ОЗОНЫ ҮЕ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦИ

УДИРТГАЛ

Энэхүү Конвенцийн Талууд

Озоны үе давхаргын өөрчлөлт нь хүний эрүүл мэнд, болон байгаль орчинд хөнөөлт нөлөө үзүүлэх боломжтойг УХАМСАРЛАН,

НҮБ-ын байгаль орчны асуудлаархи Бага хурлын Тунхаглалын холбогдох заалтууд, тухайлбал ”Улс гүрнүүд нь НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүйн зарчмын дагуу өөрийн байгаль орчны салбарын бодлоготойгоо уялдуулан, газар нутгийнхаа нөөцийг ашиглах халдашгүй дархан эрхтэй бөгөөд тэрхүү үйл ажиллагаа нь тухайн улсын эрх мэдлээс гаднах бусад улс гүрэн, нутаг дэвсгэрийн байгаль орчинд хор хохирол учруулахгүй байхаар эрх мэдэл, хяналтаа хангах хариуцлага хүлээнэ“ гэсэн 21 дүгээр зарчимыг ИШЛЭН,

хөгжиж байгаа орнуудын онцгой хэрэгцээ, нөхцөл байдалыг ХАРГАЛЗАН,

үндэсний болоод олон улсын байгууллагуудаас явуулж байгаа судалгаа шинжилгээний ажил, тухайлбал НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн озоны үе давхаргын талаархи Даян дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөг АНХААРАН,

озоны үе давхаргыг хамгаалах талаар үндэсний болон олон улсын хүрээнд урьд өмнө хийсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг МӨН АНХААРЧ,

хүний үйл ажиллагааны улмаас озоны үе давхрага өөрчлөгдөхөөс хамгаалах арга хэмжээ нь олон улсын хамтын ажиллагаа, олон улсын түвшинд зохицуулсан үйл ажиллагааг шаардаж байгаа, мөн шинжлэх ухаан, техникийн зохих үндэслэлд тулгуурласан байх ёстойг УХАМСАРЛАН,

озоны үе давхарга, түүний төлөв байдлын өөрчлөлтийн болзошгүй сөрөг үр дагаврын тухай шинжилгээ судалгааны ажлыг гүнзгийрүүлэх, шинжлэх ухааны шинэ, нэмэлт мэдээлэл гарган авах зорилгоор байнгын ажиглалт хийх шаардлагатай байгааг МӨН УХАМСАРЛАН,

хүний эрүүл мэнд, байгаль орчинд озоны үе давхаргын өөрчлөлтөөс үүдэн гарах сөрөг нөлөөллөөс хамгаалах шийдвэр төгс байгаагаа ИЛЭРХИЙЛЖ,

Дараахь зүйлийг Хэлэлцэн тохиролцов. Үүнд:

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Тодорхойлолт

Энэхүү Конвенциийн зорилгоор дараахь нэр томъёог хэрэглэв. Үүнд:

1.”Озоны үе давхарга” гэж дэлхийн гадаргаас дээш орших хий мандлын озоны давхаргыг хэлнэ.

2.”Сөрөг нөлөөлөл” гэдэгт хүний эрүүл мэнд, байгалийн болоод зохицуулалттай экосистемийн бүрэлдэхүүн, түүний нөхөн сэргээгдэх чадвар, бүтээгдэхүүнт чанар болон хүний эдэлж хэрэглэж байгаа эд зүйлд ихээхэн хортой үр дагавар учруулж байгаа тийм уур амьсгалын өөрчлөлтийг оролцуулан амьтай болон амьгүй байгальд гаргахыг ойлгоно.

3.”Орлуулах технологи буюу тоног төхөөрөмж” гэж озоны үе давхаргад сөрөг нөлөө үзүүлдэг юм уу тийм боломжтой бодисын ялгаруулалтыг багасгах, эсхүл бүрмөсөн зогсооход ашиглагдах технологи болон тоног төхөөрөмжийг хэлнэ.

