Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон ялангуяа Африкийн цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэстний байгууллагын конвенци
/Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 9 дүгээр тусгай дугаарын албан ёсны эх сурвалжаас авав/
ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД,
Цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах үйл ажиллагааны хүрээнд тэдгээрт нэрвэгдэж байгаа болон тийм аюул заналхийллийн дор оршиж буй нутаг орны хүн ардад гол анхаарлаа төвлөрүүлж буйг нотлож,
Ган, цөлжилтийн тааламжгүй үр дагаврын талаар олон улсын хамтын нийгэмлэг, түүний дотор улс гүрнүүд болон олон улсын байгууллагууд сэтгэл түгшиж байгааг дурдан,
Эх газрын үлэмж хэсгийг хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутаг эзэлдэг бөгөөд энэ нь дэлхийн хүн амын нэлээд хэсгийн оршин сууж буй газар, аж амьдралынх нь эх сурвалж болдогийг ойлгож,
Ган, цөлжилт нь өргөн хүрээтэй асуудал болж дэлхийн нийт бүс нутагт нөлөөлж, түүнтэй тэмцэх, тэдгээрийн нөлөөллийг бууруулахад олон улсын хамтын нийгэмлэгийн хамтарсан үйл ажиллагаа шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч,
Ган, цөлжилт нь тэдгээрт нэрвэгдэж буй хөгжиж буй орнууд, нэн ялангуяа буурай хөгжилтэй орнуудад болон Африкт эмгэнэлт үр уршиг учруулж байгааг тэмдэглэж,
Физик, биологи, улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн харилцан уялдаа бүхий нарийн түвэгтэй хүчин зүйлийн улмаас цөлжих үйл явц улам бүр нэмэгдэж байгааг тэмдэглэж,
Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа нь ган цөлжилтөд нэрвэгдэж буй улс орнууд цөлжилттэй хангалттай тэмцэхэд нөлөөлж байгааг харгалзан үзэж,
Эдийн засгаа тогтвортой өсгөх, нийгмийн хөгжлөө хангах, ядуурлыг арилгах явдал бол ган, цөлжилтөд нэрвэгдэж буй хөгжиж буй орнууд, ялангуяа Африкийн орнуудын нэн тэргүүний зорилт бөгөөд энэ нь тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх нэн чухал нөхцөл болохыг ухамсарлаж,
Ган, цөлжилт нь ядуурал, эрүүл мэнд болон хүнс тэжээлийн хомсдол, хүнсний аюулгүй байдлын баталгаа алдагдах зэрэг нийгмийн чухал асуудлууд болон цагаачлах, шилжин суурьших, хүн амын хөдөлгөөнтэй уялдаа холбоотойгоор тогтвортой хөгжилд сөрөг нөлөө үзүүлдгийг харгалзан үзэж,
Өнгөрсөн хугацаанд улс гүрнүүд болон олон улсын байгууллагуудаас цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах зэрэгт тухайлбал НҮБ-ын Цөлжилтийн асуудлаарх Бага Хурлаар 1977 онд баталсан Цөлжилттэй тэмцэх Үйл ажиллагааны Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гаргасан хүчин чармайлт, хуримтлуулсан туршлагын ач холбогдлыг өндрөөр үнэлж,
Өнгөрсөн хугацаанд цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах талаар хүчин чармайлт гаргаж зарим ахиц гарсан хэдий ч тавьсан зорилгодоо хүрээгүйг тэмдэглэж, энэ нь тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хүрээнд бүх түвшинд шинэ бөгөөд илүү үр дүнтэй алхам хийх шаардлагатай байгааг ухамсарлаж,
Хүрээлэн буй орчин, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Бага Хурлаас гаргасан шийдвэр, тухайлбал, ХХI зууны мөрийн хөтөлбөр, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны үндсийг тусгасан түүний 12 дугаар бүлгийн заалтууд нь хүчин төгөлдөр бөгөөд тулгамдсан асуудлууд болохыг хүлээн зөвшөөрч,
ХХI зууны мөрийн хөтөлбөрийн 33 дугаар бүлгийн 13 дугаар зүйлд заасан хөгжингүй орнуудын хүлээх үүрэг амлалтыг үүнтэй уялдуулан дахин нотлож,
Африкт нэн тэргүүний ач холбогдол өгсөн Ерөнхий Ассамблейн 47/188 дугаар тогтоол болон ган, цөлжилтийн талаархи НҮБ-ын холбогдох бусад тогтоол, шийдвэр болон хөтөлбөрүүд, түүнчлэн Африкийн орнууд болон бусад бүс нутгаас хийсэн мэдэгдлүүдийг иш татан,
