НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Монгол Улсын Их Хурлын 2014 оны
43 дугаар тогтоолын хавсралт
Нэг.Ногоон хөгжилд шилжих шаардлага, үндэслэл
1.1.Дэлхий нийтийн хандлага
Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээний экологийн ул мөрийг тооцоолж үзэхэд энэ хандлагаар цааш хөгжвөл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо 2 дахин давахаар байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай байна.
Нэгдсэн үндэстний байгууллагын 2012 оны тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар тулгамдаад байгаа дээрх асуудлыг хэлэлцэж, тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулах чухал арга хэрэгсэл болох ногоон эдийн засгийг улс орон бүр өөрийн үндэсний онцлогт тохируулан хөгжүүлэхийг зөвлөсөн юм. Улмаар түүний төрөлжсөн байгууллагаас байгалийн нөөцийг үр ашигтай ашиглаж орчны бохирдол, доройтлоос зайлсхийсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн тогтолцоог бий болгож хөгжүүлэхэд чиглэсэн ногоон эдийн засаг, ногоон үйлдвэрлэл, ногоон өсөлтийн үзэл баримтлалыг дэвшүүлж, дэлхийн эдийн засгийн харилцаанд үр ашигтай оролцох шинэ боломж бүрдүүлэхийг зорьж байна.
1.2.Монгол Улсын хөгжлийн боломж, сорилт
Монгол Улсын хувьд газар нутгийн дийлэнх хэсэг нь байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, байгалийн арвин нөөц баялаг, газар зүйн байршил, байгаль орчиндоо зохицон амьдрах чадвар, соёл, уламжлалын давуу талыг ашиглах замаар ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэх боломж байна. Нөгөө талаас, байгалийн нөөц баялагт тулгуурласан эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн, хүн амын бүтцэд 15-40 насны залуус 47.2 хувийг эзэлж байгаа, нээлттэй, ардчилсан засаглалтай, төрийн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх эрмэлзэлтэй байгаа зэрэг нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнийг илтгэж байна.
Гэхдээ Монгол Улсын ядуурлын түвшин, орлогын тэгш бус хуваарилалт, байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засгийн бүтэц, эрчим хүч болон бусад нөөц баялгийн үр ашиггүй, үрэлгэн хэрэглээ, техник, технологийн хоцрогдол, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг байдал зэрэг нь бидэнд томоохон сорилт, бэрхшээл болж байна.
Иймд “Эхлээд хөгжье, дараа нь цэвэрлэе” гэсэн өнөөгийн хандлагыг өөрчлөн байгальд ээлтэй, хаягдал багатай, үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэн, бүтээмжийг дээшлүүлж, нийгмийн оролцоог хангасан, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгон хүн амын амьдралын чанарыг сайжруулах хэрэгцээ, шаардлага тулгарч байна.
1.3.Ногоон хөгжлийн үзэл баримтлал
1.3.1.Ногоон хөгжлийн талаарх нэр томьёоны тодорхойлолт
Энэхүү баримт бичигт хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
-“ногоон хөгжил” гэж байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, нийгмийн оролцоог хангаж ядуурлыг бууруулах хөгжлийн загварыг;
-“ногоон эдийн засаг” гэж байгаль орчны эрсдэл, доройтлыг багасгахын зэрэгцээ хүний сайн сайхан байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилго бүхий эдийн засгийг;
-“ногоон өсөлт” гэж хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалах, нийгмийн оролцоог дэмжих, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн өсөлтийг;
-“ногоон үйлдвэрлэл” гэж эрчим хүч, нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд эрсдэлгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг;
-“ногоон ажил” гэж эрчим хүч, түүхий эд материал, усны хэрэглээг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах, хог хаягдал, бохирдлыг бууруулах, экосистемийг хамгаалж нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох замаар хүрээлэн байгаа орчны чанарыг сайжруулж, хамгаалахад чиглэсэн ажил хөдөлмөрийг;
-“ногоон хот” гэж эрчим хүч, дулаан, ус хангамж, харилцаа холбоо, нийтийн тээврийн ухаалаг дэд бүтэц, хог хаягдлын оновчтой менежмент бүхий хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан хот сууринг;
-“ногоон барилга” гэж хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй материал ашигласан, дулааны алдагдал хамгийн бага байх хийцтэй, агаарт ялгаруулах хаягдал багатай халаалтын шийдэлтэй, эрчим хүч, нөөцийн хэмнэлт үр ашигтай, хур тунадасны усыг хуримтлуулж ашиглах, хаягдал бохир усаа цэвэрлэж зайлуулах технологи бүхий, тав тухтай орчныг бүрдүүлсэн барилга байгууламжийг;
-“ногоон худалдан авалт” гэж эрчим хүч, байгалийн нөөц баялгийн хэмнэлттэй хэрэглээ, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг;
-“ногоон санхүүжилт” гэж байгалийн нөөц баялаг, экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг хадгалж, эрчим хүч, түүхий эд материал, усны хэрэглээг багасгах технологи ашиглах төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх, тэдгээрт хөрөнгө оруулахыг;
-“ногоон татвар” гэж байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгахад чиглэсэн татварыг;
-“экосистемийн үйлчилгээ” гэж байгалиас заяасан хүнс, түүхий эд, нөөцөөр хангах, уур амьсгал, орчны эрс өөрчлөлтийн нөлөөг зохицуулах, хүний амьдралыг тэтгэх, оюуныг сэргээх үр өгөөжийг;
-“экосистемийн үйлчилгээний төлбөр” гэж экосистемийн үйлчилгээг хүртэгч болон уг үйлчилгээг тогтвортой хадгалахад хувь нэмрээ оруулагчийн хооронд бий болгох төлбөрийн зохицуулалтын механизмыг.
