ОЙН ТУХАЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2001 оны 248 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Ой, модны салбарын өнөөгийн байдал
Манай орны ой нь Төв Азийн хээр цөл, зүүн Сибирийн их тайгын зааг дээр дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг дагаж ургасан бөгөөд гол мөрний усыг зохицуулах, цуглуулах, хөрсийг элэгдэл, эвдэрлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамлын амьдрах орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах хамгаалалтын өндөр ач холбогдолтой эмзэг тогтоцтой экосистем юм.
2000 оны байдлаар манай улсын ойн сангийн талбай нь 18.3 сая га, үүнээс ой модоор бүрхэгдсэн талбай нь 12,9 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 8,2 хувь бөгөөд заган ой, сөөг, торлогийг оруулахгүйгээр шилмүүст, навчит ойн талбай нь 10,5 сая га буюу 6.7 хувь байгаа нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан жишгээр ойн нөөцөөр хомс орны тоонд хамрагдаж байна. Манай ойн нөөцийн хэмжээ 1,4 тэрбум гаруй шоометр, түүний жилийн дундаж өсөлт 12.0 сая шоометр бөгөөд ойн нөөцийн 58 хувь нь онцгой болон хамгаалалтын бүсийн ойд хамрагдаж байна.
Судалгаанаас үзэхэд 1940-2000 онд 43,8 сая шоометр модыг 320 гаруй мянган га газраас огтолж ашигласнаас гадна 1980 оноос хойш жилд дундажаар түймэрт 392.5 мянган га, хөнөөлт шавьж, өвчинд 101.1 мянган га талбайн ой тус тус өртсөн байна. Зөвхөн 1996-1997 онд 5.0 сая га талбайн ой түймэрт өртсөний дотор 500 гаруй мянган га талбайн ой түймэрт хүчтэй шатаж сэргэн ургах чадваргүй болжээ. Үүнээс үндэслэн ойтой талбайн дөрөвний нэг нь мод бэлтгэл, түймэр, хөнөөлт шавьж, өвчин зэрэг гадны хүчин зүйлийн нөлөөнд өртсөн тооцоо гарч байгаа юм.
Ойн тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай, Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай хуулийг 1995-2000 онд тус тус батлан гаргаж хэрэгжүүлж байгаа боловч эдийн засгийн шилжилтийн үед ойн салбарын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, өмч хувьчлалыг оновчтой хийж чадаагүйгээс төв, орон нутагт ойн удирдлага, менежментийн тогтолцоо алдагдаж, энэ талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажилд дорвитой ахиц гарахгүй байна.
Ойн тухай хуульд ой зохион байгуулалтын ажлыг 10 жилийн давтамжтайгаар явуулж байхаар заасан боловч одоогийн хүчин чадлаар тооцвол 23 жилийн давтамжтайгаар ой зохион байгуулалт хийх боломжтой байна.
Сүүлийн жилүүдэд ойд хийх арчилгааны хэмжээ багасч, жилд дунджаар 500 га талбайгаас хэтрэхгүй байна. Харин ойн цэвэрлэгээг жилд дунджаар 1000 га талбайд явуулж, гарсан модыг төрөл бүрийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэдийн түлшний хэрэгцээг хангахад ашиглаж ирсэн болно.
1971 оноос ойг нөхөн сэргээх ажлыг төвлөрсөн төлөвлөгөөгөөр зохицуулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 88.7 мянган га талбайг ойжуулсан нь мод бэлтгэсэн талбайн 30 хүрэхгүй хувьтай тэнцэж байна. 1980-2000 онд жилд дунджаар 3,9 мянган га, 1996-1999 онд 4.6 мянган га, 2000 онд 9.0 мянган талбайд ойг нөхөн сэргээх, ойжуулалтын ажил хийсэн байна. Гэвч хөрөнгийн эх үүсвэргүйгээс тарьц, суулгац ургуулах, цөлжилт, хөрсний элэгдэлтэй тэмцэх арга хэмжээ үлэмж хоцрогдож байна.
