УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Их Хурлын
2011 оны 02 дугаар тогтоолын хавсралт
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагаврын өнөөгийн байдал
Уур амьсгалын өөрчлөлт гэж уур амьсгал байгалийн жам ёсоороо хэлбэлзэх хугацааны туршид хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны улмаас дэлхийн хийн мандлын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийн дүнд бий болсон өөрчлөлтийг хэлнэ. Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн болон бусад хүчин зүйлийн нөлөө, түүний дотор хүний үйл ажиллагааны улмаас үүснэ.
Монгол орон нь газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий. Сүүлийн дөчөөд жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, энэ нь цөлжилт, ган, зудын давтагдал ихсэх, усны нөөц, биологийн олон янз байдал хомсдох зэргээр илэрч, улмаар улс орны эдийн засаг, ард түмний амьдралын түвшинд таагүй нөлөө үзүүлэх хэмжээнд нэгэнт хүрээд байна.
Монгол орны агаарын жилийн дундаж температур 1940 оноос 2008 оны хооронд 2.140С-ээр дулаарсан нь дэлхийн агаарын дундаж температур 1906 оноос 2005 онд 0.74оС-аар нэмэгдсэн үзүүлэлттэй харьцуулахад манай оронд дулааралт илүү эрчимтэйгээр явагдаж байгааг харуулж байна. Дулааралтын улмаас өндөр уулын мөс хайлж, мөнх цэвдэг элэгдэлд орж байна. Хархираа, Түргэн, Мөнххайрхан, Цамбагарав, Сайр уулсын мөсөн бүрхүүлийн талбай 1992 оноос 2002 оны хооронд 30 орчим хувиар багасчээ.
1961 оноос хойш газрын гадаргын ууршиц 118.1 мм-ээр ихэссэн, ургамлын ургалтын хугацаанд ордог хур борооны хэмжээ 33.0 мм-ээр буурсан нь хуурайшилт, цөлжилтийн гол шалтгаан болж байна. Хавар цас ханзрах хугацаа бараг нэг сараар урагшилж, хөрс цасан бүрхүүлгүй болон ургамал бүрхэвчгүй байх хугацаа уртассан нь салхинд газрын хөрс элэгдэх боломжийг нэмэгдүүлж, 1960-аад оноос хойш шороон шуургатай өдрийн тоо нийт нутгийн хэмжээнд 3-4 дахин ихэссэн байна.
Хуурайшилт эрчимтэй явагдаж байгаагаас олон зуун гол, горхи, булаг шанд, нуур, цөөрөм хатаж ширгэн, бэлчээрийн ургамлын ургац буурч, зүйлийн бүрдэл нь хомсдож байна. Бэлчээр доройтож, хэт халуун өдрийн тоо нэмэгдсэнээс мал сүрэг зун, намар тарга хүчээ бүрэн авч чадахгүй давжаарч зудын гамшгийг тэсвэрлэх чадвар нь буурч байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий юм.
Хүлэмжийн хий гэж хэт улаан туяаг шингээн авч буцаан туяаруулах шинж чанартай байгалийн буюу хүний үйл ажиллагааны гаралтай хийн мандлын бүрэлдэхүүн хэсэг юм. Үүнд нүүрсхүчлийн хий (CO2), метан (CH4), азотын хүчил (N2O), ус фторт нүүрстөрөгчүүд (HFCs), перфторт нүүрстөрөгчүүд (PFCs), гексафторт хүхэр (SF6) зэрэг хий орно. Хүний үйл ажиллагааны улмаас агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа нь орчин үеийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж байна.
Монгол Улсын хэмжээгээр хүлэмжийн хийн нийт ялгаралт 2006 онд 18,868 мян.тн-CO2-экв, шингээгч /хүлэмжийн хий, тоосонцор буюу хүлэмжийн хийн урьдач бодис агаар мандалд орж байгаа аливаа явц, үйлдлийн хэлбэр буюу механизм/-ийг хассан цэвэр ялгаралт 15,628 мян.тн-CO2-экв байжээ. Хүлэмжийн хийн нийт ялгаралтын 54.2 хувийг эрчим хүч, 34.2 хувийг хөдөө аж ахуй, үлдсэн хувийг газар ашиглалт, ойн талбайн өөрчлөлт, үйлдвэр, хог хаягдлын зэрэг салбар тус тус эзэлж байна. 2006 оны байдлаар Монгол Улсын нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээ ихэнх хөгжиж байгаа орон болон дэлхийн дунджаас ихээхэн дээгүүр байна. Улс орны хөгжлийн цаашдын чиг хандлагаас харвал хүлэмжийн хийн ялгаралт цаашид ч эрс нэмэгдэх төлөвтэй. Иймд байгаль орчныг хамгаалах, ялангуяа агаарын бохирдлыг бууруулах зорилттой уялдуулан хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар цахилгаан эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, түлшний боловсруулалтыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.