1.3.2.Монгол Улсын ногоон хөгжлийн үзэл баримтлал
Дэлхий нийтээр хөгжлийн өнөөгийн хандлагыг өөрчилж, байгалийн нөөц баялаг, экосистемийн үнэ цэнийг хадгалахын зэрэгцээ хүний аж байдлыг сайжруулж ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах, хүлэмжийн хийн ялгарал багатай, үрэлгэн хэрэглээг багасгасан хөгжлийн загварт шилжих эрмэлзэлийг дэмжин,
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан,
өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлага, хэв маягийг өөрчлөх шаардлагатай болсныг ухамсарлаж,
байгаль орчинд ээлтэй, оролцоотой эдийн засгийн өсөлтийг хангах буюу байгалийн нөөцийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалах замаар монгол хүний амьдралын сайн сайхан байдлыг хангах хөгжлийн загварт шилжих нь ногоон хөгжлийн үзэл баримтлал мөн.
Байгалийн үр өгөөжийг үнэлж зохистой ашиглах, бүтээмжийг дээшлүүлэх, ногоон хөрөнгө оруулалт, ногоон худалдан авалтыг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээхэд чиглэсэн ажил, үйлчилгээг өргөжүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зэрэг арга механизмыг ашигласнаар ногоон хөгжилд шилжинэ.
Үйлдвэрлэл, үйл ажиллагааны явцад бий болсон байгалийн нөөцийн хэмнэлт, дахин ашиглалтын түвшин, ногоон ажил эрхлэлт, ногоон худалдан авалтын өсөлт болон нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ногдох эрчим хүч, усны зарцуулалт, хүлэмжийн хийн ялгарал, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний экологийн ул мөрийн бууралт зэрэг нь ногоон хөгжилд шилжиж байгааг тодорхойлох гол үзүүлэлтүүд болно.
1.3.3.Ногоон хөгжлийн бодлогын зарчим
Ногоон хөгжлийн бодлогыг хангахад дараах зарчмыг баримтална:
-нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах;
-ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн салбарын бодлого, төлөвлөлтийг хийх;
-цэвэр дэвшилтэт технологийг дэмжих;
-ногоон өсөлтийг бий болгоход иргэдийн оролцоог хангах;
-байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх;
-ил тод, хариуцлагатай, хяналттай байх.
Хоёр.Ногоон хөгжлийн бодлогын зорилго, зорилт
2.1.Зорилго
Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болно.
2.2.Стратегийн зорилт
Ногоон хөгжлийг хангахад дараах стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 1. Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлнэ.
Стратегийн зорилт 2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.
Стратегийн зорилт 3. Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг нэвтрүүлж, байгаль хамгаалал, хүний хөгжил, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 4. Ногоон ажил эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг бууруулан ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ.
Стратегийн зорилт 5. Байгальд зохицсон ахуй, соёлын үнэт зүйлсийг хөгжүүлж, боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгоно.
Стратегийн зорилт 6. Уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн байгалийн нөөц баялаг, сэргэх чадавхад нийцүүлэн хүн амын суурьшлыг төлөвлөн хөгжүүлнэ.
