ДАЯН ДЭЛХИЙН НОГООНТНУУДЫН ТУНХАГ
2001 онд Канберрад батлагдаж 2012 онд Дакарт шинэчлэгдэн батлагдсан.
Даян Дэлхийн Ногоонтнууд нь Ногоон намууд болон улс төрийн хөдөлгөөнүүдийн олон улсын сүлжээ юм.
Оршил
Бид, дэлхийн иргэд бөгөөд Даян Дэлхийн Ногоонтнуудын хувьд,
Хүмүүн бид, дэлхийн амьдрах чадвар, олон янз байдал, үзэсгэлэн төгөлдрөөс хамаардаг, бөгөөд энэ бүхнийг алдагдуулалгүй, харин бүр улам сайжруулан хойч үедээ дамжуулан үлдээх үүрэг хариуцлагатай гэсэн ухамсраараа нэгдсэн,
Ямар ч үнээр хамаагүй эдийн засгийг өсгөх номлол дээр суурилсан хүмүүний үйлдвэрлэл, хэрэглээний үндсэн шинж чанар нь Дэлхийн даацыг харгалзалгүйгээр байгалийн нөөц баялгийг хэтэрхий сувдгаар, хаягдал ихтэйгээр ашиглаж байгаа нь байгаль орчныг эрс доройтуулж, амьтан ургамлын төрөл зүйлийг ихээр мөхөөхөд хүргэж буйг хүлээн зөвшөөрч,
Шударга бус явдал, арьс өнгөөр ялгаварлах үзэл, ядуурал, харанхуй бүдүүлэг байдал, хээл хахууль, гэмт хэрэг болон хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөн ба хэт богино хугацаанд ашиг орлого олох эрмэлзэл зэрэг нь өргөн хүрээг хамарсан гамшиг зовлонг хүмүүн төрөлхтөнд учруулж буйг танин мэдэж,
Хөгжингүй орнууд эдийн засаг, улс төрийн зорилгодоо хүрэх гэж байгаль орчин, хүн төрөлхтний үнэт зүйлсийг доройтуулахад түлхэц үзүүлсэн гэдэгтэй санал нийлж,
Дэлхийн хүн ард, улс үндэстний олонх нь зуун зуун дамжсан колоничлол, мөлжлөгийн золиос болж ядуурсан бөгөөд баян улс үндэстнүүд ядууруулсан хүн ардын өмнө экологийн өрийн эзэд болсон гэдгийг ойлгож,
Баян ядуугийн ялгааг арилгах болон нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын амьдралын хүрээнд бүх хүмүүсийн тэгш эрх дээр суурилсан иргэншлийг бүтээн байгуулах үүрэг хүлээсэн,
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн хооронд адил тэнцүү эрхгүйгээр ямар ч бодит ардчилалд хүрч чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч,
Хүн төрөлхтний нэр төр болон соёлын өвийн үнэ цэнийн талаар сэтгэл зовнин,
Уугуул иргэдийн эрх, тэдний нийтийн өвийн санд оруулсан хувь нэмрийг, мөн үндэс угсаатны цөөнх болон дарлагдсан ард түмний соёл, шашин, эдийн засаг, соёлын амьдралын эрхийг хүлээн зөвшөөрч,
Шимтэй хүнс, тав тухтай орон сууц, эрүүл мэнд, боловсрол, шударга хөдөлмөр, үг хэлэх эрх, цэвэр агаар, ундны ус, бохирдоогүй байгаль орчин зэрэг хүний эрхийн баталгаа болох урьдчилсан нөхцөл нь өрсөлдөөнөөс илүүтэй хамтын ажиллагаа гэдэгт итгэн үнэмшсэн,
Байгаль орчин нь улс хоорондын хил хязгаарт захирагдахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч,
мөн
Рио хотноо 1992 онд баталсан Ногоонтнуудын Даян Дэлхийн Чуулганы Тунхагийг үндэслэн,
Хүмүүсийн хандлага, үнэ цэн, мөн үйлдвэрлэл явуулах арга зам, амьдралын хэв шинжийг үндсээр нь өөрчлөх шаардлагатай гэдгийг нотлон,
Шинэ мянган нь энэхүү шилжилтийг эхлэх үе болохыг тунхаглан,
Тогтвортой байдлын нийтлэг үзэл баримтлалыг дэмжин дараахь шийдвэрт нэгдэв:
– Дэлхийн экосистемийн нэгдмэл байдлыг хамгаалах, нөхөн сэргээхдээ амьдралыг тэтгэгч биологийн төрөл зүйл, байгалийн юмс үзэгдэлд онцгой анхаарна,
– Экологи, нийгэм, эдийн засгийн хоорондын уялдааг зөвшөөрнө,
– Хувийн ашиг сонирхлыг нийтийн эрхээр хязгаарлана,
– Эрх чөлөөг хариуцлагатай уялдуулна,
– Нэгдмэл байдал доторхи олон янз байдлыг дэмжин хүлээн авна,
– Ойрын зорилтуудаа хэтийн зорилгуудтайгаа уялдуулна,
– Хойч үеийнхэн маань одоо үеийнхэнтэй нэгэн адил байгалийн, соёлын үр шимийг хүртэх эрхтэй болохыг баталгаажуулна,
Бие биеийнхээ өмнө, нийт амьд ертөнцийн өмнө, хойч үеийнхээ өмнө хүлээх хариуцлагаа батламжлан,
Дэлхий дахины Ногоон намууд болон улс төрийн хөдөлгөөнүүдийн хувьд эдгээр харилцан уялдаатай зарчмуудыг хэрэгжүүлэх, мөн дээрх зарчмуудыг бүрэн биелүүлэхийн тулд даян дэлхийн хамтын ажиллагааны тогтолцоог цогцлоох үүрэг хүлээж байна.
Зарчим
Даян Дэлхийн Ногоонтнуудын улс төрийн бодлого нь дараахь зарчим дээр суурилна:
Экологийн ухаарал
Хүмүүн бид байгаль дэлхийн нэгэн хэсэг болохоо хүлээн зөвшөөрч, хүнээс ангид төрөл зүйлсийг төдийгүй амьдарлын бүх хэв маягийн онцгой үнэт чанарыг хүндэтгэнэ.
Бид дэлхийн уугуул ард иргэдийн мэргэн ухааныг газар нутгаа, нөөц баялгаа хайрлан хамгаалагчийнх нь хувьд хүлээн зөвшөөрнө.
Бид хүний нийгэм нь гаригийн байгалийн нөөц баялгаас хамааралтайг хүлээн зөвшөөрнө, мөн экосистемийн нэгдмэл байдал, биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах, амьдралыг тэтгэгч тогтолцооны уян хатан чанарыг хангах ёстой.
Үүний тулд:
– Бид гаригийн экологийн болон нөөц баялгийн хязгаарт захирагдан амьдарч сурна,
– Бид амьтан, ургамлын амьдарлыг, мөн байгалийн үндсэн суурь болох хөрс, ус, агаар, нараар тэтгэгддэг амьдралыг өөрийг нь хамгаална,
– Хаана мэдлэг хангалтгүй байна, тэнд бид хянамгай байж өнөө болон хойч үеийнхэндээ гаригийн нөөц баялгийн хүртээмжит байдлыг баталгаажуулна.
Нийгмийн шударга ёс
Бид нийгмийн шударга ёсны гол зорилго нь орон нутгийн болон даян дэлхийн хэмжээнд нийгмийн ба байгалийн нөөц баялгийн тэгш хуваарилалтыг хүмүүний үндсэн хэрэгцээг ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр хангахад, мөн нийт иргэд маань хувь хүнийхээ болон нийгмийн хувьд хөгжих бүрэн бололцоог хангахад оршино гэдгийг батлан мэдэгдэж байна.
Бид байгаль орчны шударга ёсгүйгээр нийгмийн шударга ёс гэж үгүй, мөн нийгмийн шударга ёсгүйгээр байгаль орчны шударга ёс гэж үгүй гэдгийг тунхаглаж байна.
Үүний тулд:
– Дэлхийн шударга зохион байгуулалт, тогтвортой эдийн засаг нь улам газар авч буй баян ядуугийн ялгааг дотооддоо болон улс хороондын хэмжээнд арилгана, Өмнөдөөс Умард руу чиглэсэн байгалийн баялгийн урсгалыг тэнцвэржүүлнэ, мөн ядуу орнуудын хөгжилд нь саад болж байгаа өрийн дарамтыг арилгана,
– Ядуурлыг устгахыг ёс зүйн, нийгмийн, эдийн засгийн, экологийн захиалга гэж үзнэ,
– Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгана,
– Иргэншлийн шинэлэг төсөөллийг нийт хувь хүний хувьд тэгш эрхийг эрхэмлэн хүйс, арьсны өнгө, нас, шашин, анги давхарга, ястан үндэстний гарал үүсэл, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээл, хөрөнгө чинээ болон эрүүл мэндийн байдлаас нь үл хамааран бүрдүүлнэ.