Хүрээлэн буй орчин, хөгжлийн асуудлаарх Рио-де-Жанейрогийн Тунхаглалын 2 дугаар зарчимд улс гүрнүүд НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчимд нийцүүлэн өөрсдийн байгалийн нөөц баялгийг дотоодынхоо байгаль орчин болон хөгжлийн бодлогынхоо дагуу ашиглах бүрэн эрхтэй бөгөөд ингэхдээ тэдний хууль хяналт, эрх зүйн хүрээнд явуулж буй үйл ажиллагаа нь дотоодын хууль, эрх зүйн хүрээнээс гадна орших бусад улс орон буюу бүс нутгийн байгаль орчинд хохирол учруулахгүй байх хариуцлага хүлээнэ гэдгийг дахин нотолж,
Үндэсний засгийн газрууд цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулахад шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд энэ салбарт гаргах амжилт нь нэрвэгдэж буй нутаг дэвсгэрт явуулах үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарахыг хүлээн зөвшөөрч,
Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах үйл хэрэгт олон улсын түншлэл, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой, шаардлагатай байгааг мөн хүлээн зөвшөөрч,
Тийнхүү нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудад, ялангуяа Африкт үр дүнтэй хөрөнгө хүч, тухайлбал санхүүгийн нөөцийг бий болгох, санхүүжилтийн нэмэлт шинэ эх үүсвэрээр хангах, энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхэд нь шаардагдах технологи нэвтрүүлэх боломж олгохын ач холбогдлыг хүлэн зөвшөөрч,
Төв Ази, Транскавказын ган, цөлжилтөд нэрвэгдэж байгаа орнуудад эдгээр үзэгдлүүд нөлөөлж буй явдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж,
Ган, цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутаг, ялангуяа хөгжиж буй орнуудын орон нутгийн эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүх шатны үйл ажиллагаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бүрэн оролцог хангахыг онцлон тэмдэглэж,
Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хөтөлбөрүүдэд төрийн бус байгууллагууд, бусад томоохон бүлгүүд онцгой үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэж,
Өргөн хүрээтэй цөлжилт, хүрээлэн буй орчны бусад асуудлуудаар олон улсын болон үндэсний хамтын нийгэмлэгүүдийн хоорондын харилцан уялдаа холбоог харгалзан үзэж,
Цөлжилттэй тэмцэх нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенц, Биологийн төрөл зүйлийн тухай Конвенц болон хүрээлэн буй орчныг хамгаалах талаарх бусад конвенциудын зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж болохыг мөн бодолцож,
Цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах стратеги нь шинжлэх ухааны нарийн мэдлэг, тогтмол ажиглалт судалгаан дээр үндэслэх болон тэдгээрт байнгын үнэлгээ хийснээр илүү үр дүнтэй болохыг тэмдэглэж,
Үндэсний хөтөлбөр болон нэн тэргүүнд авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, зохицуулалтыг сайжруулах нь амин чухал болохыг хүлээн зөвшөөрч,
Эдүүгээ болон ирээдүй хойч үеийнхний ашиг сонирхлын үүднээс цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах талаар зохих арга хэмжээ авах шийдвэр төгс байгаагаа илэрхийлэн,
Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
УДИРТГАЛ
1 дүгээр зүйл
Хэрэглэх нэр томъёо
Энэхүү Конвенцийн зорилгоор:
а) “цөлжилт” гэж уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газрын доройтол болохыг хэлнэ.
б) “цөлжилттэй тэмцэх” гэж тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутагт газрыг хамгаалах, сайжруулахад чиглэсэн дараахь арга хэмжээнүүдийг хэлнэ. Үүнд:
i. газрын доройтлоос сэргийлэх, түүнийг багасгах,
ii. хэсэгчлэн доройтсон газрыг нөхөн сэргээх,
iii. цөлжсөн газрыг нөхөн сэргээх гэх мэт.
в) “Ган” гэж хур тунадасны хэмжээ хэвийн хэмжээнээс үлэмж багассанаас ус зүйн тэнцвэр ноцтойгоор алдагдаж, газрын өгөөж үржил шим муудах байгалийн үзэгдлийг хэлнэ.
г) “гангийн нөлөөг бууруулах” гэдэг нь цөлжилттэй тэмцэх ажил хэргийн хүрээнд ганг урьдчилан мэдээлэх, нийгэм, байгаль орчныг гангийн нөлөөллөөс хамгаалах үйл ажиллагаа юм.
