АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Засгийн газрын 2017 оны 98 дугаар
тогтоолын хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хөтөлбөр боловсруулах үндэслэл 

Улаанбаатар хотын хүн ам өсч, төвлөрөл нэмэгдэж байгаагийн улмаас хүрээлэн байгаа орчны бохирдол ихэсч , энэ нь байгаль орчин төдийгүй улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдол нэмэгдэж, ялангуяа өвлийн улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ (нийт ажиглалтын 50 гаруй хувьд Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давж) хэт ихэсч, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна.

Усны бохирдлын гол эх үүсвэр нь цэвэрлээгүй болон дутуу цэвэрлэсэн үйлдвэрлэлийн болон ахуйн бохир ус, стандартын шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламж, хог хаягдал, хөрс болон агаарын бохирдол, уул уурхайн болон барилгын үйлдвэрлэлээс үүдэлтэй лаг шавар, хагшаас зэрэг байна.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болон хот, суурин газрын цэвэрлэх байгууламж нь техник, технологийн хувьд хоцрогдож, хүчин чадал нь ачааллаа даахгүй болж, усны бохирдлын гол эх үүсвэр болоод байна.

Улсын хэмжээний нийт 130 гаруй цэвэрлэх байгууламжийн талаас илүү нь үйл ажиллагааны доголдол, эвдрэлтэй байгаагаас жилд 120 сая гаруй шоометр бохир ус байгальд хаягдаж, Туул, Хараа, Орхон, Хангал зэрэг голын усыг эрдэс болон органик бодисоор бохирдуулж байна.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усны нөлөөгөөр Туул голын ус Сонгины гүүрээс Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх хэсэгт ”маш бохир” гэж үнэлэгдэж, усан дахь органик бодисын агууламж Усны чанарын стандартаас 2-266 дахин, аммонийн азот стандартаас 1.4-61 дахин илүү бохирдсон байна.

Улаанбаатар хотын гэр хороолол тэлэхийн хэрээр стандартын шаардлагад нийцэхгүй, доторлогоогүй ариун цэврийн байгууламж нэмэгдэж байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын 190 мянга гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь стандартад нийцэхгүй байна.

Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын ариун цэврийн байгууламжаас гадна хог хаягдал, уул уурхайн хаягдал, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хаягдал, агаарын бохирдлоос үүдэлтэй байна.

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг экогеохимийн судалгаагаар         360 цэгээс сорьц авч шинжлэхэд 88.0 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн байна.

Хот, суурин газарт гэр хорооллын ариун цэврийн байгууламжаас (жорлон, муу усны нүх) хамааралтай нянгийн бохирдол өндөр байдаг бол орон нутагт уул уурхайн үүдэлтэй хөрсний бохирдол их байна. Боловсруулах үйлдвэр, машин засварын газар, хогийн цэгийн орчмын хөрсөнд хар тугалга, хром, цайр зэрэг хүнд металлын бохирдол ихээр илэрч байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байгаа ажлууд үр дүн багатай байгаагаас хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настны дунд агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл улам ихэсч, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж байна.

Иймд агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнд хүрэх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон нэгдсэн бодлого боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ”хот, суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлэх” зорилтыг дэвшүүлж, агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн бохирдлын эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

2.2.1. хот төлөвлөлт, байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлж, орон нутгийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулан хот, суурин газрын агаар, орчны чанарыг сайжруулах;

2.2.2. байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож, бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах;

2.2.3. автотээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулах бодисын хэмжээг бууруулах цогц арга хэмжээ авах;

2.2.4. агаар, орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт, санхүүжилтийг тодорхой болгож, агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг урамшуулах тогтолцоог бий болгох;

2.2.5. орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг төлөвшүүлэх, орчны чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлэн судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат 

3.1. Хөтөлбөрийг 2017-2025 онд дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

3.1.1. нэгдүгээр үе шат: 2017-2019 он;

3.1.2. хоёрдугаар үе шат: 2020-2025 он.