4.“Орлуулах бодис“ гэж озоны үе давхрагад үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, бүрмөсөн зогсоох, эсхүл урьдчилан сэргийлэх бодисыг хэлнэ.

5.“Талууд” гэж энэхүү эх бичвэрт өөрөөр заагаагүй бол энэхүү Конвенцид оролцогч Талууд гэж ойлгоно.

6.“Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага” гэж тухайн бүс нутгийн бүрэн эрхт улс орнуудын байгуулсан, энэхүү Конвенцид болон түүний Протоколуудаар зохицуулагдах асуудлыг шийдвэрлэх эрх бүхий, дотоод дэг журмын дагуу холбогдох баримт бичигт гарын үсгээ зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах эсхүл түүнд нэгдэн орох зохих эрхээр хангагдсан байгууллагыг ойлгоно.

7.“Протоколууд” гэж энэ Конвенцийн протоколуудыг хэлэв.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Ерөнхий үүрэг

1.Талууд нь энэхүү Конвенцийн холбогдох Протоколын заалтын дагуу озоны үе давхрагын төлөв байдлыг өөрчлөх юмуу өөрчлөхүйц үйл ажиллагааны улмаас буй болсон эсхүл буй болж болзошгүй сөрөг үр дагвараас хүний эрүүл мэнд, байгаль орчиныг хамгаалах талаар зохих арга хэмжээ авна.

2.Энэ зорилгоор Талууд өөрийн мэдэлд байгаа арга хэрэгсэл боломжиндоо тулгуурлан:

a)озоны үе давхаргын төлөв байдлын өөрчлөлтийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл болон хүний үйл ажиллагаа озоны үе давхаргад нөлөөлөх байдлыг үнэлэх, тэдгээрийг улам гүнзгий танин мэдэх зорилгоор байнгын ажиглалт, судалгаа хийх, мэдээлэл солилцох, зэргээр хамтран ажиллана:

b)озоны үе давхаргын төлөв байдлыг өөрчилж байгаа эсхүл өөрчлөх боломж бүрдүүлж байгаа хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл гарч байгаа эсхүл гарч болохоор байгаа, тэр нь эрх зүйн, хяналтын хүрээнд хамаарах бол уг үйл ажиллагааг хяналтандаа авах, хязгаарлах, бууруулах эсхүл урьдчилан сэргийлэхэд шаардагдах эрх зүйн хийгээд удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах, зохих арга хэмжээний хөтөлбөрийн дагуу уялдуулан зохицуулсан хамтын ажиллагааг явуулна;

c)энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох бусад Протокол, хавсралтуудыг батлан гаргах зорилгоор харилцан зохицсон арга хэмжээ, дэг журам, стандартуудыг боловсруулахад хамтран ажиллана;

d)энэхүү Конвенц болон Протоколуудыг үр ашигтай хэрэгжүүлэх зорилгоор оролцогч нь болж байгаа олон улсын эрх бүхий байгууллагауудтай хамтран ажиллана.

3.Энэхүү Конвенцийн заалтууд нь олон улсын эрх зүйн дагуу энэ зүйлийн 1 ба 2 дугаар заалтанд дурдсан арга хэмжээнд нэмэлт болгон улс орныхоо дотор холбогдох арга хэмжээ авахад нь Талуудын бүрэн эрхийг огт хөндөхгүй; мөн Талууд улс орныхоо дотор урьд өмнө авч явуулсан нэмэлт арга хэмжээ нь энэхүү Конвенцийн дагуу тэдний хүлээх үүрэгтэй зохицож байвал урьд өмнө нь тэр авсан арга хэмжээг бас хөндөхгүй.