Мөн хугацаанд Сэлэнгэ, Дорнод, Дархан-Уул, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн зарим сумдад тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдад цөлжилт, хөрсний элэгдэл, эвдрэлтэй тэмцэх зорилгоор тал, хээр, говийн бүсэд мод, сөөг тарьж ургуулах ажлыг хийж ирсэн.
Одоогоор жилд дунджаар 700.0 мянга гаруй шоометр мод бэлтгэн ашиглаж мод, модон бүтээгдэхүүн, түлшний дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ гадаадын зах зээлд цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр нийлүүлж байгаа боловч мод бэлтгэх, боловсруулах чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн зориулалтын машин механизм, тоног төхөөрөмж хуучирч, үйлдвэрлэлийн технологи алдагдсанаас тэдгээрийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна. Үүний улмаас ой, модны салбар нь 1989 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 орчим хувийг эзэлж байсан бол 1998 онд 0.25 хувь болтол буурав. Манай оронд зам харилцаа, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцийн хөгжил сул байгаа нь ойг хамгаалах, зохистой ашиглах, улмаар нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулахад бэрхшээл учруулж, өртөг зардал өндөрсөж, үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлсээр байна.
Хоёр.Хөтөлбөрийн зорилго, зорилт
Хөтөлбөрийн зорилго нь экологийн тэнцвэр, тогтвортой хөгжлийн шаардлагад нийцүүлэн ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх чадавхийг дээшлүүлж байгаль орчин, ойн талаар төрөөс баримтлах бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход оршино.
Хөтөлбөрийн зорилт нь:
Нэг. Хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хохирлыг арилгах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, ойн үр өгөөжийг дээшлүүлэх, ойг хамгаалах ажилд дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх;
Хоёр. 1. Ойн аж ахуйн арга хэмжээг менежментийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, ой, ойн дагалт баялгийг зохистой ашиглах, ойн нөөц бүхий зарим бүс нутагт ойн төв зам байгуулах;
Хоёр. 2. Мод боловсруулах үйлдвэрүүдэд орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн нутагшуулж, модны ашиглалтын түвшинг дээшлүүлэн уламжлалт болон шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
(Хоёр дахь хэсгийг 2011-04-13-ны 113-р тогтоолоор өөрчлөн найруулсан )
Гурав. Мод сөөгний үр бэлтгэх, тарьц суулгац үржүүлэх ажлыг эрчимжүүлж, гол мөрний эх, мод бэлтгэсэн, түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн ойн талбайг эхний ээлжинд ойжуулж, тал хээр, говь, цөлд хамгаалалтын ойн зурвас, төгөл, ногоон хаалт байгуулах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх;
Дөрөв. Ой, модны салбарын менежмент, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
Тав. Ойн салбарт шинжлэх ухаан, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
1.Хөтөлбөрийг дараахь хугацаанд хэрэгжүүлнэ:
– 1 дүгээр үе 2005 он хүртэл;
– 2 дугаар үе 2006-2010 он;
– 3 дугаар үе 2011-2015 он.
2.Ойн үндэсний хөтөлбөрийн дагуу аймаг, нийслэл бүр өөрийн онцлогт тохирсон дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
Дөрөв. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
Нэгдүгээр зорилтийн хүрээнд:
1. Ойн талбайн өөрчлөлтийг сансраас тандан судлах газар зүйн мэдээллийн системийг ашиглан ойн зураг үйлдэх техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлнэ. Ойн том масштабын гэрэл зургийг ашиглан таксацын үзүүлэлтийг тогтоох, дээж талбай дээр шалгаж засварлах аргаар ой зохион байгуулалтын ажлын 20-иос доошгүй хувийг гүйцэтгэдэг болно.
2. Ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэх өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, ой зохион байгуулалтын ажлын хүчин чадлыг 1,5-2,0 дахин нэмэгдүүлнэ.
3. Модны өсөлт, бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ойн арчилгаа, цэвэрлэгээг ойн мэргэжлийн болон ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад түшиглэн ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүс, залуучуудыг өргөн хамруулах замаар гүйцэтгэнэ.