Дөрөв. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

4.1. Хот төлөвлөлт, байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлж, орон нутгийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулан хот, суурин газрын агаар, орчны чанарыг сайжруулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.1.1. хүн амын суурьшлын ерөнхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх замаар нийслэлийн хүн амын төвлөрлийг зогсоох;

4.1.2. нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлаж, нийслэлийн гэр хорооллын тэлэлтийг зогсоож, яндангийн тоог нэмэгдүүлэхгүй байх;

4.1.3. нүүлгэн шилжүүлэлт, дахин төлөвлөлтийн эрх зүйн орчныг бүрдүүлж, ачаа тээврийн төмөр зам, хурдны авто замын төсөл хэрэгжүүлэх;

4.1.4. төрийн байгууллага, их, дээд сургуулийг нийслэлээс нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж, зохион байгуулах;

4.1.5. хөрөнгө оруулалтыг орон нутаг руу чиглүүлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээ хэрэгжүүлж, орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх;

4.1.6. цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлж, гэр хорооллын айл өрх 2.5-4кВт хүчин чадалтай цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх;

4.1.7. ”Хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гэр хороололд амины орон сууцыг барихад чиглэсэн дэд бүтцийг байгуулж, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, залуучууд, бага, дунд орлоготой иргэдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд хамруулах;

4.1.8. төвлөрсөн дэд бүтцийн системд холбогдох боломжгүй хэрэглэгчийг хэсэгчилсэн инженерийн хангамжид холбох, дэд төвүүдийг байгуулах, сэргээгдэх эрчим хүчний технологи нэвтрүүлэх;

4.1.9. Улаанбаатар хотод ажиллаж байгаа халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчийг төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн хангамжид үе шаттайгаар холбох;

4.1.10. хот, суурин газрын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцүүлэх замаар боловсронгуй болгох;

4.1.11. арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, авто техникийн болон барилгын материалын захыг нийслэлээс үе шаттай нүүлгэн шилжүүлж, инновацид тулгуурласан ногоон технологи бүхий үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх;

4.1.12. хот, суурин газрын орчимд элс, хайрганы олборлолт, үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хязгаарлаж, газрыг нөхөн сэргээх;

4.1.13. гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ногоон бүс, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар хот, суурин газрын ногоон байгууламжийг хот төлөвлөлтийн стандартад нийцүүлэх;

4.1.14. Туул гол, түүний цутгал Сэлбэ, Улиастай, Баянгол, Зүүн салаа, Баруун салаа, Толгойт зэрэг голуудад хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлж, үерийн далан болон хамгаалалтын бүсэд буусан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг нүүлгэх бэлтгэл ажлыг хангаж, үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх.

4.2. Байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож, бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.2.1. хот, суурин газрын “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг шинэчлэн тогтоож, халаалтын зориулалтаар шатааж хэрэглэхийг хориглох зүйлсийн жагсаалтыг гарган мөрдүүлэх;

4.2.2. дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг үе шаттайгаар хориглох;

4.2.3. гэр хорооллын айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжин түүхий нүүрсний хэрэглээг орлуулах;

4.2.4. гэр хорооллын 2 тарифт тоолууртай айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50.0-100 хувь хөнгөлөх;

4.2.5. байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, үр ашигтай, дэвшилтэт технологи бүхий барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн зохицуулалт бий болгож хэрэгжүүлэх;

4.2.6. гэр, байшингийн дулаалгыг сайжруулж, дулааны алдагдлыг бууруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

4.2.7. хот, суурин газрын дулааны хангамж, шугам сүлжээг өргөтгөх, шинээр дулааны эх үүсвэр барих ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, нүүрсний хэрэглээ, хаягдлыг бууруулахад чиглэсэн технологийн шинэчлэл хийх;

4.2.8. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж болон бусад хот, суурин газрын ариутгах татуургын байгууламж, үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийг байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологиор шинэчлэх;

4.2.9. гэр хорооллын айл өрхийн үнс, хог хаягдлыг хадгалах зориулалтын цэг болон хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх машин механизмын тоог нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, хог хаягдлыг ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих;

4.2.10. аюултай хог хаягдлыг түр хадгалах, устгах зориулалттай байгууламж байгуулж, аюултай хог хаягдал хяналтгүй тархах  байдлыг хумих;

4.2.11. ашиглалтаас гарсан сав, баглаа боодол, зай хураагуур, аккумулятор, өдрийн гэрлийн шил, элэгдсэн дугуй, ажилласан тос зэрэг хог хаягдлыг үйлдвэрлэгч, импортлогч, борлуулагч нь хариуцаж эргүүлэн татах зохицуулалт болон тэдгээр хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд олгох урамшууллын тогтолцоог бий болгох;

Дэлгэрэнгүй

 

Facebook Сэтгэгдэл

Сэтгэгдэлээ оруулна уу?