Оролцооны ардчилал
Бид бүх иргэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байх, мөн тэдний амьдралд нь нөлөөлөх байгаль орчин, эдийн засаг, нийгэм ба улс төрийн шийдвэр гаргахад шууд оролцох боломжтой байх ардчилал руу тэмүүлнэ, ингэснээр эрх мэдэл, хариуцлагыг орон нутаг, бүс нутгийн хамтын нийгэмлэгт төвлөрүүлж, зөвхөн зайлшгүй шаардлагатай нөхцөлд л засаглалын дээд түвшинд хандана.
Үүний тулд:
– хувь хүнийг аливаа шийдвэр гаргах үед холбогдох мэдээллээр хангах, мөн оролцооны боловсролыг олох тогтолцоог хөгжүүлнэ,
– Оролцоонд саад тотгор учруулдаг баялгийн, эрх мэдлийн тэгш бус байдлыг хална,
– Шийдвэрийг шууд бөгөөд зохих түвшинд тухайн асуудалд хамрагдсан иргэдээр гаргуулах боломжийг бүрдүүлдэг, мөн иргэний эрч хүч, сайн дурын үйл ажиллагаа, хамтын хариуцлагыг дэмждэг тогтолцоонд суурилсан жирийн иргэдийн байгууллагуудыг байгуулна,
– Залууст дуу хоолойгоо өргөх боломжийг олгохдоо тэднийг сурган хүмүүжүүлэн, дэмжин урамшуулан, мөн шийдвэр гаргах бүх байгууллагад тэдний оролцоог ханган улс төрийн амьдралын салбар бүрт залуусыг халамжлан тэдний хүчин зүтгэлийг хүчтэй дэмжинэ,
– Сонгогдсон бүх төлөөлөл нь ил тод, шудрага зөв байдал, мөн удирдан зохион байгуулахдаа хариуцлага хүлээх зэрэг зарчмыг баримтлах үүрэг хүлээнэ,
– Сонгуулийн бүх тогтолцоо нь ил тод, ардчилсан, хуульчлагдсан байна,
– Сонгуулийн бүх тогтолцоонд насанд хүрсэн хүн бүр санал өгөх ижил эрхтэй байна,
– Сонгуулийн бүх тогтолцоо нь пропорциональ төлөөлөл дээр суурилж, бүх сонгууль нь төрөөс хатуу хяналт хязгаарлалттайгаар санхүүжүүлэгдэнэ, мөн хувийн хэвшлийн болон хувь хүний хандив ил тод байна,
– Олон намын тогтолцооны хүрээнд нийт иргэдэд улс төрийн намын гишүүн болох эрх байна.
Хүч үл хэрэглэх
Бид хүч үл хэрэглэхийн төлөөх өөрсдийн итгэл үнэмшилээ тунхаглаж байна, мөн даян дэлхийн аюулгүй байдлын суурь болох улс хоорондын, нийгмийн, хувь хүмүүс хоорондын энх тайванч, хамтын ажиллагааны соёлд тэмүүлнэ.
Бид аюулгүй байдал нь зэвсэгт хүчин дээр голлон тулгуурлах ёсгүй, харин хамтын ажиллагаа, эдийн засгийн болон нийгмийн эрүүл хөгжил, байгаль орчны аюулгүй байдал, мөн хүний эрхийг хүндлэх дээр суурилах ёстой гэдэгт итгэдэг.
Үүний тулд:
– Зэвсэгт хүчний харьцааг тэнцвэржүүлэхийг чухалчлахад суурилсан үзэл баримтлалын оронд сөргөлдөөн дэх нийгэм, эдийн засаг, экологи, сэтгэлзүй, соёлын асуудлыг урьдал болгодог даян дэлхийн аюулгүй байдлын цогц үзэл баримтлал шаардлагатай байна,
– Сөргөлдөөнөөс сэргийлэх, зохицуулах, шийдвэрлэх чадвартай даян дэлхийн аюулгүй байдлын тогтолцоотой болно,
– Бусдын соёлыг ойлгон хүндлэн, арьсны өнгөөр ялгаварлалыг зогсоон, эрх чөлөө, ардчиллыг дэмжин, даян дэлхий дэх ядуурлыг эцэс болгосноор дайнаас ангижирна,
– Цөмийн, биологийн, химийн зэвсэг, амьд хүчийг устгах галт бөмбөг, хүч бага ураны зэвсгийг иж бүрнээр нь ба эцэслэн хориглох явдлыг баталгаажуулсан олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг тусгасан бүх нийтийн, бүрэн зэвсэг хураах ажлыг хэрэгжүүлнэ,
-Зөрчлийг зохицуулах, энхийг сахиулах даян дэлхийн байгууллагынх нь хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагыг (НҮБ) чадавхижуулна,
-Хүний эрх зөрчигддөг орнуудад зэвсэг экспортлох үйл ажиллагааг нарийн чанд хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.
Тогтворт байдал
Бид хүний нийгмийн материаллаг тэлэлт нь хязгаарлагдмал гэдгийг, мөн нөхөн сэргээгдэх түүхий эдийг тууштай ашиглан, нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг хариуцлагатай ашиглан байж биологийн төрөл зүйлсийг тэтгэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байна.
Бид тогтвортой байхын тулд, мөн өнөөгийн болон ирээдүй хэрэгцээг дэлхийн хязгаарлагдмал нөөц баялгийн хүрээнд хангахын тулд зогсолтгүй өсөж буй дэлхийн хэрэглээ, эд баялгийн тэгш бус байдлыг өөрчлөх ёстой.
Бид ядуурал байгаа цагт тогтворт байдал үүсэх боломжгүйг хүлээн зөвшөөрч байна.
Үүний тулд:
– Ядууст дэлхийн баялгаас өөрсдийн хувийг шударгаар хүртэх боломж олгохдоо баячуудын хэрэглээ хязгаарлахыг баталгаажуулна,
– Хангалуун амьдралын үзэл баримтлалыг шинэчлэн тодорхойлж хэт хэрэглээнд бус, амьдралын чанарт анхаарна,
– Цөөнхийн шуналыг бус, бүгдийн хэрэгцээг хангасан, мөн өнөө үеийнхэн хэрэгцээгээ хангахдаа хойч үеийнхний амьдралд аюул учруулахгүй дэлхийн эдийн засгийг бүтээнэ,
– Эдийн засгийн аюулгүй байдлыг ханган, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль алинд нь эрүүл мэнд, нөхөн үржихүй, суурь боловсрол олгосноор хүн амын хэт өсөлтийг хязгаарлана.
– Тогтвортой хөгжлийн зарчимуудыг хэрэгжүүлэхийн тулд үндэстэн дамнасан корпорациудын үүрэг хариуцлагыг шинээр тодорхойлно
– Санхүүгийн эрсдэлтэй гүйлгээнд татварын аргачлалыг хэрэгжүүлнэ, зохицуулна, журамлана,
– Бараа, үйлчилгээний үнэд тэдгээрийг үйлдвэрлэх, хэрэглэхтэй холбоотой байгаль орчны өртгийг бүрэн тусгана,
– Нөөц баялаг, эрчим хүчний зөв зарцуулалттай, байгальд ээлтэй технологийг хөгжүүлж ашиглахыг зорино,
– Хамтын нийгэмлэг байгуулахдаа бүс нутгийн хүчинд тулгуурлан өргөн хүрээнд, бодитойгоор хэрэгжүүлэхийг дэмжинэ.
– Залуусын соёлын онцгой ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, энэ соёл дахь тогтвортой байдлын ёс зүйг урамшуулан дэмжинэ.
Олон талт байдлыг хүндэтгэх
Бид хамаг амьтаны өмнө хүлээх хувь хүнийхээ үүрэг хариуцлагын хүрээнд соёлын, хэлний, угсаатны, бэлгийн, шашны болон оюун санааны олон талт байдлыг хүндлэнэ.
Бид бүх хүний эрхийг ялгаварлан гадуурхахгүйгээр тэдний нэр хүнд, биеийн эрүүл мэнд, оюун санааны сайн сайхан байдлыг дэмждэг орчныг бүрдүүлэн хамгаална.
Бид олон соёлт нийгэмшлийн мөн чанарт зааг саад болох хил хязгаарыг даван туулан байж харилцан хүндэтгэсэн, эерэг, хариуцлагатай харилцааг цогцлоохыг дэмжинэ.