4. Түймрээс сэргийлэх, түүнтэй тэмцэх төлөвлөгөөг аймаг, сумын хэмжээнд боловсруулан түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт жил бүр тусган санхүүжүүлнэ.
5. Улсын хилийн бүс, зарим шаардлагатай газруудад түймрээс хамгаалах харлуулсан зурвас татах, түймрийн эсрэг ойн зааг гаргах ажлыг зохион байгуулах зэргээр түймрийн тархалтаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
6. Сансраас тандан судлах, агаарын харуул гаргах, ой бүхий аймаг, сумдад улирлын урамшилтай эргүүл ажиллуулах замаар гарсан түймрийг шуурхай илрүүлэх арга хэмжээ авч, түймэр унтраах бүлгийг зохион байгуулна.
7. Ой бүхий аймаг, Улаанбаатар хот дахь байгалийн гамшиг, гал түймэртэй тэмцэх нэгжийг холбооны болон түймэр унтраах техник, багаж хэрэгслээр хангана.
8. Үүлэнд нөлөөлж, зориудаар хур тунадас оруулах ажлыг өргөтгөх замаар түймрээс сэргийлэх, гарсан түймрийг хохирол багатай унтраах арга хэмжээ авна.
9. Ойн хөнөөлт шавьж, өвчний судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлж, хөнөөлт шавьжийн тархалт, олшролтын магадлал, төлвийг нарийвчлан тогтоож урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
10. Ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх хэсэг, судалгааны лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчилж, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах арга хэмжээ авна.
11. Ойн хөнөөлт шавьж, өвчинтэй биологийн болон байгальд халгүй бусад аргаар тэмцэх ажлыг өргөжүүлж, шаардлагатай бодис бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх ажлыг зохион байгуулна.
Хоёрдугаар зорилтын 1-ийн хүрээнд:
(Энэ хэсгийг 2011-04-13-ны 113-р тогтоолоор өөрчлөн найруулсан)
1. Ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөл бүр ойн менежментийн төлөвлөгөөний дагуу ажиллаж хэвших;
2. Мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдийг техник технологио бие дааж шинэчлэх чадвар бүхий төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж болгон бүсчлэн байгуулж ажиллуулах;
3. Мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагад ойн санг гэрээгээр эзэмшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах;
4. Мод, модон материалын биржийг нийслэл хот болон ойн нөөц бүхий зарим бүс нутагт зохион байгуулж ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах;
5. Модон зүсмэл материал бэлтгэхэд зөөврийн болон суурин ажиллагаатай зүсвэрийн туузан хөрөөг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
6. Ашиглах боломжтой ойн дагалт баялгийн нэр төрөл, нөөцийг тогтоож, тэдгээрийн байршил, түүж ашиглах хугацааг бүс нутгаар гаргаж мөрдүүлэх;
7. Самар, жимс, мөөг, эмийн ургамал зэрэг ойн дагалт баялгийг бэлтгэж ашиглах заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж мөрдүүлэх;
8. Ойн хортон шавьжинд нэрвэгдсэн, түймэрт өртсөн, өтлөн хуурайшиж хатсан мод, унанги болон бэлтгэсэн модны үзүүр, ёзоор, тайрдас, хаягдлыг дахин боловсруулж, цэвэр модон материал орлох төрөл бүрийн хавтан, наамал дүнз, дүнзэнцэр үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэр эрхлэх аж ахуйн нэгжийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих;
9. Төмөр замын дэрийг модноос өөр материалаар орлуулах арга хэмжээг зохион байгуулах;
10. Модны шилмүүснээс эфирийн тос, витаминт нунтаг, эмчилгээний ханд болон шинэс, нарс модноос давирхай олборлон канифол, скипидар, хус модноос нүүрс гарган авах үйлдвэрлэлийг ой модны үйлдвэрүүдийг түшиглэн байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх арга хэмжээг дэс дараалалтай авч хэрэгжүүлэх;
11. Ойн дагалт баялгийг бэлтгэж, боловсруулах ажлыг өргөжүүлэх, нэр төрлийг олшруулах замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
12. Ойн дагалт баялаг болох зэрлэг жимс, самар, мөөг, хүнсний болон эмийн ургамлыг бэлтгэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
13. Ойн төв зам байгуулах бүс, нутаг дэвсгэрийг тогтоох судалгаа хийж, төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлох;
14. Ойн нөөц бүхий зарим аймагт улсын төсөв, гадаадын хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн хөрөнгөөр ойн төв зам шинээр байгуулж эхлэх.
