зорилт, урт хугацааны зохистой төлөвлөлт чухал шаардлагатайг харуулж байна.

4.2. 2007 онд болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 8 дугаар бага хурлаас Цөлжилттэй тэмцэх 10 жилийн стратегийг; 2009 онд болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 9 дүгээр бага хурлаас 2010-2020 оныг цөлжилттэй тэмцэх 10 жил болгох шийдвэрийг тус тус батлан гаргасан бөгөөд энэхүү стратеги, баримт бичигт тусгагдсан зорилт, үйл ажиллагаатай уялдуулж конвенцийн Талууд өөрийн үндэсний хөтөлбөрийг боловсруулах талаар нэгдсэн ойлголтод хүрсэн;

4.3. Хөтөлбөрийг Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого зэрэг тулгуур баримт бичгүүдийн үзэл санаатай уялдуулан боловсруулах шаардлагатай байна. 2009 оны 5 дугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар Монгол орны цөлжилтийн явц, шалтгаан, түүний эрчийг сааруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын тухай илтгэлийг хэлэлцээд гаргасан зөвлөмжид Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Үндэсний хөгжлийн цогц бодлоготой уялдуулан шинэчлэн боловсруулах чиглэл гаргасан.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, тэргүүлэх чиглэл, зорилтууд, хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагаа, хугацаа

5. Нийтлэг зорилт, бодлогод оруулах хувь нэмэр

Монгол Улсын Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр нь цөлжилттэй тэмцэх талаар олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргийг биелүүлэх болон дараахь нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн болно:

5.1. Тогтвортой хөгжлийн үзэл санааг үндэсний хөгжлийг хангах бодлого, хөтөлбөрт тусгах замаар байгаль орчны доройтлыг бууруулах талаар байгаль орчны тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн Мянганы хөгжлийн 7 дугаар зорилт;

5.2. Хөдөөгийн хөгжил, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, ус, ой, байгалийн нөөцийг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээрх зорилтуудыг хэрэгжүүлэх талаар Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого;

5.3. Цөлжилттэй тэмцэх конвенцийн 10 жилийн (2008-2018) стратеги, НҮБ-аас 2010-2020 оныг Дэлхийн цөлжилттэй тэмцэх 10 жил болгон зарласантай холбогдсон бодлого, үйл ажиллагаа.

6. Хөтөлбөрийн эрхэм зорилго

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн эрхэм зорилго нь цөлжилттэй тэмцэх, цөлжилтийг сааруулах, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх замаар байгаль орчны тэнцвэрт байдлыг хангаж, цөлжилтөд өртсөн нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд оршино.

7. Энэхүү эрхэм зорилгод хүрэхийн тулд дараахь тэргүүлэх чиглэлийг тодорхойлж байна:

7.1. Байгууллагын чадавхийг бэхжүүлэх;

7.2. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

7.3. Шинжлэх ухаан, технологийн мэдлэгийн хүрээг өргөжүүлэх;

7.4. Сурталчилгаа, оролцоог нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих;

7.5. Орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх бодит арга хэмжээг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.

8. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

8.1. Бодлого тодорхойлох, шийдвэр гаргахдаа олон нийт, иргэдийн оролцоонд түшиглэх;

8.2. Салбар дундын хамтын ажиллагааг хангах;

8.3. Нутгийн захиргаа, иргэдийн хамтын ажиллагааны орон нутгийн байгалийн нөөцийн удирдлагыг шинэчлэн зохион байгуулах;

8.4. Иргэдийн шууд оролцоог хангах урамшуулалтай байх;

8.5. Цөлжилт, газрын доройтлын аюул нүүрлээд байгаа газарт хөрөнгө оруулалтыг түлхүү чиглүүлэх, доройтлын хэм хэмжээ өндөртэй нутагт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, бодит үр ашиг бий болгох үйл ажиллагааг дэмжин ажиллах;

8.6. Цөлжилтөөс нүүдлийн соёл иргэншилд үзүүлэх хор хөнөөлийн хохирогч нь хүн өөрөө гэдгийг иргэн бүрт ойлгуулах.

9. Хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд дараахь зорилтыг тавьж байна:

9.1. ”Байгууллагын чадавхийг бэхжүүлэх” тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь үр дүнд хүрнэ:

9.1.1. Зорилт 1. Цөлжилттэй тэмцэх үндэсний хороог хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган уялдуулан, зохицуулах чадавхитай болгох чиглэлээр шинэчлэн зохион байгуулж ажиллуулна;

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

9.1.1.1. Цөлжилттэй тэмцэх үндэсний хороог салбар хоорондын ажлын уялдааг хангаж чадахуйц бүрэлдэхүүнтэй болгон шинэчлэх;

9.1.1.2. байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны орон тооны ажлын албыг байгуулж ажиллуулах;

9.1.1.3. үндэсний хорооны ажлын алба болон орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал хариуцсан удирдлага, мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх.