Үүний тулд:
– Эдийн засаг, соёл хувьд уугуул иргэд газар нутгаа эзэмших, тусгаар тогтнох эрхийг тусгасан үндсэн аргачлалтай байхыг хүлээн зөвшөөрнө, мөн тэдний үндэсний болон даян дэлхийн соёлын нийтийн өвд оруулсан хувь нэмрийг нотлон мэдэгдэнэ,
– Үндэстэн ястны цөөнх өөрсдийн соёл, шашин, хэлээ ялгаварлан гадуурхалтаас ангид хөгжүүлэх, мөн ардчиллын үйл явцад хууль, нийгэм, соёлын хүрээнд бүрэн оролцох эрхийг хүлээн зөвшөөрнө,
– Бэлгийн цөөнхийг хүлээн зөвшөөрнө, мөн хүндэтгэнэ,
– Нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын амьдралын бүх хүрээнд эмэгтэй ба эрэгтэй хүмүүсийг эрх тэгш байдлыг хангана,-
– Залуусын соёлын бодит оролцоог манай Ногоон үзэлд оруулж буй үнэтэй хувь нэмэр гэж үзнэ, мөн залуус онцлог хэрэгцээ, өөрсдийгөө илэрхийлэх арга замуудтай гэдгийг хүлээн зөвшөөрнө.
Улс төрийн үйл ажиллагаа
- Ардчилал
1.0 Дэлхийн хүн ардын ихэнх нь ардчилал үгүй дэглэмд амьдрахын зэрэгцээ эдгээр улсад авилгал өргөн дэлгэрсэн, хүний эрх зөрчигдөж, хэвлэлийг хянан цагдах нь жирийн үзэгдэл болсон байна. Хөгжсөн ардчилалд авилгалын ил хэлбэр болох хэвлэл мэдээллийн төвлөрсөн байдал, улс төр дэх хувийн хэвшлийн санхүүжүүлэлт, арьстны, угсаатны, үндэстний, шашны бүлгийг зохион байгуулалттайгаар гадуурхах байдал, мөн өөр үзэл санаа, шинэ ба бага намуудыг ялгаварлан гадуурхдаг сонгуулийн тогтолцоо зэргээс бага хохирол амсдаг.
Ногоонтнууд –
1.1 Ардчилсан, ил тод, хариуцлагатай засаглалын төлөө ажилладаг жирийн иргэдийн болон иргэний нийгмийн бусад байгууллагуудыг бүх түвшинд зоригжуулах болон дэмжихэд тэргүүлэх ач холбогдол өгнө.
1.2 Улс төрийн үйл ажиллагааны бүх салбарт залуусын оролцоог сургалт, урамшуулал, дэмжлэгээр бүрдүүлж залууст дуу хоолойгоо өргөх боломж өгч идэвхитэй дэмжинэ.
1.3 Эмэгтэй ба эрэгтэй хүмүүсийг эдийн засаг, улс төр, нийгмийн хүрээнд тэгш эрхтэйгээр оролцох боломжийг олгох зохих зуучлалыг дэмжих замаар хүйсийн харилцааны ардчилалд тэмүүлнэ.
1.4 Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХХБ)-ын “Олон улсын бизнесийн хүрээнд гадаад улсын албан хаагчдад хахууль өгөхтэй тэмцэх тухай конвенц”-ийг дэмжих бөгөөд нэгдээгүй талуудыг цаг алдалгүй үзэглэн батламжлахыг шаардана.
1.5 Албан ёсны мэдээлэл авах болон чөлөөт, бие даасан хэвлэл мэдээлэлтэй байх иргэдийн эрхийг хамгаална.
1.6 Цахим шуудан, радио зэрэг нийтийн цахим харилцаа холбоо, мэдээллийн технологийг бүх нийтээрээ ашиглахын төлөө ажиллана. Мөн ашиглалтын зардлыг аль болох хямд төсөр болгохын төлөө бид ажиллана.
1.7 Өмгөөлөл авах эрхийг хангадаг, гэмт хэрэг, шийтгэлийн харьцааг дүйцэхүйц байлгадаг иргэний хууль эрх зүйн шударга тогтолцоог дэмжинэ.
1.8 Сонгуулийг төрөөс санхүүжүүлэхийг дэмжин сонгуулийн бүх хандивыг бүрэн ил тод, тайлан тооцоотой байлгахыг, мөн эдгээр үйл ажиллагааг бодит болон бодит бус зохисгүй нөлөөллөөс ангид байлгахыг баталгаажуулах аргачлалыг дэмжинэ.
1.9 Засгийн газар дахь хувийн хэвшлийн ноёрхлыг, ялангуяа хаана иргэдийн улс төрийн оролцооны эрхийг булаасан байна тэнд шаардлага тавьж эсэргүүцэн тэмцэнэ.
1.10 Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглал хоорондын эрх мэдлийг зааглах болон төр шашныг тусгаарлахыг дэмжинэ.
1.11 Орон нутгийн өөрөө удирдах ёсны төлөвшил, дэвшлийг дэмжинэ.
1.12 Төрийн байгууллагыг ардчилах, ил тод болгох, иргэдийн засаглал болон тогтвортой хөгжлийн зорилгод үр ашигтай үйлчилдэг болгохын тулд бүтцийн өөрчлөлт хийхийг дэмжинэ.
1.13 Хувийн хэвшлийн дэмжигдээгүй ашиг сонирхлыг бус, харин “нэг хүн – нэг санал – нэг үнэлгээ” гэсэн ардчилсан зарчим дээр суурилсан даян дэлхийн засаглалыг дэмжинэ.
- Эрх тэгш байдал
2.0 Өнөөгийн дэлхий дэх амьдралын түвшин, боломжийн ялгаа хүлцэшгүй байна. Гуравдагч ертөнцийн орнуудын өр өмнө хэзээ ч байгаагүй өндөр түвшинд буюу 3,7 их наяд ам.доллар болж, харин Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)-ын орнууд ҮНБ-ийнхээ дөнгөж 0,31%-ийг л тусламжинд өгч байна. Дэлхийн хүн амын 20% буюу баячууд нь дэлхийн орлогын 83%-ийг эзэмшиж байхад, харин дэлхийн залуучуудын бараг 50%-ийг багтаасан хамгийн ядуу 20% нь дээрх орлогын дөнгөж 1%-д хүрэхтэй үгүйтэй хэсгийг л эзэмшхийн зэрэгцээ 1,2 тэрбум хүн өдөрт 2 ам.доллараас ихгүй зардлаар амь зогоож байна. Дэлхийн ядуусын 60% нь эмэгтэйчүүд, 130 сая хүүхэд сургуульд хэзээ ч хамрагдаж үзээгүй, мөн насан хүрсэн 800 сая хүн уншиж бичиж чаддаггүй төдийгүй тэдний гуравны хоёр нь эмэгтэйчүүд болно. Дэлхийн хүн амын өсөлт удааширсан ч 2050 онд 2-3 тэрбумаар өсөх хандлагатай байна. Хүний Дархлал Хомсдолын Вирус (ХДХВ), сүрьеэний халдварууд тархалттай байна.
Ногоонтнууд –
2.1 Хөгжиж буй орнуудад үзүүлэх засгийн газрын тусламжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана, мөн тусламжийн санг аль болох хамгийн ядуу орнууд руу чиглүүлэхийг дэмжих бөгөөд ингэхдээ орон нутгийн хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллан байж эрэмбэ дарааллыг тодорхойлно.
2.2 Эмэгтэйчүүдийн эрх, нийгэмд эзлэх байр суурь, боловсрол, улс төрийн оролцоог сайжруулахын төлөө ажиллана.
2.3 Тусламжийг нэмэгдүүлж, өрийг цайруулж өндөр чанартай, бүх нийтийг хамарсан анхан шатны боловсролын тогтолцоог санхүүжүүлэх зорилгыг 2015 он гэхэд баримтлах үүрэг хүлээж байна.
2.4 Хөгжиж буй орнуудын, ялангуяа нэн ядуу орнуудын өрийг хүчингүй болгохын төлөө ажиллана, мөн өрийн дарамтаас ангижран бий болсон хуримтлалыг ядуурлыг бууруулах болон байгаль орчныг хамгаалах чиглэлд оруулахыг, нэрвэгдсэн хамтын нийгэмлэгийн оролцоог хангасан ил тод, тайлагнадаг үйл ажиллагааг хангах урамшууллыг хэрэглэхийг дэмжинэ.
2.5 ХДХВ-ДОХ, сүрьеэ, хумхаа зэргийг онцгойлон үзэж өргөн хүрээг хамарсан тахлын эсрэг тэмцэх уялдсан үйл ажиллагааг эрэлхийлэхийн зэрэгцээ, ялангуяа Африк тивд хямд төсөр, үр өгөөжтэй эмчилгээ авах үндсэн боломжийг хангахад, мөн ялангуяа боловсролыг дэмжин байж эдийн засгийн дэвшилд хүрэхэд хоёр дахин их идэвхи зүтгэл шаардлагатай байна.
2.6 Байгаль орчны сүйрлээс болж шилжин суурьшиж, эсвэл колоничлол болон шилжүүлэн нүүлгэх зэрэг хүний түрэмгийллээс болж өөрсдийн байгалийн нөөц баялгаа ашиглах боломжоо алдсан ард иргэдийн хохирлоо барагдуулгах эрхийг хүлээн зөвшөөрнө.