Хоёрдугаар зорилтын 2-ын хүрээнд:
1. Импортын мод, модон материалыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж хуулийн төсөл боловсруулах;
2. Төрөл бүрийн модлог хавтан, фанер, барилгын хаалга, цонх, паркетан шал зэрэг зарим нэрийн бүтээгдэхүүний дотоод зах зээлийг хамгаалах асуудлыг судалж санал боловсруулах;
3. Төсвийн байгууллагын захиалгат мебель болон модон тавилгыг үндэсний үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж үйлдвэрлүүлэх чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах;
4. ОХУ-аас бөөрөнхий мод, зүсмэл материал хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлох, тус улсад ойн сан гэрээгээр эзэмших чиглэлээр холбогдох талтай хэлэлцээ хийх санал тавих, хамтран ажиллах;
5. Ахуйн хэрэглээний болон барилгын зориулалттай модон бүтээгдэхүүний стандартыг шинэчлэх, шинээр боловсруулж батлуулах замаар бүтээгдэхүүний чанарыг олон улсын жишигт хүргэх ажлыг зохион байгуулах;
6. Модон материалыг хаягдалгүй иж бүрэн ашиглах техник технологийг нутагшуулах үйлдвэрүүдийг хөрөнгө оруулалтын болон санхүүгийн түрээсийн зээлд хамруулах ажлыг зохион байгуулах;
7. Малчид, хөдөөгийн иргэдийн өргөн хэрэгцээний модон эдлэл, гэрийн мод үйлдвэрлэх жижиг үйлдвэрүүдийг Архангай, Булган, Дорнод, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, төв суурин газруудад байгуулах төслийг хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дэмжиж хэрэгжүүлж эхлэх;
8. Үйлдвэр технологийн паркийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинэ дэвшилтэт техник технологи бүхий ”Барилгын модон хийцийн цогцолбор үйлдвэр” -ийг байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
9. Олон улсын стандарт, чанарын шаардлага хангасан модон материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, модон бүтээгдэхүүний импортын хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авах;
10. Ойн нөөцгүй бүс нутгийн мод боловсруулах жижиг үйлдвэрүүдийг модон материал, бэлдэцээр хангах арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах;
11. Наамал, матмал модон эдлэл, фанер, мебелийн хуулга үйлдвэрлэх дэвшилтэт технологи бүхий жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулахад дэмжлэг үзүүлэх;
12. Дотоодын үйлдвэрүүдийн модон бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн, худалдаанд салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг зохион байгуулалттай оролцуулах;
13. Ойгоос бэлтгэн ашиглаж байгаа нэг шоометр модны ашиглалтыг 60-аас доошгүй хувьд хүргэх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх.”
Гуравдугаар зорилтын хүрээнд:
1. Ой ургамалжилтын мужуудад селекцийн үнэлгээ хийж, үрийн хэсгийг тусгаарлаж мод, сөөгний үр бэлтгэх ажлын хэмжээг нэмэгдүүлж, зонхилох модны сайн чанарын үрийн байнгын нөөцийн сан бий болгоно.
2. Үрийн лабораторийн тоног төхөөрөмж,багаж хэрэгслийг шинэчилж, зөвхөн стандартад тэнцсэн үрээр тарьц суулгац ургуулах, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэнэ.
3. Сор, шилмэл модыг сонгон авч ойн үрийн плантаци байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
4. Ойжуулах болон бэлчээр, тариалангийн талбайг хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилтөөс хамгаалах ойн зурвас байгуулах, хот цэцэрлэгжүүлэлтэд шаардагдах тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрууд байгуулахыг дэмжиж, санхүүгийн туслалцаа үзүүлнэ.