9.1.2. Зорилт 2. Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар цөлжилттэй тэмцэх талаар Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг салбарын болон орон нутгийн бодлого, хөтөлбөр, төсөвт тусган үр дүнтэй хэрэгжүүлж тайлагнана.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

9.1.2.1. яамд салбарын бодлого, хөтөлбөр, төсөл, арга хэмжээндээ цөлжилттэй тэмцэх хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг тусган хэрэгжүүлж тайлагнадаг байх;

9.1.2.2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг өөрийн хариуцсан ажлын хүрээнд цөлжилттэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулж тайлагнах;

9.1.2.3. аймаг, нийслэл, сум, дүүрэг цөлжилттэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг зохион байгуулж тайлагнах;

9.1.2.4. хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хариуцсан яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагын үр дүнгийн гэрээнд цөлжилттэй тэмцэх ажлыг тусган дүгнэдэг болох.

9.1.3. Зорилт 3. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг иргэд, хувийн хэвшил, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө болон гадаад орон, олон улсын байгууллагын тусламж, дэмжлэгээр бүрдүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

9.1.3.1. цөлжилттэй тэмцэхэд шаардлагатай санхүүгийн болон техник, технологийн нөөцийг бүрдүүлэх;

9.1.3.2. цөлжилттэй тэмцэх ажилд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байх;

9.1.3.3. цөлжилттэй тэмцэх, цөлжилтийг сааруулах чиглэлээр олон улсын байгууллага болон гадаад орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх;

9.1.3.4. төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгаль хамгаалах, цөлжилттэй тэмцэх, цөлжилтийг сааруулах чиглэлээр хөгжүүлэх.

9.1.4. Зорилт 4. Боловсон хүчний чадавхийг сайжруулна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

9.1.4.1. цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны ажлын албаны болон орон нутаг дахь менежерүүдийн чадавхийг бэхжүүлэх;

9.1.4.2. цөлжилт, газрын доройтлын төлөв байдалд хяналт-шинжилгээ хийх, чиг хандлагад үнэлгээ өгөх, цөлжилттэй тэмцэх технологи, арга барилыг боловсруулах, баримтжуулах, технологи дамжуулах эрдэм шинжилгээний байгууллагын чадавхийг гадаадын тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийн дэмжлэгтэйгээр бэхжүүлэх;

9.1.4.3. цөлжилттэй тэмцэх, цөлжилтийг сааруулах, сэргийлэх уламжлалт мэдлэг, шинэ арга барил, дэвшилтэт технологийн талаар иргэдэд зориулсан сургалт зохион байгуулах, сурталчилгаа явуулах.

9.2. ”Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох” тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь үр дүнд хүрнэ:

9.2.1. Зорилт 1. Цөлжилттэй тэмцэх, сэргийлэх, цөлжилтийг сааруулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгосон байна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

9.2.1.1. цөлжилттэй тэмцэхэд байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлэх суурь нөхцөл болох байгаль ашиглагчдын эрх, үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэх хөшүүргийг бодлого, хууль эрх зүйн түвшинд тодорхойлох;

9.2.1.2. хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар хуулийн төсөл боловсруулах;

9.2.1.3. салбар дундын зохицуулалтыг бодлого, хууль эрх зүйн баримт бичигт тусгах;

9.2.1.4. газрын элэгдэл, эвдрэл, цөлжилтийн төрөл, ангилал, зэрэглэлийг тогтоох журам боловсруулж мөрдөх.

9.3. ”Шинжлэх ухаан, технологийн мэдлэгийн хүрээг өргөжүүлэх” тэргүүлэх чиглэлийн зорилтын хүрээнд дараахь үр дүнд хүрнэ:

9.3.1. Зорилт 1. Цөлжилтийн үндэсний нэгдсэн мэдээллийн сантай болно.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

9.3.1.1.цөлжилт, газрын доройтлын чиг хандлагыг үнэлэх арга зүйг шинэчлэн тодорхойлох;

9.3.1.2. цөлжилтөд өртсөн нутгийн биофизикийн болон нийгэм, эдийн засгийн суурь үнэлгээг хийх;

9.3.1.3. цөлжилт, газрын доройтлын төлөв байдал, цаашдын хандлагын талаархи мэдээллийн нэгдсэн сан байгуулах.

9.3.2. Зорилт 2. Цөлжилт хүчтэй болон нэн хүчтэй илэрсэн бүс нутагт цөлжилт, цөлжилтийн үйл явцыг судлах хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээ байгуулагдана.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

9.3.2.1. ган, цөлжилт, газрын доройтлын хяналт-шинжилгээний нэгдсэн мэдээллийн сан бий болгох;

9.3.2.2. ган, цөлжилт, газрын доройтлын байдалд хяналт-шинжилгээ хийх аргачлалыг боловсронгуй болгох;

9.3.2.3. үндэсний хэмжээний хяналт-шинжилгээний сүлжээг байгуулах.