4.Энэ зүйлийг хэрэглэх нь шинжлэх ухаан техникийн холбогдох үндэслэлд түшиглэнэ.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Шинжилгээ судалгаа ба байнгын ажиглалт

1.Талууд нь дараахь асуудлаар зохих журмын дагуу судалгаа шинжилгээ явуулах болон шинжлэх ухааны үнэлгээ өгөх ажлыг зохион байгуулах ба өөр хоорондоо шууд буюу олон улсын эрх бүхий байгууллагуудаар дамжуулан хамтран ажиллана. Үүнд:

a)озоны үе давхаргад нөлөөлж болох физик, химийн явцууд

b)озоны үе давхаргын төлөв байдлын өөрчлөлтийн нөлөөний, ялангуяа амьд организмд нөлөөлөх нарны хэт ягаан туяа /ХЯ-Б/-ны хүний эрүүл мэндийн болон биологийн бусад үр дагавар;

c)озоны үе давхаргын төлөв байдлын өөрчлөлтийн уур амьсгалд үзүүлэх нөлөө;

d)озоны үе давхаргын төлөв байдлын ямар ч өөрчлөлт түүнээс үүдэн гарах нарны хэт ягаан туяа /ХЯ-Б/-ны эрчмийн өөрчлөлтийн хүний эдэлж хэрэглэдэг байгалийн болоод хиймэл материалд үзүүлэх нөлөө;

e)озоны үе давхаргад нөлөөлж болох бодис, ажлын практик, үйл ажиллагааны хэлбэр, явцын нөлөө, тэдгээрийн нийлбэр үйлчилгээ;

f)орлуулах бодис, технологи;

g)нийгэм-эдийн засгийн холбогдох асуудлууд болон I ба II хавсаралтад тодорхой авч үзсэн бусад асуудал багтана.

2.Талууд өөрөө болон олон улсын эрх бүхий байгууллагуудаар дамжуулан үндэсний хууль тогтоомж, мөн үндэсний болон олон улсын түвшинд хэрэгжүүлж байгаа энэ төрлийн үйл ажиллагааг бүрэн тооцох үндсэн дээр озоны үе давхрага түүнчлэн I хавсралтанд дурдсан холбогдох бусад үзүүлэлтийн төлөв байдалд байнгын ажиглалт хийх, хамтарсан буюу харилцан бие биенээ нөхсөн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ.

3.Талууд нь өөрсдөө буюу олон улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан судалгааны болон ажиглалтын өгөгдлөө олон улсын холбогдох өгөгдлийн төвүүдээр дамжуулан цуглуулах, шалгах, хугацаанд нь байнга дамжуулах явдалыг хангах үүрэгтэй.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Эрх зүйн, шинжлэх ухаан, техникийн

салбар дахь хамтын ажиллагаа

1.Талууд нь II хавсралтанд нарийвчлан дурдсан заалтуудын дагуу энэхүү Конвенцид холбогдох шинжлэх ухаан-техник, нийгэм-эдийн засаг, худалдааны болон эрх зүйн мэдээллийг солилцох таатай нөхцөл бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх ёстой. Дурдсан мэдээллийг Талууд харилцан тохиролцсон байгуулагад өгч байна. Хэрэв мэдээлэл өгч байгаа Тал өөрийн мэдээллийг нууц гэж үзсэн бол түүнийг хүлээн авсан аль ч байгууллага нь бүх Талуудад уг мэдээллийг хүргэх хүртэлээ түүний нууц байдалыг хадгалж түүнийг ерөнхий байдлаар нэгтгэж байна.

2.Талууд өөр хоорондоо шууд болон олон улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан хөгжлийн асуудал, технологи болон эрдэм мэдлэг дамжуулахдаа өөр өөрийн үндэсний хууль тогтоомж, хэм хэмжээ, практикийн дагуу, гэхдээ хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ийм хамтын ажиллагааг тухайлбал дараахь арга замаар хэрэгжүүлнэ. Үүнд:

a) бусад Талууд оруулах технологи олж авах явдлыг хөнгөвчлөх;

b)тэдэнд оруулах технологийн тоног төхөөрөмжийн тухай мэдээлэл, холбогдох заавар, гарын авлага өгөх;

c)судалгаа шинжилгээ явуулах болон байнгын ажиглалт хийхэд шаардлагаттай тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл нийлүүлэх;

d)шинжлэх ухаан-технологийн шаардлагатай боловсон хүчин бэлтгэх зэрэг болно.