2.7 Эдлэн газрын өмчлөлийн халдашгүй эрх, түүний байгалийн нөөцийг ашиглах онцгой эрх хоорондын уялдаа холбоог байгаль орчинтой зүй бусаар харьцаж буйг хазаарлан зогсоож байгаа эсэхэд, мөн үндсэн амьжиргаагаа залгуулах таатай боломж бүгдэд, ялангуяа уугуул иргэдийн хамтын нийгэмлэгийнхэнд байгаа эсэхэд дүгнэлт хийж дахин хянах болно.
2.8 Нийт эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүд хувь хүнийг хохироодог садар самууныг сурталчлах, биеэ үнэлэх эсвэл эрхтнээ худалдах зэрэг үйлдэлд хамрагдахгүй байж эдийн засгийн аюулгүй байдлаа хангадаг байхыг баталгаажуулахын төлөө ажиллана.
2.9 Өөрсдийн нийт нийгэм дотроо баялгийг илүү тэгш хуваарилалт болон ижил боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах үүрэг хүлээхийн зэрэгцээ хөгжингүй орнуудад ядуу болон эмзэг бүлгийн хүмүүсийн тоо нэмэгдэж буйг хүлээн зөвшөөрнө.
2.10 Өнөөгийн санхүүжсэн неолибераль капитализм нь баячуудыг дэмждэг ба хямралд өртөмтгий гэдгийг ойлгож байна. Энэ нь тэгш бус байдал болон ядуу хүмүүсийн гачигдлыг өсгөн нэмэгдүүлж байна.
2.11 Өнгөт арьстан хүмүүсийн хүн, нийгэм, байгаль орчны эрхийг хамгаална, сайжруулна.
- Цаг уурын өөрчлөлт ба эрчим хүч
3.0 Цаг уурын гамшиг нь даян дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгараад буй хамгийн том сорилт ба нийгмийн шудрага ёсыг эрхэмлэн, мөн Дэлхийн экологийн хязгаарт захирагдан байж бид хэрхэн амьдрах талаар дахин авч үзэх хамгийн өргөн боломжийг хүн төрөлхтөнд олгож байгаа хоёр асуудлыг дагуулж байдаг. Ногоонтнууд даян дэлхийн дулааны хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх түвшнээс 1,5 хэмээс илүү өсгөхгүй хязгаарлах үүрэг хүлээж байна. Энэхүү дулааны хэмийн хязгаарт байх боломжийг бүрдүүлэхийн тулд 2020 оноос өмнө даян дэлхийн агаарын бохирдлыг оргил цэгээс нь эрс багасгах хэрэгтэй байна.
Ногоонтнууд –
3.1 Агаар мандал дахь СО2-ийн түвшнийг аль болох богино хугацаанд 450 ppm болтол хязгаарлах зорилго тавина.
3.2 Дэлхий даяар “тэг нүүрстөрөгч”-тэй эдийн засаг руу хурдан шилжих үйл явцыг дэмжиж ажиллана.
3.3 Бохирдолтыг тайлагнах олон улсын тогтолцоог үндэстэн дамнасан корпорациудын хувьд даян дэлхийн нүүрстөрөгчийн татвар, байгаль орчинд үзүүлж буй дарамттай нь уялдуулан байж бүрдүүлэхийн төлөө ажиллана.
3.4 Сэргээгдэх эрчим хүчийг онцгойлсон хамгийн их үр ашигтай, тогтвортой, шаардлага хангасан технологийг хөгжиж буй орнууд авах боломжийг хангахын төлөө, мөн эдгээр улсууд нь Цаг Уурын Өөрчлөлтийн Конвенциудыг хүлээн зөвшөөрч уг үйл ажиллагаа нь өргөн хүрээг хамарч, бүх дэлхий даяр өрнөх явцыг хангахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно. Эрх тэгш зарчим нь цаг уурын өөрчлөлтийн талаарх гэрээ хэлэлцээр хийх болон арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд баримтлах гол зарчим байх ёстой.
3.5 Цөмийн эрчим хүчийг дэлгэрүүлэх бүхий л үйл ажиллагааг эсэргүүцнэ, мөн түүнээс хурдан татгалзахын төлөө ажиллана.
3.6 Нөхөн сэргээгдэхгүй түлшийг шинээр олборлох болон хөгжүүлэхийг бүрэн зогсоох уриалгыг дэмжинэ.
3.7 Унаган ойг 2020 он гэхэд огтлох болон сүйтгэхийг зогсоохын төлөө ажиллана, мөн эдгээр нь гаригийн нүүрстөрөгчөөр хамгийн ихээр баяжсан экологийн тогтолцоо, уугуул ард түмэнд амин чухал ач холбогдолтой, ургамал амьтнаар баялаг бөгөөд хүмүүн төрөлхтний ямарч цаг үед юугаар ч орлуулшгүй орчин гэдгийг цохон тэмдэглэж байна.
3.8 Нүүрстөрөгчийг шингээх түр зуурын арга хэмжээ маягаар нэг төрлийн ургамлыг бус, харин байгаль орчинд өөр бусад давуу талыг олгодог олон төрөл зүйлийн мод суулгахыг дэмжинэ.
3.9 Нөхөн сэргээгдэхгүй эрчим хүчинд татвар ногдуулахыг дэмжинэ, мөн эрчим хүчийг үр ашигтай болгох болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилготой байгуулагдсан санг ашиглахыг дэмжинэ.
3.10 Эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг ашиглах болон экологийн эрчим хүчийг үйлдвэрлэх техникийг хөгжүүлэх судалгааг дэмжинэ.
3.11 Эрчим хүчний үр ашигтай технологи, ногоон эрчим хүчний дэд бүтцийг улс хооронд болон улс дотроо үнэгүй буюу хамгийн бага үнэтэй байх зарчмыг баримтлан шилжүүлэхийг дэмжинэ. Үүнийг өнөөг хүртэл барууны орнуудын зүгээс байгаль орчныг бохирдуулж буй эдийн засгийн төлбөрийн нэг хэсэг гэж үзнэ.
- Биологийн төрөл зүйл
4.0 Эрүүл экосистем нь хүмүүний амьдралд нэн чухал бөгөөд харин бид байгаль ба нийгэм хоорондын уялдаа холбоог умартсан байна. Биологийн төрөл зүйлийн мөхөл нь хүн бий болохоос өмнөх үеийнхээс 100-аас 1000 дахин ихэсчээ. Дэлхийн унаган ой модны 20% нь л харьцангуй хөндөгдөөгүй байна. Загасны нөөцийн 80% нь дууссан буюу хэтрүүлэн агналтын аюулд учраад байна. Уугуул бус ургамал, амьтан ба өвчнийн тархалт хурдацтай өсч байна. Амьдрах орчны сүйрэл ба төрөл зүйлийн мөхөл зэрэг нь аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн хөгжлөөс болж буй гэж үзэхийн зэрэгцээ энэ нь цаг уурын өөрчлөлт болон даян дэлхий дэх эрх тэгш бус байдлыг гүнзгийрүүлж, мөн уугуул ард түмний соёл ба амьдралын эх үүсвэрийг сүйтгэж байгаа болно. Газар тариалангийн бизнесийн дэмжлэгийг хүртдэг, мөн генийн өөрчлөлт болон байгалийг патентжуулах үйл явцаар эрчимжиж буй нэг төрөл ургамлын газар тариалан нь хөдөө аж ахуйн ургамлын олон төрөл зүйлд, гэрийн мал амьтны үүлдэр угсааны олон янз байдалд аюул учруулан тэдний өвчинд өртөмтгий байдлыг эрс өсгөж байна.
Ногоонтнууд –
4.1 Байгаль орчинд хөнөөлтэй хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг хөгжүүлэхийг хүчтэй эсэргүүцнэ, мөн хаана боломж байна тэнд аль болох өргөн уудам орон зайд уугуул ургамал, амьтаныг байгалийн унаган орчинд нь хамгаалахад тэргүүлэх ач холбогдол өгнө.
4.2 Мод бэлтгэл, нөхөн сэргээгдэхгүй түлш олборлолт, далан байгуулах, уул уурхай, генийн инженерчлэл, хөдөө аж ахуйд нэг төрөл ургамлыг тариалах зэрэг байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг олгохыг зогсоохын төлөө ажиллана.
4.3 Мод мэтийн барааны хувьд тогтвортой байдлын хамгийн хатуу тодорхойлолтыг мөрдлөг болгон итгэл хүлээхүйц тэмдэгжүүлэлтээр баталгаажуулан байж экологийг худалдан борлуулах бодлогыг дэмжинэ.
4.4 “Байгальд зориулсан өр”-ийн хэлцлийн үзэл баримтлалыг дэмжинэ, энд нэрвэгдсэн уугуул болон орон нутгийн хамтын нийгэмлэгийн зөвшөөрөл гол нөхцөл болно.