5. Модны үр, боргоцой бэлтгэх, тарьц, суулгац бойжуулах, ойг тарьж ургуулах ажилд нутгийн иргэд, сурагчид, залуучууд, олон нийтийг өргөн оролцуулж, ойг нөхөн сэргээх ажлыг жилд 10.0 мянгаас доошгүй га талбайд гүйцэтгэнэ.
6. Үр, боргоцой бэлтгэх, тарьц, суулгац бойжуулах ажлыг механикжуулах, энгийн гар багаж, техник хэрэгслийн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулна.
7. Мод үржүүлэг, ойжуулалтын ажлын техник, технологийг боловсронгуй болгож энгийн, бага оврын техник хэрэгслээр хангана.
8. Ойг байгалийн аясаар болон зориудаар нөхөн сэргээх хялбар, өгөөжтэй арга технологийг ой ургамалжилтын муж, бүс нутгийн онцлогт тохируулан ялгавартай тогтоож, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.
9. Ойг нөхөн сэргээх ажлыг зураг төслийн дагуу хийж, ойжуулалтын ажил явуулах, түүний үр дүнг тооцох, хүлээн авах, улсын ойн санд шилжүүлэх, санхүүжүүлэх, урамшуулах журмыг боловсронгуй болгож хэрэгжүүлнэ.
10. Ойг нөхөн сэргээх, говь, тал, хээрийг ойжуулахад шаардагдах үр, тарьц, суулгацын хэмжээ, үр, боргоцой бэлтгэх, тарьц, суулгац бойжуулах, ойг тарьж ургуулах ажлын норм, үнэлгээ, зардлын хэмжээг шинэчлэн тогтооно.
11. Жил тутам Дэлхийн байгаль хамгаалах өдрийг угтаж бүх нийтээр мод тарих 10 хоногийн хөдөлгөөнийг аймаг, сум бүрээр зохион байгуулна.
12. Ойг тарьж ургуулах, нөхөн тарилт хийх, арчлан хамгаалах, ойн санд шилжүүлэх ажлын тасралтгүй ажиллагааг хангаж, ойжуулалтын ажлын бүртгэл, тооцоог сайжруулна.
13. Цөлжилттэй тэмцэх, тариалангийн талбайн хөрс, бэлчээрийг хамгаалах зорилгоор ойн зурвас, төгөл байгуулах ажлыг бүх талаар дэмжиж, урамшуулах бодлогыг хэрэгжүүлнэ.
14.Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ойн санг тэдгээрт өмчлүүлнэ.
15.Хот, суурин газар болон түүний дэвсгэр нутагт шинээр баригдах барилгын газрын зөвшөөрөл олгохдоо барилгын орчны талбайг цэцэрлэгжүүлэх асуудлыг төлөвлүүлж хэрэгжүүлдэг журамд шилжинэ.
Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:
1. Ойн нөөц бүхий аймаг болон нийслэлийг орон нутаг дахь мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах үүрэг бүхий ой, модны асуудал хариуцсан албатай болгоно.
2. Орон нутаг дахь мэргэжлийн байгууллагыг өмчийн бүх хэлбэрээр зохион байгуулна.
3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаан дахь ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогын хэрэгжилтийн асуудлыг уялдуулан зохицуулах тогтолцоог боловсронгуй болгон хэвшүүлнэ.
4. Төрийн бус байгууллагатай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага гэрээ байгуулсны үндсэн дээр ойг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг төсвийн болон өөрийн хөрөнгөөр гүйцэтгүүлэх хэмжээг нэмэгдүүлнэ. Төрийн бус байгууллагуудыг ой, модны чиглэлээрхи үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, техник, технологи, бизнесийн мэдээллээр хангах, төсөл боловсруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаанд оролцуулна.
5. Иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж аж ахуйн нэгжийн хэлбэрээр ойн баялгийг арчлан хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах хөдөлгөөнийг дэмжинэ.
Тавдугаар зорилтын хүрээнд:
1. Ойн холбогдолтой хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн хүрээнд шинэчлэлт хийж, хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлнэ.