ТАВДУГААР ЗҮЙЛ

Мэдээлэл дамжуулах

Талууд нь 6 дугаар зүйлийн дагуу байгуулагдсан Талуудын Бага хурал Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан энэхүү Конвенц болон өөрсдийн оролцсон Протоколуудыг хэрэгжүүлэх талаар авч буй арга хэмжээнийхээ тухай мэдээллийг Талуудын зөвлөлгөөний зохих баримт бичгээр тохиролцсон тодорхой хэлбэрийн дагуу тогтсон хугацаанд тогтмол мэдээлж байна.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Талуудын Бага хурал

1.Талуудын Бага хурал үүгээр зохион байгуулагдана. Талуудын Бага хурлын анхны зөвлөлгөөнийг энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болсоноос хойш 1 жилээс илүүгүй хугацаанд багтаан 7 дугаар зүйлийн дагуу түр хугацаагаар томилогдсон Нарийн бичгийн дарга нарын газраас зарлан хуралдуулна. Цаашид Талуудын Бага хурлын ээлжит зөвлөлгөөнөөр тогтоосон хугацаанд тогтмол зарлан хуралдуулж байна.

2.Талуудын Бага хурлын ээлжит бус зөвлөлгөөнийг Бага хурлаас товлосон юмуу, аль нэг Тал энэ тухай бичгээр хүсэлт гаргаж Нарийн бичгийн дарга нарын газраас энэ хүсэлтийг нь Талуудад уламжилснаас хойш 6 сарын дотор Талуудийн гуравны нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд зарлан хуралдуулна.

3.Талуудын Бага хурал нь өөрийн болоод бүрэн эрхийнхээ хүрээнд байгуулсан туслах байгууллагуудынхаа үйл ажиллагааны журам, санхүүгийн дүрэм, мөн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг зохицуулах, санхүүгийн асуудал зэргийг санал нэг байх зарчим дээр тулгуурлан шийдвэрлэнэ.

4.Талуудын Бага хурал энэхүү Конвенцийн хэрэгжилтийг байнга хянаж байхын хамт:

(a) 5 дугаар зүйлийн дагуу мэдээлэл дамжуулах хэлбэр, тогтмол дамжуулах хугацаа, тогтоохын хамт уг мэдээллийн агуулга, мөн туслах байгууллагуудын илтгэлийг авч үзэх,

(b)озоны үе давхаргын төлөв байдал, түүний болзошгүй өөрчлөлт, мөн энэ өөрчлөлтийн болзошгүй үр дагаврын тухай шинжлэх ухааны мэдээллийн тоймыг гаргах,

(c)озоны үе давхаргын өөрчлөлтийн шалтгаан болж байгаа буюу ийм шалтгаан болж болзошгүй бодисуудын ялгаралтыг хамгийн бага болгоход чиглэсэн бодлого, стратеги, арга хэмжээг зохицуулахад 2 дугаар зүйлийн дагуу дэмжлэг үзүүлэх, мөн энэхүү Конвенцид холбогдох аливаа арга хэмжээний талаар зөвлөмж гаргах,

(d)3 ба 4 дүгээр зүйлд нийцүүлэн судлах хөтөлбөр, байнгын ажиглалт, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, технологи болон эрдэм мэдлэг дамжуулах талаар шийдвэр гаргах,

(e)9 ба 10 дугаар зүйлийн дагуу шаардлагатай гэж үзвэл энэхүү Конвенц эсвэл түүний хавсралтуудыг эргэн авч үзэх, засвар оруулах,

(f) аливаа Протокол түүнчлэн аливаа хавсралтанд оруулах засварыг авч хэлэлцэх, зохих шийдвэр гарсан тохиолдолд тэдгээрийг батлахыг Талуудад зөвлөмж болгох,

(g) шаардлагатай гэж үзвэл 10 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенцид нэмэлт хавсралт оруулахаар хэлэлцэх, батлах,