4.5 Доройтож сүйдсэн байгаль орчныг нөхөн сэргээхийг, мөн дэлхий даяар урд өмнө нь байсан болон өнөө үед байгаа цэргийн ба үйлдвэрийн бүс нутаг дахь хордсон газар нутгийг цэвэрлэхийг дэмжинэ.
4.6 Дэлхий даяар бараа тээвэрлэлтийг багасгахыг орон нутгийн бүтээгдэхүүнийг боломжтой газарт нь дэмжихтэй зэрэгцүүлэн явуулах нь “биохалдлага”-ыг бууруулах, мөн нөхөн сэргээгдэхгүй түлшний хэрэглээг болон хүлэмжийн хийг багасгах нэмэлт боломжийг бүрдүүлэх болно гэдгийг анхааран цохон тэмдэглэж байна.
4.7 Боловсролын бүх шатанд даян дэлхийн экологийн сургалтын хөтөлбөртэй байхыг дэмжих үүрэг хүлээнэ.
4.8 Олон улсын шудрага ёсны шүүхийг онцгойлон байгаль орчныг сүйрүүлэх, биологийн төрөл зүйлийг мөхөөх зэрэг асуудалд зориулан байгуулж тэнд аж ахуйн нэгж, үндэстэн, улс, хувь хүний эсрэг хэрэг шүүдэг байх чиглэлд ажиллана.
4.9 Амьдралыг патентжуулах болон борлуулахыг хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцнэ.
5.Эдийн засгийн даяаршлыг тогтвортой байдлын зарчмаар удирдах
5.0 Дэлхийн хамгийн том эдийн засагтай 100 улсаас 53 нь корпорацийн шинжтэй болжээ. Тэд засгийн газартай хуйвалдан эдийн засгийн хэм хэмжээгүй үйл ажиллагаа явуулахыг олон нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавих хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн корпарацийн баялгийг хамгаалахын зэрэгцээ нийгмийн баялаг руу халдаж, мөн үндэсний эдийн засгийг даян дэлхийг хамарсан санхүүгийн казинод үйлчлүүлэн өдөрт 3 их наяд гаруй Америк долларыг эрсдэлтэй ажил гүйлгээнд эргэлдүүлж байна. Даян Дэлхийн Санхүүгийн Хямрал нь нийт эдийн засагт тогтворгүй байдал, аюулыг дагуулсан ба энэ нь ядуу хүмүүс, анги давхрагууд болон улс орнуудад онцгой нөлөө үзүүлсэн. Энэ хямралд ОУВС болон Дэлхийн Банк нь шийдлийн нэг хэсэг байх ёстой байтал харин хувь нэмрээ оруулсан ба мөн эдгээр байгууллагуудын үндсэн утга агуулгаас харахад тэд даян дэлхийн, тогтвортой, шудрага эдийн засгийн тогтолцоог бүтээж чадахгүй болно.
Ногоонтнууд –
5.1 Амьдралын үндсэн хэрэгцээ болсон ус гэх мэт зүйлсийг олон нийтийн өмчлөлд ба хяналтад байлгах ёстой гэдгийг, мөн соёл, хоол хүнстэй байх үндсэн боломж, нийгмийн болон олон нийтийн эрүүл ахуй, боловсрол ба чөлөөт хэвлэл мэдээлэл зэрэг нь олон улсын зах зээлийн гэрээ хэлэлцээрээр хэлэлцэгддэг “бараа” бус гэдгийг нотлон мэдэгдэж байна.
5.2 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль Орчны Хөтөлбөр (НҮББОХ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ), мөн Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (ДДБОС) гэсэн байгууллагуудыг нэгтгэж Дэлхийн Байгаль Орчны Байгууллага гэдэг байгууллагыг байгуулан нэгдмэл санхүүжилттэй, хориг тохоох эрх мэдэлтэй нэг байгууллагад төвлөрүүлэн даян дэлхийн тогтвортой хөгжлийг дэмжинэ. Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ) нь дээрх байгууллагын нэгэн нэгж байж гаргах шийдвэрийн хүрээнд ажиллах болно.
5.3 Дэлхийн банк болон ОУВС зэрэг байгууллагуудад нухацтай шинэчлэл хийхийг дэмжин тэдний гишүүнчлэл болон шийдвэр гаргах явц нь ардчилсан байхаар, мөн үйл ажиллагаа нь тогтвортой байдлын үзэл баримтлал, хүний ба хөдөлмөрийн эрхийн олон улсын бүх конвенциуд болон байгаль орчныг хамгаалахад захирагдаж байхаар өөрчлөгдөх ёстой.
5.4 Ардчилсан ба ил тод үйл ажиллагаа, нэрвэгдсэн орон нутгийн хамтын нийгэмлэгийн төлөөллийн оролцоо зэргээр батламжсан, тогтвортой байдлын үзэл баримтлалыг тусгасан үндсэн зорилготой болгох ДХБ-ын бодит шинэчлэлийг дэмжинэ. Үүнээс гадна эрх мэдлийг тусгаарлах үүднээс маргаантай асуудлыг зохицуулах тогтолцоог ДХБ-ын бүрэн эрх мэдлээс гаргах ёстой. Аливаа шинэ алхам хийхээс өмнө өмнөх Гэрээний Үе Шат тус бүрийн тогтвортой байдалд нөлөөлөх үнэлгээ шаардлагатай болно.
5.5 Шинэ бүс нутаг эсвэл бүр тал бөмбөрцөгийг хамарсан худалдаа болон хөрөнгө оруулалтын гэрээ хийх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс урьдчилан сэргийлэх ажлыг ДХБ-ын журмын хүрээнд хийнэ, харин хүний сайн сайхан амьдрал болон байгаль орчны тогтвортой байдлыг хангаж байгаа улс орнууд хоорондын нэгдэл нягтралыг дэмжих болно.
5.6 Хамтын нийгэмлэгийн бүх түвшинд (орон нутгийн, бүс нутгийн, улсын ба олон улсын) дэм болдог байгаль орчны хувьд тогтвортой төслүүдийг тэтгэн ивээдэг санхүү, эдийн засгийн хүрээлэн болон байгууллагуудтай дэлхийн орчныг бүрдүүлнэ.
5.7 Байгаль орчин, хөдөлмөрийн нөхцөл болон эрүүл мэндийн олон улсын гэрээ хэлцлүүд нь олон улсын худалдааны ямар ч дүрэм журмаас дээгүүр тавигдах ёстой гэдгийг шаардана.
5.8 Тобин-Хендерсоны эсвэл Санхүүгийн Гүйлгээний Татвар болон олон улсын валютын эрсдэлтэй ажил гүйлгээ явуулахыг хязгаарлах бусад аргачлалыг хэрэгжүүлэх, бодит эдийн засагт хөрөнгө оруулахыг дэмжиж туслахын төлөө ажиллана, мөн даян дэлхийн хөгжилд эрх тэгш байдлыг дэмжих санг байгуулахын төлөө ажиллана.
5.9 Корпорациудаас өөрийн орон болон үйл ажиллагаа явуулж буй улс орныхоо байгаль орчны, хөдөлмөрийн болон нийгмийн хуулийг хатуу чанд байсан ч гэсэн сахиж мөрдөхийг шаардаж ажиллана.
5.10 Даян дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт байгууллагууд, ялангуяа олон улсын худалдааны дүрмийг тодорхойлж чадахуйц бодит нөөц бололцоотой байгууллагууд нь тогтвортой хөгжлийн зарчмуудыг хатуу сахиж байгаа эсэх, дээрх зорилтыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд соёлын ялгааг арилгах сургалтын хөтөлбөрийг мөрдлөгө болгож байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.
5.11 Корпорациудад олгож буй дэмжлэгийг ил тод болгон нийгмийн халамж шиг хариуцлагын нэг түвшинд авч үзэж байгаль орчин болон нийгэмд хөнөөлтэй үйл ажиллагаанд татаас үзүүлэхийг бүр мөсөн зогсоох хэрэгтэй гэж үзэж байна.
5.12 Эдийн засгийн даяаршлаас үүдэлтэй нийгмийн гадуурхалтай тэмцэх нэг шийдэл болсон хамтын нийгэмлэг дээр суурилсан эдийн засгийг хөгжүүлдэг иргэний аж ахуй эрхлэх үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
6. Хүний эрх
6.0 Хүний эрх болон эрх чөлөөг үгүйсгэх нь ядуурал, улс төрийн сул дорой байдалтай мөр зэрэгцэн явж байдаг. Сая сая хүн ялгаварлан гадуурхалт, айлган сүрдүүлэлт, зүй бус баривчлан саатуулалт, хүчирхийлэл, үхэлд нэрвэгдэж байна. Дэлхийн засгийн газруудын дөрөвний гурав нь сүүлийн гурван жилд эрүүдэн шүүлтийг хэрэглэжээ.