д) “газар” гэж хөрс, ус, ургамал ба бусад биомасс, түүнчлэн экологи, ус зүйн үзэгдлийг агуулсан газар дэлхийн био бүтээмжийн тогтолцоог хэлнэ.
е) “газрын доройтол” гэж хүний үйл ажиллагаа, хүн амын байршилтай холбоо бүхий:
i. салхи болон усны нөлөөгөөр хөрс элэгдэх,
ii. хөрсний физик, хими, биологи болон эдийн засгийн шинж чанар муудах,
iii. он удаан жилийн турш байгалийн ургамал нөмрөг хомсдох зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутагт усалгаагүй болон усалгаатай газар тариалан, бэлчээр, ой, модлог ургамалтай газрын хөрсний биологи, эдийн засгийн үр өгөөж буурахыг хэлнэ.
ё) “хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутаг” гэж жилийн дундаж тунадасны хэмжээ, ургамал-хөрсний нийлбэр боломжит ууршилтын хоорондын харьцаа нь 0,05-0,65 хооронд хэлбэлзэх туйлын болон туйл орчмын газраас бусад нутгийг хэлнэ.
ж) “нэрвэгдэж буй газар нутаг” гэж цөлжсөн буюу цөлжих аюулд орж болзошгүй хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутгийг хэлнэ.
з) “нэрвэгдэж буй улс гүрнүүд” гэж нутаг дэвсгэр нь цөлжилтөд нэрвэгдэж буй газар нутагт бүхлээрээ буюу зарим хэсэг нь хамрагдсан улс орныг хэлнэ.
и) “Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага” гэж тухайн бүс нутгийн бүрэн эрхт улс орнуудын байгуулсан, гишүүн улсууд нь энэхүү Конвенциор зохицуулагдах асуудлуудын хувьд эрх мэдлээ түүнд шилжүүлсэн, дотоод журмынхаа дагуу энэхүү Конвенцид гарын үсэг зурах, түүнийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орох байгууллагыг хэлнэ.
к) “хөгжингүй орнууд болох Талууд” гэж хөгжингүй орнууд болох Талууд болон хөгжингүй орнуудын үүсгэн байгуулсан бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг хэлнэ.
2 дугаар зүйл
Зорилго
1. Энэхүү Конвенцийн зорилго нь нэрвэгдэж буй бүс нутагт тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн “ХХI зууны мөрийн хөтөлбөр”-т нийцүүлэн цогцолбор үйл ажиллагааны хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийн талаарх зохицуулалтуудын дагуу бүх түвшинд үр дүнтэй арга хэмжээ авах замаар ган, цөлжилтэд ноцтой нэрвэгдэж буй орнууд, ялангуяа Африкт цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад оршино.
2. Энэ зорилгод хүрэхийн тулд нэрвэгдэж буй газар нутгийн хүн амын амьжиргааны түвшин ялангуяа орон нутгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх үүднээс газрын өгөөжийг нэмэгдүүлэх, газар ба усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн урт хугацааны иж бүрэн бодлого чухал болно.
3 дугаар зүйл
Зарчим
1. Энэхүү Конвенцийн зорилгод хүрэх, түүний заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд Талууд дор дурдсан зүйлийг удирдлага болгоно. Үүнд:
а) Талууд нь цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа хүн ам, орон нутгийн үүсгэл санаачилгын байгууллагуудыг оролцуулж, улс үндэсний болон орон нутгийн үйл ажиллагааг туслаж дэмжих тааламжтай орчинг бий болгох нөхцөлийг хангах.
б) Талууд олон улсын эв санааны нэгдэл, түншлэлийн үзэл санаагаар дэд бүс, бүс нутаг, олон улсын түвшинд хамтын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулж, шаардлагатай газарт нь санхүү, хүн хүч, зохион байгуулалт, техникийн нөөцийг илүү үр ашигтай төвлөрүүлэх.
в) Талууд нэрвэгдэж буй бүс нутгийн газрын байдал, үнэ цэнэ, усны нөөцийн хомсдол тэдгээрийг зүй зохистой ашиглах зэргийг илүү гүнзгий ойлгуулахын тулд засгийн газрын бүх түвшин, нийгмийн бүлэгүүд, төрийн бус байгууллагууд болон газар эзэмшигчдийн хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх.
г) Талууд нь Конвенцийн Талууд болох нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд ялангуяа, ядуу буурай орнуудын онцгой хэрэгцээ, нөхцөл байдлыг бүрэн хэмжээнд харгалзаж үзэх.