Монгол нутагт ган, зуд, аадар бороо, мөндөр, хүчтэй цасан болон шороон шуурга, уруйн үер зэрэг байгаль, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж, эрч хүч нэмэгдэж, улмаар хүн амын осол, эндэгдэл мэдэгдэхүйц өсөн нийгэм, эдийн засагт учруулах хор хохирлын хэмжээ сүүлийн 20 гаруй жилд 2 дахин нэмэгджээ.
Дулааралтын улмаас хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдах, хэт халуун өдрийн тоо нэмэгдсэнээр ходоод, гэдэсний болон суулгалт, зүрх судасны өвчлөл өсөх хандлагатай байна. Монгол оронд 1988 онд зүрх судасны өвчлөлийн тохиолдлын тоо 10,000 хүн тутамд 100 орчим байсан бол 2008 оны байдлаар 600 орчим болж өссөн байна.
Уур амьсгалын дулааралт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны доройтол цаашид энэ хурдцаар үргэлжилбэл экологийн томоохон сүйрэлд хүргэж болохын дээр улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын эрүүл мэнд, амьжиргаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх магадлал улам бүр нэмэгдэх болно.
1.2.Уур амьсгалын өөрчлөлтийн цаашдын хандлага, болзошгүй нөлөөлөл
Монгол орны агаарын температурын жилийн дундаж XXI зууны дунд үе гэхэд дунджаар 2.1-3.00С, зууны сүүлээр 3.1-5.00С-аар дулаарч XX зууны дулааралтын эрчээс ойролцоогоор 2-3 дахин илүү байх, хур тунадас 2030 оноос хойш 6-15 хувь нэмэгдэх, харин өвлийн улиралд 2050 он хүртэл 7-15 хувь, түүнээс хойших хугацаанд ойролцоогоор 50 хувь өсөх урьдчилсан тооцоо гарч байна.
Эрдэмтдийн тооцоогоор дулааралт нь хуурайшилт, цөлжилтийг улам идэвхжүүлж, гадаргын ууршилт нь хур тунадасны бага хэмжээний өсөлтөөс даруй 6-10 дахин их байхаар байна. Дулааралтын улмаас цэвдэг, өндөр уулын мөстөлийн хайлалт улам идэвжих болно. Цамбагарав уулын мөстлийн зузаан 2040 оны үед 50 м-ээр, 2050-2060 оны үед 100 м-ээр, 2070-2080 оны орчимд 200 м-ээр тус тус хайлах төлөвтэй байна. Цэвдэгт мандлын элэгдлийн улмаас Алтай, Хангайн нурууны ар хажуугаас эх авдаг голуудын усны нөөц зууны эхний хагаст нэмэгдэх магадлалтай боловч цаашид багасах болно.
Зундаа их халж хуурайшин жилийн хүйтэн улиралд ордог цасны хэмжээ нэмэгдсэнээр зудын эрсдэл улам нэмэгдэж, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх байгалийн нөхцөл нэн хүндэрч болзошгүй. Газар тариалангийн төв бүсэд улаан буудайн ургац 2011-2030 онуудад дунджаар 15 хувиар буурч болзошгүй байна. Дулааралтын улмаас монгол оронд урьд өмнө ажиглагдаж байгаагүй дулаан орны шинэ өвчин дамжуулагчид тархах, хүнсний аюулгүй байдал алдагдаж, улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байна.
