Монголын Ногоон намын 28 жилийн ойн баярыг тохиолдуулан Ядуурал ба Дээд хууль сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулав.

Монголын ногоон нам байгуулагдсаны 28 жилийн ойд зориулж “Ядуурал ба дээд хууль” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Өнөөдөр хэрэгжиж байгаа Үндсэн хуульд төдийлөн тусгаж өгөөгүй ядуурал, ажилгүйдлийг бууруулах гарц гаргалгааг хуралд оролцогчид хөндөж ярилцлаа. Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг санаачлан боловсруулсан МАХН, мөн дэмжин оролцож байгаа ИЗН, МҮАН-ын удирдлагууд тус хуралд оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Шинэ дээд Үндсэн хуулийн төслийн гол гаргалгаа нь эрүүл мэнд, боловсролын салбарыг хүндээ зориулан хөгжүүлэх, ард иргэдээ орон сууцаар хангах, иргэд төр засагтаа хяналт тавьдаг болох чиглэлээр боловсруулсныг хуралд оролцсон намын удирдлагууд онцолж байлаа.

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч:

-Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг боловсруулах үед судалгаагаар нийгэмд тэргүүлэгч 10 асуудлыг тодорхойлсон. Үүнийг ажилгүйдэл, ядуурал тэргүүлж байна. Гэтэл 1992 онд одоогийн Үндсэн хуулийг батлах үед ядуурал гэгч нь өнөөдрийнх шиг гамшгийн хэмжээнд хүрээгүй байсан учраас төдийлөн тусгаж өгөөгүй. Тиймээс Шинэ дээд хуулиар ядуурлыг бууруулах цогц бодлогыг явуулах ёстой. Энэ чиглэлд бусад намынхаа байр суурийг солилцож, ярилцахаар цуглаад байна. Жишээ авахад саяхан эдийн засгийн чуулганаар хөрөнгө оруулагчид цугларлаа. Юу ярьж байна гэхээр мега төслүүд, татвараа төлж байгаа компаниудын хөгжих гарц гэх мэт. Энэ нь мэдээж зөв. Гэхдээ эдийн засаг хөгжихийн тулд хүнээ дээдлэх, ядууралтай тэмцэх чиглэлд явах ёстой юм. Тиймээс ийм томоохон чуулганаараа бид иргэдийнхээ бодит амьдралыг ярих ёстой байлаа. Ийм чиглэлд цаашид зайлшгүй орох ёстой.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар:

-Өнөөдрийн Үндсэн хуулийг баталж байхад хогийн цэг дээр хот байгуулагдана гэж хэн ч бодоогүй. 27 настай хүүхэд Монголыг тэжээж байгаа Эрдэнэтийн үйлдвэрийг худалдаж авна гэж хэн ч бодоогүй. Монголын гурван хүн тутмын нэг нь гүн ядууралд орно гэж хэн ч бодоогүй. Энэ Үндсэн хууль хэрэгжихгүй байна. Сайд дарга нарыг давруулж байна. Тэгэхээр бидний Шинэ Үндсэн хуульдаа оруулж байгаа зүйл бол эрх мэдэлтнүүдэд эзлэгдсэн төрийг ард түмэнд ньбуцааж өгье. Хэдэн бүлэглэлүүдийн гарт орчихсон шүүгч нарыг ард түмэн сонгодог байя.  Уул уурхайн баялгийг хэдхэн луйварчин идэж ууж байгаа. Мөнгөтэй аавын хүү л боловсрол эзэмшиж байна. Баян хүмүүс үзүүлдэг эмнэлэг тусдаа, ядуу хүн үзүүлдэг нь бас тусдаа байна. Засгийн газар олигарх бүлэглэлүүдэд барьцаалагдсан байна.

Үндэсний статистикийн газраас манай улсын нэг өрхийн дундаж орлогыг нэг сая төгрөгт хүрсэн хэмээн мэдээлсэн. Тэгвэл энэхүү хуралд оролцсон зарим судлаачид үүнийг хатуу шүүмжилсэн юм. “Иргэдийнхээ амьдралыг мэдэхгүй байж худлаа статистик гаргаад байна. Гадныханд зориулсан программаа автоматаар Монголд ажиллуулчихаад бүгд боломжийн мөнгөтэй амьдарч байна гэж хуурч байна шүү дээ. Гэтэл иргэдийнхээ байгаа байдлыг хар л даа” гэж судлаач, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Facebook Сэтгэгдэл

Сэтгэгдэлээ оруулна уу?