ХОЁРДУГААР ХЭСЭГ
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
4 дүгээр зүйл
Нийтлэг үүрэг
1. Талууд энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ дангаараа буюу хамтран эсвэл одоогийн болон хойшдын хоёр болон олон талын зохицуулалтуудын хүрээнд буюу тэдгээрийг хослуулан хэрэгжүүлэх бөгөөд тэгэхдээ хүчин чармайлтыг зохих ёсоор уялдуулах хэрэгцээ байгааг онцлон үзэж, бүхий л түвшинд урт хугацааны уялдаа холбоотой бодлого боловсруулахад анхаарна.
2. Талууд энэхүү Конвенцийн зорилгод хүрэхийг эрмэлзэн:
а) ган, цөлжилтийн явцад үүсэх физик, биологи, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах,
б) олон улс, бүс нутгийн холбогдох байгууллагуудын хүрээнд Конвенцийн Талууд, нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд тус дэм үзүүлэх, олон улсын эдийн засгийн тааламжтай нөхцөлийг бий болгохын тулд олон улсын худалдаа, зах зээлийн зохицуулалт, өрийн асуудалд онцгой анхаарах;
в) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад ядуурлыг арилгахад чиглэсэн бодлогыг нэгтгэх;
г) ган, цөлжилттэй тэмцэхтэй холбоотойгоор байгаль орчин ба газар, усны нөөцийг хамгаалах чиглэлээр нэрвэгдэж буй Талуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих;
д) дэд бүс, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
е) засгийн газар хоорондын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
ё) зохион багууллалтын мехнизмуудыг давхардуулахгүй байх зохих хэлбэрээр тодорхойлох;
ж) нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудад цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах явдалд санхүүгийн томоохон нөөц хөрөнгийг гүйлгээнд оруулж, шилжүүлэхэд одоо үйлчилж байгаа хоёр болон олон талын санхүүгийн механизм, зохицуулалтыг ашиглах явдлыг дэмжих.
3. Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд Конвенцийг хэрэгжүүлэхдээ туслалцаа авч болно.
5 дугаар зүйл
Нэрвэгдэж байгаа орнууд болох Талуудын хүлээх үүрэг
Нэрвэгдэж байгаа орнууд болох Талууд 4 дүгээр зүйлд заасан үүргээс гадна дараахь үүргийг нэмж хүлээнэ Үүнд:
а) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулахад нэн тэргүүний ач холбогдол өгч, өөрсдийн нөхцөл, бололцооныхоо хэрээр хангалттай хөрөнгө, нөөц гаргах;
б) тогтвортой хөгжлийн төлөвлөгөө буюу бодлогын хүрээнд цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгч, бодлого, стратегиа боловсруулах;
в) цөлжилт үүсгэж буй шалтгааныг тодорхойлж, цөлжилтийн үйл явцад нөлөөлж байгаа нийгэм эдийн засгийн хүчин зүйлд онцгой анхаарал хандуулах;
г) орон нутгийн хүн амыг мэдээллээр хангах, тэднийг ялангуяа эмэгтэйчүүд, залуучуудыг төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд оролцуулахад нь дэмжлэг үзүүлэх;
д) одоо үйлчилж байгаа холбогдох хууль, тогтоомжийг бэхжүүлэх, тийм хууль тогтоомж байхгүй тохиолдолд шинээр санаачлан гаргах, урт хугацааны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг бий болгох тааламжтай орчин бүрдүүлэх.
6 дугаар зүйл
Хөгжингүй орнууд болох Талуудын хүлээх үүрэг
Хөгжингүй орнууд болох Талууд 4 дүгээр зүйлд заасан нийтлэг үүргүүдээс гадна дараахь үүргийг нэмж хүлээнэ. Үүнд:
а) Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах талаар нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд ялангуяа Африкийн болон буурай хөгжилтэй орнуудын тавьж буй хүчин чармайлтыг тохиролцсоны дагуу дангаараа болон хамтран идэвхтэй дэмжих;
б) Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд ялангуяа Африкийн орнуудын цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах талаар урт хугацааны төлөвлөгөө, стратегийг үр дүнтэйгээр боловсруулж хэрэгжүүлэхэд нь санхүүгийн томоохон эх үүсвэр болон бусад хэлбэрийн тусламж үзүүлэх;
в) 20 дугаар зүйлийн 2 б заалтын дагуу санхүүгийн шинэ, нэмэлт эх үүсвэрүүдийг дайчлахад нь туслах
г) хувийн сектор, төрийн бус байгууллага зэрэг бусад эх үүсвэрээс санхүүгийн нөөц боломжийг дайчлах явдлыг хөхиүлэн дэмжих;
д) Конвенцид нэгдэн орсон нэрвэгдэж буй орнууд- Конвенцийн Талууд ялангуяа хөгжиж байгаа орнуудад холбогдох технологи, мэдлэг, нау-хау-г олж авах боломж олгох, дэмжлэг үзүүлэх.