Уур амьсгалын дулаарах үед зарим нутагт дулаан бүсийн ургамал тарих, газар тариаланд өмнө нь ашиглах боломжгүй байсан хүйтэн уур амьсгалтай зарим нутгийг эзэмших, байшин барилгын халаалтын хугацааг богиносгох, ханын зузааныг нимгэлэх боломж бүрдэх, зарцуулах цахилгаан эрчим хүч, дулааныг хэмнэх, гол мөрөн, нуурын мөсөн бүрхүүлтэй байх хугацаа богиносох зэрэг эерэг нөхцөл бүрдэх боловч манай орны хувьд сөрөг үр дагавар нь эрс давамгайлахаар байна.
1.3.Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр боловсруулах эрх зүйн үндэслэл
Энэхүү хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Төрөөс экологийн талаар баримтлах бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр, холбогдох бусад салбарын хөтөлбөр болон Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, ялангуяа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Киотогийн протокол, Цөлжилттэй тэмцэх, Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенц зэрэг эрх зүйн баримт бичиг болно.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцоор хүлээсэн үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2000 оноос ”Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлж байгаа боловч дэлхийн болон монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдлэг, мэдээлэл улам өргөжиж, энэ талаархи олон улсын хамтын ажиллагааны цар хүрээ, механизм боловсронгуй болж байгаа нь энэхүү хөтөлбөрийг улс орны эдийн засаг, нийгмийн асуудлаархи бусад бодлого, хөтөлбөртэй нягт уялдуулан боловсронгуй болгож хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг харуулж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн талаархи асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээ, хүлээж байгаа үр дүн, түүний шалгуур үзүүлэлтийг тодорхой болгон шинэчлэн боловсруулах шаардлага тулгарч байна.
Цэвэр хөгжлийн механизм нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, түүний Киотогийн протоколын хэрэгжилтийг хангах нэг арга зам юм. Цэвэр хөгжлийн механизмын зорилго нь конвенцийн 1 дүгээр хавсралтад ороогүй Талуудад (хөгжиж байгаа орнууд) тогтвортой хөгжлийг хангах, Конвенцийн эцсийн зорилгод хүрэхэд нь хувь нэмрээ оруулахад нь туслах, 1 дүгээр хавсралтад орсон Талуудад (өндөр хөгжилтэй орнууд) Киотогийн протоколын 3 дугаар зүйлийн дагуу хүлээх хүлэмжийн хийн ялгаралтыг хязгаарлах ба бууруулах тоон үүргээ биелүүлэхэд нь туслахад оршино.
Монгол Улсын Их Хурлын 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан ”Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын Монгол Улсын хөгжлийн 5 дугаар тэргүүлэх чиглэлийн ”Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга чадавхийг бий болгох, экосистемийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоох, хамгаалах замаар тогтвортой хөгжлийн орчин бий болгоно” гэсэн заалт нь ”Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр” /цаашид хөтөлбөр гэх/-ийг боловсруулах гол үндэслэл болж байна.
Дасан зохицохуй гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтийн бодит болон болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаварт байгаль, нийгмийн өртөх байдлыг бууруулах, эсхүл эерэг нөлөөлөл, аятай таатай нөхцөлийг аль болох бүрэн дүүрэн ашиглахад чиглэсэн хүний үйл ажиллагаа, арга хэмжээ юм.
Түүнчлэн монгол орны нутаг дэвсгэр дээр улам бүр эрчимжиж байгаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, энэхүү өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах нь үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, байгаль орчинд үзүүлэх дарамтыг багасгах, байгаль орчны бохирдол, доройтлыг багасгах, тогтвортой хөгжлийг хангах, “Ногоон өсөлт”–ийн бодлогыг хэрэгжүүлэх үндэслэл болно.
ХОЁР.ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД, ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА, ҮЕ ШАТ, БАРИМТЛАХ ЗАРЧИМ
2.1.Хөтөлбөрийн зорилго
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд, эдийн засаг, нийгмийн салбарыг нийцүүлэн хөгжүүлэх, түүний эмзэг байдал, эрсдэлийг бууруулах, хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах замаар үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, ногоон эдийн засгийн хөгжил, өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Уг хөтөлбөр хэрэгжиж дуусахад буюу 2021 он гэхэд Монгол Улсад байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж бүрдэж, ногоон эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна.