Ногоонтнууд –
6.1 Хүний эрхийн түгээмэл тунхаг, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын конвенциуд, мөн эрх болон эрх чөлөөг хамгаалах олон улсын бусад аргачлалыг дэмжинэ. Энэ эрхүүд нь түгээмэл бөгөөд салшгүй гэдэгт итгэдэг ба засгийн газрууд тэдгээрийг дагаж мөрдөх үүрэг хүлээдэг гэж үздэг.
6.2 Хүний эрхийг тэдний улс төрийн шаардлагаас үл харгалзан хөсөрдүүлэгч бүх дарангуйлагч болон дэглэмүүдийг яллаж байна.
6.3 Орон нутгийн хамтын нийгэмлэгтэй хүний эрхийн тухай мэдлэг ойлголтыг дэмжихийн тулд хамтран ажиллана, мөн НҮБ-ын хүний эрхийн комисс болон бусад гэрээт байгууллагууд зохистой хангамжтай байхад анхаарна.
6.4 Хүний эрхийн түгээмэл тунхагт эрүүл байгаль орчинд амьдрах эрх болон байгаль ба соёлын нөөц баялгаас хүртэх үе үеийнхний эрх зэрэг заалтыг тусгахыг уриална.
6.5 Эмэгтэйчүүдийн өөрсдийн шийдвэр гаргах эрхийг, үүн дотор ялгаварлан гадуурхалт болон албадлагаас чөлөөтэйгээр нөхөн үржихүйнхээ хяналтыг өөрсдийн хувьд зохистой гэж үзэж буй арга замаар зохицуулах эрхийг хамгаална, мөн Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенци (CEDAW)-ийг дэмжинэ, дээрх конвенцид нэгдээгүй улс орнуудыг цаашид хойшлуулахгүйгээр гарын үсэг зуран баталгаажуулахыг шавдуулж, мөн нэгдсэн улс орнуудыг аливаа тайлбараа зогсоож хэрэгжүүлэхийг шаардана.
6.6 Уугуул ард түмний өөрсдийн хувь заяагаа тодорхойлох эрх, газар эзэмших эрх, хүмүүнлэг бөгөөд экологийн хувьд тогтвортой арга хэрэгслийг ашиглан өөрсдийн амьжиргааг хангадаг ан хийх, загасчлах уламжлалаа эдлэх эрхийг дэмжинэ, мөн уугуул ард түмэн өөрсдийн олон улсын байгууллагыг байгуулж энэ байгууллагаараа дамжуулан үйл ажиллагаа явуулах санал санаачлагыг дэмжинэ.
6.7 НҮБ-ын Уугуул ард түмний эрхийн тухай тунхгийг уугуул ард түмний зүгээс хүлээн зөвшөөрсөн наад захын хамгаалах арга хэмжээ гэж үзэн түүнийг дэмжинэ, мөн уугуул ард түмэн өөрсдийн олон улсын байгууллагыг байгуулж энэ байгууллагаараа дамжуулан үйл ажиллагаа явуулах санал санаачлагыг дэмжинэ.
6.8 Эрүүдэн тамлагчдад хариуцлага хүлээлгэхийг шаардана, мөн тэднийг эх оронд нь эсвэл ямар нэг улс оронд Олон улсын гэмт хэргийн шүүхийн ивээл дор ажилладаг олон улсын шүүгчдээс бүрдсэн шүүхийн өмнө хариуцлага хүлээлгэхийг төлөө өргөн хүрээг хамарсан ажил зохион байгуулна.
6.9 Эрүүдэн шүүлт, ял шийтгэл эсвэл уламжлалт болон шашны зэрэмдэглэлтийг оролцуулсан аливаа бусад аргачлалаар хувь хүний биеийн халдашгүй байдалд ямар ч хэлбэрээр хүч хэрэглэхийг эсэргүүцнэ.
6.10 Дэлхий даяар цаазын ялаас татгалзахыг шаардана.
6.11 Нийт оргонол хүсэгчдийг төрийн хүчирхийлэл эсвэл бие даасан зэвсэгт бүлэглэлийн золиос болсон эсэхээс үл хамааран тэдэнд 1951 оны Орогнох Эрхийн тухай Женевийн Конвенцийн дагуу зөв хандах, шудрага шүүхээр асуудлаа шийдүүлэх боломжоор хангах, үндэслэлгүй саатуулагдахгүй байх, мөн хүний үндсэн эрхээ зөрчүүлэх, амь насаа алдах эрсдэлд орох, эрүү шүүлтэд өртөх зэрэг хүнлэг бус байдалтай тулгарч зовох магадлалтай улс орнууд руу буцаахгүй байхыг баталгаажуулах үүднээс засгийн газруудыг уриална.
6.12 Олноор нь хоморголон цөлөхийг хориглохыг уриална.
6.13 Бүх ажилчдын аюулгүй ажлын байр, ажлын ачаалалдаа тохирсон цалинтай ажлаар хангагдах эрхийг эвлэлдэн нэгдэх эрхийн хамтаар хамгаална.
6.14 Хүүхдийн хөдөлмөр эрхлэлгүй чөлөөтэй өсөн бойжих эрхийг, мөн хүүхэд / өсвөр үеийнхний хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг тогтоохыг дэмжинэ.
6.15 Ижил хүйстний бэлгийн амьдралыг гэмт хэрэг гэж үзэхээс татгалзана, мөн гей болон лесби хүмүүсийн өөрийн амьдралын хэв загвараар амьдрах эрхийг, ижил хүйстнүүдийн хоорондын харилцаан дахь эрх тэгш байдлыг дэмжинэ.
6.16 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн бодит оролцоог хангасан нийгэмд амьдрах болон тэгш эрхтэйгээр ажиллах эрхийг сайжруулахын төлөө ажиллана.
6.17 Хэлний цөөнхүүдийн төрөлх хэлээ ашиглах эрхийг дэмжинэ.
- Ус ба хүнс
7.0 Хэдэн зуун сая хүн өлөн амьдарч байна, энэ нь хоол хүнс хүрэлцэхгүйгээс бус, харин газар, ус, санхүүгийн зээл болон зах зээлээр хангагдах тэгш бус боломжоос болж байгаа болно. Энд генийн өөрчлөлттэй организм (ГӨО)-ууд шийдэл болохгүй, яагаад гэвэл гол асуудал нь үйлдвэрлэлд бус түгээлтэнд байгаа болно. Түүнээс гадна, ГӨО нь байгаль орчин, биеэ даасан жижиг фермерүүд, мөн хэрэглэгчид, түүнчлэн хөдөө аж ахуйн гамшгийн эсрэг биднийг хамгийн баталгаатай даатгал болох биологийн төрөл зүйлд хүлээн зөвшөөрч болшгүй эрсдэлийг учруулж байна. Усны газар дээрх тогтолцоо болон гүний уст давхрага хоёулангийхан нөөц хомсдож ус хадгалалт аюултай хэмжээнд хүрээд байна. Голын ай сав газар мод замбараагүй тайрах нь сүйрэл дагуулсан хөрсний гулсалт болон үерийг авчирдаг ба мөн түүнчлэн цөлжилт болон газрын эвдрэл хурдацтай тэлж байна. Органик хөдөө аж ахуйн хурдан өсөлт нь нэгэн гэгээлэг үйл явц болж харагдаж байна.
Ногоонтнууд –
7.1 Цэвэр усыг үндсэн хэрэглээндээ ашиглахыг язгуур эрх гэж үзнэ, мөн усны нөөц болон дэд бүтцийг хувьчлахыг эсэргүүцнэ.
7.2 Нийгмийн тэтгэмжид хамрагдаагүй усны хөнгөлөлтийг хязгаарлах болон ус ашиглалтыг илүү үр ашигтай болгохын төлөө ажиллана.
7.3 Цэнгэг ус ба гүний усны нөөцийг чанарын хувьд ч гэсэн, мөн хэм хэмжээний хувьд ч гэсэн найдвартай хадгалах болон энэхүү нөөцийг шавхагдан дуусахаас шаардлагын түвшинд хамгаалахыг баталгаажуулах үүднээс зохистой үнийн бодлого хэрэгжүүлж ажиллана.
7.4 Гол мөрний усыг тогтвортой хуримтлуулах болон эрүүл орчны тогтолцоо нь тэргүүлэх ач холбогдолтой гэдгийг анхаарч, мөн том оврын шинэ далан барих болон усжуулах төслүүдийн хэрэгжилтээс үүдэлтэй гол мөрнүүдийн доройтлыг, ус хуримтлуулах ай савыг ойгүйжүүлэхийг зогсоохын төлөө уг асуудалд шууд нэрвэгдсэн хүн ардтай хамтран ажиллана.