(h) шаардлагатай бол 8 дугаар зүйлийн дагуу Протокол дэвшүүлэн авч хэлэлцэх, батлах,

(i)энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн туслах байгууллагуудыг зохион байгуулах,

(j)шинжлэх ухааны судалгаа, байнгын ажиглалт болон Конвенцийн зорилттой холбогдсон бусад үйл ажиллагаандаа олон улсын эрх бүхий байгууллага, шинжлэх ухааны хороод, тухайлбал Дэлхийн цаг уурын байгууллага, Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага мөн озоны үе давхаргын асуудлаархи Зохицуулах хорооны туслалцааг шаардлагатай үедээ авах ба тэдгээр байгууллага, хороодоос авсан мэдээллийг зохих ёсоор ашиглах,

(k)энэ Конвенцийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аливаа нэмэлт арга хэмжээг авч хэлэлцэх, шийдвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

5.НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, олон улсын атомын эрчим хүчний агентлаг, мөн энэ Конвенцид Тал болж ороогүй аль ч улс Талуудын Бага хурлын зөвлөлгөөнд ажиглагчаар оролцож болно. Озоны үе давхаргыг хамгаалах салбарт хамаарал бүхий үндэсний хийгээд олон улсын, засгийн газрын хийгээд засгийн газрын бус аливаа байгууллага, албад Талуудын Бага хурлын зөвлөлгөөнд ажиглагчаар оролцохоо Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдсэн бол Талуудын зөвлөлгөөнд оролцогчдын гуравны нэгээс илүүгүй нь эс татгалзвал уг зөвлөлгөөнд оролцуулж болно. Ажиглагчийг байлцуулах зөвлөлгөөнд оролцуулах асуудлыг Талуудын Бага хурлаас баталсан дэгээр зохицуулна.

ДОЛДУГААР ЗҮЙЛ

Нарийн бичгийн дарга нарын газар

1.Нарийн бичгийн дарга нарын газар дараахь үүрэг хүлээнэ. Үүнд:

(a)6, 8, 9 ба 10 дугаар зүйлүүдэд заасны дагуу зөвлөлгөөн зохион байгуулах, түүнд үйлчлэх

(b)4 ба 5 дугаар зүйлийн дагуу хүлээн авсан мэдээлэл болон 6 дугаар зүйлийн дагуу зохион байгуулагдсан туслах байгууллагуудын зөвлөлгөөнөөс гарсан мэдээлэл зэрэгт үндэслэн илтгэл бэлтгэх, түүний тараах

(c)аливаа Протоколоор түүнд даалгасан үүргийг гүйцэтгэх

(d)энэхүү Конвенцийн дагуу өөрийн хариуцсан үүрэгтэй холбогдсон үйл ажиллагааныхаа тухай илтгэл бэлтгэх, түүнийг Талуудын Бага хуралд оруулах

(e)хариуцсан үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх шаардлагын үүднээс олон улсын холбогдох байгууллагатай үйл ажиллагаагаа зохицуулах, үүний дотор удирдлага зохион байгуулалтын болон хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах

(f)Талуудын Бага хурлаас үүрэг болгон өгч болох бусад арга хэмжээг хэрэгжүүлэх

2. 6 дугаар зүйлийн дагуу зарлан хуралдуулах Талуудын Бага хурлын анхдугаар зөвлөлгөөнийг дуустал Нарийн бичгийн дарга нарийн газрын үүргийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр гүйцэтгэнэ. Талуудын Бага хурал өөрийн ээлжит анхдугаар зөвлөлгөөнөөр энэхүү Конвенцийн дагуу Нарийн бичгийн дарга нарийн газрын үүргийг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн олон улсын эрх бүхий байгууллагын дундаас Нарийн бичгийн дарга нарийн газрыг зохион байгуулна.

НАЙМДУГААР ЗҮЙЛ

Протокол хүлээн зөвшөөрөх

1.Талууды Бага хурлын зөвлөлгөөнөөр 2 дугаар зүйлд нийцүүлэн Протоколууд хүлээн зөвшөөрч болно.