2.2.Хөтөлбөрийн стратегийн зорилтууд
Хөтөлбөрийн зорилгод хүрэхийн тулд дараахь стратегийн зорилтыг тодорхойлж байна:
2.2.1.уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх;
2.2.2.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхийг бүрдүүлж, байгаль орчны тэнцвэрт байдлыг ханган, эдийн засаг, нийгмийн эмзэг байдал, эрсдэлийг үе шаттайгаар бууруулах;
2.2.3.байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралтыг үе шаттайгаар бууруулж, карбон багатай эдийн засагт шилжих эхлэлийг тавих /үүнд ”карбон багатай эдийн засаг” гэж хүлэмжийн хийн ялгаралт багатай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх явдал давамгайлсан эдийн засгийг хэлнэ/;
2.2.4.уур амьсгалын ажиглалтын сүлжээг өргөтгөх, технологийн шинэчлэл хийх, судалгаа, шинжилгээ, үнэлгээний ажлыг өргөжүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх;
2.2.5.олон нийтийг уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдээллийг хүн амд өгөх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх.
2.3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат
Хөтөлбөрийг 2011-2021 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ:
2.3.1.нэгдүгээр үе шат буюу 2011-2016 онд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үндэсний чадавхийг бэхжүүлж, эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог бүрдүүлэн, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ;
2.3.2.хоёрдугаар үе шат буюу 2017-2021 онд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох боломжит арга хэмжээг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгаралтын өсөлтийг сааруулах үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх эхлэл тавигдана.
2.4.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
Хөтөлбөрт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
2.4.1.уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг үндэсний аюулгүй байдал, улс орны тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн бодлогод нийцүүлсэн, нийгмийн хөгжлийг дэмжсэн байх;
2.4.2.уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг экосистемийн тэнцлийг хангах, орчны бохирдлыг багасгах, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах бодлого, стратегитэй уялдуулсан байх;
2.4.3.хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг тууштай нэвтрүүлэх, үндэсний уламжлал, зан заншилтай хослуулсан байх;
2.4.4.олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийг эрхэмлэх;
2.4.5.төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлах, иргэд олон нийтийн оролцоог дэмжих, салбар дундын болон төв, орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны нягт уялдааг хангах;
2.4.6.шударга, ил тод байдлыг хангах, хүний эрх, жэндэрийн тэгш байдлыг эрхэмлэх.
ГУРАВ.ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хөтөлбөрийн стратегийн зорилтуудын хүрээнд дараахь үйл ажиллагааг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ:
3.1.”Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх” стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
Бүх үе шатанд (2011-2021 он)
3.1.1.Байгаль орчныг хамгаалах тухай, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай, Ойн тухай, Усны тухай, Эрчим хүчний тухай, Гамшгаас хамгаалах тухай, Газрын тухай, Барилгын тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай зэрэг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;
3.1.2.бэлчээр ашиглах, хөрс хамгаалах, эрчим хүч хэмнэх, үйлдвэрлэл, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах хариу арга хэмжээний тухай зэрэг харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх;
3.1.3.хүлэмжийн хийн тооллого, тооцоонд шаардлагатай эх мэдээг улсын статистикийн мэдээлэлд бүрэн оруулах чиглэлээр эрх зүйн орчныг бий болгох;
3.1.4.эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, барилгын чанар, дулаалгын байдалд хөндлөнгийн аудит хийх механизмыг бий болгох;