7.5 Цаг уурын тогтворгүй төлөв байдал давамгайлсан цөл болон хагас цөл хээрийн бүс нутгийн орон нутгийн хамтын нийгэмлэгтэй хөрсний эвдэрлийг багасгахын тулд хамтран ажиллана.
7.6 Цөлжилт болон ойгүйжилтээс ихээхэн хохирсон улс орнуудын түгшүүр хямарлыг илэрхийлнэ, мөн НҮБ-ын Цөлжилтийн тухай Конвенцид нэгдээгүй улс орнуудаас нэгдэн орохыг болон уг Конвенцийг зарлиглан тунхаглахад зайлшгүй шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэхийг шаардах болно.
7.7 Органик хөдөө аж ахуйг дэмжиж сурталчлах болно.
7.8 Генийн өөрчлөлттэй ургамлуудыг арилжааны зорилгоор тариалахад бүх дэлхийн хэмжээнд хориг тавихыг уриална.
7.9 Үйлдвэрлэлт, хадгалалт болон борлуулалтыг хатуу хяналт зохицуулалтан дор хоол хүнсний аюулгүй байдлыг ханган баталгаажуулахын төлөө ажиллана.
7.10 Шинжлэх ухааны судалгаа шинжилгээ ёс зүйтэй явагдах, мөн урьдчилан сэргийлэх зарчмын дагуу хэрэгжихийг баталгаажуулахын төлөө ажиллана.
7.11 Задардаггүй, биологийн биетэд хуримтлагддаг хиймэл аргаар бүтээгдсэн химийн бодисоос үе шаттайгаар татгалзахыг уриалах, мөн аюултай химийн бодисыг байгаль орчинд ямар нэгэн байдлаар байршуулахыг хязгаарлахын төлөө ажиллана.
7.12 Амьтаныг өсгөх дааврыг хориглох, мөн амьтанд антибиотик хэрэглэхийг хатуу зохицуулалтан дор явуулахыг мөрдлөгө болгохыг хангахын төлөө ажиллана.
7.13 Бүх амьтанд үржил, тээвэрлэлт, нядалгааны үед хүмүүнлэг хандах, мөн амьтны амар амгаланг бүрдүүлэхийг хангахын төлөө ажиллана.
7.14 Хөрсний эвдрэл, үер, байгаль орчинд учрах бусад аюулын үр нөлөөг арилгахын тулд зохих дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах болно.
8. Тогтвортой төлөвлөлт
8.0 Хэрэглээ нь аж үйлдвэржсэн улс орнуудад ямар ч хэмжүүрээр тооцоход хэтэрсэн, мөн энэ байдал нь байгаль орчны доройтлын төлөө гол хариуцлагыг хүлээх болно. Шинээр аж үйлдвэржиж буй орнууд өөрсдийн хэрэглээгээ ижилхэн өсгөж байгаа ба энэ нь экологийн дарамтанд ихээхэн ачаалал болно. Экологийн үйл явцыг үлгэрлэн дагадаг, эд зүйлсийг дахин ашиглах болон дахин боловсруулан эргэлтэнд оруулж хог хаягдлыг хязгаарладаг ногоон эдийн засагт шилжиж буй нь бараа таваарын хэрэглээнээс амьдралын чанар ба харилцааг сайжруулахыг илүүд үздэг үйл ажиллагаанд анхаарал хандуулдаг ба энэ нь шинэ ажлын байрыг бүрдүүлж, бохирдол бага гаргах үйлдвэрлэлүүд, хөдөлмөрийн илүү сайн орчин, амьдралын илүү өндөр түвшинг буй болгодог болно.
Ногоонтнууд –
8.1 Хөгжил дэвшлийг ДНБ-ий үзүүлэлтээр бус харин ая тухтай амьдралын түвшингээр хэмжихийг дэмжинэ, мөн эд баялгийн өсөлт ба хэрэглээнд экологийн хязгаар байгаа гэдгийг хүлээн зөвшөөрна.
8.2 Хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан улсын иргэд үндэсний хил хязгаараас үл хамааран тухайн асуудлын талаар шийдвэр гаргахад оролцох эрхтэйг харгалзаж үзнэ.
8.3 Нийтийн эзэмшлийн ба/эсвэл байгалийн аливаа нөөц баялгаас орлого олж буй хэн бүхэн энэхүү нөөц бололцоог ашигласны төлөө нийт зах зээлийг хамарсан түрээсийг төлөх, мөн тэдний зүгээс нийтийн эзэмшлийн аливаа бусад баялагт учруулсан хохиролыг барагдуулах ёстойг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
8.4 Хөдөө аж ахуйн газар нутаг руу болон байгаль орчин руу тасралтгүй түрэн томорч (тэлж) буй хот суурин газрын нөлөөллийг хязгаарлах буюу бүр мөсөн зогсоох ёстойг хүлээн зөвшөөрнө.
8.5 Хөдөө орон нутгийг ядууруулж буй хотжилтыг сааруулж, эргүүлэн буцаах шаардлагтай гэдгийг хүлээн зөвшөөрнө, энэ нь хөдөө орон нутгийг хөгжүүлэх зохистой хөтөлбөрүүдээр хэрэгжих бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь хөдөөний газар нутгийн өвөрмөц байдлыг болон экологийг хамгаална.
8.6 Орон нутгийн түвшинд экологийн тогтвортой бизнес, барилгажуулалт, тээвэр, хог хаягдлын менежмент, дархан цаазат газар, хотын ногоон бүс, олон нийтийн эзэмшил талбайг төлөвлөхийг дэмжинэ, мөн гариг дэлхийг хамарсан мэдээлэл солилцох болон дэмжлэг туслалцаа үзүүлэх Ногоонтнуудын сүлжээг орон нутгийн болон бүс нутгийн түвшинд бүрдүүлнэ.
8.7 Автомашинаас үүдэлтэй хотын бохирдолтыг багасгахын тулд байнга тэлж буй хурдны замын эсэргүүцэх, эрчим хүчний хэмнэлттэй тээврийн хэрэгслүүдийг ашиглахыг дэмжих, газар ашиглах төлөвлөтийг нийтийн тээвэр, дугуйн зам болон явган замыг хамруулан нэгтгэн зохиох, хувийн автомашины дэд бүтцээс илүүд нийтийн тээврийн төлөвлөлт болон санхүүжүүлэлтийг үзэх, мөн автомашин төвтэй хөгжлийг дэмжих татварын бодлогыг хязгаарлахын төлөө ажиллана.
8.8 Баялгийн шудрага хуваарилалтыг бүрдүүлэх урамшууллыг хамгийн их болгох татварын болон төрийн санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлэн байж, мөн хог хаягдал болон бохирдлоос зайлсхийх хүсэл эрмэлзлийг бүрдүүлдэг экологийн татварын бодлогыг хэрэгжүүлэн байж нийгмийн хувьд хариуцлагатай эдийн засгийн бодлогыг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно.
8.9 Байгаль дахь экосистемийг үлгэрлэн дагасан хаягдалгүй эдийн засагт хүрэхийн тулд хувийн хэвшил болон хамтын нийгэмлэгийнхэн хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулахыг шаардана.
8.10 Нэмүү өртөг бүрдүүлэх, мөн ашигласан нөөц баялгийг дахин боловсруулан эргэлтэнд оруулах, урт хугацаанд хэрэглэх бөх бат бараа үйлдвэрлэх, органик хөдөө аж ахуй, нөхөн сэргээгдэх эрчим, байгаль орчны хамгаалах зэрэг эдийн засгийн үйл ажиллагаагаар ажлын байрыг бүрдүүлдэг боломжийг улс орнуудад олгох бүх бодлогыг дэмжинэ.
8.11 Бодит мэдээллийн үндсэн дээр хэрэглэгчид эерэг сонголт хийх боломжтой нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт болон экологийн маркетингийг дэмжинэ.
8.12 Уламжлалт болон орон нутгийн мэдлэг, шүтлэгүүдийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, түүнийг төлөвлөлт, төслийн явцад харгалзан үзэхийг дэмжинэ.
10. Энх тайван, аюулгүй байдал
9.0 Бид энх тайвныг зөвхөн дайн дажингүй нөхцөл байдал гэж хардаггүй бөгөөд илүү хатуу шаардлага тавьж төсөөлдөг. Энх тайван руу эрмэлзэх нь ямагт Ногоон хөтөлбөр, үзэл баримтлалын цөм байсаар ирсэн. Зөрчил мөргөлдөөний шалтгаан нь өөрчлөгдөж байна. Цаг агаарын өөрчлөлтийн нөлөө, мөн ус, хүнс, байгалийн баялгийн төлөөх өрсөлдөөний үр дагавар ноцтой өсөх болно. Дайн, зохион байгуулалттай гэмт хэрэг болон хүний эрхийг өргөн цар хүрээтэйгээр зөрчих явдал зэргийн зааг ялгаа улам бүр бүдэг болж байна. 2001 оноос хойш “терроризмын эсрэг дайн” нь аюулгүй байдлын нэрийн өмнөөс хүний эрхийг хөсөрдүүлэх болсон. Зэвсгийн худалдаа нь өсөн тэлж, даяаршиж, мөн ДХБ-ын татаас олгохыг хорьсон дүрэм журмаас чөлөөлөгдөх хосгүй боломжийг хүртэж өөгшиж байна. Хүний эрх болон энх тайвны төлөө ажилладаг олон нийтийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог чадавхижуулах, мөн даян дэлхийн засаглалын шинэ үзэл баримтлал болон засаг захиргааг дэмжих, төлөвшүүлэхэд даян дэлхийн сүлжээ гэдэг утгаараа бид амин чухал үүрэгтэй болно.