9.3.3. Зорилт 3. Цөлжилтийн судалгааны төвд цөлжилт, газрын доройтлыг сааруулах технологи, арга барилын мэдээллийн сан бүрдүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

9.3.3.1. шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор цөлжилт, газрын доройтлын суурь хүчин зүйл, тэдгээрийн үр нөлөөний талаархи мэдлэг, мэдээллийг бий болгох;

9.3.3.2. цөлжилттэй тэмцэх ажлыг шинжлэх ухааны мэдлэг, технологитой уялдуулах зорилгоор олон улсын, үндэсний болон уламжлалт технологи, арга барилыг турших, баримтжуулах, нийтэд түгээх ажлыг эрчимжүүлэх.

9.4. ”Сурталчилгаа, оролцоог нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих” тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь үр дүнд хүрнэ:

9.4.1. Зорилт 1. Бүх шатны боловсролын түвшинд тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмшүүлэх ажлын хүрээнд байгаль экологийг доройтуулж байгаа болон цөлжилтийг үүсгэж байгаа хүчин зүйл, хор уршгийн талаархи мэдлэгийг хүүхэд, залуучуудад эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

9.4.1.1. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын ”Тогтвортой хөгжлийн боловсролын арван жил” хөтөлбөрийн үзэл санааг ерөнхий боловсролын хөтөлбөрт тусгах;

9.4.1.2. байгальд ээлтэй сургууль болохыг дэмжих замаар сурагч, багш, эцэг эхийн байгаль орчныг хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх.

9.4.2. Зорилт 2. Цөлжилтийг нэмэгдүүлж байгаа шалтгаан, хүчин зүйл, үр дагаврын талаархи мэдлэгийг дээшлүүлэх, цөлжилттэй тэмцэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мэдээллээр хангана.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

9.4.2.1. цөлжилт, түүнд хүргэж байгаа хүчин зүйлсийн талаархи олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг мэдээллийн бүхий л хэрэгслээр сургалт, сурталчилгаа, ярилцлага зэрэг арга хэлбэрээр тогтмол зохион байгуулах;

9.4.2.2. цөлжилттэй тэмцэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хийж байгаа ажлыг урамшуулах, дэмжихэд чиглэсэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах.

9.4.3. Зорилт 3. Бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад шинжлэх ухаанд үндэслэсэн мэдээллийг хүргэх замаар зохистой шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

9.4.3.1. цөлжилттэй тэмцэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодлого, хууль, эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдыг үнэн зөв мэдээллээр тогтмол хангаж тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж шийдвэр гаргахад зөв нөлөө үзүүлэх.

9.5. ”Орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх бодит арга хэмжээг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх” тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь үр дүнд хүрнэ:

9.5.1. Зорилт 1. Орон нутгийн түвшинд байгаль хамгаалал, байгалийн нөөц ашиглалтын менежментийг боловсронгуй болгох, бодит арга хэмжээг зохион байгуулах замаар цөлжилтийг сааруулна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

9.5.1.1. орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор газрын боломжит нөөцийн зохистой ашиглалтыг хангаж чадахуйц газар зохион байгуулалтын төлөвлөлтийг шинэчлэн боловсруулах;

9.5.1.2. орон нутгийн усны ашиглалтыг оновчтой болгох зорилгоор доройтол илэрсэн болон эрсдэл өндөртэй газар нутагт усны нөөцийн нэгдсэн менежментийн хэрэгжилтийг хангах;

9.5.1.3. цөлжилтийн дунд (25.9 хувь), сул зэрэглэлд (22.8 хувь) хамрах газруудад цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, сааруулах арга хэмжээний хүрээнд хот, суурин болон орон нутгийн зам, тээвэр зэрэг дэд бүтцийн салбарт байгальд ээлтэй арга технологийг нэвтрүүлэх ажлыг дэмжих;

9.5.1.4. цөлжилтийн нэн хүчтэй (5 хувь), хүчтэй (18.5 хувь) зэрэглэлд хамрагдах газруудад мод тарих, ургамалжуулах, хөв цөөрөм байгуулах, нийгмийн чухал ач холбогдолтой дэд бүтэц, барилга байгууламж, суурин газрыг элсний нүүлт хөдөлгөөн, газрын элэгдэл, эвдрэлээс хамгаалах бодит арга хэмжээг зураг төсөл, төлөвлөгөөний дагуу жил бүр зохион байгуулах;

9.5.1.5. говь, цөлийн бүсэд байгалийн баянбүрдийг хамгаалах, сэргээх ажлыг төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулах;

9.5.1.6. эрчим хүчний бусад эх үүсвэрүүд (ахуйн хэрэглээний хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, сум, суурин газрыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох зэрэг)-ийг бий болгосноор гандуу бүс нутгийн мод, бут сөөг, ургамлыг түлшний зориулалтаар ашиглаж байгааг хязгаарлах.