3.1.5.эрчим хүч, уур, ус хэмнэлт, хог хаягдлын ашиглалт, боловсруулалтын шинэ норм, стандартыг боловсруулж мөрдүүлэх;
3.1.6.уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий бүтцийг бий болгох;
3.1.7.цэвэр хөгжлийн механизмийг хэрэгжүүлэх талаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
3.2.”Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхийг бүрдүүлж, байгаль орчны тэнцвэрт байдлыг ханган, эдийн засаг, нийгмийн эмзэг байдал, эрсдэлийг үе шаттайгаар бууруулах” стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
Нэгдүгээр үе шат (2011-2016 он)
3.2.1.уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул, эрсдэлийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний үр дүнг дээшлүүлэх;
3.2.2.голын эх, сав газруудын нэгдсэн менежментийг боловсронгуй болгох үндсийг бүрдүүлэх;
3.2.3.ус хэмнэх, хаягдал усыг дахин ашиглах техник, технологи, эдийн засгийн боломжийг бүрдүүлж эхлэх;
3.2.4.гол, горхи, бороо, цасны ус, мөстлийн хайлалтаас бий болох усны нөөцийг хуримтлуулах хөв, усан сан байгуулах ажлыг өргөжүүлэх;
3.2.5.уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг бүс нутгийн усны нөөцийг нарийвчлан тогтоох, салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах;
3.2.6.уур амьсгалын өөрчлөлтөд зохицуулан ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний менежментийг боловсронгуй болгох;
3.2.7.төвлөрсөн, томоохон хот, суурины ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх;
3.2.8.гадаад, дотоодын байгууллагатай хамтран ойжуулалт хийх, ойн зурвас байгуулах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мод үржүүлэх шинэ дэвшилтэт технологийг судлан нэвтрүүлэх;
3.2.9.газрын доройтол, цөлжилтийг сааруулах арга хэмжээг авах, бэлчээр, хөрсний хүлэмжийн хий шингээх чадавхийг дээшлүүлэх;
3.2.10.говь, тал хээрийн бүсийн ахуйн түлшний хангамжийг зохистой шийдвэрлэх замаар заг, шаваг зэрэг модлог, бутлаг ургамлын нөөцийг хамгаалах;
3.2.11.уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг биологийн олон янз байдлыг хамгаалах, дасан зохицоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглүүлэн хэрэгжүүлж эхлэх;
3.2.12.мал аж ахуйн эмзэг байдал, эрсдэлийг үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авах;
3.2.13.хуурайшилттай нөхцөлд зохицсон ус хэмнэх, хөрс хамгаалах технологид тулгуурласан усалгаатай газар тариаланг хөгжүүлэх;
3.2.14.иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, ногоон ажлын байр бий болгох чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
3.2.15.агаар мандлын гаралтай аюултай ба гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгох.
Хоёрдугаар үе шат (2017-2021 он)
3.2.16.Хойт мөсөн далайн ай сав болон мөстлийн усны нөөц хуримтлуулах сангуудыг байгуулж эхлэх;
3.2.17.бороо, цасны усыг хуримтлуулах хөв, цөөрөм байгуулах ажлыг өргөжүүлэх;
3.2.18.голын эх, сав газруудын нэгдсэн менежментийг томоохон голуудыг хамруулан хийх;
3.2.19.ойн нөөцийг бүрэн хамгаалалтад авах, нөхөн сэргээх, мод үржүүлэх ажлыг өргөжүүлэн хүлэмжийн хийн шингээх чадавхийг нэмэгдүүлэх;
3.2.20.газрын доройтол, цөлжилтийг сааруулах арга хэмжээг өргөжүүлэх;
3.2.21.уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг биологийн олон янз байдлыг хамгаалах, дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх ажлыг орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт өргөжүүлэх;
3.2.22.уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн менежментийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх;
3.2.23.хуурайшилттай нөхцөлд зохицсон ус хэмнэх, хөрс хамгаалах технологид тулгуурласан усалгаатай газар тариаланг өргөтгөх;
3.2.24.агаар мандлын гаралтай аюултай ба гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх;
3.2.25.хот, сууринд үерийн хамгаалалтын далан, суваг, инженерийн барилга байгууламжийг өргөжүүлэх, усыг дахин ашиглах технологийн шийдлийг боловсруулан хэрэгжүүлэх.