Гурав.Стратегийн зорилтыг хэрэгжүүлэх арга зам
3.1.Стратегийн 1 дэх зорилтыг дараах арга замаар хангана:
3.1.1.эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн технологийг шинэчлэн үрэлгэн хэрэглээ, алдагдлыг бууруулах, үнийн бодлогыг оновчтой болгох замаар эрчим хүчний үр ашгийг 2030 он гэхэд 20 хувь нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэж, тус салбарт ногдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах;
3.1.2.ногоон барилгын үнэлгээний систем, эрчим хүчний аудит зэрэг ногоон шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи, стандартыг нутагшуулан нэвтрүүлж, эдгээрийг дэмжих урамшуулал, хөнгөлөлтийн механизмыг хэрэгжүүлж, барилгын дулааны алдагдлыг 2020 онд 20 хувь, 2030 онд 40 хувиар тус тус бууруулах;
3.1.3.өрсөлдөөнийг урамшуулж бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ байгаль орчны чадавхын хэм хэмжээ, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн тогтоож мөрдүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үр дүнг сайжруулах;
3.1.4.хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжиж, ногоон технологид суурилсан экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 2020 онд 60 хувь, 2030 онд 80 хувьд хүргэх;
3.1.5.хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хөрс тордох агротехникийн болон усалгааны хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ойн зурвас байгуулах замаар газар тариалан эрхлэлтийн улмаас үүсэх газрын доройтлыг бууруулж, үр тариа, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах;
3.1.6.хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, байгальд халгүйгээр хадгалах, савлах технологийг дэмжих;
3.1.7.байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх;
3.1.8.эрдэс баялгийн салбарт нөөцийг үр ашигтай, хаягдалгүй ашиглах технологи бүхий үйлдвэрлэлийг дэмжих;
3.1.9.ил тод, хариуцлагатай олборлох үйлдвэрлэлийг төлөвшүүлж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлэн, уул уурхайн үйл ажиллагааны улмаас хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх;
3.1.10.уламжлалт болон уламжлалт бус газрын тосны эх үүсвэрийн хайгуул, олборлолтод олон улсын стандартыг нутагшуулж мөрдөх, байнгын хяналт-шинжилгээ хийх замаар орчны бохирдлоос сэргийлэх;
3.1.11.уул уурхайн салбарын орлогоос баялгийн сангийн хуримтлалыг бий болгон урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад зарцуулах;
3.1.12.байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэнд болон биологийн олон янз байдалд сөрөг нөлөөгүй дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлэх.
3.2.Стратегийн 2 дахь зорилтыг дараах арга замаар хангана:
3.2.1.байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь, 2030 онд 30-аас доошгүй хувьд хүргэж, хамгаалалтын тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх;
3.2.2.байгалийн нөөцийн үндэсний парк, байгаль, соёлын өвийн дурсгалт газарт уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарлан, ногоон хөгжлийн жишиг нутаг болгон эко аялал жуулчлал, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх;
3.2.3.уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах, дасан зохицох үндэсний чадавхыг бэхжүүлэх;
3.2.4.биологийн олон янз байдлын удмын санг хамгаалах, тархац нутаг, амьдрах орчныг тэтгэх замаар хомсдолоос сэргийлж, ашиглалтын нөөц бүрдүүлэх;
3.2.5.генетик нөөц, түүнтэй холбогдох уламжлалт мэдлэгийг бүртгэж үнэлэх, ашиглах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, нөөцийн үр өгөөжийг хүртэх нөхцөлийг хангах;
3.2.6.хувиргасан амьд организмын хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлж, импорт, худалдааны хязгаарлалт тогтоох;
3.2.7.ойжуулах ажлыг эрчимжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайг 2030 онд нийт газар нутгийн 9 хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх;
3.2.8.ой, түүний дагалт баялаг, байгалийн ургамал, амьтны хамгаалал, зохистой ашиглалтад нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг төлөвшүүлж, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
3.2.9.ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлж, хүн амын 90-ээс доошгүй хувийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангаж, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг 60-аас доошгүй хувьд хүргэх;
3.2.10.үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх цэнгэг усны ашиглалтыг хязгаарлан, хаягдал усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэж дахин ашиглах, эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэхийг дэмжих;
3.2.11.хур бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах санаачилга, гадаргын усны хуримтлал бий болгон ашиглах төсөл, газрын доорх усыг нөхөн сэргээх, нөөцийг нэмэгдүүлэх туршилт судалгааг хөхиүлэн дэмжих;
Сэтгэгдэлээ оруулна уу?