9.5.2. Зорилт 2. Байгалийн нөөц ашиглагчдын бүлгүүд, байгаль хамгаалагчдын нөхөрлөлүүдэд байгалийн нөөцийг зохистой ашиглах эрх, үүргийн тогтолцоог бий болгох замаар байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөө (бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, усны менежментийн төлөвлөгөө, ойн менежментийн төлөвлөгөө зэрэг)-г хэрэгжүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

9.5.2.1. бэлчээрийн даацад тохируулан зохистой ашиглах зорилгоор бэлчээр ашиглагчдын бүлгүүдийн үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох;

9.5.2.2. усны сав газрын зөвлөлүүдийг байгуулж, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх;

9.5.2.3. орон нутагт малчид, малтай байсан иргэдэд орлогын нэмэлт эх үүсвэр бий болгож байгальд үзүүлэх дарамтыг багасгах;

9.5.2.4. ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг доройтол илэрсэн болон эрсдэл өндөртэй газар нутгийг нөхөн сэргээхэд чиглүүлж дэмжих.

9.5.3. Зорилт 3. Үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжлийн нөлөөгөөр доройтолд орсон газар нутгийг нөхөн сэргээхэд байгалийн нөөц, баялаг ашиглаж байгаа иргэдийн оролцоог нэмэгдүүлж ”нөөц ашиглагч төлөх” зарчмыг нэвтрүүлнэ;

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

9.5.3.1. уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн байгаль орчинд ээлтэй арга, технологийг нэвтрүүлэх ажлыг дэмжих;

9.5.3.2. уурхайн зориулалтаар ашигласан газар нутгийг нөхөн сэргээх журамд ”нөөц ашиглагч төлөх” зарчмыг тусгаж шинэчлэн боловсруулах, энэ чиглэлээр мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгөх;

9.5.3.3. авто зам барих томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх;

9.5.3.4. авто зам барихад ашигладаг байгаль орчинд ээлтэй шинэ арга, технологийг турших, нэвтрүүлэх.

9.5.4. Зорилт 4. Цөлжилтөд өртсөн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг бусад хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй нягт уялдуулан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, амьдрах орчныг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг нэмэгдүүлэх.

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

9.5.4.1. Биологийн төрөл зүйлийг хамгаалах үндэсний хөтөлбөртэй харилцан уялдуулан биологийн төрөл зүйлийн хомсдол, цөлжилтөд хүргэж байгаа нөхцөлийг бууруулах арга хэмжээ авах;

9.5.4.2. биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх;

9.5.4.3. уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөртэй уялдуулан цөлжилт, түүнээс үүдэлтэй байгалийн гамшгийн нөлөө болон эрсдлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх;

9.5.4.4. цэвэр хөгжлийн механизм, Даян дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг эх үүсвэрүүдээс газрын тогтвортой менежментийг дэмжих санхүүгийн дэмжлэг олох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

9.5.4.5. байгалийн баялгийг ашиглахаас татгалзсан, байгалийн баялгийн ашиглалтыг орлуулсан орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх санаачилгыг дэмжих.

10. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат

10.1. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр нь 2010-2020 оны хооронд дараахь хоёр үе шаттайгаар хэрэгжинэ:

10.1.1. Нэгдүгээр үе шат (2010-2015 он)-нд цөлжилттэй тэмцэх ажлын эрх зүйн орчин, зохион байгуулалтыг сайжруулах, цөлжилттэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, цөлжилттэй тэмцэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн цогц бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ;

10.1.2. Хоёрдугаар үе шат (2016-2020 он)-нд цөлжилтөд хүчтэй өртсөн эмзэг бүс нутгийн доройтсон орчныг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх замаар цөлжилтийн эрчийг сааруулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

11. Эрсдэл болон урьтал нөхцөлүүд

11.1. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр нь дараахь урьтал нөхцөлүүд бүрэлдсэн байхыг шаардана:

11.1.1. байгалийн нөөцийг зохицуулалтгүй ашиглах, түүнээс үүдэн гарах хохирлыг даван туулах улс төрийн болон олон нийтийн сонирхол байх;

11.1.2. уур амьсгал, цаг агаарын тааламжгүй он жилүүд урт хугацаанд үргэлжилж давагдашгүй хүчин зүйл бий болохоос урьдчилан сэргийлэх;

11.1.3. улс орны санхүү, эдийн засгийн нөхцөл улам бүр сайжирч, хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байх;

11.1.4. олон улсын байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн төрөл зүйлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж байх.