3.3.”Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, бүтээмжийг дээшүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралтыг үе шаттайгаар бууруулж, карбон багатай эдийн засагт шилжих эхлэлийг тавих” стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
Нэгдүгээр үе шат (2011-2016 он)
3.3.1.цахилгаан эрчим хүч, дулааны үйлдвэрлэлийн түлшний хувийн зарцуулалтыг бууруулах;
3.3.2.эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн үр ашгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх;
3.3.3.сэргээгдэх эрчим хүчний санг бүрдүүлж бүрэн ашиглах;
3.3.4.салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлэх;
3.3.5.эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй сумын төв, сууринг сэргээгдэх эрчим хүчээр хангах;
3.3.6.газрын гүний дулааныг ашиглах технологийн туршилт хийх, нэвтрүүлж эхлэх;
3.3.7.далд уурхайн метан хийг ашиглах технологи нэвтрүүлэх судалгаа хийх;
3.3.8.нүүрс боловсруулах, цэвэр түлш гаргах технологи нэвтрүүлэх, нутагшуулах арга хэмжээ авах;
3.3.9.органик хог хаягдал боловсруулж хийн түлш үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх;
3.3.10.Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын барилгын халаалтын системд дулааны программчилсан тохируулгатай технологи нэвтрүүлэх, хот, суурины хэрэглэгчдийг бүрэн тоолууртай болгох ажлын эхний шатыг хэрэгжүүлэх;
3.3.11.улайсах лампын хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авах;
3.3.12.цементийн үйлдвэрлэлд хуурай технологи нэвтрүүлэх;
3.3.13.олон улсын авто замын сүлжээнд орох авто замыг тэргүүн ээлжинд барих;
3.3.14.хотын замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах, нягтралыг багасгах арга хэмжээ авах;
3.3.15.говийн болон зүүн бүсэд төмөр замын сүлжээг өргөтгөж хүнд даацын автотээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарлах;
3.3.16.автотээвэрт хийн ба хосолмол түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, түлш бага зарцуулдаг тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих;
3.3.17.нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд том оврын автобус, цахилгаан тээврийн хэрэгслийн эзлэх хувийг нэмэгдүүлэх;
3.3.18.Улаанбаатар хотын дулааны алдагдал ихтэй барилгыг нэмж дулаалах, дулааны алдагдлыг багасгах арга хэмжээ авах;
3.3.19.газар ашиглалтыг сайжруулж, атаршсан газрыг сэргээн ашиглах явдлыг өргөжүүлэх, шинээр газар хагалахыг хязгаарлах арга хэмжээ авах, уул уурхайн газрын нөхөн сэргээлтийг сайжруулах;
3.3.20.ойжуулах, ойг нөхөн сэргээх болон ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн шингээлтийг сайжруулах;
3.3.21.ойг түймэр, хортон шавжаас хамгаалах, хууль бус ашиглалтыг таслан зогсоох, ойн нөөцийн хомсдолыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;
3.3.22.хатуу хог хаягдлыг бүрэн боловсруулах, эргүүлэн ашиглах үйлдвэр байгуулах.
Хоёдугаар үе шат (2017-2021 он)
3.3.23.Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станц-3, Дарханы Дулааны цахилгаан станцыг өндөр параметрийн технологид шилжүүлж шинэчлэх;
3.3.24.аймгийн төвүүдийг өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй үүсгүүр бүхий төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болгох;
3.3.25.эрчим хүчний нэгдсэн системд холбох боломжгүй төвлөрсөн суурингийн цахилгааны хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр бүрэн хангах;
3.3.26.хувийн орон сууцыг дулаацуулах, хэрэгцээний халуун ус халаахад нар, газрын гүний дулаан, биохий ашиглах;
3.3.27.усны эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, боломжтой газарт усан цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэх;
3.3.28.говийн бүсэд нарны эрчим хүчийг ашиглан том чадлын түлш, эрчим хүчний цогцолбор байгуулах судалгаа хийх;
3.3.29.цөмийн эрчим хүчийг ашиглах судалгааны ажлыг өргөжүүлэх;
3.3.30.нүүрсийг хийжүүлж шатаах хосолмол циклын станц байгуулах;
3.3.31.далд уурхайн метан хийг ашиглах үйлдвэр байгуулж хэрэглэгчдийг хангах;
3.3.32.шингэрүүлсэн хийн хэрэглээг нэмэгдүүлэх;
3.3.33.хот, суурины гэр хорооллын айл өрхийг цэвэр түлшээр хангах;
3.3.34.Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэтийн барилгын халаалтын системд дулааны программчилсан тохируулгатай технологи нэвтрүүлэх, хот суурины хэрэглэгчдийг бүрэн тоолууртай болгох ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
3.3.35.улайсах лампын хэрэглээг бүрэн халах;
3.3.36.Улаанбаатар хотод метро байгуулах чиглэлээр судалгаа хийх, үндэслэл боловсруулах;
3.3.37.төмөр замын тээврийг цахилгаанд шилжүүлэх эхлэл тавих;
3.3.38.нанотехнологид суурилсан дулаалгын шинэ төрлийн материал нэвтрүүлэх;
3.3.39.ойн арчилгааг сайжруулж, төв, суурин газарт модыг түлшинд хэрэглэх явдлыг хязгаарлах, ойжуулах, ойг нөхөн сэргээх болон ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх;
3.3.40.бохир ус цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулж хийн түлш гарган авах, хэрэглээг өргөжүүлэх.
