Скотт Лудлам: Австралийн нэг сайд Монголын Ерөнхий сайдтай утсаар ярьж, “Рио Тинто”-гоор татвар төлүүлж болохгүй гэж хэлсэн
Австрали улсын Сенатын гишүүн асан Скотт Лудламыг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.
-Манай улс олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай. Улстөрч хүний хувьд Монгол Улсыг, улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Улстөрч хүнийхээ хувьд анхны төрсөн сэтгэгдлээ хэлье. Монголын улс төр Австралийн улс төр хоорондоо төстэй. Гэхдээ мэдээж ялгаатай олон зүйл бий. Энэ бүхнийг нэгбүрчлэн дурьдвал маш их цаг орно. Тэгэхээр үндсэн гол зүйлийг нь хэлэх юм бол Монгол Улс өөрөө ардчилсан биш хоёр орны дунд оршдог. Одоогийн мөрдөж яваа Үндсэн хууль нь боломжийн дажгүй мэт харагдаж байгаа ч, хэтэрхий хүнийг айлгасан, дарамталсан байдалтай байна. Хуулиудыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх төрийн байгууллагууд нь дотроосоо ялзарсан, дотоод үйл ажиллагаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, том аалзны тор шиг ажиллаж байна. Үүнээс болоод хууль нь хэрэгжихгүй, мөрдөгдөхгүй байна гэж харж байгаа.
-Бид энэ нөхцөл байдлаас яаж гарах ёстой юм бэ. Арга зам байгаа юу. Монголчууд тэмцдэггүй ард түмэн биш. Тэгсэн хэдий ч үр дүнгүй юм шиг харагдаад байх юм?
-Энэ ганцхан Монголд байгаа зүйл биш. Олон улсад ийм асуудал, зовлон бэрхшээл байгаа. Гэхдээ энэ бүхнээс гарах гарц нь ард түмэн. Миний харсан, ойлгосноор УИХ-д суудалгүй бусад намууд хамтарч ажиллаад эх орноо аврахаар явах ёстой. Энэ нь өөрийн тань асуусан асуултын гарц байх болно. Үүнийг ард түмэн л шийдэж чадна. Монголчуудын тэмцэл үр дүнгүй байна гэж харахгүй байгаа. Эх орноо гэсэн сэтгэл монголчуудад бий. Тиймээс үүнийг үр дүнгүй хэлж болохгүй юм. Магадгүй бодит үр дүн хүлээж байвал энэ нь 2020 оны УИХ-ын сонгуулиар харагдана. Өнөөдөр нийгэмд өрнөж байгаа жагсаал, цуглаан бүхэн үр дүн. Гомдоллоод, зүгээр суугаад юу ч хийхгүй байвал үр дүн гарахгүй.
-УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийг хэлэлцэнэ. Та хүртэл Үндсэн хуульд учир дутагдалтай зүйл байгаа гэсэн. Хуульд ямар өөрчлөлтийг илүүтэй тусгаж өгөх вэ?
-Үндсэн хуулийг өөрчлөхөөсөө, ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүүлэхээсээ өмнө нэг зүйлийг асуух хэрэгтэй. Шинэчлэн өөрчилсөн Үндсэн хууль нь өөрчлөгдөхгүй 100 жилээр үргэлжилж магадгүй юм. Тэр үед энэ Үндсэн хуулийг баталсан хүн бүгд байхгүй байна. Тэгэхээр хэдхэн бүлэг хүмүүсийн санал санаачилгаар хийсэн Үндсэн хуулийг батлах уу эсвэл Монгол Улсын хувь заяаг 100 жил хамгаалж чадах хуулийг батлахын тулд гар бие оролцох уу гэдгээ монголчууд эхлээд өөрсдөөсөө асуух ёстой юм. Мөн байгалийн баялгийг ард түмнийх хэмээн хуульд тусгасан ч ард түмэн нь өмчилж чадаж байна уу, хувь хүртэж чадаж байгаа юу гэдгийг хангах хууль монголчуудад хэрэгтэй. Хэрэгжүүлэх нөхцлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Үндсэн хууль гэдэг бол ямар ч улсын хувьд чухал бичиг баримт нь байдаг. Тиймээс Үндсэн хуульд тусгагдсан заалтууд амьдралд, нийгэмд хэрэгжихгүй бол хэнд ч хэрэггүй цаас болж хувирна.
-Манай улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй байдаг. Үүний шалтгаан нь юу юм бол. Хуулийг хэрэгжүүлдэг, мөрдүүлдэг байгууллагуудын буруу юм болов уу?
-Миний хувьд тэрнийх нь буруу, зөв гэж хэлэхэд хэцүү. АНУ-ын Үндсэн хууль 200 жил болж байгаа хэдий ч учир дутагдалтай хууль. Үүнийг өөрчлөхөд маш хэцүү. Манай улсын Үндсэн хууль ч маш их асуудалтай. Өөрчлөлт оруулахад хүндрэлтэй. Харин Монгол Улсын хувьд Үндсэн хуулиа өөрчлөх боломж нь байна. Хуулиа сайжруулах, өөрчлөх бололцоо нь хангалттай байна.
-Дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа томоохон төслийн нэг бол “Оюутолгой” төсөл юм. Энэхүү төслийн маргаан нь өнөө хэр намжаагүй, ар араасаа асуудал дагуулж байна. Төсөлтэй холбогдуулан хариуцлагын асуудлыг хийж эхлээд байгаа. Энэ талаар таныг нэлээд шүүмжлэлтэй ярьдаг гэж дуулсан юм байна?