2. Ойн баялгийн ач холбогдол, ойн талаар гарсан хууль тогтоомж, түүний хэрэгжилтийг сурталчлах ажлыг өргөнөөр зохион байгуулна.
3. Ойн хууль тогтоомж, ойн тооллого бүртгэл, ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээх ажлын талаар нутгийн захиргааны удирдлагуудад тодорхой мэдлэг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна.
4. Ойн экосистемийн өөрчлөлт, түүний тэнцвэрт байдлыг хангах, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх дэвшилтэт техник, технологи эзэмших шинжлэх ухааны үндэслэл боловсруулах судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ.
5. Тал, хээрийн бүс, цөл, цөлийн хээрт бэлчээр, тариалангийн талбайг хөрсний элэгдэл, цөлжилтөөс хамгаалах бэлчээрийн болон хөдөө аж ахуйн таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх зорилго бүхий ойн зурвас, төгөл, ногоон хаалт ургуулахад ашиглах модны төрөл зүйл, бүрдлийг сонгож, тэдгээрийг тарьж ургуулах агротехник, технологийг боловсруулна.
6. Тусгай хамгаалалттай газар нутгийн ойн менежментийг хөгжүүлэх, ойтой нутгийн биологийн төрөл зүйлийг хамгаалах, ойн хөрс, ус хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар судалгаа явуулж үр дүнг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.
7. Мод боловсруулах үйлдвэрлэлээс гарах хаягдал, өөдсийг ашиглах, түүхий эдийг гүнзгий боловсруулах, өргөн хэрэглээний мебель, модон эдлэл үйлдвэрлэх технологи боловсруулах, ойн химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн туршилт судалгаа явуулна.
8. Ойн аж ахуй, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийн шинжлэх ухааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авна.
9. Ойн салбарын мэдээ, мэдээллийн боловсронгуй тогтолцоог бий болгож, чадавхийг дээшлүүлнэ.
10.Ойн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг үндэсний дээд, тусгай мэргэжлийн сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэн өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.
11. Ойн салбарт ажиллаж байгаа болон бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнийг дотоод, гадаадын урт, богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулна;
12. Ой, модны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг гардан гүйцэтгэх менежер, мэргэжлийн ажилчин бэлтгэх, давтан сургах ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлнэ.
13. Хил дамжсан түймрээс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар хөрш орнуудтай Засгийн газар хооронд гэрээ байгуулж хамтран ажиллана.
14. Хөтөлбөрийн хүрээнд гадаад орон, олон улсын байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж ажиллана.
Тав. Хөтөлбөрийн үр дүн
1. Ой, модны салбарын менежмент, бүтэц зохион байгуулалт сайжирч, эрх зүй, эдийн засгийн нэгдсэн тогтолцоо бий болж, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд чанарын ахиц гарч, байгаль орчин-хөгжлийн тогтвортой үр дүнд хүрнэ.
2. Ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг багасгах нөхцөл бүрдэнэ.
3. Ой зохион байгуулалтыг 10 жилийн давтамжтайгаар явуулж, ойн нөөц, бусад дагалт баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй ашиглах боломжийг бүрдүүлнэ.
4. Огтолсон модны ашиглалтын түвшин дээшилж, бүтээгдэхүүний чанар, нэр төрөл нэмэгдэнэ.
5. Дотоодын мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай модон бүтээгдэхүүн экспортлоно.
6. Ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах замаар хүн амын хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.
7. Ойн салбарын үйл ажиллагаанд нутгийн иргэдийн оролцоо, идэвхи санаачилга дээшилж, ажлын байр болж өрхийн орлого нэмэгдэнэ.
8. Мод, сөөгний үрийн улсын байнгын нөөцтэй болж, ойжуулалтад шаардагдах тарьц, суулгацын хэрэгцээг бүрэн хангана.
9. Шинээр мод бэлтгэсэн талбайг бүрэн ойжуулахын хамт өмнөх жилүүдэд модыг нь огтолсон болон хөнөөлт шавьж, өвчин, түймэрт нэрвэгдсэн талбайн 15 хүртэл хувийг сэргээн ойжуулна.