3.4. “Уур амьсгалын ажиглалтын сүлжээг өргөтгөх, технологийн шинэчлэл хийх, судалгаа, шинжилгээ, үнэлгээний ажлыг өргөжүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх” стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
Нэгдүгээр үе шат (2011-2016 он)
3.4.1.ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг өргөтгөх, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх;
3.4.2.тусгай хамгаалалттай газрыг түшиглэн ой, хээрийн түймрийн тандалт, судалгааны цэгийг байгуулах;
3.4.3.тусгай хамгаалалттай газрыг түшиглэн биогеоценозийн ажиглалт, мониторингийн сүлжээг байгуулж эхлэх;
3.4.4.ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг түшиглүүлэн мөстөл, цэвдэг, цөлжилтийн мониторингийн сүлжээ байгуулах;
3.4.5.гадаргын болон гүний усны мониторингийн сүлжээг шинэчлэх, өргөтгөх;
3.4.6.дулааралтын улмаас шинээр гарч болзошгүй өвчин дамжуулагч шумуул, элдэв хортон, мэрэгчдийн мониторингийн сүлжээ бий болгох;
3.4.7.монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээг 3-5 жил тутамд шинэчлэн хийж байх;
3.4.8.уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицох чадвартай ургамал, амьтны төрөл зүйлийн судалгаа хийх;
3.4.9.хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийн тооцооны үзүүлэлтийг монгол орны нөхцөлд судлан тогтоох;
3.4.10.уур амьсгалын өөрчлөлтийн байгаль экологи, нийгэм, эдийн засгийн салбарт нөлөөлөх байдлын болон эрсдэлийн үнэлгээг тодорхой давтамжтай хийж байх;
3.4.11.дасан зохицох арга хэмжээний хувилбар, тэдгээрийн өртөг зардал-үр ашгийн тооцоог эдийн засгийн салбар тус бүрээр гаргах.
Хоёрдугаар үе шат (2017-2021 он)
3.4.12.ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний автоматжуулалтын түвшинг нэмэгдүүлэх;
3.4.13.цаг агаарын урт хугацааны прогноз боловсруулах, уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээ хийхэд супер компьютер ашиглах;
3.4.14.улсын нийт нутгийг хамарсан цаг агаарын допплерийн радарын сүлжээ байгуулах;
3.4.15.уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицох чадвартай ургамал, амьтны төрөл зүйлийн судалгааг өргөжүүлэх.
3.5.”Олон нийтийг уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдээллээр хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх” стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
Бүх үе шатанд (2011-2021 он):
3.5.1.уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох талаар ном, товхимол, гарын авлага, материал бэлтгэн хэвлүүлэх;
3.5.2.төр, засгийн бодлого, шийдвэр, шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийн тухай мэдээллийг олон нийтэд цаг тухайд нь хүргэх;
3.5.3.уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн хөгжлийн тухай хичээлийг бүх шатны сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах;
3.5.4.уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны салбарт шинээр бий болох мэргэжлийн ангилал, индексийг тодорхойлох, сургалтын хөтөлбөрийг боловсруулах;
3.5.5.байгаль, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг ашиглах, авран хамгаалах талаар сургалт, семинар, сурталчилгааны ажил тогтмол явуулах;
3.5.6.нутгийн иргэд, нөхөрлөлд түшиглэсэн гамшгаас хамгаалах багийг байгуулан ажиллуулах;
3.5.7.аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, төрийн бус байгууллага, иргэдийн ногоон үйлдвэрлэл эрхлэх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх зэргээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжих;
3.5.8.уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи олон улс болон бүс нутгийн арга хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, төрийн бус байгууллага, иргэд, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, хамтын ажиллагааг өрнүүлэх;
3.5.9.уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг нийгмийн бүлэг (өрх толгойлсон эмэгтэйчүүд, ядуу гэр бүл г.м.)-ийн амьжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
3.5.10.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх.
Сэтгэгдэлээ оруулна уу?