Ногоонтнууд –
9.1 НҮБ-ыг даян дэлхийн зөрчлийг зохицуулагч болон энхийг сахиулагчийнх нь хувьд чадавхижуулах ажлыг дэмжинэ, мөн түүнчлэн цохон тэмдэглэхэд, хаана урьдчилан сэргийлэх ажил амжилтгүй болж байна, хаана хүний эрхийг нийгмийн давхарга, өргөн хүрээг хамран зөрчиж буюу хоморголон устгаж байгаа тохиолдолд хүч хэрэглэхийг цаашид хүний эрх зөрчигдөх болон зовлон зүдгүүрийг зогсоох зөвхөн ганц арга зам гэж зөвтгөн үзэж хэрэгжилт нь НҮБ-ын шийдвэр дор явагдах ёстой. Гэсэн хэдий боловч зарим улс орон энэхүү үйл ажиллагааг дэмжихгүй, хамтран ажиллахгүй байх эрхтэй болно.
9.2 НҮБ дахь Өмнөдийн орнуудыг илүү эрх мэдэлтэй болгох өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагааг Аюулгүйн Зөвлөлд хориг тавих эрхийг цуцлахын төлөө ажиллан, тэнд байнгын гишүүнчлэл гэдэг ангиллыг халан, мөн гишүүнчлэлтэй орнуудын тоог нэмэгдүүлэн байж явуулна.
9.3 Олон улсын гэмт хэргийн шүүхийг дэмжинэ. Зөрчил мөргөлдөөний үед олон нийтийг хамарсан хүчирхийлэл зэрэг бэлгийн хүчирхийллийг цэргийн гэмт хэрэгт тооцдог шиг экологийн гэмт хэргийг цэргийн гэмт хэрэгт тооцох ёстой.
9.4 Зэвсгийн худалдааг эрс багасгах зорилгоор цэрэг-аж үйлдвэр-санхүү гэсэн нийлмэл бүтцийн эрх мэдлийг багасгах, үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах, цэргийн аж үйлдвэрт таатай нөхцөл бүрдүүлдэг далд татаасыг зогсоохыг эрмэлзэнэ.
9.5 Олон улсын зэвсгийн худалдааг (түүн дотор цөмийн, биологийн, химийн зэр зэвсэг, хомсдсон урантай зэвсэг болон явган цэргийн эсрэг галт бөмбөг зэргийг хориглох) зохицуулах, багасгах, алс хэтдээ бүр таслан зогсоох, мөн эдгээр асуудлыг НҮБ-ын үйл ажиллагааны хүрээнд оруулна.
9.6 Хэрэгжиж буй энх тайвны хөтөлбөрүүдийг чадавхижуулахад туслах ба энх тайвны соёлыг бүрдүүлэх бүх асуудалд хандсан шинэ хөтөлбөрүүдийг цогцлоон дархална. Хөтөлбөрүүдэд гэр бүл доторхи хүчирхийллийг тооцсон хүчирхийллийн уг гарал үүсэлд хийсэн задлан шинжилгээ, хүйс хоорондын харилцан бие биеэ хүндэтгэх асуудал, мөн зөрчлийг хүч үл хэрэглэх аргаар бүх түвшинд шийдвэрлэх аргачлалыг дэмжих сургалт зэрэг асуудлууд тусгагдана.
9.7 Зөрчил мөргөлдөөнүүдийн үеэр байгалийн нөөц баялаг зохих хэлбэрээр хамгаалагдсан байхаар дайны харилцан үйлчлэлийн олон улсын дүрэм журмыг засан өөрчлөх бололцоог хайх болно.
9.8 Үндэсний Пуужингаас Хамгаалах аливаа төслийн эсрэг тэмцэнэ, мөн сансрын орон зайг цэрэг зэвсэггүй, цөмийн аюулгүй болгохын төлөө ажиллана.
10. Даян дэлхийн түвшинд ажиллах
10.0 Даян дэлхийн ногоонтнууд нь янз бүрийн соёл болон гарал үүсэлтэй харилцан бие даасан байгууллагууд бөгөөд тэд нэгэн нэгдмэл зорилгын төлөө зогсдог ба энэ зорилгодоо хүрэхийн тулд бид даян дэлхийн болон орон нутгийн түвшинд ажиллах ёстой.
Ногоонтнууд –
10.1 Даян Дэлхийн Ногоонтнуудын Тунхагийг хэрэгжүүлэхдээ бүх дэлхийн хэмжээнд нөлөөлөхүйц тулгамдсан асуудлаар шаардлагатай үед хамтран үйл ажиллагаа явуулан хоршин ажиллах болно.
10.2 Дэлхий дахинд Ногоон намууд, улс төрийн хөдөлгөөнүүд болон залуучуудын сүлжээний хөгжил дэвшлийг дэмжинэ.
10.3 Бусад Ногоон нам ба хөдөлгөөнүүдэд тэдний хүсэлтийнх нь дагуу дараахь асуудлаар туслах болно:
– Сонгууль чөлөөтэй, шударга явагдахыг баталгаажуулахад туслахын тулд ажиглагчдыг илгээх;
– Сонгочдыг өөрсдийн эх орондоо Ногоонтнуудад анхаарал хандуулах, мөн тэднийг сонгохыг дэмжиж идэвхижүүлэх.
10.4 Ардчиллын зарчмуудыг өөрсдийн байгууллагын үйл ажиллагаанд хүлээн зөвшөөрч, амьдралд хэрэгжүүлэх бөгөөд бид нийгмээрээ үүний төлөө тэмүүлж байгаа болно.
10.5 Өөрийн байгууллагын дотоод бүх түвшинд оролцооны ардчиллыг үлгэр дууриалал болгож хэрэгжүүлнэ.
10.6 Гишүүн намууд нь Ногоонтнуудын даян дэлхий дэх байр суурьд нөлөөлж чадахуйц зөвлөгөө авсан, боловсрогдсон болон тэгш нөөц бололцоогоор хангагдсан байхыг баталгаажуулах даян дэлхийн Ногоон намууд хоорондын хамтын ажиллагааг сайшаан дэмжинэ.
10.7 Бүх гишүүдийн хувьд улс төрийн эрх мэдэл, боломжууд хүртээмжтэй байдаг ил тод, төвлөрлөөс зугтсан бүтцийг баталгаажуулдаг улс төрийг бүрдүүлэх, мөн тогтвортой хөгжлийн болон жирийн иргэдэд тулгуурласан ардчиллын шалгуурт илүү нийцсэн улс төрийн шинэ үлгэр загварыг хөгжүүлэхэд Ногоон нам болон улс төрийн ногоон хөдөлгөөнүүд манлайллыг үзүүлэн ажиллахыг дэмжинэ.
10.8 Бидний үзэл бодол болон үнэт зүйлстэй зөрчилдөх санхүүжилтийн эх үүсвэрээс зайлсхийнэ.
10.9 Дарангуйлал, шашны бүлэглэл, эсвэл гэмт хэргийн байгууллага, мөн тэднээс хараат байгууллагуудтай хамтран ажиллахаас ялангуяа ардчилал, хүний эрхийн асуудал дээр зайлсхийнэ.
10.10 Үзэл бодол нэгтэй нийгмийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай хэлхээ холбоогоо бэхжүүлнэ, мөн бид тэдний хамт өсөн нэмэгдэж буй нийгмийн ухамсарын нэг хэсэг бөгөөд энэ нь байгаль орчин, ийгмийн болон хүний эрх, ардчиллыг хүндэтгэдэг ба дэлхийн эдийн засгийн байгууллагуудад нөлөөлөх болно.
10.11. Найрсаг нөхөрлөж, өөдрөг үзэлтэй, хөгжилтэй байж бие биеэ хувь хүнийх нь хувьд, улс төрийн хувьд дэмжинэ, мөн үйл явцын дунд өөрсдөө таашаал авахаа бүү мартагтун!
English | |
Bahasa Indonesia | |
Chinese (中文) | |
Esperanto | |
Français | |
German (Deutsche) | |
Japanese (日本語版) | |
Mongolian (Монгол) | |
Português | |
Spanish (Español) | |
Swedish (Svenska) |
Сэтгэгдэлээ оруулна уу?