7 дугаар зүйл
Африкт тэргүүн зэргийн
анхаарал хандуулах
Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхдээ нэрвэгдэж буй Талууд болох Африкийн орнуудад тухайн бүс нутагт бүрэлдэн тогтсон онцгой байдлыг харгалзан тэргүүн зэргийн анхаарал тавих бөгөөд ингэхдээ бусад бүс нутгийн нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудыг анхаарлаасаа хөндийрүүлэхгүй байна.
8 дугаар зүйл
Бусад Конвенцитой холбогдох нь
1. Талууд энэхүү Конвенцийн хүрээнд болон Талуудын оролцогч Тал болсон олон улсын бусад холбогдох хэлэлцээрүүдийн, тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенци, Биологийн төрөл зүйлийн тухай Конвенцийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг гэрээ, хэлэлцээр бүрийн үйл ажиллагааг үр ашигтай байлгах зорилгоор, түүнчлэн тэдгээрт тавьж буй хүчин чармайлтыг давхардуулахгүйгээр уялдуулан зохицуулах явдлыг хөхиүлэн дэмжинэ. Талууд ялангуяа, судалгаа шинжилгээ явуулах, боловсон хүчин бэлтгэх, байнгын ажиглалт хийх, мэдээлэл цуглуулах, солилцох чиглэлээр тухайн хэлэлцээрүүдийн зорилгод хүрэхэд тус дөхөм болох хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх явдлыг хөхиүлэн дэмжинэ.
2. Энэхүү Конвенцийн заалтууд нь тухайн Талын хувьд энэ Конвенц хүчин төгөлдөр болохоос өмнө нэгдэн орсон хоёр талын, бүс нутгийн болон олон улсын аливаа гэрээ хэлэлцээрээр хүлээсэн эрх, үүргийг үл хөндөнө.
ГУРАВДУГААР ХЭСЭГ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН
АЖИЛЛАГАА, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
1 ДҮГЭЭР БҮЛЭГ: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
9 дүгээр зүйл
Үндсэн арга зам
1. Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болон нэрвэгдэж байгаа бусад Талууд 5 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхдээ бүс нутгийнхаа хэмжээнд хэрэгжүүлэх хавсралтын хүрээнд буюу өөрөө хэлбэл үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг боловсруулах гэж байгаа тухайгаа Байнгын нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр мэдэгдэж, цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах стратегийн үндсэн хэсэг болсон одоогоор амжилттай хэрэгжиж байгаа төлөвлөгөө, хөтөлбөрүүд, дэд болон бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд тулгуурлан үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг зохих ёсоор нь боловсруулан мэдээлж, хэрэгжүүлнэ. Эдгээр хөтөлбөрүүдийг газар дээр нь хэрэгжүүлэх явцад хуримтлуулсан туршлага, судалгааны ажлын үр дүнг үндэслэн олон нийтийн байнгын оролцоотойгоор боловсронгуй болгож, шинэчилж байна. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг бэлтгэх үйл явцыг тогтвортой хөгжлийн үндэсний бодлогыг томъёолох зэрэг бусад хүчин чармайлттай нягт уялдуулах ёстой.
2. Хөгжингүй орнууд болох Талууд 6 дугаар зүйлийн заалтын дагуу төрөл бүрийн туслалцаа үзүүлэхдээ нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд, ялангуяа Африкийн орнуудын үндэсний болоод дэд бүс, бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд шууд юмуу зохих олон талын байгууллагуудаар буюу аль алинаар нь дамжуулан дэмжлэг үзүүлэх явдлыг нэн тэргүүнд тавих ёстой.
3. Талууд НҮБ-ын төрөлжсөн байгууллага, сан, хөтөлбөрүүд болон бусад холбогдох засгийн газар хоорондын байгууллага, их дээд сургуулиуд, шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагууд өөрийн эрх хэмжээ, бололцооныхоо хэрээр үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах талаар хамтран ажиллах явдлыг хөхиүлэн дэмжих ёстой.
Сэтгэгдэлээ оруулна уу?