10. Бэлчээр, тариалангийн талбайг хөрсний элэгдлээс хамгаалах, ургац нэмэгдүүлэх, цөлжилтийг сааруулах экологи, нийгэм, эдийн засгийн тааламжтай нөхцөл бүрэлдэнэ.
Зургаа.Санхүүжилт
Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний санхүүжилт нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
1. Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
2. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хуульд заасан орлогын зохих хувь хэмжээ;
3. Аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө;
4. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
5 Ой, модны чиглэлийн бизнесийн байгууллага, хувь хүмүүсийн хуримтлал;
6. Гадаад орон, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс хэрэгжүүлэх төсөл, өгч буй тусламж, дэмжлэг, хандивын хөрөнгө;
7. Гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагын зээлийн хөрөнгө;
8. Ядуурлыг бууруулах сан;
9. Бусад эх үүсвэр.
Долоо. Хөтөлбөрийн удирдлага
зохион байгуулалт
1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Үндэсний хороо гүйцэтгэх бөгөөд түүний бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална. Хорооны нарийн бичгийн дарга нь орон тооны ажилтан байна./ЗГ-ын 2012 оны 117-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2. Үндэсний хорооны үйл ажиллагааны чиглэл:
-хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;
-хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж үнэлгээ өгөх, хөтөлбөрт өөрчлөлт оруулах саналыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд оролцогч төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
-орон нутгийн салбарыг арга зүй удирдамжаар хангах;
-хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах.
3. Үндэсний хорооны орон нутгийн салбарыг аймаг, нийслэлийн Засаг дарга тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид томилно. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан бүрэлдэхүүнийг Засаг дарга Үндэсний хороонд танилцуулна. Орон нутгийн салбар нь хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж үр дүнг Үндэсний хороонд тайлагнах үүрэг хүлээнэ.
Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
1. Ойн тухай хууль тогтоомж, стандарт, ойн менежментийн төлөвлөгөө болон энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар холбогдох байгууллага, иргэний нийгэм, эрдэмтэд, шинжээчийн хөндлөнгийн үнэлгээ;
2. Ойг хамгаалах, нөхөн сэргээх, мод, түүний дагалт баялгийг ашиглах чиглэлээр шинэ техник технологи нутагшуулан нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, нөхөрлөлийн тоо, тэдгээрийн эдийн засгийн үр дүн;
3. Ойжуулах ажил, ойн зам байгуулах арга хэмжээ болон техник технологийн шинэчлэлтэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний өсөлт;
4. Мод, сөөгний үрийн улсын нөөц болон иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжийн бэлтгэсэн мод, сөөгний үрийн нөөцийн хэмжээ, түүний өсөлт;
5. Шинээр байгуулсан мод үржүүлгийн газрын тоо, нэмэгдсэн ажлын байр, жил бүрийн ойжуулсан талбайн хэмжээ, түүний дотор хөнөөлт шавьж, өвчинд өртсөн болон түймэрт нэрвэгдсэн талбайн ойжуулалтын хэмжээ, нийт тарьсан мод, түүний ургалтын хувь, улсын ойн санд хүлээлгэн өгсөн таримал ойн хэмжээ (га);
6. Мод бэлтгэлийн аж ахуйн нэгж, иргэний өөрийн хөрөнгөөр хийсэн ойжуулсан талбай, тавьсан ойн замын тухай үзүүлэлтүүд;
7. Ойг хамгаалах, нөхөн сэргээх, ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах болон мод тарих ажилд орон нутгийн иргэдийн оролцооны хувь, иргэдийн орлогын өсөлт;
8. Мод бэлтгэлийн аж ахуйн нэгж, мод боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, чанарын үзүүлэлтүүд, модны ашиглалтын түвшний хувь;
9. Олзворлож боловсруулсан ойн дагалт баялгийн нэр төрөл, тоо хэмжээ;
10. Модон бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний хангалтын хувь.”
Сэтгэгдэлээ оруулна уу?