Гурав. Оролцогч талууд, тэдгээрийн үүрэг

12. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр нь оролцогч талуудын идэвхтэй оролцоонд түшиглэн хэрэгжинэ. Хөтөлбөрт тусгасан тэргүүлэх чиглэл, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй байна.

13. Цөлжилттэй тэмцэх үндэсний хороо нь дараахь үүргийг хэрэгжүүлнэ:

13.1. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах;

13.2. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохицуулах;

13.3. Цөлжилттэй тэмцэх зорилгоор салбарын болон салбар дундын бодлого, хууль, эрх зүйн орчинд шинэтгэл хийхэд оролцох;

13.4. Бодлого тодорхойлох, шийдвэр гаргах болон мэдээллийн хэрэгслээр цөлжилттэй тэмцэх талаар мэдлэг, мэдээлэл дамжуулах үйл ажиллагаанд оролцох;

13.5. Цөлжилтөд нөлөөлөх гол хүчин зүйлийн хяналт-шинжилгээний тайланг 2 жил тутамд; цөлжилтийн зэрэглэлийн болон нийгэм, эдийн засгийн үнэлгээний тайлан, зураглалыг 5 жил тутам холбогдох мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж Засгийн газарт танилцуулах;

13.6. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар жил бүр Засгийн газарт танилцуулж, нийтэд мэдээлэх.

14. Цөлжилттэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага дараахь тэргүүлэх үүрэгтэй:

14.1. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.1.1. цөлжилттэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;

14.1.2. цөлжилтийн төлөв байдлыг хянах хяналт-шинжилгээний сүлжээг зохион байгуулах;

14.1.3. хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбогдуулан эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

14.1.4. говь, хээрийн болон цөлжилт ихээр явагдаж байгаа бүс нутагт унаган ургамлыг тарималжуулах, ойг нөхөн сэргээх тогтвортой менежментийг бий болгох;

14.1.5. уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх;

14.1.6. ус хэмнэлтийн бодлого, тухайлбал, хур тундас нэмэгдүүлэх, ус хуримтлуулах, хиймэл нуур, цөөрөм, хөв байгуулах, говийн баянбүрдийг хамгаалах, сэргээх замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

14.1.7. цөлжилтөөс сэргийлэхэд онцгой ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх;

14.1.8. хууль тогтоомжоор хүлээсэн бусад чиг үүрэг.

14.2. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.2.1. цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээг газрын тогтвортой менежмент, газар зохион байгуулалтын бодлого, төлөвлөгөө, үйл ажиллагаагаар дамжуулан зохион байгуулж тайлагнах;

14.2.2. авто замын оновчтой сүлжээг бий болгож хөрсний элэгдэл, эвдрэлээс сэргийлэх;

14.2.3. хот, суурин газрын төлөвлөлтөд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бодлогыг тусгаж хэрэгжүүлэх.

14.3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.3.1. хөрсний элэгдэл, эвдрэлд сөрөг нөлөө багатай ойн зурвас бүхий газар тариалан эрхлэх бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах;

14.3.2. бэлчээрийн тогтвортой менежментийг зохион байгуулж, хэрэгжүүлэх;

14.3.3. бэлчээрийн даацад тохирсон мал сүргийн оновчтой бүтцийг бий болгох төрийн бодлогыг шинэчлэн тодорхойлж хэрэгжүүлэх.

14.4. Сангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.4.1. газрын доройтол, хөрсний элэгдэл, цөлжилттэй тэмцэх ажилд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах;

14.4.2. цөлжилттэй тэмцэх ажилд гадаад орон, олон улсын байгуулагын зээл, тусламж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.

14.5. Батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага цөлжилттэй тэмцэх ажилд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг зохион байгуулан оролцуулах бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

14.6. Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Шинжлэх ухааны академи дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.6.1. хүүхэд залуучуудад байгаль, экологи, цөлжилт, байгаль орчны доройтлын сөрөг үр дагаврын талаар сургалтын хөтөлбөрт тусгах;

14.6.2. байгаль хамгаалах уламжлалт арга, цөлжилт, байгаль орчны доройтлын сөрөг үр дагаврын талаархи мэдлэгийг зайн сургалтаар олгох;

14.6.3. Улсын Их Хурал, Засгийн газар, шийдвэр гаргагчдыг цөлжилт, газрын доройтлын талаархи шинжлэх ухааны ололт, бодит мэдээллээр хангах;

14.6.4. газрын доройтол, цөлжилттэй тэмцэх уламжлалт арга болон дэвшилтэт технологийг боловсруулж нэвтрүүлэх.