2.Хэлэлцэхээр төлөвлөж байгаа Протоколын эхийг Нарийн бичгийн дарга нарийн газар зөвлөлгөөн эхлэхээс наад зах нь 6 сараас доошгүй хугацааны өмнө Талуудад хүргүүлсэн байна.

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Конвенц эсхүл Протоколд нэмэлт, өөрчлөлт оруулах

1.Энэхүү Конвенц болон аливаа Протоколд аль ч Тал нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж болно. Оруулах нэмэлт, өөрчлөлт нь зохих үндэслэлтэй, тухалбал шинжлэх ухаан-техникийн үндэслэлийг зохих ёсоор харгалзсан байвал зохино.

2.Энэхүү Конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлтийг Талуудын Бага хурлын зөвлөлгөөнөөр хэлэлцэн батлана. Аливаа Протоколын засварыг тэрхүү Протоколд оролцогч Талуудын зөвлөлгөөнөөр хэлэлцэн батлана. Энэхүү Конвенц болон холбогдох аливаа Протоколд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг тухайн Пртоколд нь өөрөөр заагаагүй бол Нарийн бичгийн дарга нарийн газраас энэхүү нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэх зөвлөлгөөн болохоос 6 сараас доошгүй хугацааны өмнө Талуудад мэдэгдэнэ. Тэрчлэн санал болгосон нэмэлт, өөрчлөлтийн эхийг Нарийн бичгийн дарга нарийн газраас Конвенцид гарын үсэг зурсан орнуудад мэдээлэл болгон илгээнэ.

3.Энэхүү Конвенцид оруулж байгаа аливаа нэмэлт, өөрчлөлтийг санал нэгдмэл байх зарчимаар батлахын тулд Талууд бүхий л хүчин чармайлт тавих ба нэгдсэн саналд хүрэх бүх боломжоо шавхан дуустал тохиролцоонд хүрч чадахгүй бол сүүлчийн арга болгож зөвлөлгөөнд байлцсан, санал хураалтанд оролцсон Конвенцийн Талуудын дөрөвний гуравын саналаар нэмэлт, өөрчлөлтийг батлах эх хадгаламжлагч болоод бүх Талуудад батламжлах, батлах эсхүл хулээн зөвшөөрөхөд нь зориулан хүргүүлнэ.

4. 3 дугаар заалтанд дурдсан зарчимыг аливаа Протоколд нэмэлт, өөрчлөлт оруулахад мөрдөх боловч зөвлөлгөөнд байлцсан ба санал хураалтанд оролцогч Талуудын гуравны хоёрын саналаар батлагддаг зарим Протоколын хувьд мөрдөхгүй.

5.Засварыг соёрхон баталсан, баталсан эсхүл хүлээн зөвшөөрсөнтухай эх баримт бичгийг эх хадгалагчид хүргүүлнэ. 3 ба 4 дүгээр заатын дагуу оруулсан нэмэлт, өөрчлөлт нь энэхүү Конвенцийн Талуудын дөрөвний гурваас доошгүй нь эсхүл тухайн Протоколд өөрөөр заагаагүй бол Протоколын Талуудын гурваны хоёроос доошгүй нь уг нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан, баталсан эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэлийг эх хадгалагч хүлээн авснаас хойш 90 дэх хоног дээр тэдгээр Талуудын хувьд хүчин төгөлдөр болно. Бусад Талуудын хувьд цаашид тухайн Тал нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан, баталсан эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээхүргүүлснээс хойш 90 дэх хоног дээр уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болно.

6.Энэ зүйлийн дотор”байгаа байлцсан, санал хураалтанд оролцсон Талууд“ гэдэгт санал хураалтанд оролцсон болон ” эерэг”, ”сөрөг” санал өгсөн Талуудыг ойлгоно.

Дэлгэрэнгүй

Facebook Сэтгэгдэл

Сэтгэгдэлээ оруулна уу?