-Миний хувьд “Оюутолгой” төслийг бусад улс орнуудад хийгддэг баялгийн хараалыг бүрэн утгаар нь хийж байна гэж хэлнэ. Учир нь “Оюутолгой” төсөл дээр ажиллаж байгаа “Рио Тинто” шиг компаниуд тухайн улсын хувь заяаг өөрчлөх хэмжээний хахуулийн үйл ажиллагааг системтэй явуулдаг. Хөрөнгө оруулж байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг тухайн улсын улстөрчид болон хуулийнхныг өөрсдийнхөө талд оруулахын тулд хахууль хэлбэрээр өгдөг. “Оюутолгой” төсөл дээр маш их хэмжээний авлига яригдаж байгаа. Австрали улсад ч адилхан 10 жилийн өмнө ийм зүйл тулгарч байсан. Тиймээс бид энэ асуудлыг эрэн сурвалжлаад явж байна. Хэрвээ түүн шиг монголчууд шалгаад явбал маш их хэмжээний хахуулийн асуудал хөндөгдөнө. Өмнө нь энэ асуудалд Австралийн Ногоон намын лидер, Сенатын гишүүн асан Боб Браун Оюутолгой төсөлд олгогдсон 10 тэрбум ам.долларын хахуулийн нууц материалыг дэлгэж, Монгол Улсад өгсөн байдаг. Одоо энэ материал алга болчихсон гээд байгаа. Миний хувь энэ бичгийг олж өгөхөд анхаарч ажиллах болно.
-Энэхүү бичгийн эх хувийг хэд, хэдэн хүнд дамжуулсан юм билээ. Одоо эх хувийг хайгаад олохгүй байгаа. Зарим эх сурвалжийн хувьд ТЕГ-т байна гэх мэдээлэл ч байгаа юм. Дахин хүсэлт гаргаад эргэж олж авах магадлал хэр өндөр байгаа вэ?
-Би Монголд ирээд удаагүй байна. Олж авахын тулд чадах бүхнээ хийнэ. Энэ баримтыг ил болгоно.
-“Оюутолгой” төсөл ашигтай, ашиггүй байж гээд хоёр хуваагдаад байна. Хэрхэхээ мэдэхгүй талцаж байх юм?
-“Рио Тинто” шиг компаниуд улс орнуудад очоод хануур, шимэгч хорхой шиг ажилладаг. Тухайн улсад очоод хөрөнгө оруулалт хийхгүй, аль болох бага татвар төлөөд, газрын баялгийг хурдан хугацаанд сорж аваад явдаг. Тухайн улсыг алт, зэсгүй, хоосон газар нутагтай нь үлдээгээд гараад явдаг. Тэгэхээр үүнийг ойлгуулахын тулд үндэсний хэмжээнд кампанит ажил зохион байгуулах ёстой. “Рио Тинто” ингэж үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бусад улс орнуудыг ингэж хохироосон юм байна гэдэг компанит ажлыг өрнүүлэх хэрэгтэй. Тэгж байж хүмүүсийн сэтгэлгээг нэгэн зүгт болгож чадна. Үүнээс өөрөөр ямар ч боломж байхгүй. Түүнчлэн 2012 онд Австралийн Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд руу утсаар ярьсан байдаг. Утсаар ярихдаа “Рио Тинто” Монгол Улсад татвар төлөх ёсгүй. Энэ асуудлыг шийдвэрлэж өг. Татвар төлөхгүйгээр уул уурхайн олборлолт хийх хэрэгтэй байна гэдгийг ярьсан байгаа юм. Энэ нь яг бодит амьдралд хэрэгжсэн. Тэгэхээр миний хувьд яахаараа Австралийн нэг сайд Монгол Ерөнхий сайдтай утсаар яриад, татвар төлж болохгүй гэж хэлсэн юм бэ. Мөн яагаад Монгол Улсын дотоод асуудалд оролцсон юм бэ гэдгийг энд байх хугацаандаа судална. Энэ бол ганцхан Монгол Улсын асуудал биш. Олон улсын асуудал болж хувираад байна. Би үүнд анхаарлаа хандуулж ажиллана. Монголчууд ухаантай ард түмэн. Тиймээс өөрсдөөсөө асуух хэрэгтэй.
-Монголчууд эргэлзэж, төөрөгдөлд орж байна. Аль болох асуудлыг ашигтай байдлаар шийдээсэй гэсэн хүсэл их байгаа?
-Дэлхийн эдийн засгийг хоёр хуваадаг. Нэг нь өөртөө байгаа байгалийн баялгаа ухаад дуусах хүртлээ өөрсдийгөө тэжээдэг. Нөгөө хэсэг нь илүү оюуны тал руугаа орчихсон байдаг. Тэд технологийн бизнес рүү ороод энэ нь эдийн засагтаа орж, улс орныг хөгжилд хөтөлж байдаг. Оюуны бүтээл, оюуны баялаг хэзээ ч шавхагддаггүй. Тэгэхээр монголчуудыг байгалийн баялгаа орхиод, оюуныхаа салбарт илүү анхаараасай гэж хэлмээр байна. Оюутолгойгоор бус оюунаараа амьдарч, хөгжилд хүрээсэй гэж хүсч байна.
Эх сурвалж: http://archive.dardas.mn/?p=25193
Сэтгэгдэлээ оруулна уу?