14.7. Эрдэс баялаг, эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.7.1. сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх бодлого боловсруулж үйл ажиллагааг зохион байгуулах;

14.7.2. хий болон бусад эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар судалгаа, хэрэглээг нэмэгдүүлэх бодлогыг цөлжилттэй тэмцэх ажилтай уялдуулан явуулах;

14.7.3. эрдэс баялгийн хайгуул болон ашиглалтын явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, нөхөн сэргээх хариуцлагатай уул уурхайн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

15. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар аймаг, сумын Засаг дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.1. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх асуудлыг хариуцан зохион байгуулах;

15.2. Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөртөө цөлжилттэй тэмцэх асуудлыг тусгасан байх;

15.3. Цөлжилттэй тэмцэх дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлэх;

15.4. Байгалийн нөөц ашиглагчдын эрх, үүргийг тодорхойлж байгаль ашиглагчдын бүлгийг бүртгэх, тэдгээрийн менежментийн төлөвлөгөөг баталж хэрэгжилтэд нь хяналт тавих;

15.5. Орон нутгийн төсвийн тодорхой хэсгийг байгаль ашиглагч болон хамгаалагчдын бүлгүүдээр дамжуулан байгаль хамгаалах ажилд зарцуулах.

16. Эрдэм шинжилгээ, судалгааны холбогдох байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

16.1. газрын доройтол, цөлжилтийн төлөв байдал, цаашдын хандлагыг судлан тогтоож холбогдох мэдээллээр хангах;

16.2. байгальд ээлтэй технологи, арга барилыг орон нутагт нэвтрүүлэх, цөлжилт, газрын доройтлын хүчин зүйлс, тэдгээрийн байгаль орчин, иргэдийн амьжиргаанд үзүүлэх нөлөөлөлд хяналт-шинжилгээ хийх;

16.3. цөлжилтийн судалгааны төв нь шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч, байгалийн нөөц ашиглагчдад газрын тогтвортой менежментийн технологи, арга барилын мэдээлэл түгээж, технологи, арга барилын талаархи мэдээллийг цуглуулах, баримтжуулах ажлыг Дэлхийн Байгаль хамгаалах технологи, арга барилын тойм (WOCAT) нийтлэг арга зүйд суурилан үндэсний мэдээллийн сан байгуулах.

17. Байгаль хамгаалах чиг үүрэг бүхий иргэний нийгмийн байгууллага нь цөлжилттэй тэмцэхэд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд сурталчилгаа хийх, байгалийн баялаг ашиглагчдад хяналт тавих үүрэг хүлээнэ.

18. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр нь олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн дараахь үйл ажиллагаанд хамтран оролцохыг чухалчилна:

18.1. Цөлжилттэй тэмцэх олон улсын төсөл, хөтөлбөрийн сүлжээнд хамрагдах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцоход дэмжлэг үзүүлэх;

18.2. Холбогдох үндэсний байгууллага (Цөлжилттэй тэмцэх үндэсний хороо, Цөлжилтийн судалгааны төв зэрэг)-уудын боловсон хүчний болон бүтэц, зохион байгуулалтын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

18.3. Цөлжилттэй тэмцэх, цөлжилтийг сааруулах, гангийн нөлөөг бууруулах зорилго бүхий төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;

18.4. Цөлжилттэй тэмцэх, цөлжилтийг сааруулах чиглэлээрх технологи, арга барилыг туршиж ашиглахад дэмжлэг үзүүлэх;

18.5. Туршигдсан технологи, арга барилыг өргөн хүрээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт

19. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, салбар дундын зохицуулалтаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Цөлжилттэй тэмцэх үндэсний хороог байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.

20. Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны дүрэм, үйл ажиллагааны төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21. Цөлжилттэй тэмцэх үндэсний хороо нь хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх өөрийн төсөвтэй байна.

22. Холбогдох яам, аймаг, нийслэлийн Засаг дарга Цөлжилттэй тэмцэх үндэсний хороонд жил бүр үйл ажиллагаагаа тайлагнах үүрэгтэй.

23. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг улсын төсөв, тусгай сан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, гадаадын зээл, буцалтгүй тусламжаас бүрдүүлнэ.

Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах тогтолцоо, үр дүнг
үнэлэх шалгуур үзүүлэлт

24. Хөтөлбөрийн хэрэгжилтээс гарах үр дүнгийн хяналт-шинжилгээг тэргүүлэх чиглэл тус бүрээр хийнэ.

25. Тэргүүлэх чиглэлийн зорилт бүрт харгалзах шалгуур үзүүлэлтүүдийг дараахь хүснэгтээр үзүүлэв:

Тэргүүлэх чиглэл

Тэргүүлэх чиглэлийн зорилтууд

Хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд

Байгууллагын чадавхийг бэхжүүлэх Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалтыг сайжруулах Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажлын албаны чиг үүргийг  тодорхойлсон сайдын шийдвэр
Цөлжилттэй тэмцэх ажилд оролцох байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх Цөлжилттэй тэмцэх чиглэлд холбогдох байгууллагуудаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн жагсаалт
Хууль  эрх зүйн орчныг боловсронгуй болгох

 

 

Дэлгэрэнгүй

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 98

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, Агаарын тухай хуулийн 6.1.1, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03-03 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.  “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г салбар дундын уялдааг ханган боловсруулж, 2017 оны 4 дүгээр сард багтаан батлан хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгасугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, уялдуулан зохицуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-нд, хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                              Ж.ЭРДЭНЭБАТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд                                                           Д.ОЮУНХОРОЛ

 

НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Тогтвортой хөгжлийн үндэсний хороо /Н.Алтанхуяг/-нд үүрэг болгосугай:

1/“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж эхлэх;

2/“Ногоон хөгжлийн бодлого”-д тусгагдсан зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг үндэсний хөгжлийн бодлого, макро эдийн засгийн дунд хугацааны бодлого, чиглэлд тусган хэрэгжүүлэх;

3/“Ногоон хөгжлийн бодлого”-ын биелэлтийг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж байх.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Г.Баярсайхан/, Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд тус тус даалгасугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      З.ЭНХБОЛД

ТӨРӨӨС ЭКОЛОГИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ

1997 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 106

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.”Төрөөс экологийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Байгаль орчны болон хөгжлийн хөтөлбөр, төслүүдийг ”Төрөөс экологийн талаар баримтлах бодлого”-д нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

                                    ДАРГА                                                            Р.ГОНЧИГДОРЖ

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ

2011 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 02

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталсугай.

2.“Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг зохион байгуулж, холбогдон гарах зардлыг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ

“УС” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ

2010 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 24

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Ус” үндэсний хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.

2.“Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг зохион байгуулж, холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Батбаяр/-нд даалгасугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ

2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 90

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 1 дүгээр, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх I үе шатны төлөвлөгөө (2010-2015 он)”-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт үүрэг болгосугай.

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт, холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а/ хөтөлбөрийн зорилт, арга хэмжээ болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусган санхүүжүүлж хэрэгжүүлэх арга хэмжээ авсугай;

б/ хөтөлбөрийн зарим арга хэмжээг олон улсын байгууллагын зээл, тусламж, гадаад оронтой тогтоосон хоёр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2003 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 141 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              С.БАТБОЛД

Байгаль орчин,аялал жуулчлалын сайд                       Л.ГАНСҮХ

ТАРИМАЛ ОЙГ ҮНЭЛЭХ, УЛСЫН ОЙН САНД ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ

Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан

2008 оны  ..  дугаар тушаалын  1 дүгээр хавсралт

            Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэ журмын зорилго нь Ойн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 5 дугаар заалтын дагуу таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү журмыг  иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр  тарьж ургуулсан таримал ой, модыг үнэлэн  ойн санд худалдан авахад дагаж мөрдөнө.

1.3. Иргэн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас худалдан авах таримал ойд дараахь төрлийн ой хамаарна:

1.3.1. мод бэлтгэсэн талбай, ойн түймэр, хөнөөлт шавж болон бусад байгалийн гамшгийн нөлөөгөөр ойгүй болсон талбайд тарьж ургуулсан ой мод;

1.3.2. усны ундарга, ай сав болон баян бүрдийг  хамгаалах зорилгоор тарьж ургуулсан ой, мод;

1.3.3. хээршилт, цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах зорилгоор тарьж ургуулсан төгөл ой, ойн зурвас;

1.3.4. ”Ногоон хэрэм”-ийн үндсэн чиг зурвасын дагуу тарьж ургуулсан ой, мод;

1.3.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардлагатай гэж үзсэн бусад төрлийн таримал ой  хамаарна.

 

  Хоёр. Ойжуулалтын ажлыг зохион байгуулах

2.1. Мод тарьж, ойжуулалт хийх хүсэлтэй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага /цаашид ”ойжуулагч” гэх/ нь харъяалагдах аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд ойжуулалт  хийх хүсэлтээ гаргана. Уг хүсэлтэд ойжуулалт хийх талбайн байршлын  зураг хийж гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй танилцуулга, тооцоо судалгаа /төсөл/ -г хавсаргасан байна.

2.2. Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба нь өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийх хүсэлт гаргасан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэж, сум, дүүргийн Засаг даргатай хамтарч ойжуулалт хийх газрыг зааж өгнө.

2.3.Ойжуулагч нь ойжуулалт хийх талбайнхаа хамгаалалт, усалгаа, арчилгааг бүрэн хариуцаж, мод тарих ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ.

   Гурав. Худалдах  хүсэлт гаргах, таримал ойд тооллого явуулах

3.1. Ойжуулагч өөрийн  хөрөнгөөр тарьсан  ой, модыг худалдах тухай хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргын санал, байгаль хамгаалагчийн тодорхойлолтын хамт аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд  тухайн жилийн 8 дугаар сард багтаан ирүүлнэ. Саналд тарьж ургуулсан газрын нэр, газар зүйн солбицол, хэсэглэлийн дугаар, тарьсан он, тарилтын арга технологи, амьдралтын хувь хэмжээ, ойжуулсан талбайн хэмжээ зэрэг  үзүүлэлтийг тухайн газрын зурагтай хамт ирүүлнэ.

3.2. Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба дээрхи саналыг хүлээн авч хянасны үндсэн дээр  Засаг даргын захирамжаар ойжуулалтын ажлын намрын тооллогын ажлын хэсэг томилон таримал  ой, модонд  тооллого явуулж, чанар, үр дүнг  шалган дүгнэлт гаргаж, худалдаж авах тухай акт материалыг, дүгнэлтийн хамт Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллагад ирүүлнэ.

Таримал ой, модыг худалдан авах актыг энэ журмын 2, 3 дугаар хавсралтын дагуу үйлдэнэ.

3.3. Таримал ойд жиших талбай байгуулан тооллого явуулж, таримал ойг худалдан авах  шалгуур үзүүлэлтийг тодорхойлно. Жиших талбайн хэмжээг дараахь хүснэгтэд заасны дагуу тогтооно.

 

Ойжуулсан

талбай  /га/

Жиших талбайн нийлбэрийн ойжуулсан талбайд эзлэх хувь Нэгж жиших талбайн хэмжээ /м2/
1-5

5

200

6-10

4

400

11-20

3

400

21-ээс дээш

2

400

 

3.4. Жиших талбайн таримал мод бүрийг тоолж, модны төрөл, дундаж өндөр, сүүлийн жилийн өндрийн өсөлт, амьдралтын хувь, цаашид амьдрах чадвар, нэг га дахь  модны тоо, ургамал хоорондын болон шан хоорондын зайг хэмжиж тодорхойлно.

3.5. Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ойжуулалтын ажлын намрын тооллогын ажлын хэсгийн дүгнэлт, акт материалыг  үндэслэн худалдаж авах асуудлыг шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн хүмүүсийг томилон газар дээр нь ажиллуулж худалдаж авах эсэх талаар  хөндлөнгийн дүгнэлт гаргуулж болно.

Худалдаж авсан таримал ой, модыг тухайн баг, сум, дүүргийг хариуцсан байгаль хамгаалагч нарт Засаг даргын захирамж гаргуулан  хүлээлгэж өгнө.

 

 Дөрөв. Таримал  ойг үнэлэх, худалдан авах шалгуур үзүүлэлт

4.1. Худалдаж авах таримал ой нь дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:

4.1.1. таримал ойн талбайн хэмжээ 1 га -гаас багагүй байна.

4.1.2. Ойт хээрийн бүсэд ойжуулалт хийснээс хойш 3-аас дээш жил арчилж ургуулсан, 5 ба түүнээс дээш настай, 1 га-д 1500 -аас доошгүй шилмүүст модтой;  тал хээрийн  бүсэд 1 га-д 1100, говь цөлийн бүсэд 800-аас доошгүй 3-аас  дээш жил арчилж ургуулсан, цаашид ургаж, амьдрах чадвар бүхий таримал модтой байна.

Хэрэв ойжуулсан талбай 1 га-д хүрээгүй эсхүл  1 га-д байгаа модны тоо энэ журмын 4.1.2 дахь заалтад заасан хэмжээнээс доогуур байвал  таримал  модыг   нь тоолж  үнэлнэ.  Худалдаж авах модны хамгийн бага тоо ойт хээрийн бүсэд 900, тал хээрийн бүсэд  500,  говь цөлийн бүсэд 300 – аас дээш  байна.

Тарьц болон суулгацаар ойжуулсан таримал ойг 3 жилийн дараа, үрээр ойжуулсан таримал ойг 5 жилийн дараа хүлээж авна.

   Тав. Таримал ой, модны  жишиг үнэ

5.1. Таримал ой, модны жишиг үнийг Ойг нөхөн сэргээх ажлын 1 га талбайн зардлын норматив, 2 жилийн арчилгаа, хамгаалалтын зардлыг үндэслэн  Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан тушаалаар батална.

5.2. Ойжуулалтын ажлын намрын тооллогын ажлын хэсэг таримал ойд тооллого явуулсаны дараа жишиг үнийг журмын 2 дугаар хавсралтанд заагдсан илтгэлцүүрийг ашиглан модны төрөл, таримал ойн шигүүрэлээр нь ялгавартай тогтооно.

Зургаа. Таримал ойг худалдан авах санхүүжилтийн эх үүсвэр

6.1. Таримал ойг худалдан авахад шаардагдах хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

6.1.1. ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг санхүүжүүлэхээр олгогдсон улсын  болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

6.1.2. хандивлагч орон, олон улсын байгууллагын техникийн болон буцалтгүй тусламж, хандив;

6.1.3. бусад.